| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/104 |
| Огноо | 2023-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,
Шүүгдэгч: Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214003100098 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Бэсүд овогт Туухайн Мөнхбат / РД:ВД95031515 / ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Мөнхбатад Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Мөнхбат нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:30 цагийн үед Баянхонгор аймгийн Баян- Өндөр сумын Булган 3 дугаар багийн Дэлгэрмөрөнгийн 5 тоот хашаанд байрлах Ж.Сэрээнэндоржийн Монгол гэрийн хаалгыг онгойлгон орж, түүний гэрийн зүүн хэсгээс хутга авч, үл ялих зүйлээр шалтаглан Ж.Сэрээнэндоржийн гэрт зугтаан орсон байсан 81 настай өндөр настан хадам аав болох Ц.Гэндэнг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэрээс гаргаж, гарт байсан хутгаараа айлган сүрдүүлэн, гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд биед хамрын нуруунд шарх, хүзүү, цээж зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, чихний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл,
Мөн Баянхонгор аймгийн Баян- Өндөр сумын Булган 3 дугаар багийн Дэлгэрмөрөнгийн 5 тоот хашаанд байрлах 73 настай өндөр настан Ж.Сэрээнэндоржийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Ж.Сэрээнэдоржийн гэрт орж агсарч хохирогч Ж.Сэрээнэдорж гэрээсээ гарч зугтаан гарсны дараа УАЗ Поргон загварын тээврийн хэрэгсэлд байхад нь олж очин түүний зүүн ташаа бөөрний хэсэгт хутгалж эрүүл мэндийн хөнгөн гэмтлийг тус тус санаатай учруулж, хохирогч Ц.Гэндэнд 94,450 төгрөгийн хохирол, Ж.Сэрээнэндоржид 96,450 төгрөгийн нийт 190,900 төгрөгийн хохирлыг учруулж, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Мөнхбатын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 9-14 дугаар хуудас, хохирогч Ж.Сэрээндоржийн мэдүүлэг, хх-ийн 37-39 дүгээр хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг, хх-ийн 133-135 дугаар хуудас, гэрч Г.Бүрэннямын мэдүүлэг хх-ийн 57-60 дугаар хуудас Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 696, 697 дугаартай дүгнэлтүүд хх-ийн 70-77, 87-91 дүгээр хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Т.Мөнхбат нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Сэрээндорж, Ц.Гэндэнгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон байсан Ц.Гэндэн нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр артерийн даралт ихсэх өвчний улмаас их тархины хатуу хальсан доор болон их бага тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт өвчний улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 273 дугаар дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч Ц.Гэндэнгийн үхэлд шүүгдэгч Т.Мөнхбатын хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хамааралгүй талаар дүгнэлтэд дурдагдсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч Т.Мөнхбат хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Мөнхбат нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Т.Мөнхбатын улаан өнгийн фудволк 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Туухайн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Туухайн Мөнхбатыг есөн зуун / 900 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянга / 900.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Мөнхбат нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар улаан өнгийн фудволк 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ