Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Д.Шинэбал

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.Баатар

                         Шүүгдэгч                                              Б.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гомбод холбогдох 2332000160005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Гандангийн 01 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Дархадын шарнууд овгийн Баянжаргалын Гомбо 

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Гомбо нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудал дотор албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Б.Бат-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гомбо мэдүүлэхдээ:... Би найзтайгаа хамтраад 3 сар ажиллаж байж “Нарны өртөө” зочид буудлын доод талын подвалыг түрээсэлж байгаад 124 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд сумандаа аятайхан хүн орж үйлчлүүлдэг газар хийе гээд караоке нээсэн юм. Нээгдээд 3 дахь хоног дээр болсон асуудал. Эхний нэг өдөр ном журмын дагуу явсан. 2 дах өдөр нь тухайн өдрийн урд өдөр нь манайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг “Солонго” караокены хүмүүс зохион байгуулалттайгаар орж ирсэн. Би яагаад онцолж хэлээд байна вэ гэвэл 12 цагт хүн хүлээгээд сууж байна гэж нэг залуу сууж байгаад нөгөө хүмүүс нь ирээгүй байна гэж байгаад 12 цагаас 20-30 минутын өмнө орж ирээд л тэр хүмүүс нь суугаад ард талаас нэг залуу орж ирэхэд “Солонго” караокены эзэн нь байсан юм байна лээ. Манай тогооч, зөөгч ийм хүмүүс танайд суугаад байна. Би ажилчдаа авмаар байна гэж надад хэлсэн. Би тэрийг нь мэдээгүй. Манайх 5 өрөөтэй. Тухайн үед 3 өрөө л ашиглалтад орсон байсан. Хоёр өрөө нь эзэнгүй. Нэг өрөө нь эзэнтэй байсан. Тэр өрөөнд тэр хүмүүс нь сууж байгаад хүмүүсээ аваад гарсан. Гараад би хэлэхдээ “адил төстэй үйл ажиллагаа явуулж байна. Та нар албаар ингэж байгаа юм биш үү, ийм хэл ам, маргаан, тэмцэл хийгээд ажилтантайгаа муудаад байгаа юм шиг, манайх руу муудаад байгаа ч юм шиг тэгж болохгүй шүү” гэж хэлээд гарсан. Хэрэг болохыг урд өдөр нь бас цагдаа 4 удаа орж ирсэн. Орж ирэхдээ “караоке дотроос танайхыг ажиллаж байна гээд бичлэг хийгээд байна” гэж хэлээд Сүхбат гэдэг цагдаа орж ирж байсан. Би тийм учраас гарч хэлсэн. Тухайн өдөр нь манай караоке 16 цагаас онгойгоод хүнгүй байсан тэгээд 18 цагийн үед түрүүний хоёр цагдаа орж ирээд бичиг баримтыг шалгасан. Тэгэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй. 20 цаг өнгөрөөгөөд манайх “Тотал”-аас татан авалтаа хийхэд “Апу” компаний шинэ пиво гарсан байсан тэгээд манайд дээж маягаар нэг авдар пиво авчирснаас би нэг пиво л уусан байх. Гашуун амттай пиво байсан. Тэгээд яг тэр өдөр 3-4 удаа цагдаа орж ирсэн. 18, 20, 22, 23 цагийн орчим цагдаа нар орж ирсэн. 20 цагийн үед цагдаа орж ирээд гарсан. 22 цагт цагдаа орж ирээд гарахдаа хоёр өрөөнд, манайх 3 өрөөтэй, би нэг өрөөнд ямар нэгэн зүйл хэрэглээгүй, найз нөхөдтэйгөө юм яриад л сууж байсан. Нөгөө хоёр өрөөнд байсан хүмүүсийг цагдаа нар иргэний үнэмлэхээр нь тулгаж хүмүүсийг хараад явсан. Тэгээд нөгөө хүмүүс нь бид нарт эргэж гомдол гаргаад “танайх хүнд газар байна” гээд тухайн үед төлбөр тооцоогоо хийгээгүй явсан, бид нар үйл ажиллагаа 22 цаг өнгөрөөд 22 цаг 30 минутад зогсоогоод би гарсан. Манай хүүхэд үлдээд цэвэрлэгээ хийж байсан. Би эргэж караокед орж ирэхдээ 23 цаг өнгөрөөж орж ирсэн. Мандал сумын уяачдын холбоо шинэ жилээ хийнэ гээд Ууганаа нь Баяраа гэдэг найзтайгаа хамт орж ирээд том өрөө үзээд сууж байсан. Тэгээд байж байхад караокены хаалга цохихоор нь би онгойлгоход үүдэнд цагдаа зогсож байсан. Тэгээд би тэр цагдаад “манайх хаасан байна, ямар нэгэн үйл ажиллагаа яваагүй байна, та нар өөрсдөө 22 цаг өнгөрөөгөөд хаагаад явсан шүү дээ” гэж хэлсэн. Манайх хоёр хаалгатай. Наад талын буюу гадна талын модон хаалганы үүдэнд тийм зүйл яриад зогсож байхад цагдаа нар “орно” л гэж дайраад байсан. Түүнээс биш хууль ёсоор “бид нар ингэж орно, хууль ёсны дагуу шалгалт хийж байна” гэсэн зүйл яриагүй. “Орно” л гэж дайраад байхаар нь би “оруулахгүй угаас хаачихсан байна, чи өөрөө харж байгаа биз дээ” гэсэн, манай караоке 2 хаалгатай. Нэг хаалга нь онгорхой. Би нэг хаалгыг нь онгойлгосон зогсож байсан. Тэгээд дээрээс цагдаа нараа дуудахад нөгөө 4 нь орж бууж ирээд цагдаа Бат-Эрдэнэ шууд хүч хэрэглээд эхний хаалганаас намайг түлхээд цаад талын хаалга руу оруулсан. Тэгэхээр нь миний жаахан уур хүрсэн. Тэгээд манай эхнэр цаанаас гарч ирээд “юу болоод байна вэ” гэхээр нь “чи цаашаа байж бай” гээд би хаалгаа хаасан. Угаас дотор цэвэрлэгээ явж байгааг намайг хаалга онгойлгоход харсан. Би харахдаа дуу дуулж байсан юм бол манайх хоёр хаалгатай. Манайх хоёр хаалгатай. Дуу чимээ тусгаарладаг хаалгатай. Нөгөөх нь гадна талдаа наад талдаа дахиад 3-4 метр зайнд коридортой. Коридорын хаалга, төмөр хаалга хоёр хаалттай үзээд хэн ч юу ч цохисон мэдэгдэхгүй хаалга. Цагдаа нар намайг хөгжим дуу чимээ гарч байсан гээд яриад байгаа юм. Архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн байсан л гэж үзээд байгаа. Хэрэглэсэн бол би цагдаагийн хэлтэс орсон шүү дээ. Би тийм ууж идээд учиргүй тэгээд яваад байдаг хүн биш. Би тэр сда гэдэг үгийг нэг их хэлдэггүй хүн. “Лалар” гэдэг үгийг бол хэлдэг. “Тэрс үзэлтэн” л гэсэн үг юм байна лээ. Цагдаагийн шаардлагыг би биелүүлээд, намайг шууд аваад гараад явсан. Хууль ёсны тийм шаардлага тавиагүй. “Орно” л гэж дайраад байсан. Би жаахан бухимдалтай байсан. Нөгөө хүмүүс үйлчилгээний 50 хувийн төлбөрийг төлөөд гараад явж байгаа асуудал 22 цагт болоод өнгөрсөн байхад цагдаа нар эргэж орж ирээд тийм асуудал үүсэж байхад тэр үед цагдаа нар хувийн ашиг сонирхлын үүднээс хандав уу гэж бодож байгаа...гэжээ.

 

Эрүүгийн 2332000160005 тоот хавтаст хэргээс:

 

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн даргаас Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг орой 20 цагт цуглах талаар үүрэг чиглэл өгсөн. Би арга хэмжээний хүрээнд хуваарьт томилгооны дагуу багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Гантогтохын хамт Мандал сумын 6 дугаар багийн Баянхангай орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж, тусгай арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад цагдаагийн ахлагч О.Гантогтохын хамт илтгэх хуудсаа бичиж өгсөн. Мөн цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь, томилгооны дагуу Мандал сумын 2, 9 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр цагдаагийн дэд ахлагч Л.Сүхбат болон эргүүлээс буусан цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбат нарын хамт “Нарны өртөө” зочид буудлын орчим явж байсан чинь гадаа нь баахан машин, хүмүүс гарч ороод байхаар нь бид гурав караоке болон ресторан нь ажиллаж байж магадгүй гээд дотогшоо орсон. Бид гурав зочид буудал руу ороод дэд ахлагч Г.Сүхбат бид хоёр дээшээ гараад рестораныг нь үзсэн чинь хүн амьтан байгаагүй. Буугаад ирсэн чинь цагдаагийн дэд ахлагч Л.Сүхбат караокены хаалгыг нүдэж байгаад онгойлгосон чинь урд нь харж байгаагүй дунд эргэм насны, саарал эрээн цамц, саравчтай малгайтай хүн хаалга онгойлгоод “та нар яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь би “бид нар эргүүл шалгалтаар явж байна” гэж хэлсэн чинь хаалга онгойлгож өгсөн Б.Гомбо гэдэг хүн “яах гэж байгаа лалар вэ?, одоо хаалаа ш дээ” гээд уурлаад дотогшоо оруулахгүй байсан. Тэгэхлээр би “та цагаа барьж ажиллах хэрэгтэй, танай цаг чинь хэтэрсэн байна” гэж хэлсэн чинь иргэн Б.Гомбо гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохисон, тэгэхлээр нь би “та яагаад төрийн алба хаагчийг цохиод байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь Б.Гомбо гэдэг хүн “чамайг цохихоор яадаг юм бэ пизда минь” гэж хэлсэн чинь караокены дотроос нэг эмэгтэй бас нэг залуу хоёр гарч ирээд “юу болоод байгаа юм, боль” гээд байсан. Удаагүй нөгөө Б.Гомбо гэдэг хүн караокеноос гарч ирсэн 2 хүнийг буцаж оруулаад дахиад “та нар яах гээд байгаа юм бэ?” гээд дотогшоо бид нарыг оруулахгүй дахиад миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Би тухайн иргэнийг үйлдлийг таслан зогсоож, иргэн Б.Гомбыг тэврээд авсан, харин манай 2 цагдаа Б.Гомбыг хажуу талаар нь бариад авсан чинь караокеноос нөгөө эмэгтэй, хүүхэд хоёр нь гарч ирээд “болиоч” гээд байхаар нь бид нар Б.Гомбо гэдэг хүнийг тавиад хувцсыг нь өмсүүлээд аваад явсан. Бид нар иргэн Б.Гомбыг жижүүр дээр авч ирээд тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Гантулгад танилцуулсан чинь “наад хүнээ цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гээд эрүүлжүүлэх саатуулах байранд хий” гэж хэлсэн. Бид гурав иргэн Б.Гомбыг аваад эрүүлжүүлэх саатуулах байр луу авч ороод эмчид үзүүлж байсан чинь тухайн өдрийн эмч цагдаагийн ахлах дэслэгч Оргилмаа “хэлтсийн дарга чамтай ярья гэж байна” гэж хэлээд би утсаар нь ярьсан чинь хэлтсийн дарга “наад хүнээ явуулчих, ар гэрийнхэн хүнд нь хүлээлгээд өгчих, маргааш асуудлыг нь шийдвэрлэнэ” гэж хэлэхээр нь би даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу иргэн Б.Гомбыг хүүд нь эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа хүлээлгэж өгсөн өөр зүйл болоогүй. ...Тиймээ би цагдаагийн дэд ахлагч Л.Сүхбаттай хэлтсийн даргын баталсан хуваарь, томилгооны дагуу Мандал сумын 2, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...“Нарны өртөө” зочид буудлын караокег шалгах гэхэд иргэн Б.Гомбо нь хааж зогсчхоод бид нарыг оруулахгүй “одоо хаалаа ш дээ, та нар яах гээд байгаа юм бэ?, лалар, пизда чинь" гэх зэргээр хэл амаар доромжлоод дотогшоо оруулахгүй, хууль ёсны шаардлага биелүүлэхгүй саад учруулаад байсан. ...Би Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 онд гарсан Захирамжийн дагуу “архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд 00 цагт хаана” гэсний дагуу шаардлага тавьж дотогшоо орох гэсэн боловч оруулахгүй намайг цохисон. ...Намайг Б.Гомбо гэдэг хүн эхлээд гараараа 1 удаа шанаа тус газар цохисон, караокед байсан эмэгтэй, залуу хоёроо дотогшоо оруулж байгаад дахиж шанаа руу 1 удаа цохихоор нь би тэврээд авсан. ...Намайг цохиж байхад цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбат, Л.Сүхбат нар хажууд байсан өөр хүн байгаагүй. ...Иргэн Б.Гомбо намайг 2 удаа зүүн шанаа руу цохисон, одоо надад ямар нэгэн байдлаар өвдөж зовуурилсан газар байхгүй. ...Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд энгэрийн камерын цэнэг нь дуусчихсан байсан, гадаа хүйтэн байгаа болохоор энгэрийн камерын цэнэг их хурдан дуусаад байгаа. Надтай цуг явсан дэд ахлагч Л.Сүхбат гар утсаараа бичлэг хийгээд тэрийгээ устгачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р тал/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч Л.Сүхбат мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд орой 20 цагаас зохицуулагч, цагдаагийн ахлах ахлах Ж.Түмэндэмбэрэлийн хамт Мандал сумын 3 дугаар багийн нүхэн гарц орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тусгай арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад илтгэх хуудсаа бичиж өгөөд цагдаагийн хэлтсийн даргын баталсан эргүүл, томилгооны дагуу Мандал сумын 2, 9 дүгээр багт цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэхээр Цагдаагийн хэлтсээс гараад, нэмэгдлээр цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбат нарын хамт “Нарны өртөө” зочид буудлын орчим явж байсан чинь гадаа нь олон машин тэрэг, хүмүүс гаднаас дотогшоо ороод байхаар нь бид 3 шалгах гээд дотогшоо орсон. Буудлын 6-1 давхрын караокег шалгах гээд хаалгыг нь цохисон чинь хаалгыг нь лам байсан Б.Гомбо гэдэг ах хаалга онгойлгоод “та нар яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь бид нар “эргүүл шалгалтаар явж байна” гэж хэлсэн чинь Б.Гомбо урдаас “тарж байна ш дээ, яах гээд байгаа юм бэ?, лалар чинь” гэх зэргээр хэлээд хаалга хашиж зогсоод оруулахгүй байсан. Тэгсэн чинь цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ “хяналт шалгалтаар явж байна, бид нар орж шалгана” гэж хэлсэн чинь “яахаараа та нар орж шалгадаг юм бэ?” гээд Б.Гомбо оруулахгүй байсан чинь дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ “та цагийн хуваарийн дагуу ажиллаач” гэж хэлсэн чинь Б.Гомбо дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн зүүн шанаа руу гараа 1 удаа алгадчихсан, Б.Бат-Эрдэнэ “та яагаад намайг цохиод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Б.Гомбын эхнэр нь бололтой эмэгтэй гарч ирээд “би энэ хүнийг аваад орчихъё” гээд гуйгаад байсан. Удаагүй Б.Гомбо нөгөө эмэгтэй бас нэг ажилтнаа буцааж караоке руугаа оруулаад буцаж гарч ирээд хаалга хаагаад цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн зүүн талын шанаа орчим гараараа дахиж 1 удаа цохисон чинь Б.Бат-Эрдэнэ дэд ахлагч нөгөө Б.Гомбо гэдэг хүнийг тэвэрч аваад, би зүүн гараас нь бариад авсан чинь Б.Гомбо “та нар намайг тавьчих, би өөрөө цагдаа руу чинь явъя” гээд бид нар Цагдаагийн хэлтсийн жижүүр дээр иргэн Б.Гомбыг авч ирээд жижүүрийн мөрдөгчид танилцуулаад эрүүлжүүлэх саатуулах байр луу Б.Гомбыг аваад орсон чинь “бие нь муу” гээд хүүхэд нь “ирсэн байна” гэхээр нь бид нар Б.Гомбыг хүүд нь хүлээлгэж өгсөн өөр зүйл болоогүй. ...Би тухайн өдөр эргүүл томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Бид нар “Нарны өртөө” буудлын караокег шалгах гэсэн чинь иргэн Б.Гомбо хаалган дээр оруулахгүй зогсоод “бид нар одоо тарж байна ш дээ, яах гээд байгаа лалрууд вэ?, пизданууд” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан өөр юм хэлээгүй. ...Намайг Б.Гомбо гэдэг хүн цохиж зодсон зүйл байхгүй, харин цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийг эхлээд 1 удаа гараараа алгадсан, дахиад хаалга хааж байгаад мөн Б.Бат-Эрдэнийн зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохисон өөр ямар нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. ...Цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбат тухайн үед хажууд нь байсан, харин Б.Гомбын таньдаг эмэгтэй нь хажууд байж байгаад Б.Гомбо дотогшоо оруулчихсан өөр хүн хараагүй байх. ...Бид нарыг эргүүлд гарах гэж ирэхэд энгэрийн камерын цэнэг нь дуусчихсан байсан болохоор бичлэг хийж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-р тал/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч Г.Сүхбат мэдүүлэхдээ:...Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд хэсгийн алба хаагчид хурлын зааланд цуглаад орой 20 цагаас би зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Гаанжуурын хамт Мандал сумын 7 дугаар багийн гэрлэн дохиотой уулзвар дээр үүрэг гүйцэтгэсэн. Арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад би цагдаагийн ахлагч Г.Гаанжуурын хамт илтгэх хуудсаа бичиж өгсөн. Мандал сумын 2, 9 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр явж байгаа цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбат нарын хамт “Нарны өртөө” зочид буудлын орчим явж байсан чинь гадаа нь баахан машин байхаар нь бид гурав ажиллаж байж магадгүй гээд "Нарны өртөө” буудал руу явж орсон. Зочид буудлын 2 давхар луу би цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн хамт дээшээ гараад рестораныг нь үзсэн чинь хүн амьтан байгаагүй. Буцаж 2 давхраас буугаад ирсэн чинь цагдаагийн дэд ахлагч Л.Сүхбат караокены хаалгыг нь нүдэж байгаад онгойлгосон, тэгсэн нь хаалганы цаанаас караокены эзэн нь бололтой нэг ах гарч ирээд “яах гээд байгаа юм бэ?” гэхээр нь “бид нар эргүүл шалгалтаар явж байна, танайхыг ороод шалгая” гэж хэлсэн чинь караокеноос гарч ирсэн Б.Гомбо гэдэг ах “би ганцаараа байна, одоо хаах гэж байна” гэж хэлсэн чинь цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ “бид нар ороод үзье” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Гомбо гэдэг хүн “чи яах гээд байгаа лалар вэ?, одоо хаах гэж байна ш дээ” гэж хэлээд цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийг шанаа орчим гараараа 1 удаа алгадсан. Цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ “та намайг яагаад цохиж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь цаанаас нь нэг жирэмсэн эмэгтэй гарч ирээд “яасан бэ?, юу болоод байгаа юм бэ?” гэж асуусан. Караокеноос гарч ирсэн Б.Гомбо гэдэг ах эмэгтэйг дотогшоо оруулаад “чи яах гээд янз үзээд байгаа юм бэ? гэж хэлээд дахиад цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн шанаанд нь 1 удаа цохисон чинь Б.Бат-Эрдэнэ дэд ахлагч тэр цохисон ахыг тэвэрч аваад Сүхбат бид хоёр Б.Гомбо гэдэг хүний гараас бариад авсан. Удаагүй нөгөө жирэмсэн бололтой эмэгтэй, хүүхэд хоёр нь гарч ирээд “та нар болиоч” гэхээр нь бид нар нөгөө Б.Гомбо гэдэг хүнийг тавиад “та өөрөө хувцсаа өмс” гэж хэлээд Б.Гомбо гэдэг хүний хувцсыг нь өмсгөөд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тухайн өдрийн жижүүрийн мөрдөгчид танилцуулаад эрүүлжүүлэх байр луу аваад орсон. Эрүүлжүүлэх байранд цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэтэй хүн утсаар яриад байсан, “бид нарын авчирсан Б.Гомбо гэдэг хүний бие нь муу юм байна” гээд иргэн Б.Гомбыг төрсөн хүүд нь хүлээлгэж өгсөн өөр юм болоогүй. ...Тухайн өдөр би эргүүл томилгоонд байгаагүй, эргүүлд гарч байсан 2 цагдаатай цуг явж байсан. “Нарны өртөө” буудлын караокены хаалгыг Б.Гомбо гэдэг хүн онгойлгоод бид нарыг оруулахгүй “одоо хаалаа ш дээ, та нар яах гээд байгаа юм бэ?, лалар чинь” гэх зэргээр хэл амаар доромжлоод дотогшоо оруулахгүй байсан өөр юм хэлээгүй. ...Цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийг Б.Гомбо гэдэг хүн эхлээд 1 удаа гараараа шанаа тус газар нь алгадсан, мөн нөгөө эмэгтэйгээ дотогшоо оруулж байгаад Б.Бат-Эрдэнийн зүүн шанаа руу нь дахиад гараараа 1 удаа цохисон, нийт 2 удаа Б.Бат-Эрдэнийг цохисон, харин намайг болон дэд ахлагч Л.Сүхбатыг цохиж зодсон зүйл байхгүй. ...Цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн нүүр лүү Б.Гомбо гэдэг хүн цохиход хажууд нь би мөн дэд ахлагч Л.Сүхбат байсан өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 08-р тал/,

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би тухайн өдөр цуг үүрэг гүйцэтгэж байсан д/а Г.Сүхбат, д/а Л.Сүхбат нарын хамт 00 цаг 30 минутад “Нарны-Өртөө” зочид буудалд үйл ажиллагаа явуулж байсан караокег нэг л удаа шалгасан. Тухайн үед караоке хаагаагүй үйл ажиллагаа явуулж байсан тул “цагийн хуваарийн дагуу ажиллах, үйл ажиллагаа зогсоох” шаардлага тавьсан. Гэтэл Б.Гомбо гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу “хаах гэж байна шүү дээ, пизда минь” гэж хэл амаар доромжилж миний тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж миний биед халдсан. Б.Гомбо миний биед халдаж намайг 2 удаа алгадсан. Тухайн үед Б.Гомбын эхнэр хүүхэд нь хажууд байсан. Эхнэр нь нөхрийгөө “болиоч чи” гээд “нөхрийгөө аваад үлдчихье” гэж гуйгаад байсан. Б.Гомбо намайг 2 дахь удаа алгадахаар нь би түүнийг тэвэрч аваад Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Б.Гомбо нь өөр хэн нэгэн хүний биед халдсан зодсон цохисон зүйл байхгүй. Цуг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан зүйл байхгүй. Эрүүлжүүлэх саатуулах байран дээр авч ирэхэд араас хүүхэд нь ирэхээр нь хүлээлгэн өгсөн. Б.Гомбоор драйгер багаж үлээлгээгүй. Гэхдээ илт мэдэгдэхээр согтуу байсан. ...Бид нараас өөр цагдаагийн алба хаагч шалгасан эсэхийг нь би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/    

Гэрч Л.Сүхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд орой 20 цагаас зохицуулагч, цагдаагийн ахлах ахлах Ж.Түмэндэмбэрэлийн хамт Мандал сумын 3 дугаар багийн нүхэн гарцын орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тусгай арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад илтгэх хуудсаа бичиж буугаад гэр лүүгээ харьсан. Тэгээд гэрийнхээ гадаа очиж байхад буюу 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 00 цаг 10 минутад д/а Б.Бат-Эрдэнэ над руу залгаад “Үндсэн эргүүлд гүйцэтгэх алба хаагчдыг 01 цаг хүртэл яв гэж байна” гээд намайг ирж авсан, Тэгээд би д/а Б.Бат-Эрдэнэ, д/а Г.Сүхбат нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн алба хаагчид бүгд “Эргүүл-хяналт” арга хэмжээний хүрээнд 00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Харин д/а Б.Бат-Эрдэнэ бид хоёрын хувьд үндсэн эргүүлтэй байсан тул 01 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Харин д/а Г.Сүхбат үндсэн эргүүл биш байсан тул 00 цагт буух ёстой байсан. д/а Г.Сүхбат нь д/а Б.Бат-Эрдэнийн гэрт нь хононо гэж байсан тул бид хоёртой эргүүлийн цаг дуустал цуг явна гээд явсан. Бид Цагдаагийн хэлтсийн даргын баталсан эргүүл, томилгооны дагуу Мандал сумын 2, 9 дүгээр багийн нутагт үүрэг гүйцэтгэх гээд хариуцсан чиглэл рүүгээ явсан. Хариуцсан чиглэл рүүгээ явах замдаа “Нарны-Өртөө” зочид буудлын хажуугаар гартал буудлын гадна олон машин байсан, мөн хүмүүс гаднаас дотогшоо тортой эд зүйл бариад орж байгаа нь харагдсан. Тухайн үед 00 цаг өнгөрчихсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсчихсон байх ёстой байсан. Тиймээс бид 3 “Цагдаагийн албаны тухай хууль”-д заасан нийтлэг үүргийнхээ хүрээнд “Нарны-Өртөө” зочид буудалд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгахаар орсон. Тэгээд буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Эгшиглэн" караоке руу орж шалгах гээд хаалгыг нь тогшсон чинь дотор нь хөгжим дуугараад хаалгаа нээхгүй байсан тул д/а Б.Бат-Эрдэнэ, д/а Г.Сүхбат нар дээш гарч жижүүрээс караокены эзний утсыг нь авах гээд өгсөж байтал караокены хаалга онгойж дотор талаас нь лам байсан Гомбо гэдэг ах “та нар яах гэж байгаа юм бэ” гэхээр нь би нөгөө хоёр цагдаагаа “хаалга нь онгойчихлоо” гээд дуудсан. Бид “эргүүл шалгалтаар явж байна” гэж хэлсэн чинь Гомбо урдаас “тарж байна шүү дээ. Яах гээд байгаа юм бэ, лалрууд чинь” гэж хэлээд хаалга хашиж зогсоод оруулахгүй байсан. Караоке дотор хүмүүс дуулж байгаа нь сонсогдоод үйл ажиллагаа явагдаад байсан. Тэгээд цагдаагийн д/а Б.Бат-Эрдэнэ “хяналт шалгалтаар явж байна, бид нар орж шалгах үүрэгтэй” гэж хэлсэн чинь “яахаараа та нар орж шалгадаг юм бэ” гээд Гомбо оруулахгүй хаалгаа тэгнэж зогсчхоод байсан тул д/а Б.Бат-Эрдэнэ “та цагийн хуваарийн дагуу ажиллаач” гэж хэлсэн. Гэтэл Гомбо дэд ахлагч Бат-Эрдэнийн зүүн шанаа руу гараа 1 удаа алгадчихсан, Б.Бат-Эрдэнэ “та яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Гомбын эхнэр нь бололтой эмэгтэй, өөр нэг ажилтны хамт ирээд “би энэ хүнийг аваад оръё” гээд гуйгаад байсан. Харин Гомбо нөгөө эмэгтэй, ажилтан хоёртоо “би өөрөө учраа олно” гэж хэлээд тэдний буцааж караоке руугаа оруулаад гарч ирээд хаалга хаасан. Гомбо нь тэр хоёр хүнийг дотогш нь оруулаад “та нар яах гээд байдаг пизданууд вэ” гээд цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн зүүн талын шанаа орчим гараараа дахиж 1 удаа цохиход нь Бат-Эрдэнэ Гомбыг тэвэрч аваад би зүүн гараас нь бариад авсан чинь Гомбо “та нар намайг тавьчих, би өөрөө цагдаа руу чинь явъя” гээд бид нар Цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирсэн. ...Б.Гомбо нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь илт мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх саатуулах байран дээр иртэл араас нь Гомбын хүүхэд нь ирсэн тул түүнийг хүлээлгэж өгсөн. Б.Гомбо согтуурлын хэмжээг шалгаагүй. Гэхдээ архи уучихсан согтуу байсан нь мэдэгдэж байсан. ...Б.Гомбо д/а Б.Бат-Эрдэнээс өөр хүний биед халдаагүй. Мөн өөр алба хаагчийн хувцсыг урах зэргээр эсэргүүцсэн зүйл байхгүй. Б.Бат-Эрдэнийг Б.Гомбо цохиж байгааг д/а Г.Сүхбат бид хоёроос өөр харсан хүн байхгүй. Б.Бат-Эрдэнэ цохиулсныхаа дараа Б.Гомбыг тэвэрч авах үед эхнэр нь дотор талаас гарч ирсэн. Б.Гомбо Б.Бат-Эрдэнийг 2 удаа алгадсаныг нь би гар утсаараа тус тусад нь 2 удаа бичлэг хийж авсан. ...Нэгдсэн эргүүл гарсны дараа буюу 20 цагаас хойш д/а Г.Азбилэг, д/ч Хандсүрэн нар шалгаж тусгай зөвшөөрлийг нь үзэж, цагийн хуваарийг нь сануулж хэлсэн гэсэн. Түүнээс хойш өөр алба хаагч шалгасан эсэхийг нь мэдэхгүй байна. Бид 3-ын хувьд 00 цаг өнгөрснөөс хойш л нэг л удаа шалгасан. ...Би дээр өгүүлснээр нэг л удаа шалгасан. Үйлчлүүлэгч нарын бичиг баримтыг шалгасан зүйл байхгүй. Би 20 цагаас 00 цаг хүртэл 3 дугаар нүхэн гарц дээр а/а Ж.Түмэндэмбэрэлийн хамт үүрэг гүйцэтгэсэн. 00 цаг хүртэл тэндээс хөдлөөгүй. ...Б.Гомбо нь хаалган дээрээ тэгнэж зогсчхоод оруулахгүй байсан. Орж шалгах шаардлага тавихад д/а Б.Бат-Эрдэнийг алгадсан. Тэр үед д/а Б.Бат-Эрдэнэ Б.Гомбыг тэвэрч авч цааш буюу дотогш түлхсэн. Өөрөөр бид Б.Гомбын биед хүч хэрэглэж халдсан зүйл байхгүй. Караоке руу орж шалгах шаардлагыг тавиад үүдэнд зогсож байхад Б.Гомбо нь биднийг оруулахгүй хаалган дээрээ тэгнэж зогсож байгаад Б.Бат-Эрдэнийг 2 удаа алгадсан. Бид караоке руу хүч хэрэглэж орсон болох орох оролдлого хийсэн зүйл байхгүй.... Биднийг очиход дотор талд хүмүүс дуулж байгаа нь сонсогдоод үйл ажиллагаа явагдаж байсан. Дотор талд хүмүүс үйлчлүүлж байгааг нь бид хараад “болих, үйл ажиллагаагаа зогсоох” шаардлагыг тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Гэрч Г.Сүхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт" тусгай арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах хэсгээс зохион байгуулагдсан нэгдсэн эргүүлд орой 20 цагаас 00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Би эргүүлээс буугаад д/а Б.Бат-Эрдэнийн гэрт нь хонох гэж байсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ нь “д/а Л.Сүхбатын хамт үндсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж 01 цагт бууна” гэж байсан. Тиймээс би тэр хоёр алба хаагчтай цуг эргүүлийн чиглэл рүү нь явж байгаад “Нарны-Өртөө” зочид буудлын хажуугаар гартал буудлын гадна олон машин байсан мөн хүмүүс байгаад байсан. Тухайн үед 00 цаг өнгөрчихсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсчихсон байх ёстой байсан. Тиймээс бид “караоке нь ажиллаад байгаа юм байх” гэж бодоод “Нарны-Өртөө” зочид буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн” караокег орж шалгахад хаалга нь цоожтой байсан. Тэгээд Л.Сүхбат хаалгыг нь тогшиж үлдээд Б.Бат-Эрдэнэ бид хоёр дээшээ гараад рестораныг шалгахад хүн байгаагүй. Буцаад караоке руу буухад хаалга нь онгойчихсон Б.Гомбо гэгч нь хаалгаа барьчихсан тэгнээд зогсож байсан. Б.Гомбод Б.Бат-Эрдэнэ “ороод шалгах шаардлагатай байна гэхэд “яасан би ганцаараа байна, одоо хаах гэж байна” гэхээр нь “тэгвэл ороод шалгачихъя” гэхэд Б.Гомбо нь “чи ямар ядаргаатай пизда вэ” гээд Б.Бат-Эрдэнийг нэг удаа алгадсан. Б.Бат-Эрдэнэ Б.Гомбод “та яагаад намайг цохиж байгаа юм бэ, би ороод шалгая л гэсэн” гэхэд Б.Гомбо “чи ямар олон юм ярьдаг пизда вэ” гээд түүнийг дахиад нэг удаа алгадсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ Б.Гомбыг тэврээд авахаар Л.Сүхбат бид хоёр Б.Гомбын хоёр гараас барьж авсан. ...Б.Гомбо нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь илт мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх саатуулах байран дээр иртэл араас нь Гомбын хүүхэд нь ирсэн тул түүнийг хүлээлгэж өгсөн. Б.Гомбын согтуурлын хэмжээг шалгаагүй. Гэхдээ архи уучихсан согтуу байсан. ...Б.Гомбо д/а Б.Бат-Эрдэнээс өөр хүний биед халдаагүй. Мөн өөр алба хаагчийн хувцсыг урах зэргээр эсэргүүцсэн зүйл байхгүй. Б.Бат-Эрдэнийг Б.Гомбо цохиж байгааг д/а Л.Сүхбат бид хоёроос өөр харсан хүн байхгүй. ... Б.Гомбо нь хаалган дээрээ тэгнэж зогсчхоод оруулахгүй байсан. Орж шалгах шаардлага тавихад д/а Б.Бат-Эрдэнийг алгадсан. Тэр үед д/а Б.Бат-Эрдэнэ Б.Гомбыг тэвэрч авч цааш буюу дотогш түлхсэн. Өөрөөр Б.Гомбын биед хүч хэрэглэж халдсан зүйл байхгүй. Бид караоке руу хүч хэрэглэж орсон болон орох оролдлого хийсэн зүйл байхгүй. ...Б.Гомбыг цагдаа руу авч ирэхийнхээ өмнө дотогш орж Б.Гомбын хувцсыг нь авахад 4-5 хүн архи, пиво уучихсан сууж байсан. Дотор талд хүмүүс үйлчлүүлж байгааг нь бид хараад “болих, үйл ажиллагаагаа зогсоох” шаардлагыг тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

            Гэрч Б.Оргилмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих өдөр Мандал сумын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 00 цаг өнгөрч байхад дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ, дэд ахлагч Г.Сүхбат, дэд ахлагч Л.Сүхбат нар нь Цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх Б.Гомбо гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирсэн. Би цагдаа нараас болсон асуудлын талаар тодруулаад байж байтал ар гэрээс нь хүн ирсэн гээд Б.Гомбыг авч ирсэн цагдаа нар хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч Г.Азбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах хэсгээс зохион байгуулагдсан нэгдсэн эргүүлийн хүрээнд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Хандсүрэнгийн хамт 20 цагаас 00 цагийн хооронд Мандал сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгасан. Энэ хугацаанд буюу орой 21 цаг 25 минутад “Нарны-Өртөө” зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокены үйл ажиллагааг шалгахад нэг өрөөнд ШШГГ-н хорих 433 дугаар ангийн ажилчид, нөгөө өрөөнд Б.Гомбо /караокены эзэн/ 2-3 хүнтэй сууж байсан. Бид хоёрыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь шалгах үед Б.Гомбо нь “та нар захиалгаар шалгаад байгаа юм уу, хэн явуулаад байгаа юм. “Солонго” караокеноос явуулаад байна уу” гэсэн зүйл яриад байсан. ...Түүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэхдээ согтолт нь нүдээр харахад гайгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

Гэрч Ж.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Эргүүл-Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 20 цагаас 00 цагийн хооронд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Сүхбатын хамт Мандал сумын 3 дугаар багийн нүхэн гарц орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Л.Сүхбат бид хоёр хувиарлагдсан газар орчмоор хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 00 цагт буусан. ...Дэд ахлагч Л.Сүхбат бид хоёр тухайн өдрийн 20 цагаас 00 цаг хүртэл хамт үүрэг гүйцэтгэсэн. Салж яваагүй. “Нарны-Өртөө” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг караоке болон өөр ямар нэгэн объект шалгаагүй зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүд шалгасан. Дэд ахлагч, Л.Сүхбат тухайн өдөр үндсэн эргүүлтэй байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

Гэрч Г.Ангараг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай аав “Нарны-Өртөө” зочид буудалд “Эгшиглэн” нэртэй караоке түрээслэн ажиллуулдаг юм. ...Тэгээд 00 цаг өнгөрч байхад хаалгаа дотроосоо түгжээд цэвэрлэгээ хийж байхад хаалга нүдээд байсан. Аав очоод хаалга онгойлгоход цагдаа нар байсан. Би тухайн үед дотор талд цэвэрлэгээ хийж байсан. Намайг цэвэрлэгээ хийж байхад аав цагдаа нартай чанга чанга дуугаар ярилцаад байхаар нь би хаалгаа очоод хартал цагдаа нар манай аавыг өчөөд авч гарч байсан. Тэгээд би араас нь цагдаа дээр очоод аавыгаа хүлээж авсан. ...Намайг караокеноос гарч ирээд цагдаа нараас “манай аавыг яагаад өчиж байгаа юм бэ” гэхэд надад “цагдаагийн алба хаагчийн биед халдсан учраас бид нар арга хэмжээ авч байна” л гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

Гэрч М.Отгонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Манай нөхөр бид хоёр “Нарны-Өртөө” зочид буудалд байх “Эгшиглэн” нэртэй караоке-г түрээслэн ажиллуулж байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөртэйгөө гадуур явж байгаад орой 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа зогссон тул цэвэрлэгээ хийх зорилгоор караоке руу би нөхөртэйгөө очсон. Тэгээд дотроосоо түгжээд цэвэрлэгээ хийж байтал караокены хаалгыг гаднаас нүдээд байсан. Тиймээс манай нөхөр Б.Гомбо очиж хаалга онгойлгосон. Удалгүй зодолдоод байгаа мэт чимээ гарахаар нь яваад очтол манай нөхрийг 3 цагдаагийн алба хаагч өчсөн байдалтай авч явах гэж байсан. Би тэдэнд “юу болоод байгаа юм бэ болиоч, хүнтэй аятайхан харьцаач" гэхэд тэр цагдаа нараас намайг тоож байгаа хүн байгаагүй бөгөөд манай нөхөр намайг “ чи цаашаа орж бай, жирэмсэн байж бусдад цохиулчихна” гээд оруулсан Анх цагдаа нарыг орж ирэх үед манай нөхөр цагдаа нарт “хаачихсан байна, цэвэрлэгээ хийж байна” гээд тайлбарлаад л байх шиг байсан. Гэтэл гэнэт л манай нөхрийг өчих дээр тулсныг нь ойлгоогүй. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Манай нөхөр ер нь бараг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Маргааш нь манай караокед шинэ жил тэмдэглэнэ гээд хүн ирчихсэн өрөө үзэж байсан. Өөр хүн байгаагүй, үйл ажиллагаа яваагүй цагийн хуваарийн дагуу хаачихсан байхад цагдаа нар ирсэн. Тэр ирсэн цагдаа нар их дээрэнгүй ёс зүйгүй харьцаж байсан. Миний харснаар цагдаа нар Б.Гомбо руу дайрсан гарыг нь өчсөн байсан. Б.Гомбыг цагдаа нарын биед халдсаныг нь хараагүй. Би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг  /хх-ийн 28-р тал/

Гэрч Г.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би “Мандал хүлэг” нэртэй уяачдын холбооны шинэ жил тэмдэглэх газар хайгаад явж байтал “Нарны-Өртөө” Зочид буудлын В1 давхарт том өрөөтэй караоке байдаг гэж сонсоод ажиллуулдаг хүн Б.Гомбо гэх хүнтэй утсаар холбогдсон. Тэгээд 2022 оны 12 сарын 26-ны өдөр Намайг утсаар ярихад “чи ирээд уулзчих” гэхээр нь би “Нарны-Өртөө” зочид буудал руу 00 цагийн орчим очсон. Тэнд очоод Б.Гомбын ажиллуулдаг караоке руу орж тэдний дотор байдал, өрөөний том, жижгийг үзэж сонирхоод түүнтэй ярилцсан. Ярилцаж байх хооронд Б.Гомбо гарч яваад хэсэг хугацааны дараа нэлээд амьсгаадчихсан орж ирсэн. Орж ирэхдээ цагдаа нар манайхыг хаачхаад байхад, ажиллаж байна гээд байх юм гэж ярьж байсан. Тэгээд манай уяачдын холбооны 60-аад хүн тэр караокед багтахааргүй байсан тул би гараад явсан. Надтай уулзаж байхдаа дундуур нь гарч явсан. Гараад юу болсон талаар нь би мэдэхгүй. Би өрөөнөөс гараагүй. Намайг ороход караокед ороход ямар нэгэн үйлчлүүлэгч байхгүй, хөгжим нь унтраалттай, үйл ажиллагаа явагдаагүй байсан. Би орж өрөөг нь үзээд л гарсан. Ямар нэгэн байдлаар үйлчилгээ аваагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч Б.Гомбод холбогдуулан түүнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудал дотор албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Б.Бат-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн Б.Гомбод холбогдох хавтаст хэргээс үзвэл: Б.Гомбо нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудал дотор В1 давхарт “Эгшиглэн” гэх нэртэй караокены үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газрын үүдэнд цагдаагийн албан хаагч Б.Бат-Эрдэний биед халдаж 2 удаа алгадсан /цохисон/ болох нь:... Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...Б.Гомбо миний биед халдаж намайг 2 удаа алгадсан. Тухайн үед Б.Гомбын эхнэр хүүхэд нь хажууд байсан. Эхнэр нь нөхрийгөө “болиоч чи” гээд “нөхрийгөө аваад үлдчихье” гэж гуйгаад байсан. Б.Гомбо намайг 2 дахь удаа алгадахаар нь би түүнийг тэвэрч аваад Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Б.Гомбо нь өөр хэн нэгэн хүний биед халдсан зодсон цохисон зүйл байхгүй. Цуг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-р тал/, Гэрч Л.Сүхбат мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...гэтэл Б.Гомбо дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн зүүн шанаа руу гараа 1 удаа алгадчихсан, Б.Бат-Эрдэнэ “та яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Б.Гомбын эхнэр нь бололтой эмэгтэй, өөр нэг ажилтны хамт ирээд “би энэ хүнийг аваад оръё” гээд гуйгаад байсан. Харин Б.Гомбо нөгөө эмэгтэй, ажилтан хоёртоо “би өөрөө учраа олно” гэж хэлээд тэдний буцааж караоке руугаа оруулаад гарч ирээд хаалга хаасан. Б.Гомбо нь тэр хоёр хүнийг дотогш нь оруулаад “та нар яах гээд байдаг пизданууд вэ” гээд цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнийн зүүн талын шанаа орчим гараараа дахиж 1 удаа цохиход нь Б.Бат-Эрдэнэ Б.Гомбыг тэвэрч аваад би зүүн гараас нь бариад авсан чинь Б.Гомбо “та нар намайг тавьчих, би өөрөө цагдаа руу чинь явъя” гээд бид нар Цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирсэн...” /хх-15-16-р тал/ гэх мэдүүлэг, Гэрч Г.Сүхбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Буцаад караоке руу буухад хаалга нь онгойчихсон Б.Гомбо гэгч нь хаалгаа барьчихсан тэгнээд зогсож байсан. Б.Гомбод Б.Бат-Эрдэнэ “ороод шалгах шаардлагатай байна” гэхэд “яасан би ганцаараа байна, одоо хаах гэж байна” гэхээр нь “тэгвэл ороод шалгачихъя” гэхэд Б.Гомбо нь “чи ямар ядаргаатай пизда вэ” гээд Б.Бат-Эрдэнийг нэг удаа алгадсан. Б.Бат-Эрдэнэ Б.Гомбод “та яагаад намайг цохиж байгаа юм бэ, би ороод шалгая л гэсэн” гэхэд Б.Гомбо “чи ямар олон юм ярьдаг пизда вэ” гээд түүнийг дахиад нэг удаа алгадсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ Б.Гомбыг тэврээд авахаар Л.Сүхбат бид хоёр Б.Гомбын хоёр гараас барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн эрүүгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Сүхбатаас гаргаж өгсөн 18 секунд, 8 секунд хугацаатай хоёр бичлэгийг хуулбарласан /CD/ хуурцаг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Харин хохирогч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би тухайн өдөр цуг үүрэг гүйцэтгэж байсан д/а Г.Сүхбат, д/а Л.Сүхбат нарын хамт 00 цаг 30 минутад “Нарны-Өртөө” зочид буудалд үйл ажиллагаа явуулж байсан караокег нэг л удаа шалгасан. Тухайн үед караоке хаагаагүй үйл ажиллагаа явуулж байсан тул “цагийн хуваарийн дагуу ажиллах, үйл ажиллагаа зогсоох” шаардлага тавьсан. Гэтэл Б.Гомбо гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу “хаах гэж байна шүү дээ, пизда минь” гэж хэл амаар доромжилж миний тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж миний биед халдсан...”/хх-н 14-р тал/ гэх мэдүүлэг, гэрч Л.Сүхбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”... Бид Цагдаагийн хэлтсийн даргын баталсан эргүүл, томилгооны дагуу Мандал сумын 2, 9 дүгээр багийн нутагт үүрэг гүйцэтгэх гээд хариуцсан чиглэл рүүгээ явсан. Хариуцсан чиглэл рүүгээ явах замдаа “Нарны-Өртөө” зочид буудлын хажуугаар гартал буудлын гадна олон машин байсан, мөн хүмүүс гаднаас дотогшоо тортой эд зүйл бариад орж байгаа нь харагдсан. Тухайн үед 00 цаг өнгөрчихсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсчихсон байх ёстой байсан. Тиймээс бид 3 “Цагдаагийн албаны тухай хууль”-д заасан нийтлэг үүргийнхээ хүрээнд “Нарны-Өртөө” зочид буудалд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгахаар орсон. Тэгээд буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Эгшиглэн" караоке руу орж шалгах гээд хаалгыг нь тогшсон чинь дотор нь хөгжим дуугараад хаалгаа нээхгүй байсан тул д/а Б.Бат-Эрдэнэ, д/а Г.Сүхбат нар дээш гарч жижүүрээс караокены эзний утсыг нь авах гээд өгсөж байтал караокены хаалга онгойж дотор талаас нь лам байсан Б.Гомбо гэдэг ах “та нар яах гэж байгаа юм бэ” гэхээр нь би нөгөө хоёр цагдаагаа “хаалга нь онгойчихлоо” гээд дуудсан. Бид “эргүүл шалгалтаар явж байна” гэж хэлсэн чинь Б.Гомбо урдаас “тарж байна шүү дээ. Яах гээд байгаа юм бэ, лалрууд чинь” гэж хэлээд хаалга хашиж зогсоод оруулахгүй байсан. Караоке дотор хүмүүс дуулж байгаа нь сонсогдоод үйл ажиллагаа явагдаад байсан. Тэгээд цагдаагийн д/а Б.Бат-Эрдэнэ “хяналт шалгалтаар явж байна, бид нар орж шалгах үүрэгтэй” гэж хэлсэн чинь “яахаараа та нар орж шалгадаг юм бэ” гээд Б.Гомбо оруулахгүй хаалгаа тэгнэж зогсчхоод байсан тул д/а Б.Бат-Эрдэнэ “та цагийн хуваарийн дагуу ажиллаач” гэж хэлсэн...” /хх-н 15-16-р тал/ гэх мэдүүлэг, гэрч Г.Сүхбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тиймээс би тэр хоёр алба хаагчтай цуг эргүүлийн чиглэл рүү нь явж байгаад “Нарны-Өртөө” зочид буудлын хажуугаар гартал буудлын гадна олон машин байсан мөн хүмүүс байгаад байсан. Тухайн үед 00 цаг өнгөрчихсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсчихсон байх ёстой байсан. Тиймээс бид “караоке нь ажиллаад байгаа юм байх” гэж бодоод “Нарны-Өртөө” зочид буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн” караокег орж шалгахад хаалга нь цоожтой байсан. Тэгээд Л.Сүхбат хаалгыг нь тогшиж үлдээд Б.Бат-Эрдэнэ бид хоёр дээшээ гараад рестораныг шалгахад хүн байгаагүй. Буцаад караоке руу буухад хаалга нь онгойчихсон Б.Гомбо гэгч нь хаалгаа барьчихсан тэгнээд зогсож байсан. Б.Гомбод Б.Бат-Эрдэнэ “ороод шалгах шаардлагатай байна” гэхэд “яасан би ганцаараа байна, одоо хаах гэж байна” гэхээр нь “тэгвэл ороод шалгачихъя” гэсэн...” /хх-н 20-р тал/ гэх мэдүүлгүүд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Г.Ангарагын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Тэгээд 00 цаг өнгөрч байхад хаалгаа дотроосоо түгжээд цэвэрлэгээ хийж байхад хаалга нүдээд байсан. Аав очоод хаалга онгойлгоход цагдаа нар байсан. Би тухайн үед дотор талд цэвэрлэгээ хийж байсан. Намайг цэвэрлэгээ хийж байхад аав цагдаа нартай чанга чанга дуугаар ярилцаад байхаар нь би хаалгаа очоод хартал цагдаа нар манай аавыг өчөөд авч гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/, гэрч М.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:...2022 оны 12 дугаар сарын 26-нь өдөр нөхөртэйгөө гадуур явж байгаад орой 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа зогссон тул цэвэрлэгээ хийх зорилгоор караоке руу би нөхөртэйгөө очсон. Тэгээд дотроосоо түгжээд цэвэрлэгээ хийж байтал караокены хаалгыг гаднаас нүдээд байсан. Тиймээс манай нөхөр Б.Гомбо очиж хаалга онгойлгосон. Удалгүй зодолдоод байгаа мэт чимээ гарахаар нь яваад очтол манай нөхрийг 3 цагдаагийн алба хаагч өчсөн байдалтай авч явах гэж байсан. Би тэдэнд “юу болоод байгаа юм бэ болиоч, хүнтэй аятайхан харьцаач" гэхэд тэр цагдаа нараас намайг тоож байгаа хүн байгаагүй бөгөөд манай нөхөр намайг “чи цаашаа орж бай, жирэмсэн байж бусдад цохиулчихна” гээд оруулсан Анх цагдаа нарыг орж ирэх үед манай нөхөр цагдаа нарт “хаачихсан байна, цэвэрлэгээ хийж байна” гээд тайлбарлаад л байх шиг байсан. Гэтэл гэнэт л манай нөхрийг өчих дээр тулсныг нь ойлгоогүй. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Манай нөхөр ер нь бараг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Маргааш нь манай караокед шинэ жил тэмдэглэнэ гээд хүн ирчихсэн өрөө үзэж байсан. Өөр хүн байгаагүй, үйл ажиллагаа яваагүй цагийн хуваарийн дагуу хаачихсан байхад цагдаа нар ирсэн. Тэр ирсэн цагдаа нар их дээрэнгүй ёс зүйгүй харьцаж байсан. Миний харснаар цагдаа нар Б.Гомбо руу дайрсан гарыг нь өчсөн байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 28-р тал/, гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...Би “Мандал хүлэг” нэртэй уяачдын холбооны шинэ жил тэмдэглэх газар хайгаад явж байтал “Нарны-Өртөө” Зочид буудлын В1 давхарт том өрөөтэй караоке байдаг гэж сонсоод ажиллуулдаг хүн Б.Гомбо гэх хүнтэй утсаар холбогдсон. Тэгээд 2022 оны 12 сарын 26-ны өдөр Намайг утсаар ярихад “чи ирээд уулзчих” гэхээр нь би “Нарны-Өртөө” зочид буудал руу 00 цагийн орчим очсон. Тэнд очоод Б.Гомбын ажиллуулдаг караоке руу орж тэдний дотор байдал, өрөөний том, жижгийг үзэж сонирхоод түүнтэй ярилцсан. Ярилцаж байх хооронд Б.Гомбо гарч яваад хэсэг хугацааны дараа нэлээд амьсгаадчихсан орж ирсэн. Орж ирэхдээ цагдаа нар манайхыг хаачхаад байхад, ажиллаж байна гээд байх юм гэж ярьж байсан. Тэгээд манай уяачдын холбооны 60-аад хүн тэр караокед багтахааргүй байсан тул би гараад явсан. Надтай уулзаж байхдаа дундуур нь гарч явсан. Гараад юу болсон талаар нь би мэдэхгүй. Би өрөөнөөс гараагүй. Намайг ороход караокед ороход ямар нэгэн үйлчлүүлэгч байхгүй, хөгжим нь унтраалттай, үйл ажиллагаа явагдаагүй байсан. Би орж өрөөг нь үзээд л гарсан. Ямар нэгэн байдлаар үйлчилгээ аваагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/ зэргээр үгүйсгэгдэж, няцаагдсан бөгөөд дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд “Нарны-Өртөө” зочид буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн” караоке нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд иргэдэд үйлчлэх цагийг хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан байдал нотлогдоогүй, тус караокены гаднах хаалгыг хааж түгжсэн, иргэдэд үйлчлээгүй, цэвэрлэгээгээ хийж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх ба энэ үед цагдаагийн алба хаагч Б.Бат-Эрдэнэ, Л.Сүхбат, Г.Сүхбат нар нь “Эгшиглэн” караокены гаднах цоожтой хаалгыг нь тогшиж, үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтрэн орох шаардлага тавьсан нь Цагдаагийн албан тухай хуулийн 22 дугаар зүйл “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага”, 22.1-д “Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй” 22.2-д “Цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй”, 22.5-д “Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй”, 22.6-д “Цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ”, мөн хуулийн 28 дугаар зүйл “Орон байр, бусад газарт нэвтрэн орох” 28.1-д “Цагдаагийн алба хаагч хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн талаарх гомдол, мэдээллийг шалгахдаа бусдын орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах эрхтэй”, 28.2-д “Цагдаагийн алба хаагч доор дурдсанаас бусад тохиолдолд бусдын орон байранд оршин суугч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орохыг хориглоно”, 28.2.1-д “гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг мөрдөн хөөж баривчлах, эсхүл гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа”, 28.2.2-д “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодит аюул байгаа”, 28.2.3-д “эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хоригдлыг мөрдөн хөөж баривчлах”, 28.2.4-д “сэжиг бүхий этгээд оргон зайлах, гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, үрэгдэх бодит аюул тулгарсан”, 28.3-д “Энэ хуулийн 28.2-т зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагч бусдын орон байранд нэвтрэн орохдоо оршин суугч, эзэмшигчийн зөвшөөрлийг заавал авсан байна”, 28.7-д “Цагдаагийн алба хаагч орон байр, бусад газарт нэвтрэн орохдоо хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюулгүй арга, хэрэгсэл ашиглаж, хүний нэр төрд хүндэтгэлтэй хандана”, 28.8-д “Нэвтрэн ороход оршин суугч, эзэмшигч саад учруулбал эсэргүүцлээ зогсоохыг шаардах, шаардлагыг үл биелүүлбэл албадлагын арга хэмжээ хэрэглэхийг анхааруулна”, 28.9-д “Цагдаагийн алба хаагч орон байр, бусад газарт нэвтрэн орохдоо энэ хуулийн 22.2, 22.6-д заасныг баримтлах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 28.2-т заасан тохиолдолд орон байр, бусад газарт нэвтрэн орох бол энэ хуулийн 22.2, 22.6, 28.8-д заасныг баримтлахгүй байж болно” гэж тус тус заасныг баримтлаагүй тул тэдний “Нарны-Өртөө” зочид буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн” караокены орон байранд “нэвтрэн орж шалгах шаардлагатай” гэсэн шаардлага нь “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хууль ёсны шаардлага” гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэдэг нь хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байх бөгөөд уг хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай эсэргүүцсэн этгээдийн гэм буруутай үйлдлийг ойлгох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг Б.Гомбо үйлдсэн гэж үзэх боломжгүй, Б.Гомбын гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй, дээрх үйлдэл гэмт хэргийн шинжгүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, 16.2 дугаар зүйлийн 1-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” нотлогдоогүй буюу Б.Гомбо “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ ” гэж заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Б.Гомбо нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Б.Гомбо нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг /CD/ хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Дархадын Шарнууд овогт Баянжаргал овогтой Гомбод холбогдох 2332000160005 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Гомбыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалын Б.Гомбод холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  сум дундын прокурорын газарт буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.Гомбо нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Б.Гомбо нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

5. Б.Гомбод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.