Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Шүүгдэгч: Г.Далхсүрэн, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001010019 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боржигон овогт Галтын Далхсүрэн, /РД:ВЖ94111314 /,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Далхсүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-03 тоотод байх гэртээ иргэн Ж.Зоригтбаатарын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн үүдэн 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын няцрал, язарсан шарх, баруун нүдний дод зовхи, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөг, хацар, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Г.Далхсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 160 /,

2. Шүүгдэгч  Г.Далхсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.... Би 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө би Зоригтбаатарын цээжин хэсэгт цохиж, өшиглөсөн зүйл байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Зоригтбаатар нь цагдаа дуудаад, хэсэг хугацааны дараа 2 цагдаа нар ирсэн.Тэгээд цагдаа нар ирээд Зоригтбаатар бид хоёрыг авч явна гэсэн чинь Зоригтбаатар нь цагдаа нар хандан одоо ямар нэгэн асуудал гаргахгүй би гэртээ харилаа гэсэн тэгээд нөгөө хоёр цагдаа нар нь одоо ямар нэгэн асуудал гаргахгүйгээр хариа гээд цагдаа нар нь яваад өгсөн. Зоригтбаатар нь намайг зодоон болохоос өмнө буюу гэрээс гарах үедээ баруун гараараа миний үснээс үсдсэн.Тэгээд Зоригтбаатар бид хоёр гэрээс гараад явсан. Би гэрээс гарах үедээ Зоригтбаатарыг гартаа хутга барсан байсан эсэхийг нь хараагүй. Зоригтбаатарыг гэрээс надтай зууралдаад гарах үедээ хутга барж гарсан гэдгийг харсан хүн байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Зоригтбаатар нь 031 босох гэж байгаад унах үедээ зүүн гар нь ууцан дээр харин баруун гар нь ширээн дэр дарсан байсан.Тэгээд буцаад босож ирээд намайг шууд үсдээд аваад хоёулаа үзчихье гэсэн.Өөр үйлдэл хийгээгүй. Би Зоригтбаатар гэх хүний нүүрэн хэсэгт өшиглөсөн зүйл байхгүй. Гараараа нэг цохисон. Гэрийн гадаа гарч ирээд би Зоригтбаатарыг өөрөөсөө холдуулж түлхсэн. Зоригтбаатар нь надаас салаад иргээд над руу шууд дайрсан. Зоригтбаатар нь хутгыг баруун гарынхаа дээлийн нударганд жирэглэж барсан байсан. Зоригтбаатарын барьж байсан хутга нь 20 см урттай хар иштэй хутга байсан. Одоо тухайн хутга нь зодоон болсон газарт байгаа. Зоригтбаатарын барсан байсан хутгыг өглөө Болдмандах гэх хүүхэд барсан орж ирсэн. Цагдаа нарыг ирэх үед Зоригтбаатарын барьж байсан хутга гэрийн үүдэнд хэвтэж байсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 75-77 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Далхсүрэн мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Би хохирогчийн нэхэмжилсэн мөнгөнөөс 243.000 төгрөг төлсөн үлдэгдэл 1.457.000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна гэв.

4. Хохирогч Ж.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би гэртэй байж байсан чинь манай найз Далхсүрэн нь намайг Дуурсах 3 дугаар багийн 3-22-03 тоотод манайд хүрээд ир гэж намайг дуудсан тэгээд би Далхсүрэнгийн гэрт орой 20 цагийн үед очсон.Намайг Далхсүрэнгийнд очсон чинь эхнэр нь хоол унд хийж өгөөд хоол идчихээд Далхсүрэнгийнд 2 литртэй Сэрүүн нэртэй пиво тэгээд 0.5 литртэй X нэртэй архи уусан юм аа.Архи пиво ууж дуусаад би Далхсүрэнд би одоо гэртэй харилаа гэсэн чинь Далхсүрэн миний нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөөд 1 шүд унагаасан тэгэхээр би Далхсүрэнгийн гэрээс гараад шууд гэртэй очоод унтаад өгсөн. Далхсүрэн гэх хүнтэй би найз нөхдийн холбоотой Далхсүрэн бид хоёр хамт морь уядаг юм аа. Би Далхсүрэн гэх хүнтэй 10 жил найзалж байна.Өөр өөр садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Далхсүрэн бид хоёр 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй байсан. Би гэртэй харилаа гэсэн чинь Далхсүрэн намайг өшиглөсөн. 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой Далхсүрэн нь миний нүүрэн хэсэгт гутлаараа нэг удаа өшиглөсөн. Тэгээд би шүд уначихлаа гэсэн чинь больсон. Өөр өөр зодож цохисон зүйл байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой зодоон болох үед Далхсүрэнгийн гэрт Далхсүрэн, Далхсүрэнгийн эхнэр Нармандах бид 3 гурав байсан. Өөр хүн байгаагүй. Надад гомдол санал гэвэл шүдээ хийлгэвэл өөр  гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 29-32 /,

.... 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байж байтал манай найз Далхсүрэн манайд өдөр 14-15 цагийн орчимд морьтой ирсэн юм. Тэгээд Далхсүрэн “2 уулаа айл хэсье” гэхээр нь би “тэгье тэгье” гээд бид хоёр 2 уулаа морь унаад гарсан юм. Тухайн үед цагаан сар болж байсан юм. Далхсүрэн бол өдөр нь манайд ирэхдээ эрүүл ирсэн. Тэгээд бид хоёр манайхаас гараад модны үйлдвэрт байх манай ах Лутынд орсон. Лутынд бол бид хоёр огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэндээс гараад шууд Далхсүрэнгийнд очсон. Бид хоёрыг очиход тэднийд машинтай хүмүүс ирсэн байхаар нь би “за за би явлаа” гээд гэр лүүгээ шууд харьсан. Тэгээд тэр өдөр орой Далхсүрэн 20 цагийн орчимд над руу утсаар 2-3 удаа залгаад “манайд хүрээд ирээч хөгшөөн 2 улаа жоохон юм ярьж сууя, жоохон ууя” гэхээр нь би зөвшөөрөөд 21 цагийн үед Далхсүрэнгийнд очсон. Эхлээд би нэг аяга айраг уусан. Цагаан архи 2-3 хундага архи уусан. Тухайн үед “дэлгүүр яг хаах гэж байна, пиво аваад ирье” гээд Далхсүрэн, Нармандах хоёр дэлгүүр яваад пиво авч ирсэн. Эхлээд 2 том Сэрүүн нэртэй пиво, нэг шил архийг Далхсүрэн, эхнэр нь болох Нармандах бид гурав хувааж уусан. Тэгээд намайг зүв зүгээр сууж байхад Далхсүрэн миний нүүр лүү хромон гутлаараа нэг удаа өшиглөөд авахад миний үүдэн 1 ширхэг шүд хугарсан. Тухайн үед би Далхсүрэнгийн гэрийн баруун баганы хажууд сууж байсан. Далхсүрэн болохоор яг миний дээд талд мөн баруун талд сууж байсан. Тэгээд гэр дотор барилцаж аваад бид хоёр гэрээс нь гарсан. Тэгээд хашаан дотор намайг үсдэж дарж аваад нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөчих шиг болсон. Гэтэл миний хамар мурийгаад, 2 нүд хөхөрсөн юм. Тэгээд би “явлаа” гээд морио унаад шууд гэртээ 02 цагийн үед ирсэн юм. Тэгээд тэр шөнийн 06 цагийн үед гэрт Далхсүрэн манайд ороод ирсэн. "Мань чинь үнэндээ шүд амыг чинь ийм болгочихлоо, шүд амыг чинь хийлгэж өгье” гэж байгаад гэр лүүгээ явсан юм. Далхсүрэн “намайг өөрөө харилцан тохиръё, шүдийг чинь хийлгээд өгье, найдвартай” гээд байхаар нь би бас эр хүмүүс болох байх гэж бодоод дутуу өгсөн юм. Нармандах бол гэрээс огт гарч ирээгүй юм. Далхсүрэнгийн эхнэр Нармандах, хүүхэд нь гээд 8-р ангийн банди байсан. Нармандах бол “гар гар гадаа гарч зодолд” гээд байсан. Намайг өшиглөж байхыг бол харсан эсэхийг нь бол би мэдэхгүй байна. Намайг өшиглөхөөр нь барилцаж аваад л гэрээс гарсан юм. Харин гэрийн гадаа барилцаж авсан байхад хүүхэд нь гарч ирээд намайг өшиглөөд байсан. Би бол дунд зэргийг л согтуу байсан. Тэгж мэдрэлээ алдтал бол уугаагүй байсан. Далхсүрэн ч гэсэн дунд зэргийн согтуу байсан. Нармандах ч мөн дунд зэргийн л согтолттой байсан. Би нэг шүд янзлуулж сувган эмчилгээ хийлгэсэн юм. Би хувийн эмнэлэг буюу Өлзийт палас дотор байх эмч дээр эхний шүдээ 7 хоног, сүүлд нь нэг шүдэндээ 7 хоног тус тус эмчилгээ хийлгэсэн юм. Би өөрөө мөнгөө өгөөд өөрийнхөө зардлаар эмчилгээ хийлгэсэн юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас бол мөнгө аваагүй. Эмчилгээ хийлгэсэн баримтууд бол бүгд байгаа юм. Би бол огт хутга барьсан, гаргаж ирсэн зүйл бол огт байхгүй юм Намайг хутга барьсан гэж гүтгээд байгаа юм. Тухайн үед Далхсүрэнгийнх ууц тавиагүй байсан. Ширээн дээр нь тавгийн идээ, 3 ширхэг мөнгөн аяга, 2-3 аягатай айраг, нэг шил архи зэрэг юмнууд байсан юм. Шинийн нэгний өдөр хүртэл би хүүхэдтэйгээ Далхсүрэнгийнд ороход ууц тавиагүй байсан юм. Одоо миний зүгээс бол нэг шүд л хийлгэх саналтай байгаа юм. Миний зүгээс өөр гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй юм....гэх мэдүүлэг / хх-ийн 35-37 /,

....Тухайн үед түргэн тусламж дуудаад ирээгүй юм. Би шүдний хувийн эмнэлэгт 1 шүдэндээ залгаа хийлгэсэн юм. Хугарсан 1 шүдний угийг авахуулсан. Мөн 2 шүдэндээ сувган эмчилгээнүүд хийлгэсэн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл бол байхгүй. Эмчилгээний зардлыг би тухай бүрд нь өөрөөсөө гаргаж эмчилгээ хийлгэсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй юм. Одоо надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт материал байхгүй байна. Өмнө нь би өгсөн байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 50 /,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Зоригтбаатар мэдүүлэхдээ:  2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Г.Далхсүрэн намайг дуудсан. Тэгээд гэрт нь очиж пиво уусан тэгээд маргалдаад Далхсүрэн намайг 2 удаа өшиглөөд 1 шүд хугарсан, 1 шүд булгарсан 1.7 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

6. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Ж.Зоригтбаатарын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 62.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг  /хх-ийн 53-54 /

7. Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой Зоригтбаатар нь гэх залуу нь манай гэрт ирсэн. Зоригтбаатар гэх залуу нь манай гэрт ирэх үед манайд Далхсүрэн бид хоёр байсан.Тэгээд Зоригтбаатар, Далхсүрэн бид 3 манайд Сэрүүн нэртэй 2.5 литртэй 2 пиво Далхсүрэн, Зоригтбаатар хоёр уусан. Би пивоноос 3 удаа уусан тэгээд Зоригтбаатар, Далхсүрэн хоёр үлдсэн пиво уусан.Цагаан сар болж байсан болохоор манай ширээн дээр 0.5 литртэй X нэртэй архи байсан юм аа. Тэгсэн Далхсүрэн, Зоригтбаатар хоёр тэр архинаас уугаад байсан. Тэгээд Зоригтбаатар, Далхсүрэн хоёр нь зүгээр сууж байгаад барьцалдаж аваад манайхаас гарсан. Тэгээд би араас нь гараагүй болохоор юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Удаагүй Зоригтбаатар нь хаалга онгойлгоод намайг ийм болгочихлоо гээд байсан. Тэгээд Далхсүрэн надад хэлэхдээ Зоригтбаатар нь хутга барсан байхаар нь би айгаад цохисон чинь ийм юм болчихлоо гэсэн.Тэгээд Зоригтбаатар гэр лүүгээ явсан Далхсүрэн нь манайд унтаад өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө манайд Далхсүрэн, Зоригтбаатар бид 3 байсан. Далхсүрэн, Зоригтбаатар гэх хүмүүсийг би танин аа. Далхсүрэн нь манай малыг маллаж манайд надтай хамт амьдардаг залуу байгаа юм аа. Харин Зоригтбаатар нь Далхсүрэнгийн найз гэдгээр нь танин аа. Зоригтбаатартай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй.Далхсүрэн бол манай малыг малладаг өөр ямар нэгэн хань харилцаа байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Далхсүрэн, Зоригтбаатар хоёр манайхаас гарах үед барилцаад гарсан. Тэгээд би араас нь гараагүй болохоор яаж зодолдсоныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 69-71 /,

.... Хэрэгт хураагдсан гэх хутга нь манай гэрийн хутга мөн. Тухайн хутга нь хар иштэй, 20 см урттай байхаа урт хутга байсан. Зоригтбаатарыг би хутга аваад гараад явахыг хараагүй. Тухайн хутга нь манай ууцан дээр байсан хутга байгаа юм аа. 2022 оны 02 дугаар сарын 05-ний өглөө манай хүүхэд Болдмандах нь манай хутга гадаа байна гээд гарч орсон. Зоригтбаатар нь манайд 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой ирэх үедээ биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Шүд нь бүрэн бүтэн байсан. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө зодоон хийгээд дуусаад орж ирэх үедээ Далхсүрэнгийн уруулнаас цус гарсан, аль талын чих нь гэдгийг санахгүй байна чихнээс н'ь цус гарсан байсан.Гарынхан дээд үе дээр жоохон цус гарсан байсан. Далхсүрэн өөрөө хэлэхдээ гарынхаа сорвыг хутгаар эсгүүлчихлээ гэж орж ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Зоригтбаатартай би хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 /,

8. Гэрч Ж.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө би шөнийн эргүүлийн үүргийг 155 станцтай, замын цагдаагийн цагдаа А.Алтангэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-22-03 тоотод дуудлага дээр очих үед хохирогчийн хамраас цус гарсан байсан. Гэрийнхээ гадаа хашаан дотроо зүгээр 2 лаа зогсож байсан. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-22-03 тоотод дуудлага дээр очих үед хохирогчийн хамраас цус гарсан байсан. Өөр өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви харагдаагүй. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-22-03 тоотод дуудлага дээр очих үед шүд унасан байсан эсэхийг би хараагүй. Шүд унасан гэж ямар нэгэн зүйл яриагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 87-89 /,

9. Гэрч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө би шөнийн эргүүлийн үүргийг 155 станцтай, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Ж.Энхбатын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-22-03 тоотод дуудлага дээр очих үед хохирогчийн хамраас цус гарсан байсан.Гэрийнхээ гадаа хашаан дотроо зүгээр 2 лаа зогсож байсан. 2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-22-03 тоотод дуудлага дээр очих үед хохирогчийн хамраас цус гарсан байсан. Өөр өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви харагдаагүй.  2022 оны 02 дугаар сарын 04-05-ний шилжих шөнө Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-22-03 тоотод дуудлага дээр очих үед шүд унасан байсан эрхийг би хараагүй. Шүд унасан гэж ямар нэгэн зүйл яриагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 /,

10. Гэрч Д.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зоригтбаатарыг гэртээ байхад орой 19 цагийн орчимд найз нь гэх Далхсүрэн утсаар яриад байсан. Тухайн үед би Ж.Зоригтбаатараас “хэн ярьж байна” гэж асуухад “Далхаа ярьж байна ээжээ, би оччихоод ирье” гээд явсан юм. Тэгээд би Зоригтбаатарын араас утсаар ярихгүй байж байгаад 2 хүүхдийг нь харж байгаад галаа түлээд 22 цагаас хойш залгаж эхэлсэн. Гэтэл Далхсүрэн Зоригтбаатарын утсыг 2 удаа аваад “эгч ээ бид нар ууж идсэн юм алга байна өө, одоо ингэсгээд явах гэж байна аа” гэж байсан... удалгүй гэрийн хаалга дуугараад Зоригтбаатар цус нөжтэйгөө холилдсон юм ороод ирэхээр нь “юу болов” гэж асуухад “Далхаа намайг ийм болгочихлоо ээж” гэхээр нь гартал үүдэн шүд нь хугарсан, нэг шүд нь ойчсон, цамц, нүүр нь цус болсон байдалтай байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 104-106 /,

11. Насанд хүрээгүй гэрч Н.Болдмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би бол одоо яг сар, өдрөө тодорхой мэдэхгүй байна. Энэ оны цагаан сарын үеэр гэртээ гар утсаараа чихэвч зүүгээд пабжи тоглоом тоглож байхад Зоригтбаатар гээд аавын найз согтуу ширээ цохиж аваад гэрт нулимаад байсан юм. Нэг мэдэхэд гэрийн гадаа зодоон цохион болоод байсан. Би гарах гэтэл намайг ээж гаргаагүй юм. Маргааш нь би гэрийнхээ гадаа тоглож байгаад гэрийн зүүн талын хаяанаас хутга олсон юм. Тэгээд би тэр хутгыг аав, ээж хоёрт оруулж өгсөн юм. Зоригтбаатар ахыг эрүүл болон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн талаар бол огт мэдэхгүй байна. Манайд бол пиво уусан юм. Би чихэвчтэй тоглож байсан тул хэрүүл маргаан хийсэн эсэхийг бол сонсоогүй Ямар ч байсан ширээ цохиж аваад гэрт нулимаад байсныг бол мэдэж байна. Тэгэхээр нь би дургүй хүрээд нөгөө тийшээ хараад гар утсаараа тоглосон болохоор мэдэхгүй байна. Бие биенийхээ биед гэрт бол халдсан зүйл байхгүй. Манайх ууц тавиагүй, билэгдлээ бодоод мах тавган дээр тавьсан байсан. Хар иштэй хутга байсан. Манай хутга мөн байсан. Уг тавагтай махан дээр тавьсан байсан хутга мөн байсан юм.....гэх мэдүүлэг / хх-ийн 102-103 /,

12. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн:

1. Ж.Зоригтбаатарын биед тархи доргилт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн үүдэн 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын няцрал, язарсан шарх, баруун нүдний дод зовхи, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөг, хацар, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Дээр баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги 5хувь нөлөөлнө.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно...гэх дүгнэлт / хх-ийн 109-110 /

13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн:

1. Г.Далхсүрэнгийн биед дээд уруул, зүүн чихний дэлбэн, баруун дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно...гэх дүгнэлт / хх-ийн 114-115 /, 

14. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:

1. 221400101 дугаартай хэргийн материал дээрх шинжлүүлэхээр заасан гарын үсгүүд болон, оролцогч Ж.Зоригтбаатараас гаргаж өгсөн гэх 2 ширхэг хуудасны 2 нүүр бүхий “Ж.Зоригтбаатар”-ын зурсан гэх гарын үсэг зурсан туршилтын загварууд болон бэлэн мөнгөний орлогын 3 ширхэг баримтын 2022.03.15 гэсэн огноо бүхий баримт дээр зурагдсан байх гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. 221400101 дугаартай хэргийн материалын 61,62-р хуудсанд зурагдсан гарын үсгүүд нь Ж.Зоригтбаатарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

3. Хэргийн 61,62-р хуудсанд зурагдсан “Ж.Зоригтбаатар" гэсэн гарын үсгүүд нь оролцогч Ж.Зоригтбаатарын гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

4. Хэргийн 15-25-р хуудас, 61-62, 160-162-р хуудсанд зурагдсан гарын үсгүүд нь Ж.Зоригтбаатараас гаргуулан авсан гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт болон туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

5. Шинжилгээнд шинжлүүлэхээр ирүүлсэн гарын үсэг болон загварууд нь тогтсон нэг элемент гүйцэтгэлийн шинжгүй, бичгийн дадал эзэмшсэн чадвар муу, 1,2,3-р үсгүүдийн элемент гүйцэтгэлээс бусад элемент гүйцэтгэл үл уншигдах холимог бүтэцтэй, холимог эргэлттэй, баруун налалттай, хөдөлгөөний хэлбэр зууван, зонхилох зүүн эргэлттэй, холболт дунд, элемент гүйцэтгэлийн чадвар муу, зурагдсан хөдөлгөөний хурд дунд, хөдөлгөөний эвсэл муу гарын үсгүүд байна.

Жич: Шинжилгээнд ирүүлсэн материалууд нь бүрэн гүйцэт ирээгүй гарын үсгийн чөлөөт загварыг огт ирүүлээгүй зэрэг нь шинжээчийн дүгнэлтийн чанарт нөлөөлж болно.....гэх дүгнэлт / хх-ийн 135-140 / болон  шүүгдэгч Г.Далхсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 163-164 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Далхсүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-03 тоотод байх гэртээ архи болон пивийг Ж.Зоригтбаатарын хамт уусан үедээ маргалдаж хохирогч Ж.Зоригтбаатарын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн үүдэн 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын няцрал, язарсан шарх, баруун нүдний дод зовхи, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөг, хацар, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч Ж.Зоригтбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Наранмандах, Ж.Энхбат, Д.Золзаяа, насанд хүрээгүй гэрч Н.Болдмандах нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 148, 149, 04 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Далхсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Г.Далхсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Зоригтбаатар нь зодуулсны улмаас эмчилгээ хийлгэсэн гэх зардал 1.700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байгаа шүүгдэгч Г.Далхсүрэн нь уг зардал болох 1.700.000 төгрөгөөс 243.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад завсарлага авч нөхөн төлсөн үлдэгдэл 1.457.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул   шүүх шүүгдэгч Г.Далхсүрэнгээс 1.457.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Зоригтбаатарт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Далхсүрэн холбогдох хэрэгт  хохирогч Ж.Зоригтбаатар нь эмнэлгийн байгууллагаар  үйлчлүүлж эмнэлгийн тусламж авсан болох нь  нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсныг үндэслэн  иргэний нэхэмжлэгч байгууллага Эрүүл мэндийн даатгалын байгууллагын нэхэмжилсэн 62.000 төгрөгийг шүүгдэгч Г.Далхсүрэнгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.

Шүүгдэгч Г.Далхсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Ж.Зоригтбаатарын барьж байсан хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг хураан ирсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч Г.Далхсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, , 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр  шийтгэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Галтын Далхсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Галтын Далхсүрэнг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Далхсүрэнд оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Далхсүрэн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Далхсүрэн нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Далхсүрэнгээс  1.457.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Зоригтбаатарт, 62.000 төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын санд тус тус  олгохыг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар 1 ширхэг хөр өнгийн иштэй хутгыг хураан ирсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Далхсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Далхсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ