Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

                        Улсын яллагч                                 Д.Шинэбал

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Мөнхбат

                      Гэрч                                                Г.Ханхүү

                        Шүүгдэгч                                          Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Батсайханд холбогдох 2232001900151 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоо Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 64 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Долоонжингийн Батсайхан 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батсайхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тултын тохой” гэх амралтын газрын амрагч нарын байранд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-нд шилжих шөнө 05-06 цагийн орчимд иргэн Б.Хэрлэнг ажилчдадаа шаардлага тавилаа гэсэн үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батсайхан мэдүүлэхдээ:.... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн тамгын газрын даргаар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр холбогдох болзол шаардлагыг хангаад томилогдсон. 2022 оны 09 дүгээр сард ээлжийн амралтаа авч дуусаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орсонтой холбогдуулаад Ерөнхий шүүгч Б.Хэрлэн нь “тамгын дарга болсонд бид нар хүндэтгэл үзүүлээгүй юм байна, бүгдээрээ агаар салхинд ойрд гараагүй юм байна, тийм учраас хамт олноороо амралтад яваад ирэх” саналыг тавьсан. Тэр саналыг би хүлээж аваад “тэгэлгүй яах вэ, та хэд тэгж байгаа бол би хамт олондоо тодорхой хэмжээний хүндэтгэл үзүүлье” гээд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар очиж нэг өдөр амарцгаасан. Тэгээд болсон үйл явдал нь бид нар нийт 22 хүнээс 18 хүн явсан байх. 9 хүн үлдээд бусад хүмүүс нь шөнийн 01 цагийн үед Зүүнхараа луу гэр орондоо харьж амрахаар буцсан. Бид нар цуваад цуваад амарсан байсан. Миний бие 02 цаг өнгөрч байхад унтаад амарч байсан. Тэгээд хүн, амьтан шуугиад, хэрэлдээд байхаар нь сэрэхэд Ерөнхий шүүгч маань зарим нэг хүмүүсийг загнаад хэрүүл шуугиан үүсгээд байсан учраас би “Ерөнхий шүүгч та ингэж болохгүй, хамт олноороо явж байж, хамт олныхоо уур амьсгалыг эвдэж болохгүй, та ингээд агсам согтуу тавиад байхаар бид нар яах юм бэ” гэсэн санал гэх үү, гуйсан юм. Тэгээд Ерөнхий шүүгч бид хоёр үл ялиг маргалдсан. Ерөнхий шүүгч миний сууж байсан орны урд ирээд далайх шиг болохоор нь би сандраад Ерөнхий шүүгчийг тэврээд авсан. Тэгээд бид хоёр зэргэлдээ байсан хоёр орны завсраар унасан. Унаад тэврэлдээд байж байх хооронд бид хоёрыг хоёр талаас салгаад гарсан. Миний бие нь Ерөнхий шүүгчээ зодъё, цохъё, хохирооё гэсэн зүйл огтоос байгаагүй. Тухайн болсон асуудал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс хоорондоо үл ойлголцох зүйлээс маргалдаж, тэврэлдэж, барьцалдаж авч унаснаас шүүгчийн биед тодорхой хэмжээний гэмтэл, шарх үүссэн болов уу гэж бодож байна. Түүнээс би Ерөнхий шүүгчийнхээ толгой тархи руу цохиод тийм зүйл үүсгэсэн зүйл огт байхгүй. Мэдээж согтуу хүмүүс дахин уулзвал хэрүүл, маргаан үүсэх вий гэж сэрэмжлээд би Ерөнхий шүүгчийг явах хүртэл хугацаанд гаднаас амарч байсан байр луугаа орохгүй хүлээж байгаад Ерөнхий шүүгчийг явсны дараа тухайн байр луу орсон. Орж ирэхэд Ерөнхий шүүгчийн амнаас яалт ч үгүй цус гарчихсан байна гэж үлдсэн хүмүүс хэлж байсан. Тэр цус нь унах явцад эсвэл бид хоёр орны хөндий рүү барьцалдаж унах явцад үүссэн шарх сорви гэж үзэж байгаа... гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Г.Ханхүү мэдүүлэхдээ:...Шинжээч эмч Ганболд, Оюунбаясгалан нарын хамт №1030 дугаартай дүгнэлтийг 2022 оны 12 сарын 05-ны өдөр гаргасан. Харин дүгнэлтүүдийг анхан болон давтан бүрэлдэхүүнтэй хийгдэж байгаа шинжилгээнүүд дээр хохирогчийн хуйханд бол ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Хэлэнд учирсан цус хуралт зөөлөн эдийн бяцрал гэмтэл нь аманд чөлөөтэй хөдөлгөөнтэй байгаа хэлээ гүйцэт гаргахгүйгээр цохигдох үед үүсэх боломжтой ийм гэмтлүүд байгаа юм. Мөргөх үед хэл чөлөөт хөдөлгөөнтэй чангараагүй байхад хазагдах тохиолдол байж болно. Түүнээс толгойн ар хэсэгт цохиход хэл хазагдах боломж багатай. Хэлэнд үүссэн гэмтэл нь тодорхой хугацаанд зовиуртай ажил хөдөлмөрөө хийгээд явж болно. Гэхдээ эдгэрэхдээ тодорхой хугацаа шаардагдана. Хугацаа нь 4 долоо хоног буюу 28 хоногийн хугацаанд бүрэн эдгэрнэ. Ийм журмын заалтаараа хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна...гэжээ.

 

Эрүүгийн  2232001900151 тоот хавтаст хэргээс:

Хохирогч Б.Хэрлэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 10 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед ажил тараад “Тултын тохой” гэдэг амралтын газар луу шүүхийн ажилчид, шүүгч нарын хамт амрахаар очсон юм. Тэгээд амралтад очоод хонох нь хоноод, гэр лүүгээ буцах нь буцна гэж ярьсан юм, тэгээд тэнд багш нарын  баяр болж байсан, бүжиглэх нь бүжиглээд шөнө 23 цагийн үед хэсэг ажилчид, шүүгч нар буцсан юм, тэгээд тэнд би, тамгын газрын дарга болох Батсайхан, мэдээлэл технологийн мэргэжилтэн Батзориг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Баттөгөлдөр, эмэгтэйчүүдээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Соёлзул, үйлчлэгч Баясгалан, бичиг хүргэгч Шоовдор, архивч Отгонцэцэг, эвлэрүүлэн зуучлахын туслах Ганзаяа нар үлдэж хонохоор болсон. Тэгээд шөнө дунд унтаж байтал янз бүрийн дуу чимээ гараад байхаар нь би сэрээд босоод гадаа гарч орж ирчхээд хамт явсан ажилчдаас “юу болоод байгаа юм бэ, яагаад унтуулахгүй байгаа юм бэ” гэсэн чинь гэнэт хажуу талаас Батсайхан намайг доош нь дарж тонгойлгоод толгойны дагз хэсэг болон орой хэсгээс хэд хэдэн удаа цохиж, толгойгоороо мөргөсөн. Би бол Батсайханы биед нэг ч удаа гар хүрээгүй, тэр чимээгээр Баттөгөлдөр намайг тэвэрч авсан, тэр үед Батсайхан намайг орхиод гараад явсан. Баттөгөлдөр намайг тэвэрч аваад салгах үед миний амнаас цус их хэмжээгээр гарсан. Тэгээд би Батзоригоор машинаа бариулаад Зүүнхараад ирээд унтаж амарчхаад орой нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн эмч Энхтөрд үзүүлсэн. ...Би тэр шалтгааныг нь ойлгохгүй байна. Намайг хүмүүст “шаардлага тавьсны төлөө, хүмүүсийг унтуулж амруулахгүй байна” гэсний төлөө намайг цохисон гэж бодож байна. ...Батсайхан намайг толгойны ар хэсэг болон толгой орой дээрээс цохих үед би хэлээ хазсан юм. Хүн юм идэж байгаад хэлээ хазах, цохиулаад хэлээ хазах хоёр өвдөлт нь өөр, өвдөлт нь хүчтэй юм байна лээ. ...Бид нар бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. Бүгд биеэ аваад явах чадвартай байсан. ...Одоогийн байдлаар толгой бол маш их өвдөж байна, тархи хөдөлсөн, 2 удаа бариачид бариулсан, өвчин намдаах эм уусан, одоо болтол толгойны зовиур зүгээр болохгүй байна. Хэлний хувьд зарим шарх нь арилаагүй, хооллож, ундлахад зовиуртай байна. ...Миний хувьд бол 1-2 дахь өдөр Дархан-Уул аймагт сургалттай байсан учир, 3 дахь өдөр ирээд Батсайхантай уулзсан, тэгэхэд Батсайхан “явдаг газраараа яв, би юунаас ч айхгүй” гэсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан юм, би гомдолтой байна. ...Миний хувьд акт аваад ажлаас чөлөөлөгдөх боломжтой байсан боловч сургалттай байсан учраас сургалтад хамрагдсан, мөн ажлаа бодоод өвдөж зовиурласан ч гэсэн ажлаа товлосон шүүх хурлуудаа явуулсан, Би Батсайханы биед халдаагүй  байхад  яагаад  намайг   зодож,  цохисон  гэдгийг   гайхаж  байна. Хүн харахад зүгээр байгаа юм шиг боловч өвдөж, зовиурлаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/, 

 

Гэрч Б.Баттөгөлдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Унтаж байсан чинь шуугилдах дуу гарсан, тэгээд би сэрээд харсан чинь амралтын өрөөний ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт Ерөнхий шүүгч Хэрлэн, тамгын газрын дарга Батсайхан нь хоорондоо маргалдаад өөд өөдөөсөө харчихсан барьцалдчихсан зогсож байсан /бие нойрмоглосон байдалтай байсан юм/. Тэгэхээр нь би очоод салгасан, салгах үед Хэрлэн шүүгчийн амнаас нь цус гарчихсан байсан, нүүрэнд нь ил харагдах шарх байгаагүй, Батсайханы биед нь ил харагдах шарх байгаагүй. Тэнд байсан хүмүүс унтаж байсан байх, би бол чанга дуу гарахаар нь сэрсэн юм. ...Тухайн үед би унтаж байгаад нойрмог босож ирсэн, юунаас болж маргалдсан талаар нь мэдээгүй, би Хэрлэн шүүгчийг барьж салгаад, Батсайхан ахыг болохоороо Батзориг ах авч гарсан. Маргаан болоод дууссаны дараа би амралтын байрнаас гарсан. Араас Хэрлэн шүүгч гарч ирээд Батзориг ахтай хамт Зүүнхараа руу явсан. ...Намайг тэр хоёрыг салгах үед хоорондоо цохилцож, зодолдоогүй, намайг салгахаас өмнө яасан гэдгийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, 

 

Гэрч Т.Баясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өглөө гэгээ ороод бид гурав унтах гээд Шоовдор бид хоёр нэг орон дээр хэвтээд, Соёлзул болохоороо Батсайханы хөл рүү нь хараад хэвтсэн, тэгээд юм яриад инээлдэж байж байтал Ерөнхий шүүгч Хэрлэн сэрсэн, тэгэхээр нь би 2 гутлыг нь авч өгсөн. Ерөнхий шүүгч Хэрлэн гарч яваад буцаж орж ирээд бүгдийг нь тойруулж үзчихээд буцаад орондоо орох гэж хэвтсэн, тэгснээ буцаж босож ирээд хэнийг хэлж байгаа гэдгийг нь мэдээгүй “2 пиздаа минь зайлаарай” гэж хэлсэн чинь Шоовдор босож ирээд “яасан шүүгчээ” гэсэн чинь “чи ч гэсэн зайлаарай” гэж Шоовдорыг хэлсэн, тэгээд Хэрлэн шүүгч уурлаад Батсайханы хөнжлийг хуулаад Батсайханд “та хоёр зайлаарай” гэж хэлсэн. Тэр хооронд Шоовдор уйлаад “бас яагаад тэгээд байгаа юм, бид нар яасан юм” гэж хэлж байсан, Батсайхан Хэрлэн шүүгчийг “яасан, яагаад байгаа юм” гэж байсан. Тэгээд Хэрлэн шүүгч Батсайханы орны урд оччихсон байсан. Батсайхан “та яагаад бид нарыг дээрэлхээд байгаа юм” гэж хэлээд түс тас гээд дуу гарсан, цохисон эсэхийг нь хараагүй, тэр чимээгээр Баттөгөлдөр босож ирээд тэр хоёрын голоор орсон, Хэрлэн шүүгчийн амнаас нь цус гарчихсан байсан, Батсайхан болохоороо гараад явсан. Батзоригт ус өгөөд шүүгч Хэрлэнтэй Батзоригийг гаргасан, тэгээд шүүгч Хэрлэн, Батзориг хоёр Зүүнхараа руу явчихсан. ...Батсайханы биед гэмтэл шарх байхгүй байсан, шүүгч Хэрлэнгийн амнаас нь цус гарч байгаа харагдсан, ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Шүүгч Хэрлэн Батсайханы сууж байсан орны хажууд очоод л нээх удаагүй байтал Батсайхан “та бид нарыг яаж дээрэлхэх гээд байгаа юм” гэж хэлээд түс тас хийх дуу гараад нээх удалгүй Баттөгөлдөр босож ирээд салгасан юм, тэгээд шүүгч Хэрлэнгийн амнаас нь цус гарч байгаа харагдсан. Хэн нь хэнийгээ яаж цохисон гэдгийг бол мэдэхгүй байна. ...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мэдрэлгүй болтлоо согтсон хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

 

Гэрч Г.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Унтаж байтал тэнд байсан хүмүүсийн хэн нь сэрээсэн гэдгийг нь мэдээгүй, сэрсэн чинь миний гутал олдохгүй байсан. Гутлаа хайж олоод харсан чинь хойд хэсэгт Хэрлэн, Батсайхан хоёр зууралдчихсан зогсож байсан, тэгэхээр нь би араас нь очоод Батсайханыг татаад салгасан, тэгээд Батсайхан гараад явсан. Би унтаж байгаад сэрсэн юм, юу болоод байгааг нь ойлгоогүй. 6 цаг өнгөрч байхад л болсон байх, би тэр газраас гэртээ ирэхэд 7 цаг өнгөрч байсан. Намайг очиж Батсайханыг татах үед Баттөгөлдөр Хэрлэнг салгах гээд зогсож байсан, тэгээд тэр хоёрыг салгачхаад би амралтын өрөөнөөс гарч тамхи татаад зогсож байсан чинь Хэрлэн гарч ирээд “Зүүнхараа явъя” гэж хэлээд би жолоо бариад Хэрлэнг гэрт нь буулгаад гэртээ харьсан юм. Би гадаа зогсож байхад Хэрлэн гарч ирсэн юм, тэгэхэд Хэрлэнгийн амнаас нь цус гарчихсан, уруул нь цус болчихсон байхаар нь би дотогшоо ороод савтай ус авч өгөөд Хэрлэн амаа усаар зайлаад, төв явахаар болоод “хамт явах хүн байна уу” гэсэн чинь “байхгүй”  гэхээр нь бид хоёр хөдлөөд явсан юм. ...Би яг яагаад хоорондоо маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр хоёрыг цохилцож, зодолдсон гэдгийг нь мэдэхгүй байна. Зүүнхараа руу ирж байхад “яасан юу болсон юм” гэж асуусан чинь Хэрлэн “Батсайхан намайг цохичихлоо” гэж хэлсэн. ...Батсайханыг Хэрлэнтэй барьцалдчихсан байхад нь би араас нь татсан, тэгээд л Батсайхан гараад явчихсан, Батсайханы биед гэмтэл шарх учирсан эсэхийг хараагүй. Хэрлэнгийн уруулаас нь цус гарчихсан байсан. Тэгээд цусыг нь усаар зайлуулаад дахиж цус машинд гараагүй. Ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. ...Бүгдээрээ биеэ хянах чадвартай л байсан, тасарч унтлаа согтсон, биеэ авч явж чадахгүй болтлоо согтсон хүн байгаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

 

Гэрч Д.Соёлзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Хэрлэн шүүгч Батсайхан руу дайраад очсон чинь хоорондоо барилцаж авсан. Тэр хоёрыг хоорондоо мөргөлдчихлөө гэж харсан. Тэгээд Хэрлэн шүүгчийг Баттөгөлдөр унтаж байгаад сэрээд босож ирээд салгаад Батсайхан гараад яваад өгсөн. Хэрлэн шүүгчийн араас Батзориг гараад Хэрлэн шүүгч буцаж орж ирэхдээ нүүрээ угаачихсан харагдсан. Дараа нь байшин цэвэрлэхдээ зүүн хойд талын буланд тэр хоёр хоорондоо барьцалдсан газарт бага хэмжээний 1-2 дусал цус байсныг харсан, тэгээд тэрийг нь цэвэрлэсэн юм. Хэрлэн шүүгч гараа зангидчихаад уурлаад байсан, тэгснээ 6 цаг 30 минутын үед Батзоригийн хамт Хэрлэн шүүгч албаны машинтай Зүүнхараа руу явсан. ...Хэрлэн, Батсайхан нар нь согтуу байсан, бүгдээрээ биеэ авч ядах чадвартай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

 

Гэрч Б.Энхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед цэрэг татлага гээд Спорт ордон дээр байж байсан юм, тэгсэн чинь Хэрлэн гэх хүн ирээд “үзүүлэх гэсэн юм аа, өнгөрсөн шөнө бусдад зодуулсан” гэж хэлсэн, тэгээд биед нь үзлэг хийсэн чинь Хэрлэн гэх хүний хэл нь үзүүр хэсгээрээ хавагнасан, хавдсан, цус хуралт үүссэн, хэлний баруун талд нь 2 мм орчим, 3 ширхэг шарх үүссэн, зүүн талд нь 2 мм орчим, 2 ширхэг шарх үүссэн байдалтай байсан. Хэрлэн гэж хүний хэлж байгаагаар “араас нь хүн цохисон, тэгээд хэлээ шүдэндээ хазсан” гэж хэлсэн. Биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Толгой нь өвдөж байна гэсэн учраас “толгойны компьютер томографаар харуулах хэрэгтэй” гэж зөвлөөд явуулсан. Эмнэлгээр үйлчлүүлээгүй учраас яаралтай тусламжийн хуудас гаргаагүй, бичгийн цаас дээр би өөрийн гараар тодорхойлолт бичиж өгөөд явуулсан юм. ...Хүн араасаа цохиулах үед хэлээ хазах боломжтой. Хэлэнд үүссэн шарх нь тус бүр буюу 5 ширхэг шархны 1 нь 2 мм хэмжээтэй байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

Гэрч М.Мөнхзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Хэрлэн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ “Батсайханд зодуулчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Гаднах байдлыг нь харахад үс нь арзайсан, царай нь цонхигор болчихсон, амаа салфетакаар дарчихсан, салфетак нь цус болчихсон байсан. Би “яахаараа чамайг Батсайхан зоддог юм бэ, юунаас болоод ийм зүйл болчихов оо” гэж асуусан. Тэр үед Хэрлэн надад юм хэлээгүй, би тэгээд салфетакыг нь аваад харсан чинь ам нь ангархай, хэл нь хоёр талын захын хэсгээрээ 5-6 ширхэг гүн шархтай, шархнаас нь цус гарч байсан. Тэгээд би шархыг нь цэвэрлэсэн, уруул, хацар дээр нь цус болчихсон байсан, тэгээд би цэвэрлэж өгсөн. Хэлнээс нь цус гарч байсан учраас шарх цэвэрлэгчээр шархыг нь цэвэрлээд амыг нь зайлуулаад, цэвэр бинтээр шарх дээр нь дарсан, цус нь тогтож өгөхгүй байгаад байсан, “толгой өвдөөд байна” гэж хэлэхээр нь “хаашаа чинь цохихоор хэлээ хазчихдаг юм бэ” гэсэн чинь “толгойны орой руу Батсайхан бөмбөр нүдэж байгаа юм шиг цохьчихсон” гэж хэлсэн. Би “хүн цохиж байхад эсэргүүцдэггүй юм уу” гэсэн чинь “би буруу хараад байж байсан чинь араас цохьчихсон юм” гэж хэлсэн. “Толгой нь өвдөөд байна” гээд байхаар нь Баруун-Өлөнтөд таньдаг бариач Цээгий гэх хүн дээр очиж бариулсан. Тэр хүнээс “тархи нь хөдөлсөн байна уу” гэсэн чинь “хөдөлчихсөн байна, маргааш ирээд дахиад бариулчих” гэж хэлсэн. Би гэртээ үлдээд Хэрлэн машинаа унаад явсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өглөө шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгөх ажлаар орсон чинь шүүхийн тамгын дарга Батсайхан 2 давхраас бууж ирж таарсан. Батсайхан намайг хараад “өстэй хүнтэй өлийн даваа дээр, яг Заяа эгчтэй таарчихлаа, таныг харсан чинь пал хийгээд л явчихлаа шүү” гэхээр нь би “Батсайхан минь юу болоод байгаа юм, чи яахаараа Хэрлэнгийн толгой тархи руу цохидог юм бэ” гэсэн чинь Батсайхан намайг “манай өрөө рүү оръе” гээд дагуулаад өрөөндөө орсон. Батсайхан сандал дээрээ суучхаад “дүү нь архи их уучихсан байна аа, яг юунаас болоод маргасан гэдгээ санахгүй байна, тэгэхдээ би толгой руу нь цохиж байхдаа би гэнэт ухаан ороод Хэрлэн шүүгчийг цохьчихлоодоо” гэж бодоод би хөл нүцгэн байгаа газраасаа гүйгээд зугтаасан, миний араас Ганзаяа гутал авч ирж өгсөн. Би Хэрлэн шүүгчийг машиндаа суугаад явсны дараа байрлаж байсан байрандаа орсон, “Хэрлэн шүүгч яаж байна, юу гэж байна” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “чи толгой руу нь олон цохисон байна лээ, тэрнээс чинь болоод хэлээ хазчихсан байна лээ, толгой нь өвдөөд хэцүү байдалтай байгаа, 2 өдөр толгойг нь бариулсан. Сургалттай болохоор Дархан луу явчихсан” гэж хэлсэн. Батсайхан гэмшсэн шинжтэй “миний санаа их зовж байна, яаж уучлалт гуйхаа мэдэхгүй л байна, би сургалтаас ирэхээр нь өрөөнд нь орж уучлалт гуйя гэж бодож байна, Хэрлэн шүүгчтэй олон жил гэмгүй ажиллаж байсан, миний буруу архи ууснаас л ийм зүйл боллоо” гэж хэлсэн. Би “Хэрлэн чамайг цохьсон юм уу” гэж асуусан чинь “Хэрлэн шүүгч намайг нэг ч цохиогүй, би хэтэрхий их архи уусан, архинаас болж ийм зүйл боллоо, би Хэрлэн шүүгчийг цохьсон” гэж хэлсэн. Батсайхан надаас “Хэрлэн шүүгч яана гэж байна, таньд юм хэлсэн үү” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би “Хэрлэн Батсайханд би юу гэж зодуулаад байх вэ дээ, эмнэлэгт үзүүлнэ, цагдаад өргөдөл өгнө, хуулийн дагуу явна гэж байна лээ” гэж хэлсэн чинь Батсайхан “яана аа тийм үү, цагдаад өгнө гэж байна уу, та бид нар чинь олон жил ажилласан, цагдаа сэргийлэх гээд яах уу, нааштай талаас нь Хэрлэн шүүгчид хэлээд өгөөрэй” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би “Хэрлэн миний үгэнд юу гэж орох юм бэ, чиний буруу биз дээ” гэж хэлээд би өрөөнөөс нь гарсан. Батсайхан миний араас дагаад гарахдаа “Хэрлэн шүүгчид сайн хэлээд өгөөрэй” гэж хэлээд, би эвлэрүүлэн жуулчлахын өрөө рүү орсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

 

Гэрч Д.Содгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би Б.Хэрлэнтэй 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед гар утсаар яриад “хаана явна” гэхээр нь би “төвд явж байна” гэж хэлсэн, тэгээд намайг “төмөр замын вокзалын урд талын нүхэн гарц дээр хүрээд ирээч” гэхээр нь би очсон. Тэгээд очоод уулзахад “эмнэлэг хамт ороод ирье, хүнд цохиулчихсан чинь хэл ийм болчихлоо” гэж харуулсан. Тэгэхэд хэлийг нь харсан чинь хэл нь хоёр талаараа хэд хэдэн газар хар хүрэн болоод зүсэгдээд ярагдчихсан харагдсан. Тэгээд эмнэлэг дээр очоод Хэрлэн буугаад эмнэлэг рүү орсон. Буцаад гарч ирээд “эмч нь байхгүй байна, цэрэг татлага гээд ордон дээр байгаа юм байна, ордон руу очъе” гээд Спортын ордон дээр очсон. Тэгээд эмч Хэрлэнг үзээд “хэл рүүгээ гүн орсон байна” гэж хэлсэн /хэр гүн байгаа эсэхийг нь эмч ямар нэгэн зүйл хийж үзээгүй, хараад хэлсэн/. Хэрлэн “толгой өвдөөд байна” гэж хэлсэн чинь эмч “оношилгоонд харуул” гэж зөвлөсөн. Тэгээд бичиг хийж өгч байсан, юу бичсэн гэдгийг нь хараагүй. Эмч Хэрлэнгээс “одоо юу хэрэглэж байгаа вэ” гэсэн чинь “ам зайлагчаар амаа зайлж байгаа” гэж хэлсэн. Тэгээд эмч яваад өгсөн. Эмчид үзүүлэх үед 18 цагийн үед байсан юм. Тэгээд би Хэрлэнг “хоолонд орох уу” гэж хэлсэн чинь “хэл өвдөөд юм идэж чадахгүй байна, буцаагаад нүхэн гарц дээр хүргүүлчихье” гэхээр нь буцаагаад нүхэн гарц дээр нь хүргэж өгсөн юм. ...“Хүнд цохиулаад хэлээ ийм болгочихлоо” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Ганболд, цагдаагийн ахмад Г.Ханхүү, цагдаагийн дэслэгч О.Оюунбаясгалан нарын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №1030 дугаартай “1. Б.Хэрлэнгийн биед хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хазах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №171 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлтээр гаргасан №189 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Д.Батсайханы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/,Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/ зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  Нэг.Шүүгдэгч Д.Батсайханыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Д.Батсайхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тултын тохой” гэх амралтын газрын амрагч нарын байранд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-нд шилжих шөнө 05-06 цагийн орчимд иргэн Б.Хэрлэнг ажилчдадаа шаардлага тавилаа гэсэн үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Эрх бүхий албан тушаалтны “Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” тэмдэглэл /хх-ийн 05-р тал/ Хохирогч Б.Хэрлэнгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 06-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №171 дугаартай Сэлэнгэ аймгийн дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №189 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлт /хх-ийн47-48-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч Б.Энхтөрийн “Эмчийн үзлэгийн тодорхойлолт” /хх-ийн 41-р тал/, Хохирогч Б.Хэрлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/, Гэрч Б.Баттөгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Гэрч Т.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, Гэрч Г.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,Гэрч Д.Соёлзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/, Гэрч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р тал/, Гэрч М.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/, Гэрч Д.Содгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Ганболд, цагдаагийн ахмад Г.Ханхүү, цагдаагийн дэслэгч О.Оюунбаясгалан нарын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №1030 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Д.Батсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэгээд Ерөнхий шүүгч бид хоёр үл ялиг маргалдсан. Ерөнхий шүүгч миний сууж байсан орны урд ирээд далайх шиг болохоор нь би сандраад Ерөнхий шүүгчийг тэврээд авсан. Тэгээд бид хоёр зэргэлдээ байсан хоёр орны завсраар унасан. Унаад тэврэлдээд байж байх хооронд бид хоёрыг хоёр талаас салгаад гарсан. Миний бие нь Ерөнхий шүүгчээ зодъё, цохъё, хохирооё гэсэн зүйл огтоос байгаагүй. Тухайн болсон асуудал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс хоорондоо үл ойлголцох зүйлээс маргалдаж, тэврэлдэж, барьцалдаж авч унаснаас шүүгчийн биед тодорхой хэмжээний гэмтэл, шарх үүссэн болов уу гэж бодож байна. ... Орж ирэхэд Ерөнхий шүүгчийн амнаас яалт ч үгүй цус гарчихсан байна гэж үлдсэн хүмүүс хэлж байсан. Тэр цус нь унах явцад эсвэл бид хоёр орны хөндий рүү барьцалдаж унах явцад үүссэн шарх сорви гэж үзэж байгаа...” гэж мэдүүлж байх ба түүний уг мэдүүлэг нь хохирогч Б.Хэрлэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...Тэгээд шөнө дунд унтаж байтал янз бүрийн дуу чимээ гараад байхаар нь би сэрээд босоод гадаа гарч орж ирчхээд хамт явсан ажилчдаас “юу болоод байгаа юм бэ, яагаад унтуулахгүй байгаа юм бэ” гэсэн чинь гэнэт хажуу талаас Батсайхан намайг доош нь дарж тонгойлгоод толгойны дагз хэсэг болон орой хэсгээс хэд хэдэн удаа цохиж, толгойгоороо мөргөсөн. Би бол Батсайханы биед нэг ч удаа гар хүрээгүй, тэр чимээгээр Баттөгөлдөр намайг тэвэрч авсан, тэр үед Батсайхан намайг орхиод гараад явсан. Баттөгөлдөр намайг тэвэрч аваад салгах үед миний амнаас цус их хэмжээгээр гарсан. Тэгээд би Батзоригоор машинаа бариулаад Зүүнхараад ирээд унтаж амарчхаад орой нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн эмч Энхтөрд үзүүлсэн. ...Би тэр шалтгааныг нь ойлгохгүй байна. Намайг хүмүүст “шаардлага тавьсны төлөө, хүмүүсийг унтуулж амруулахгүй байна” гэсний төлөө намайг цохисон гэж бодож байна. ...Батсайхан намайг толгойны ар хэсэг болон толгой орой дээрээс цохих үед би хэлээ хазсан юм. Хүн юм идэж байгаад хэлээ хазах, цохиулаад хэлээ хазах хоёр өвдөлт нь өөр, өвдөлт нь хүчтэй юм байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/, гэрч Б.Баттөгөлдөрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”... Ерөнхий шүүгч Хэрлэн, тамгын газрын дарга Батсайхан нь хоорондоо маргалдаад өөд өөдөөсөө харчихсан барьцалдчихсан зогсож байсан /бие нойрмоглосон байдалтай байсан юм/. Тэгэхээр нь би очоод салгасан, салгах үед Хэрлэн шүүгчийн амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, гэрч Т.Баясгаланий мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”... Тэгээд Хэрлэн шүүгч Батсайханы орны урд оччихсон байсан. Батсайхан “та яагаад бид нарыг дээрэлхээд байгаа юм” гэж хэлээд түс тас гээд дуу гарсан, цохисон эсэхийг нь хараагүй, тэр чимээгээр Баттөгөлдөр босож ирээд тэр хоёрын голоор орсон, Хэрлэн шүүгчийн амнаас нь цус гарчихсан байсан, ...Шүүгч Хэрлэн Батсайханы сууж байсан орны хажууд очоод л нээх удаагүй байтал Батсайхан “та бид нарыг яаж дээрэлхэх гээд байгаа юм” гэж хэлээд түс тас хийх дуу гараад нээх удалгүй Баттөгөлдөр босож ирээд салгасан юм, тэгээд шүүгч Хэрлэнгийн амнаас нь цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, гэрч Г.Батзоригын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”... Гутлаа хайж олоод харсан чинь хойд хэсэгт Хэрлэн, Батсайхан хоёр зууралдчихсан зогсож байсан, тэгэхээр нь би араас нь очоод Батсайханыг татаад салгасан, тэгээд Батсайхан гараад явсан. ... Намайг очиж Батсайханыг татах үед Баттөгөлдөр Хэрлэнг салгах гээд зогсож байсан, тэгээд тэр хоёрыг салгачхаад би амралтын өрөөнөөс гарч тамхи татаад зогсож байсан чинь Хэрлэн гарч ирээд “Зүүнхараа явъя” гэж хэлээд би жолоо бариад Хэрлэнг гэрт нь буулгаад гэртээ харьсан юм. ... Зүүнхараа руу ирж байхад “яасан юу болсон юм” гэж асуусан чинь Хэрлэн “Батсайхан намайг цохичихлоо” гэж хэлсэн. ...Батсайханыг Хэрлэнтэй барьцалдчихсан байхад нь би араас нь татсан, тэгээд л Батсайхан гараад явчихсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/, гэрч Д.Соёлзулын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хэрлэн шүүгч Батсайхан руу дайраад очсон чинь хоорондоо барилцаж авсан. Тэр хоёрыг хоорондоо мөргөлдчихлөө гэж харсан. Тэгээд Хэрлэн шүүгчийг Баттөгөлдөр унтаж байгаад сэрээд босож ирээд салгаад Батсайхан гараад яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/ зэргээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж, няцаагдаж байна гэж дүгнэлээ.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хэрлэнгийн биед хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гаргуулахаар хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

         Гурав. Шүүгдэгч Д.Батсайханд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Д.Батсайхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тултын тохой” гэх амралтын газрын амрагч нарын байранд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-нд шилжих шөнө 05-06 цагийн орчимд иргэн Б.Хэрлэнг ажилчдадаа шаардлага тавилаа гэсэн үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Батсайханд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 04 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Долоонжингийн Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсайханыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Д.Батсайхан нь торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Д.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ж.ЭРДЭНЭБАТ