Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0478

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн

хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн

хяналтын прокурор М.Б-ийн дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Дүгнэлтийн шаардлага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Н.Ц-гийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 666539 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагч: М.Б

Хариуцагч: Н.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 128/2025/0280/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дүгнэлт гаргагч М.Б-ээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц-д холбогдуулан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Н.Ц-гийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 666539 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Б-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц-гийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 666539 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            “...“Э” ТӨҮГ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэчлэлийн ажлын хүрээнд 16 ширхэг цацраг идэвхт бодис бүхий цацрагийн үүсгүүрийг үйл ажиллагаа эхлэх хүртэл буюу бутлуур суурилагдах хүртэл хугацаанд цацрагийн үүсгүүр хадгалах зориулалт бүхий тусгай байгууламж-агуулахад хадгалж байсан үйлдлийг улсын ахлах байцаагч хянаж шалгаад Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг зөрчин цацрагийн үүсгүүрүүдийг хадгалах тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэж үзэн уг цацрагийн үүсгүүрийг хадгалж байсан худгийг хэсэгчлэн лацдаж битүүмжлэн, Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн үйлдвэрийн газрыг гурван мянган нэгжээр торгож, 0666539 дугаар шийтгэлийн хуудас ногдуулсан.

            Эрх бүхий албан тушаалтан ийнхүү шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй үйлчлэх, хорт бодисыг хадгалах журам зөрчсөн гэж үзсэн бөгөөд үүнийг анхан шатны шүүх тусгайлан зохицуулсан харилцаа буюу нэрлэн заасан зүйлээр шийдвэрлээгүй, цацраг идэвхт бодис болон цацрагийн үүсгүүр хоёрыг өөр ойлголт мэт үзэж шийдвэрлэсэн.

            Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт “цацрагийн үүсгүүр” гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодисыг ойлгоно гэж, Цөмийн энергийн комиссын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан Цацрагийн аюулгүйн нормын 3.9-т “Цацраг идэвхт бодит-Гадны ямар нэг үйлчлэлгүйгээр өөрөө ионжуулагч цацрагийг байнга цацаргаж байдаг бодисыг хэлнэ” гэж, 3.10-т “ионжуулагч цацрагийн задгай үүсгүүр” гэж хэрэглэх явцад түүний цацраг идэвхт бодис нь орчинд тарах бололцоотой цацраг идэвхт үүсгүүр гэж, Цөмийн энергийн комиссын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.2.2-т Суурин цөмийн хэмжүүр нь цацрагийн үүсгүүр (цацраг идэвхт материал эсвэл рентген хоолой, рентген генератор, нейтрон генератор, үүсгүүрийн хамгаалалтын гэр (цацрагийн үүсгүүрийг агуулах хамгаалалтын сав, рентген хоолойн хамгаалал бүхий бүрхүүл, нейтроны генераторын хамгаалалтын сав), цацраг бүртгэх тоолуур зэргээс бүрдэнэ гэж тус тус зааснаас үзэхэд цацрагийн үүсгүүр ба цацраг идэвхт бодис нь нэг ойлголтыг илэрхийлж байна.

            Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч нь мөн дээрх шийдвэрийг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.13 дахь заалт зэргийг үндэслэн өөрт хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээний хүрээнд зөрчлийн эсхүл гэмт хэргийн шинжтэй эсэхийг ялган тогтоосны үндсэн дээр шийдвэрлэсэн байхад дээрх үйлдлийг заавал гэмт хэргийн шинжтэй гэж үзэх ёстой байсан мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэх, гэмт хэрэгт тооцох хэсгийн 11-т дурдсан боловч 5, 6, 8, 9, 10 дахь хэсгээр уг дүгнэлтээ няцаан “Э” ТӨҮГ-ыг эрүүгийн журмаар шалган шийдвэрлүүлэх шууд утга бүхий шийдвэр гаргасан.

            Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ” гэж заасныг баримталсан нь “Э” ТӨҮГ-ын хийсэн үйлдлийг анхан шатны шүүх гэмт хэрэгт тооцон, шалган шийдвэрлүүлэх хэргийн харьяаллыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, зөрүүтэй утга санаа илэрхийлсэн, өөрийн өмнө дурдсан дүгнэлтээ үгүйсгэсэн шийдвэр гаргасан.

            Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн үндсэн зорилготой нийцэхгүй бөгөөд “Э” ТӨҮГ-ын эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах гэсэн зүйл ангиар зүйлчлэх нөхцөл байдлыг бүрдүүлж буй нь Монгол Улсын хэмжээнд хамгийн олон цацрагийн үүсгүүр ашигладаг, анх байгуулагдсан цагаас цацрагийн үүсгүүрийг энхийн зорилгоор ашиглаж ирсэн, цацрагийн аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм журмыг ягштал мөрдөж ирсэн Олон Улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг болохуйц стандарт үйл ажиллагаатай “Э” ТӨҮГ-ын хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй нөхцөл байдал үүсч байна.

            Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан боловч анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт товлосон. Ингэснээр хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай бүрэн танилцах, тэмдэглэл хуулбар хийх зэрэг хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл боломжоор бүрэн хангагдаагүй болно.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дүгнэлт гаргагчийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            2.1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц-гийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 666539 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э” ТӨҮГ-ыг 16 ширхэг Цезий-137 /137CS/ цацрагийн үүсгүүрийг Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн байранд хадгалсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

            2.2. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Б-ээс “тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг хадгасан” үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан байх ба анхан шатны шүүх “... “Э” ТӨҮГ нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрийн байранд хүлээн авч, хадгалж байсан 16 ширхэг Cs-137 /цези-137/ цацрагийн үүсгүүрийг хадгалах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй байсан болох нь тогтоогдсон, ... тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг хадгалсан үйлдэл нь Зөрчлийн тухай, эсхүл Эрүүгийн хуулийн аль алинд нь заасан шинжийг агуулсан байх ба энэ тохиолдолд улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлж, “Э” ТӨҮГ-ын тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг хадгалсан үйлдэлтэй холбогдох баримтыг прокурорт шилжүүлэх үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, ... эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болох ба улсын байцаагчаас холбогдогчийн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйлд тохирч байгаа эсэх, эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, үйлдлийн шинжээс шалтгаалан прокурорт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

            2.3. Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д ““цацрагийн үүсгүүр” гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “цацрагийн үүсгүүрийг угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах” үйл ажиллагааг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр хуульчилжээ.

            2.4. Гуравдагч этгээд “Э” ТӨҮГ-ын хувьд цацрагийн үүсгүүрийг үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор буюу технологийн шинэчлэл, өргөтгөлийн хүрээнд хэрэглэсээр ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлүүдээр тогтоогдож байхаас гадна “Э” ТӨҮГ-аас дээрх 16 ширхэг Цезий-137 /137CS/ цацрагийн үүсгүүрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх, импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиа” ХХК, “О” ХХК-иудтай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авсан байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдийг Эрүүгийн хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д “Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, экспортолсон, импортолсон, худалдсан, түрээслэсэн, тээвэрлэсэн, боловсруулсан, үйлдвэрлэсэн, булшилсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй гэж улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй байна.

            2.5. Учир нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т зааснаар “Э” ТӨҮГ-ын дээрх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай боловч Эрүүгийн хуулиар хамгаалагдах эрх ашиг, Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдах эрх ашиг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, тухайн үйлдлийг хийх санаа, зорилго зэргээс хамааран харилцан адилгүй бөгөөд тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг хадгалсан үйлдэл бүр гэмт хэргийн шинжтэйд тооцогдохгүй төдийгүй “Э” ТӨҮГ нь өмнө нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дээрх үйл ажиллагааг явуулж, цацрагийн үүсгүүрүүдийг үйл ажиллагаандаа ашигласаар ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд ямар нэгэн нотлох баримтгүйгээр, таамаглалд үндэслэн түүнийг “Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэнд оруулах” эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, ажиллагаа явуулсан байж болзошгүй гэж үзэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл бүрдээгүй байхад хариуцагчийг “харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт” шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар дүгнэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

2.6. Харин гуравдагч этгээд нь Цезий-137 /137CS/ цацрагийн үүсгүүрийн тухайд цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн байранд хадгалсан зөрчил гаргасан, үүнийгээ нэгэнт хүлээн зөвшөөрч буй энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон буюу Зөрчлийн тухай хуулийн 1.2-т заасан хууль ёсны зарчим болон 1.3-т заасан шударга ёсны зарчимд тус тус нийцжээ.

             

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дүгнэлт гаргагчийн дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл, 1.3 дугаар зүйл, 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Б-ийн “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Н.Ц-гийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 666539 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

           

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

              ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН