Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч Н.Цогням

Шүүгдэгч: *******ын ******* ХХК-ний  хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Хуулийн этгээдийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч *******ын ******* ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч хуулийн этгээд  “Х***********нь байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 114-д орсон химийн хорт болон аюултай бодис болох Азотын хүчлийг “Реактив” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 84 килограммыг, 2022 оны 1 дүгээр сарын 21- ний өдөр 112 килограммыг, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 140 килограммыг, нийт 336 килограммыг худалдан авсан,

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24- ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн лабораторид нийт 336 килограмм химийн хорт болон аюултай бодис болох Азотын хүчлийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үргэлжилсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ******* ХХК-ийн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч  *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/ хх-ийн 103-104/,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл / 1 хх-ийн 10/, хэргийн газар үзлэг, хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 11-17/,  хохирогч *******ын мэдүүлэг / 1 хх-ийн 76/, гэрч *******гийн мэдүүлэг / 1 хх-ийн 78/, гэрч *******ын мэдүүлэг / 1 хх-ийн 79-80/, гэрч *******ын мэдүүлэг / 1 хх-ийн 82/, гэрч ын мэдүүлэг / 1 хх-ийн 84/, хими, химийн технологийн хүрээлэнгийн  шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 95-98/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын ******* ХХК нь гэмт хэргийг улмаас учирсан хохирол төлбөргүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийн гадаад болон дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааг явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч ******* зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч ******* тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийн гадаад болон дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааг явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийн хууль ёсын төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ...  уг компани ковид цар тахалтай холбоотой 2 жил үйл ажиллагаа явуулж чадаагүй улмаас татвар, цахилгаан, банкны зээлийн өрөнд орсон, мөн ажилчдын цалинг өгч чадаагүй байх тул эдгээр байдлыг харгалзан үзэн үү....хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелэгдэх боломжтой нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч хуулийн этгээд *******ын хүдэр ХХК-д оногдуулсан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч  хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийн гадаад болон дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааг явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан тул  уг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.

Экологийн Цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-иас хураан авсан химийн хорт болон аюултай бодис болох Азотын хүчлийг устгахыг Хими, Химийн Технологийн хүрээлэнд даалгаж, уг эд мөрийн баримтаар хураагдсан химийн хорт бодисыг хүргүүлэхийг  Экологийн Цагдаагийн албанд даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-ийн эд хөрөнгөөс  битүүмжлэгдсэн зүйлгүй,  хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* хуулийн этгээдийг зохих зөвшөөрөлгүй, үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг худалдан авсан, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын ******* ХХК хуулийн этгээдийн гадаад болон дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааг явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын ******* ХХК-д оногдуулсан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын ******* ХХК нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд *******ын хүдэр ХХК-ийн гадаад болон дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааг явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан тул  уг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Экологийн Цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК-иас хураан авсан химийн хорт болон аюултай бодис болох Азотын хүчлийг устгахыг Хими, Химийн Технологийн хүрээлэнд даалгаж, уг эд мөрийн баримтаар хураагдсан химийн хорт бодисыг хүргүүлэхийг Экологийн Цагдаагийн албанд даалгасугай.

8. Шүүгдэгч хуулийн этгээд *******ын ******* ХХК нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА