Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 37

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

хохирогч Ц.Цэрэн,

шүүгдэгч Н.Эрдэнэжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Олхонууд овогт Нарангэрэлийн Эрдэнэжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201726030052 дугаартай хэргийг 2017 оны 01 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1956 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэр Ц.Цэрэнгийн хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хан богд” хорооллын 201 дүгээр байрны 70 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Нарангэрэлийн Эрдэнэжав /РД:ШГ56091770/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Эрдэнэжав нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан богд хорооллын 201 дүгээр байрны 70 тоотод эхнэр Ц.Цэрэнг “чи намайг хардлаа, урд өмнөх хэрүүлээ хийлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хутга авч өөрийгөө цохих үедээ хохирогч Ц.Цэрэнгийн зүүн бугуйн тус газар нэг удаа зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

 

Шүүгдэгч Н.Эрдэнэжав: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.Цэрэн: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны орой нөхөр Н.Эрдэнэжавтай хамт гэртээ байхдаа түүнийг бууз жигнүүр дээр тавь гэсэн чинь дуртай дургүй буузыг дээш доош нь харуулаад тавьсан, тэгээд би зураг үзэж байгаад нөгөө Алтанзул гээд хүүхний зураг чинь аль нь билээ гээд асуусан чинь өөр Алтанхүүгийн зургийг заагаад энэ гээд худлаа хэлэхээр нь би худлаа хэллээ гэж уурлаад маргалдсан, тэгээд хоолны шүүгээ рүү нэг алхаад хутга аваад над руу дайрсан, би гараараа хаагаад гараа гэмтээсэн, тэгээд хүүхдүүдээ дуудаад эмнэлэг явж оёдол тавиулсан. Нөхөртэйгээ 34 жил ханилсан, түүний миний гарыг гэмтээсэн үйлдлийг би уучилсан, одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Цэрэн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Н.Эрдэнэжавын хамт гэртээ амарч байгаад түүнийг жигнүүр дээр хэдэн бууз тавьчих гэхэд дуртай, дургүй нэг юм очоод цаастай нь аваачиж тавьсан. Хэсэг хугацааны дараа миний бие нөхрийнхөө ажиллаж байсан газрын номыг харж байгаад нэг зураг дээрээс танай Ариунзулын чинь зураг аль вэ гэхэд Ариунзулын зургийг заалгүйгээр өөр хүний зургийг энэ байна гэж хэлсэн. Миний бие Ариунзулыг мэддэг учраас буруу зураг заасан болохоор нь чи худлаа ярьлаа, чиний заасан хүнийг Алтанхүү гэдэг биз дээ, чи намайг гуч гаруй жил хуурч, дарамталж байна шүү гээд бид хоёр маргалдаж, миний бие нөхөр Н.Эрдэнэжавыг чи тэр явалддаг хүүхнүүд дээрээ оч гэхэд уурлаж миний шүүгэнд байсан хутгыг авч далайхаар нь зүүн гараараа хаасан. Тэгтэл миний зүүн бугуй хэсэг зүсэгдэж цус гоожсон. Тэгтэл Н.Эрдэнэжав миний гарнаас цус гоожиж байгаад хараад шууд хутгаа ширээн дээр тавиад хэрэлдэж маргалдахаа больсон. Цус гараад байхаар нь боолт хийж тогтоох гэсэн боловч тогтохгүй болхоор нь охин Номин-Эрдэнэ, хүү Энхбаяр хоёрыг дуудаж гэмтлийн эмнэлэг орж хоёр оёдол тавиулсан. ...Нөхөр Н.Эрдэнэжаваас нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...”  /хх-ийн 14-15/ гэсэн,

 

Гэрч Ц.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нарын зүгээс эцэг, эхийнхээ талаар ярьхад 1990 он хүртэл ямар ч хэрүүл байдаггүй аз жаргалтай амьдардаг байсан. 1990 оноос хойш хойд эцэг Н.Эрдэнэжав нь архи болон эмэгтэй хүнтэй нэр холбогдож хэрүүл гарах болсон. Энэ явдал нь нилээн хэдэн жил үргэлжилж байгаа бөгөөд миний бие 1996 онд гэр бүлтэй болж тусдаа амьдарсан. Тусдаа амьдрах хугацаанд манай эцэг Н.Эрдэнэжав нь манай ээж Ц.Цэрэнд архи уусан үедээ агсан согтуу тавьж эмэгтэй хүнтэй нэр холбогдох асуудал нь байнга үргэлжилж байсан. Эцэг хүний хувьд үүргээ биелүүлж чадаагүй гэж бодож байна. Ааш зангийн хувьд архи согтууруулах ундаа ууж хэрэглээгүй үедээ дуу цөөтэй, архи согтууруулах ундаа хэргэлсэн үедээ хэрүүлч, өрвөлзсөн хүн байдаг...” /хх-ийн 16-17/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Эрдэнэжав мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 28-нд урд өдрийнхөө зүйлийг яриад хэрүүл маргаан хийгээд байхаар нь аль болох маргалдахгүй санаатай эхэндээ нилээн зугтаасан. Сүүлдээ олон жилийн өмнөх хардалтын асуудлаа ярьж хэрүүл хийгээд байхаар нь уур хүрээд хоолны шүүгээнээс хутга аваад айлгах санаатай өөрийнхөө цээж хэсэг рүү 2-3 удаа цохьсон юм. Тэр үед манай эхнэр намайг болиулах гэж татсан юм шиг байна лээ, эргээд харсан чинь манай эхнэрийн зүүн гарнаас цус гоожиж байсан. Тэрхэн зуур ухаан балартсан өөрийнхөө үйлдлийг хянаж чадаагүй байна лээ. ...Тухайн үед би эрүүл байсан, архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй...”  /хх-ийн 26, 31/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогч Ц.Цэрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 03/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн № 917 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Цэрэнгийн биед зүүн бугуйд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 20 / гэсэн дүгнэлт, 

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 33-38/,

- Шүүгдэгч Н.Эрдэнэжавын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 40/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Н.Эрдэнэжав нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан богд хороолллын 201 дүгээр байрны 70 тоотод эхнэр Ц.Цэрэнг “чи намайг хардлаа, урд өмнөх хэрүүлээ хийлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хутга авч өөрийгөө цохих үедээ хохирогч Ц.Цэрэнгийн зүүн бугуйн тус газар нэг удаа зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цэрэнгийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 917 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Н.Эрдэнэжавын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Эрдэнэжавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цэрэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан /хх-ийн 20/ хохирогч Ц.Цэрэнд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанд хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Н.Эрдэнэжавын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ц.Цэрэн шүүх хуралдаанд “...Н.Эрдэнэжаваас нэхэмжлэх зүйлгүй, одоо гомдол саналгүй, бид 34 жил ханилсан, түүнийг уучилсан...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Эрдэнэжавд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комис”-т даалгаж, эрүүгийн 201726030052 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт Нарангэрэлийн Эрдэнэжавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэжавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комис”-т даалгасугай.

 

4. Эрүүгийн 201726030052 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Н.Эрдэнэжавд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Эрдэнэжавд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР