Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2019/3660/И |
Дугаар | 001/ХТ2022/00070 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2022/00070
“Ш К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00393 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 780 дугаар магадлалтай,
“Ш К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ш.Мд холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 33,440,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ш.Мгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00393 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1, 492-р зүйлийн 492.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шаравын Мягмарцэрэнгээс 33 440 000 /гучин гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ш КХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 780 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Ш.М хяналтын гомдолдоо: Магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч Ш.Мгийн зүгээс доорх гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хуульд зааснаар зөв тодорхойлж, зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэлд хамааралгүй нөхцөл байдлыг хэрэгт хамааруулан, ИХШХШТХ-ийн 38- р зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт, тайлбарыг зөв үнэлж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд хүчингүй болгосон нь ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1-д заасныг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг буруу үнэлж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд холбогдолгүй үйл баримтыг дахин тодруулахаар буцаасан гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ 2010 онд компанийн өмчлөлийн орон сууцыг иргэн Э.Болормаа хууль бусаар шилжүүлэн авсан гэх иргэний маргаанд тус компанийн өмгөөлөгчөөр ажилласан Ш.М нь тус хэргийг 100 хувь өөрийн талд шийдүүлнэ, шүүхэд нөлөөлөхүйц хүмүүстэй уулзаж тохиролцоо хийнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн 2011-08-27-ны өдрөөс 2014.08.27-ны өдрүүдийн хооронд нйт 9 удаа тус компаниас 33,400,000 төгрөгийг авсан хэдий ч тухайн хэрэг маргаанд оролцоогүй, биднийг хууран мэхэлсэн, хуульч хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж манай компанийг хохироосон ... тул 33,400,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон ба өмнө эрхзүйн туслалцаа үзүүлсэн Э.Болормаад холбогдох хэрэг маргааныг шийдвэрлэхэд хууль бусаар авсан мөнгө гэж худал үнэн шалтаг гарган нэхэмжилсэн ба давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралгүй нөхцөл буюу өөр хэрэг маргаанд хамаарах нөхцөл байдлыг хамааруулан өөр этгээдэд хариуцагчаар дамжуулан өгсөн эсэх үйл баримт тодорхой бус байгаа тохиолдолд үндэслэлгүйгээр мөнгө авч, хөрөнгөжсөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй..., нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн байна.” гэж магадлалын үндэслэлдээ заасан нь үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Э.Болормаад холбогдох хэрэг маргааныг шийдвэрлэхэд хууль бусаар авсан мөнгө гэж тодорхойлсон нь нотлох баримтаар үгүйсгэгдсэн бөгөөд миний бие 20 жил өмгөөлөгчөөр ажиллахдаа бусдад, ялангуяа шүүхэд хууль бусаар нөлөөлөх ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй, сахилгын зөрчилд холбогдож арга хэмжээ ч авахуулж байгаагүй. надад ийм ёс суртахуун, ёс зүй байхгүй. Ор үндэслэлгүй худал зүйл ярьж өмнө шийдэгдэж хүчин төгөлдөр болсон 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал тогтоолуудыг мэдсээр байж надад мөнгө төгрөг өгсөн мэтээр гүтгэж, цагдаагийн байгууллагаар шалгуулж, эцэстээ үнэнд гүйцэгдэж байгаа, хамгийн гол нь өөрсдөө хууль бусаар мөнгө өгсөн гэж үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа үндэслэл нь ИХ-ийн 492-р зүйлийн 492.4.1-д заасан “...анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан.” заалтад шууд бүрэн хамаарч багаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй. Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хүчин төгөлдөр болсон шийдвэрт ямарч байдлаар нөлөөлөх өөрчлөлт оруулах хуулийн боломж огт байхгүй байхад хүчин төгөлдөр болсон огнооноос хойш хүртэл мөнгө өгч байсан мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нэхэмжлэгчийн үйлдлийг, мэдсээр байж хууль бусаар мөнгө өгсөн гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд энэ нь түүний өөрийн гаргасан нотлох баримт, тайлбар, үндэслэлээр шууд хангалттай нотлогдож тогтоогдсон болно.
3. ИХШХШТХ-ийн 6-р зүйлийн 6.6-д зааснаар “нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.”, мөн хуулийн 38-р зүйлийн 38.1-д заасныг тус тус баримталсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ямарч хуулийн үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний талаар хийсэн түүний дүгнэлт буюу хөдөлбөргүй тогтоогдсон ИХ-ийн 492-р зүйлийн 492.4.1-д заасан анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан.” үйл баримтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж давж заалдах шатны шүүхийн магадлал /шийдвэр/-ыг үндэслэлгүй гэж үзэж маргаж байна. Иймд дээрх гомдлыг хянуулж ИХШХШТХ-ийн 178-р зүйлийн 178.1.4-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлүүлэхээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргав. Гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
5.Нэхэмжлэгч “Ш К” ХХК нь Ш.Мд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 33,440,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.
6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.
7. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, маргаанд хамаарахгүй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзснээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т заасан “анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол” хөрөнгөө шаардах эрхгүй хуулийн заалтыг хэрэглэх үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
7.1. Шүүх “Ш К” ХХК-аас хариуцагч Ш.Мд нийт 33,430,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын эрх зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй, энэ талаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй нөхцөлд хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд уг мөнгийг буцаан шаардах үндэслэл, нөгөө талаас хариуцагч нь “нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлс, бусдад шилжүүлэх мөнгийг дамжуулан авсан тул мөнгийг буцааж өгөх үндэслэлгүй” эсэхийг дүгнэх боломжгүй, маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019.02.22-ны өдрийн 702 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Ш.Мд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан /хх-75,76/, гэтэл мөн дүүргийн прокурорын 2019.10.15-ны өдрийн 702/а дугаар тогтоолоор эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Ш.Мд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан /хх-10/ буюу 2 өөр агуулгатай баримт байх ба үүнийг тодруулах шаардлагатай.
7.2. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг хэрэгжүүлж чадаагүй байна. Хариуцагчийн зүгээс 2020.01.23-ны өдөр П.Зориг, А.Амарбаясгалан, Д.Даваажав, Б.Дөлгөөн, Э.Болормаа нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргахдаа “...Б.Дөлгөөний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, уг хэргийн хохирогчид 15,000,000 төгрөг өгөх зорилгоор нэхэмжлэгч байгууллагаас уг мөнгийг авсан гэж тайлбар гаргасан,” энэ нөхцөл байдлыг нотлохыг хүссэн байхад хүсэлтийг хангахаас татгалзсан нь оновчтой болоогүй байна.
Хариуцагч дээрх асуудлаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй боловч уг баримт маргааны нөхцөл баримтыг дүгнэхэд ач холбогдолтой, хариуцагч нь 33,430,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг Б.Дөлгөөний холбогдсон хэргийн хохирогчид дамжуулан өгсөн гэж маргасан тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай.
7.3. Хуульд заасан тодорхой журмыг шүүх зөрчсөн, хуульд нийцээгүй ажиллагаанд үндэслэгдсэн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй юм. Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д заасан хэм хэмжээг хэрэглэх ёстой хууль эсэхийг дүгнэх боломжгүй, иймээс хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 780 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.07-ны өдөр төлсөн 324,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД