| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0068/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Х-д холбогдох 2316000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д******* регистрийн дугаартай, Ж овогт Д-ийн Х.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймаг *** сумын **** багт **** гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч П.Н-тэй “...хээр унтлаа нүдний булаа гэж хэллээ...’’ гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож биед нь баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, зүүн бугалга, зүүн дал, баруун гуя, 2 шилбэнд цус хуралт баруун тохой, зүүн гуянд зулгаралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д. Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 17-ны орой *** сумын **** баг **** гэх газарт эхнэр Н-г уурандаа цохиж зодсон эхлээд нэг удаа цохиж байсан сүүлдээ юу болсныг мэдэхгүй байна. Би зүрхний өвчтэй уурлахаараа хийсэн үйлдлээ санадаггүй зарим үед татаж унадаг ... Хөдөө хээр унтлаа нүдний булай гээл ярьж байсан тэгээд эхнэрээ нэг цохиж аваад зодсон байсан. Эхлээд гэдэс хавьцаа өшиглөж байсан тэрнээс хойш мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/
2. Хохирогч П.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...орой 8 цагийн үед гэртээ ирсэн чинь манай нөхөр Д.Х гэртээ байж байхаар нь би чи чинь өнөөдөр хаагуур яваад ирсэн хүн бэ гэсэн чинь би хээр унтчихсан байна гэхээр нь би урьд шөнө хамт уусан хүмүүс чинь ажлаа алдаагүй, малаа услаа, ямаагаа самнаад байж байхад чи юу хийж явдаг юм бэ? гэж хэлсэн чинь миний ууж идэх чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд намайг өшиглөөд унагаахаар нь чи ичихгүй бол намайг зодооч гэж хэлсэн чинь манай нөхөр Х намайг гар, хөлөөрөө цохиж, зодож эхэлсэн. Тухайн үед манай малчин З байсан болохоор энэ хүн намайг цохиж зодож алах юм байна. Чи юм хэлдэггүй юм уу гэж З-д хэлсэн чинь манай нөхөр Х-г та болиоч гээд салгасан чинь манай нөхөр гэрээс гараад явсан... Намайг эхлээд нэг удаа хөлөөрөө баруун талын гар хэсэг рүү өшиглөсөн тэгээд биеийн бүх хэсэг рүү гар, хөлөөрөө цохисон, хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/
3. Гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н эгч Х ах руу урьд шөнө хамт архи уусан хүмүүс ажлаа алдаагүй байхад чи ажил амьдарлаа алдаад архи уугаад явчих юм аа хонь малаа усалсан юм уу гэж хэлсэн чинь тухай үед хүрлээ ах юм хэлээгүй сууж байгаад Н эгчийг гэнэт хөлөөрөө өшиглөж цохиж зодсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/
4. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай “...П.Н-н биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, зүүн бугалга, зүүн дал, баруун гуя, 2 шилбэнд цус хуралт баруун тохой , зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үүсэн байх боломжтой шинэ гэмтэл болно...Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/
5. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н ‘’... П.Н нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр амбулаторийн үзлэгээр 15.000 төгрөгөөр үзүүлж S06 /тархи доргилт/ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмийн үйлчилгээ 230.00 төгрөг S00 /толгойн өнгөц гэмтэл/ нийт 245.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болохыг эрүүл мэндийн даатгалын цахим системээр нотлон гарган хэргийн материал хавсарган гаргаж байна. П.Н-д эрүүл мэндийг даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох нийт 245,000 төгрөгийг гаргуулах авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
6. Шүүгдэгч Д.Х-ийн Эрүүл мэндийн даатгалын санд 245,000 (хоёр зуун дөчин таван мянга) төгрөг төлсөн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт. /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Н-д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 245,000 (хоёр зуун дөчин таван мянга) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 245,000 (хоёр зуун дөчин таван мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Д-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Х-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 245,000 (хоёр зуун дөчин таван мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА