Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 182/2019/02820/и |
Дугаар | 00010 |
Огноо | 2019-12-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 00010
2019 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2020/00010 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 12.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ө.Ө, гэрч Ж.Н, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.М нь Сэлэнгэ аймгийн Баруунхараа /Баянгол суманд/ мал маллаж амьдардаг. 2017.08.24-ний өдөр манай төрсөн эцэг Жанлавтай малын наймаа хийдэг байсан Улаанбаатар хотын махны ченж гэх урьдын танил Ц.Г хоёр машинтай хэдэн хүний хамт манайд ирээд хонь бөөний үнээр авч Улаанбаатар хотод үнэ нэмж борлуулахад ашигтай байдаг гэж хэд хоног манай гэрээр хонож өнжөөд авах хонио сонгон нийт 700 толгой хоныг надаас зээлийн нөхцөлтэйгээр аман хэлцэл хийж, хонь нэг бүр нь зах зээл дээр 100.000-150.000 төгрөгт байдаг үнэ ханшийг урьдын харилцааны итгэл дээрээс үндэслэж нэг бүрийг нь дунджаар 72.000 төгрөгт тооцож нийт 50.000.000 төгрөгийн хонь худалдан авсан. Авсан 700 хоныг манай нутгийн гаанжуур гэдэг айлын гаднаас Улаанбаатар хотоос мал авах зорилгоор унаж ирсэн урт шалаанз авто машинаар нийт 5 удаа тасалж худалдан авсан хоньнуудыг Улаанбаатар хотруу тээвэрлэсэн. Эхлээд 2 том шалаанз, дараа нь дахиад 2 том шалаанз нэг нь 2 давхар машинаар хотруу авч явсан. Тэр олон малыг машинд зөөж ачихад нь манай Баруунхараагийн нутгийн иргэд Дарханбаатар, Аззаяа, манай нөхөр Б, манай эгч Н, Гаанжуур гэх хүмүүс ачилцахад гар бие оролцон тусалж байхдаа хэдэн тооны хоныг ямар үнээр, ямар нөхцлөөр зарж байгааг бидний хажууд байж сонсож, улмаар хөдөөний хүмүүсийн тусч зангаар мал ачилцаж эхнээс нь дуустал хамт байсан Ж.Н, Л.Б нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж байна. Ингээд зээлээр авсан хоньны мөнгө хэд хоногоос миний дансанд цувуулж хийж байсан. Зээлээр худалдан авсан хоньны мөнгийг миний Хаан банкны ххх дансанд х данснаас 2017.08.20-ны өдөр 100.000 төгрөгийг, 2017.08.24-ны 6.000.000 төгрөгийг 2 удаа 3, 3 саяар, 2017.08.27-ны өдөр 2.900.000 төгрөгийг, 2017.08.29-ний өдөр 9.000.000 төгрөгийг, 2017.08.30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017.09.19-ний өдөр 5.100.000 төгрөгийг, 2017.09.22-ны өдөр 1.400.000 төгрөгийг, 2017.10.30-ны өдөр 150.000 төгрөгийг, 2019.09.07-ны өдөр ххх данснаас 5.000.000 төгрөгийг, 2017.10.18-ны өдөр ххх дугаар данснаас 200.000 төгрөгийг, 2017.10.27-ны өдөр 250.000 төгрөгийг, нийт 30.600.000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 6 хуудас баримтаар тогтоогдоно. Бэлнээр 7.400.000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 12.000.000 төгрөг өгөөгүй. Би удаа дараа Ц.Гын 9917-8768 утсаар холбоо бариад үлдэгдэл мөнгөө нэхэж шаардсан боловч удахгүй өгнө, санаа зоволтгүй гээд янз бүрийн зовлон шалтаг шалтгаан ярихад нь итгээд өгөх байх гэж хүлээж хоног хугацаа их алдаж найдсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Гэтэл сүүлдээ хамт явсан хүмүүсээ өгөх ёстой мөнгийг нь авч өгнө гэж бие биерүүгээ чихэж одоо болтол үлдэгдэл 12.000.000 төгрөгийг өгөхгүй байна. Би анхнаасаа Ц.Гад итгэж л 700 хонио зээлээр өгсөн. Иймд Ц.Г надаас зээлээр авсан 700 толгой хонины үнэ 50.000.000 төгрөгөөс үлдэх 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Г нь 2017 оны 08 дугаар сард иргэн Батдоржийн санал болгосоны дагуу Баруунхараа сумруу мал авч тохиролцохоор өөрийн найз Бямба-Очирын хамт гурвуулаа нэгэн айлд очиж наймаа хийхээр малыг үзсэн билээ. Бид үзээд малын үнэ тохироогүй буцаж ирсэн. Харин хэд хоногийн дараа Батдорж намайг хамт яваад өгөөч гэж гуйгаад өдрийн хөлс тохироод явсан. Батдорж тэр айлыг таньдаг их дотно харилцаатай найз ах дүү нартай нь тохиролцсон байх, миний хувьд наймаанд оролцоогүй хэдээр тохиролцсоныг нь ч мэдээгүй. Би Батдоржийн хүсэлтээр өдрөөр үнэ тохирч унаа машинаар 3 удаа үйлчилсэн. Батдорж нь надад иргэний үнэмлэх байхгүй данс нь ч байхгүй чи л мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэд хэдэн удаа мөнгөө бэлнээр надад өгч шилжүүлсэн гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Мын гаргасан хариуцагч Ц.Гад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэлд 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.М нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ц.Гад 700 толгой хонийг, хонь тус бүрийг 72.000 төгрөгт тооцож нийт 50.000.000 төгрөгийн хонийг аман хэлцлээр худалдан авсан ба үүнээс 30.600.000 төгрөгийг Хаан банкны дансаар, 7.400.000 төгрөгийг бэлнээр нийт 38.000.000 төгрөгийг Ц.Г төлсөн болох нь зохигчийн тайлбар болон Хаан банкны депозит дансны хуулга, гэрч Ж.Н, Л.Б нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал Ц.Гад хонь тус бүрийг 72.000 төгрөгөөр тооцож, 700 толгой хонийг 50.000.000 төгрөгөөр тооцож зээлээр худалдсан ба үлдэгдэл төлбөр болох 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ц.Г нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “Батдорж намайг хамт яваад өгөөч гэж гуйгаад өдрийн хөлс тохироод явсан, миний хувьд наймаанд оролцоогүй хэдээр тохиролцсоныг нь ч мэдээгүй, би Батдоржийн хүсэлтээр өдрөөр үнэ тохирч унаа машинаар 3 удаа үйлчилсэн. Батдорж нь надад иргэний үнэмлэх байхгүй данс нь ч байхгүй чи л мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэд хэдэн удаа мөнгөө бэлнээр надад өгч шилжүүлсэн” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Ц.Мын Хаан банкны данс руу хариуцагч Ц.Гын данснаас мөнгө шилжүүлж байсан дансны хуулгууд болон гэрч нарын мэдүүлгээр Ц.Г худалдах, худалдан авах гэрээг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба, хариуцагч тал хуульд заасны дагуу нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлалын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө ирүүлж мэтгэлцэх үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг нотлох баримтгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.Мын Хаан банкны ххх дугаарын данс руу хариуцагч Ц.Гын х дугаарын данснаас:
2017.08.20-ны өдөр 100.000 төгрөгийг,
2017.08.24-ны 6.000.000 төгрөгийг /2 удаа 3, 3 саяар/,
2017.08.27-ны өдөр 2.900.000 төгрөгийг,
2017.08.29-ний өдөр 9.000.000 төгрөгийг,
2017.08.30-ны өдөр 500.000 төгрөгийг,
2017.09.19-ний өдөр 5.100.000 төгрөгийг,
2017.09.22-ны өдөр 1.400.000 төгрөгийг,
2017.10.30-ны өдөр 150.000 төгрөгийг,
бэлнээр 7.400.000 төгрөгийг, нийт 32.550.000 төгрөгийг
- Нэхэмжлэгч Ц.Мын Хаан банкны ххх дугаарын данс руу Хаан банкны ххх дугаарын Х.Эийн данснаас 2017.09.07-ны өдөр 5.000.000 төгрөг,
- Нэхэмжлэгч Ц.Мын Хаан банкны ххх дугаарын данс руу Хаан банкны ххх дугаар данснаас 2017.10.18-ны өдөр 200.000 төгрөг,
-2017.10.27-ны өдөр 250.000 төгрөг, нийт 450.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Ц.Мийн Хаан банкны депозит дансны хуулга болон х тоот дансыг Х регистрийн дугаартай Цэрэндамбын Г, ххх тоот дансыг Р регистрийн дугаартай Хавчингийн Э нар тус тус эзэмшдэг тухай Хаан банкны 2019.12.24-ний өдрийн 29/12671 дугаар тоот зэргээр тогтоогдож байх ба, дээрх шилжүүлсэн мөнгөнүүдийг худалдсан 700 хонины үнэд тооцон 38 сая төгрөгийг нэхэмжлэгч Ц.М хүлээн авсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар талуудын амаар тохиролцож байгуулсан хэлцэл нь хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох гэрээ байх бөгөөд хэлцэл хийснээ хүлээн зөвшөөрч хонины үнийг төлж байсан болох нь тогтоогдож байх тул үлдэгдэл 12 сая төгрөгийг хариуцагч Ц.Гаас нэхэмжлэгч Ж.Мд гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Гаас 12.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ц.Гаас 206.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ