Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0096

 

     

  2022          02           17                                         128/ШШ2022/0096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б

Хариуцагч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О

Гуравдагч этгээд: Н овогтой Б

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0002248 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурор Э.Б /танхимаар/, хариуцагч улсын байцаагч Ц.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч прокурор Э.Б нь “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0002248 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдол гаргасан.

2. Хариуцагч Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 01/130 дугаар удирдамжийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 51 дүгээр цэцэрлэгт хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй” зөрчил гаргасан гэж үзэж Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Б 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн 16-210001-138 дугаартай материалыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөвлөгөөт шалгалтын дагуу прокурор хянасан байна. Гомдол гаргагч Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдөр дүгнэлт бичиж шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч прокурор Э.Б нь дүгнэлтдээ: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0002248 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус байна. Үүнд:  

4.1. “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдсөн байна.

4.2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хүнийг гурван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзэхэд хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах арга хэмжээ авах үүрэг нь цэцэрлэгийн эрхлэгчид байдаг эсэхийг шалгаж тодруулах, зөрчлийг нотлох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, тус цэцэрлэгийн дотоод журамд ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эрүүл мэндийн үзлэгт орсон эсэхэд хяналт тавих үүрэг нь хэнд байдаг болохыг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна.

4.3. Н.Б-г зөрчил үйлдсэн гэж дүгнэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй бол шийтгэлээс чөлөөлж, түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.  

5. Хариуцагч Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О хариу тайлбартаа:

5.1. “Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/145 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсгийн хүснэгт 1-т заасны дагуу тогооч 6 сар тутамд хамар залгиурын арчдас, нян тээгч илрүүлэх шинжилгээ, цагаан хорхой илрүүлэх шинжилгээнд хамрагдана. Мөн тушаалын 2 дугаар хавсралтад урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэртэй байна гэж заасан байдаг. Уг тушаалыг тогооч Н.Б хэрэгжүүлээгүй буюу эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ хамрагдаагүй, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэр байхгүй байсан. Холбогдогчоос мэдүүлэг авч, зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн учир ажил үүргийн хуваарь, ажил байдлын тодорхойлолтыг авах шаардлагагүй гэж үзсэн.

5.2. Тухайн ажилтан зөрчил үйлдсэн нь холбогдогчийн мэдүүлэг буюу нярав Б.Б-ийн мэдүүлгээр тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал зөрчлийн шинж хохирлын хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмын баримтлан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дах хэсгийг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан.

5.3. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчиж шийтгэл оногдуулсан гэх тайлбарын хувьд Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Б төрийн албан хаагч мөн хэдий ч өөрийн ажлын байранд хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс зөрчил гаргасан нь тогтоогдсон тул шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж болно.

5.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.1-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах”, 1.14-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах” гэж зааснаар холбогдох ажлыг хийж гүйцэтгээгүй байна гэж үзэж байна гэжээ.

6. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Б-г Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрүү мэндийн үзлэгт хамрагдаагүй” гэж үзэж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан.

Хяналтын прокурор Э.Б-ий шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтийг дэмжиж байгаа тул дүгнэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

6.1. Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Э.Б-ий дүгнэлттэй, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд ажлын улмаас оролцох боломжгүй байна.

Иймд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Гомдол гаргагч прокурорын  дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Гомдол гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б нь Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0002248 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд гомдлын үндэслэлээ “ ... Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлтэй харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах арга хэмжээ авах үүрэг нь цэцэрлэгийн эрхлэгчид байдаг эсэхийг шалгаж тодруулах, зөрчлийг нотлох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, ... зөрчилд холбогдогч Н.Б-г зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байна” гэсэн заалтыг зөрчсөн. ... Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д “ төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй бол шийтгэлээс чөлөөлж, түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн заалтыг зөрчиж, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” хэмээн маргажээ.

2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж Хүнсний тухай хуулийн 3.1.12-т заасныг ойлгоно” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ”, 10.1.7-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах” гэж,  Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг ойлгоно” гэж тус тус заажээ. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/145 дугаар тушаалаар баталсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ын 2.1-д “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтан сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, арьсны халдварт өвчнүүд болох хамар залгиурын арчдас, нян тээгч илрүүлэх, цагаан хорхой илрүүлэх шинжилгээнд 6 сар тутамд хамрагдах”-аар, 4.1-д “Ажил олгогч нь ажилтныг журмын 2.1-д заасан хугацаанд эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах”-аар тус тус заажээ. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.1.10-д “Цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтныг эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамруулах, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах”-аар заажээ.

Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзэхэд ажил олгогч буюу энэхүү маргааны тохиолдолд цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтныг эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жил бүр хамруулах үүрэгтэй байна.

2.2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан болох  Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх” 01/130 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгт урьдчилан сэргийлэх шалгалт явуулж, тус цэцэрлэгийн А байрны  тогооч Н.Б-г эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй  зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0002248 дугаар шийтгэлийн хуудсаар  Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Б нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр флюрографийн зураг  /рентген зураг харалт/, арьсны халдварт өвчнүүд болох хамар залгиурын арчдас, нян тээгч илрүүлэх, цагаан хорхой илрүүлэх шинжилгээнүүд өгсөн болох нь урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар албан бичиг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

2.4. Гэтэл хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь дээрх нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр дан ганц Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Б-ийн мэдүүлэг, тайлбарыг үндэслэл болгон, түүнд торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.

2.4.1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил  шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус хуульчлан заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байна.

2.4.2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомжоор ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах үүрэг нь ажил олгогчид буюу энэ тохиолдолд цэцэрлэгийн эрхлэгчид олгогдсон байхад энэ нөхцөл байдлыг шалган тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр цэцэрлэгийн тогооч Н.Б-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

2.4.3. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийн хэргийн субъект нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч байх ба тухайн этгээдэд   хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулахыг  үүрэг болгосон, энэ заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх агуулгатай  байна.

2.4.4. Гомдол гаргагч прокурор нь дүгнэлтдээ “Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ тохиолдолд тус цэцэрлэгийн тогооч Н.Б нь энэ зөрчлийн хэргийн субъект биш, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь холбогдох нотлох баримтаар нэгэнт тогтоогдохгүй байх тул энэ тохиолдолд дээрх хуулийн заалт хэрэглэгдэхгүй.

2.4.5. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Б-ийн гаргасан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийн хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй , түүний зөрчил гаргасан гэх үйлдэл нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 2.5. Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.6-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж зааснаар прокурор нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих бүрэн эрхтэй байх бөгөөд энэ бүрэн эрхийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаад хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасантай нийцсэн байх тул хариуцагчийн “ ... зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хугацаанд явагдаж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж, тухайн цаг хугацаанд нь нэмэлт ажиллагаа хийлгэх ёстой байсан ... ” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хяналт тавих бүрэн эрхийг тодорхойлон заасан, энэ маргааны тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаад прокурорын дүгнэлт бичжээ.

 2.6. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Б-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомж болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг тус тус зөрчсөн, дээрх маргаан бүхий актын улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, Зөрчлийн тухай хуулийн  6.15 дугаар зүйлийн 2,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б-ний гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.О-ын оногдуулсан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0002248 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.БАТСҮРЭН