Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 598

 

МАГАДЛАЛ

 

2018.03.02                                                     Дугаар 598                                 Улаанбаатар хот

 

 

 

 

“Х Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02721 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч “Ч” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 87 743 447 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул автомашины өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Ч” ХХК нь тус компанитай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 41000059 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 2011 онд үйлдвэрлэсэн ?маркийн ? УНК улсын дугаартай аялалын зориулалт бүхий автомашиныг 48 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр авсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссан. “Ч” ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт 1-д заасан санхүүгийн түрээсийн төлбөр төлөх үүргээ 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс хойш гүйцэтгээгүйн улмаас манай компанид 140 623 696 төгрөгийн хохирол учраад байна. 140 623 696 төгрөгийн хохирлоос Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШШ2015/01549 дугаартай захирамжаар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл гэрээний дагуу төлөх төлбөрт 52 880 248 төгрөгийг “Ч” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр шийдвэрлэсэн боловч хугацаандаа төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Манай компанийн зүгээс гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч захирал Р.Б нь бидэнтэй огт уулздаггүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудахад ирдэггүйн улмаас үр дүнгүй байна. Нөгөө талаас, хариуцагч нь өнөөдрийг хүртэл түрээсийн зүйл буюу ? УНК улсын дугаартай аялалын зориулалт бүхий автомашиныг өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа тул уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлбөрт 87 743 447 төгрөг гаргүулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх 2012 оны 08 сард “Х ц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Б “Ч” ХХК-ийн захирал Р.Бтай уулзаж “манай компани барилгаа дуусгах гэсэн санхүүжилт дутчихлаа, банкнаас зээл авах шаардлагатай байна, та барьцаа хөрөнгө гаргаад өг бусад банкны асуудлыг бид өөрсдөө зохицуулчихна” гэж гуйсан байдаг. “Х ц” ХХК нь тухайн үед хэд хэдэн томоохон төсөл дээр ажиллаж байсан ба Р.Бын хувьд зээл аваад буцаагаад төлчих байх гэж найдан “өөрийн өмчлөлд байсан цоо шинэ ? маркийн аяллын зориулалт бүхий ачааны автомашиныг барьцаанд тавьж болох юм” гэхэд “наад хөрөнгө чинь болно бид банкны асуудлаа зохицуулчихна та намайг дуудахаар ирээд гэрээн дээр гарын үсэг зурчих” гэсэн байдаг. Улмаар 2012 оны 08 дугаар сарын 06-нд н.Б дуудаж Х Лтэй тохирчихлоо та машинаа “Х Л” ХХК руу шилжүүлчих, шилжүүлсний дараа гэрээгээ байгуулна гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу автомашиныг “Х Л” ХХК руу 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн ба 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулахаар очтол 41000059 дугаартай “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ” гэх гэрээ байгуулж, миний машиныг надад 100 000 000 төгрөгөөр буцааж худалдахаар гэрээ байгуулсан. Тухайн үед “Х ц” ХХК-г зээлийг асуудалгүй буцаан төлнө гэж найдаж байсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Зээл авснаас хойш 1 жил 6 сарын турш “Х ц” ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлж нийт 61 503 266 төгрөг төлсөн болох нь “Х Л” ХХК-иас гаргаж өгсөн дансны хуулгаас харагддаг. Гэвч эдийн засгийн хямрал, барилгын салбарын уналт зэргээс шалтгаалан “Х ц” ХХК гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлж чадалгүй, зээлийн тасалдал үүссэн ба зээлээ эргэн төл гэж “Х Л” ХХК-иас залгаж хэлснийг “Х ц” ХХК-д мэдэгдэхэд “за ойлголоо төлнө” гэх зэргээр байнга хэлдэг байсан. “Х ц” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй 3 сар болсон тул 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж манай компанийг хариуцагчаар татсан бөгөөд “Х ц” ХХК-д энэ талаар мэдэгдэхэд “төлбөрийг бид нар төлнө асуудал байхгүй та өөрийн компанийг төлөөлөх бүрэн эрх олгосон итгэмжлэл манай хуульчид өгчих” гэсний дагуу тус компанийн хуульч Б.Б гэх этгээдэд бүрэн эрх олгон итгэмжлэл өгсөн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ч” ХХК-ийг төлөөлж “Х ц” ХХК-ийн хуульч Б.Б оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. “Ч” ХХК дээрх асуудалд оролцоогүй бөгөөд төлбөр төлөх, хэзээ төлөх зэрэг асуудлыг “Х ц” ХХК шийдвэрлэж эвлэрсэн. Зохигчдын хооронд 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ” гэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу “Х Л” ХХК нь 2011 онд үйлдвэрлэгдсэн ? маркийн аяллын зориулалт бүхий автомашиныг 48 сарын хугацаатай түрээсэлсэн гэх боловч бодит байдал дээр уг автомашин нь хариуцагчийн өмчлөлийн автомашин байсан бөгөөд дээр дурдсанчлан “Х ц” ХХК-д зээл авч өгөхөөр нэрийг нь шилжүүлж гэрээ байгуулсан. Бидний хувьд хэдийгээр зээлийг авч өөрсдөө ашиглаагүй боловч өөрсдийн өмчлөлийн автомашинаа алдахгүйн тулд тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр шийдвэрлэж автомашинаар аяллын үйл ажиллагаа зохион байгуулахаар болж зөвшөөрөл авахаар хөөцөлдөж үзэхэд Х Л ХХК нь тус ? УНК улсын дугаартай автомашиныг Баян-Өлгий аймгийн харьяалалтай иргэнд шилжүүлэн өгсөн талаар мэдсэн. Манай компани нь өндөр зэрэглэлийн жуулчин авч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн үйлчилгээ үзүүлж буй автомашин нь манай компанийн эсхүл банкны нэр дээр байгаагаас бусад тохиолдолд зам шалгалтад орвол тэнцэхгүй, аяллыг зогсоох, цаашилбал автомашиныг хураах зэрэг арга хэмжээ авагдах тул бизнесийн нэр хүндээ бодолцон үзэж үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн. Тус автомашиныг огт ашиглаагүй хадгалагдаж байгаа бөгөөд “Х Л” ХХК-иас ашиглах боломжийг нь хаасан ба нэхэмжпэлд дурдсанаар манай компанийг тухайн машиныг өнөөдрийг хүртэл ашиглаж ашиг олж байгаа мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм. Мөн тухайн гэрээ байгуулах үед Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан 100 000 000 төгрөгийг бүхэлд нь олгоогүй бөгөөд зээлийн гэрээний шимтгэлд 1 000 000 төгрөг, автомашины даатгал хийлгүүлэхдээ манай харилцдаг компани хэмээн зах зээлийн үнээс 2 дахин илүү үнэтэй даатгалын компани санал болгон гэрээний 6.3-т заасны дагуу жил бүр авах ёстой даатгалын нөхөн төлбөрийг нэг дор буюу 4 жилийн даатгалын төлбөрт 4 410 000 төгрөг суутган бидэнд 94 590 000 төгрөг бодитоор өгсөн. Нэхэмжлэгч 100 000 000 төгрөгөөс тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч “Х Л” ХХК болон хариуцагч “Ч” ХХК нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 41000059 дугаартай “Бараа худалдах, Худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ” гэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг байгуулах болсон үндсэн нөхцөл нь “Х ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Б гэгч этгээд “Ч” ХХК-ийн захирал Р.Бтай ирж уулзан зээл авах хүсэлтэй байгаа, барьцаа хөрөнгө гаргаад өгөөч гэж гуйсан талаар хариу тайлбартаа дурдсан билээ. Хариуцагч “Ч” ХХК болон “Х Л” ХХК-ийн гэрээ байгуулах хүсэл зориг нь зээлийн гэрээ байгуулах байсан боловч “Х Л” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир өөрсдийн компанийн үйл ажиллагаанд чиглэлд тааруулан “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулсан байдаг. Гэвч дээрх гэрээ бодит байдал дээр санхүүгийн түрээсийн гэрээ биш зээлийн гэрээ болох нь гэрээний 1.1, 3.1 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтаас харагддаг. Иргэний хууль, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай Монгол Улсын хуульд зааснаар Санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслэгчийн хүсэлт, захиалгын дагуу эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч тодорхой хугацааны турш түрээсийн төлбөр авч, өмчлөх эрхийг шилжүүлэх буюу шилжүүлэхгүй байхаар тохиролцож байгуулсан гэрээг ойлгодог. Харин манай тохиолдолд түрээслэгч “Ч” ХХК-ийн өмчлөлийн зүйлийг худалдан авч байна гэсэн нэрийдлээр 100 000 000 төгрөг зээлж, гэрээний 3.1, 3.2-т зааснаар 48 сарын хугацаанд сар бүр үндсэн төлбөрөөс тодорхой төгрөг, 2 хувийн хүү, авахаар тохиролцож хийсэн зээлийн гэрээ байдаг. Талуудын байгуулсан “Бараа худалдах, Худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ” гэх санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан “хууль зөрчсөн... хэлцэл”, “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-д хамаарч байна. Талуудын байгуулсан “Бараа худалдах, Худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. “Х Л” ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас харвал зээл авснаас хойш 2014 оны 03 дугаар сарын 03-ныг хүртэл нийт 61 503 266 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу 52 880 248 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн ба төлсөн нийт дүн нь хариуцагчийн хүчин төгөлдөр бус байх хэлцлээр хүлээн авсан 100 000 000 төгрөгөөс илүү гарсан байна. Иймд ? УНК улсын дугаартай ? маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч “Х Л” ХХК-иас хариуцагч “Ч” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ”-ний зохицуулалтаас харвал талуудын хооронд худалдах, худалдан авах болон санхүүгийн түрээсийн гэсэн хоёр тусдаа харилцаа үүссэн болохыг тодорхойлж болно. Худалдах худалдан авах харилцаа нь хэрэгт авагдсан ? УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөх эрх нь 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжсэн тэмдэглэлээр нотлогдох бөгөөд энэ нь түрээсийн зүйлийн бэлтгэн нийлүүлэгч буюу гуравдагч этгээд нь хариуцагч өөрөө байсан болох нь тогтоогдоно. Нөгөө талаас Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээ нь Санхүүгийн түрээсийн гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан учраас “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ”-г талууд байгуулсан. Харин Санхүүгийн түрээсийн гэрээ буюу санхүүгийн түрээсийн харилцаа үүссэний тухайд талууд гэрээгээр санхүүгийн түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөх эрх шилжихээр гэрээгээр тохирсон. Талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн талаар маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн болох нь уг хүчин төгөлдөр захирамжаар тогтоогдож байгаа нь сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэл нь үндэслэлгүй, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “Ч” ХХК /РД:?/-иас 87 569 275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х Л” ХХК /РД:5138833/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174 172 төгрөгийг, автомашины өмчлөх эрхийг хариуцагч “Ч” ХХК-д шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК-иас 595 796 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Л” ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд харгалзан үзэх шаардлагатай хэд хэдэн нөхцөл байдал байсныг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн явдлыг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд маргаан бүхий автомашиныг ашиглан тодорхой үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх гэтэл автомашины өмчлөх эрх "Х Л" ХХК-н нэр дээр байгаагүй бөгөөд бидний хувьд автомашиныг зориулалтын дагуу ашиглаж чадалгүй өнөөдрийт хүрсэн. Автомашины өмчлөх эрх шилжсэн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан бөгөөд талууд гэрээ байгуулснаас хойш буюу 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр автомашины өмчлөх эрх Баян-Өлгий аймгийн иргэн Ш.Б гэх этгээд рүү шилжсэн байдаг. Манай компани нь өндөр зэрэглэлийн жуулчин авч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гухайн үйлчилгээ үзүүлж буй автомашин нь манай компанийн эсхүл банкны нэр дээр байгаагаас бусад тохиолдолд зам шалгалтад орвол тэнцэхгүй, аяллыг зогсоох, цаашилбал автомашиныг хураах зэрэг арга хэмжээ авагдах тул бизнесийн нэр хүндээ бодолцон үзэж тус автомашиныг ашиглан үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн.

Гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүргээ бүрэн бодитоор биелүүлээгүй атлаа гэрээний үндсэн төлбөр, хүү, алданги шаардаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байхад шүүх тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль буруу тайлбарлаж, хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Х Л” ХХК нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 87 743 447 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж марган, автомашины өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ”-гээр хариуцагч нь Hymer-B698 маркийн, аялалын зориулалттай автобусыг 100 000 000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь тухайн автобусыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч, 48 сарын хугацаагаар хариуцагчид буцаан түрээслэх, түрээсийн хүү нь жилийн 24 хувь байх, гэрээний зүйлийн даатгалын төлбөрийг хариуцагч нь хавсралтаар баталсан хугацаанд төлөхөөр тохиролцсон, гэрээний зүйлийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, хариуцагчийн эзэмшилд уг автомашин байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Түүнчлэн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч нь 52 880 248 төгрөг гаргуулахаар шаардсаныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/01549 тоот захирамжаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед захирамжид зааснаас гадна 61 503 266 төгрөг төлсөн байсан, гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь бусдад зээл олж өгөхийн тулд уг гэрээг байгуулсан гэх ба нэхэмжлэгч нь түүнд 100 000 000 төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн нь хэргийн 17 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж дүгнэв.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан нь хэргийн 12, 17 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон ба энэ хэлцлийг санхүүгийн түрээсийн гэрээгээр халхавчилж хийсэн байх тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарна гэж үзэх үндэслэлтэй.

Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийг    хангах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар төлбөр 98 339 406 төгрөг, алданги 42 284 290 төгрөг, бүгд 140 623 696 төгрөгөөс шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн 52 880 249 төгрөгийг хасч, үлдэх 87 743 447 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүлээн авсан 100 000 000 төгрөгийн хүүд     /48 сар/ 96 000 000 төгрөг төлөх үүрэгтэй ба гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих төлбөр нь 196 000 000 төгрөг байна. Дээрх дүнгээс шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн 52 880 248 төгрөг, хариуцагчийн төлсөн 61 503 266 төгрөг, бүгд 114 383 514 төгрөгийг хасч тооцвол хариуцагчаас 81 616 486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчийн шаардсан алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм. Учир нь хэргийн 14 дэх талд авагдсан баримтад алдангийг 72 хувь гэж бичсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтад нийцээгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02721 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ч” ХХК-иас 81 616 486 төгрөгийг гаргуулан “Х Л” ХХК-д олгож, үлдэх 6 126 961 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Hymer-В698 маркийн, ? УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Ч” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Х Л” ХХК-д даалгасугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагч “Ч” ХХК-иас 595 796 төгрөгийг гаргуулан” гэснийг “566 032,43 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 595 797 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ