Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0654/З |
Дугаар | 128/ШШ2022/0109 |
Огноо | 2022-02-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0109
2022 02 22 128/ШШ2022/0109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогтой С,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р овогтой Л,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү овогтой А,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогтой Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З овогтой М нарыг оролцуулан газрын маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А /танхимаар биечлэн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, З.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/420 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гарган маргаж байна.
2. Нэхэмжлэгч Б.С нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/174 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 дугаар захирамжаар Б.С-д газар эзэмшүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/174 тоот захирамжийг хүчингүй болгосон байна.
Хариуцагчаас Б.С-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, маргаан бүхий актыг гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь анх маргаан бүхий актыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3947 дугаар албан бичгээр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардан авчээ. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр холбогдох дээд шатны байгууллагуудад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргасан боловч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Х/624 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгүүдээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг тус тус авчээ.
4. Б.С нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл шалтгаан тогтоогдсоны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тухай мэдэгдсэн. Энэ шийдвэрийг гаргах үед Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар тус тус хамгаалагдсан эрх, газар эзэзмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргах үндэслэл бий болоогүй байсан.
5.1. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 15 “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газаа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухай газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус заасан байдаг.
5.1.1. Дээд шүүхийн тайлбарт дурдсанаар “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газраа дээрх байдлаар ашиглаагүй байхыг ойлгох”-оор маш тодорхой заажээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г бичгээр байгуулж гарын үсэг зурсан болно. Тиймээс хуульд заасан зориулалтын дагуу газраа ашигаагүй гэж үзэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хуанлийн бүтэн 2 жилийн хугацааны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусхаар байна.
5.1.2. Гэтэл хариуцагчийн гаргасан шийдвэрийн тухайд Дээд Шүүхийн тайлбарт заасан хуанлийн хугацаа өнгөрөөгүй буюу хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 2 жил болсон гэж үзэх Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолыг тус тус зөрчсөн байна.
Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, 37.6-д тус тус зааснаар сөрөг нөлөөлө бүхий хууль бус захиргааны актын үндсэн шинжийг өөртөө бүрэн агуулж байх тул хүчингүй болгох бүрэн
5.2. Газар эзэмшигч газраа хуульд заасан зориулалтын дагуу ашиглах үйлдэл, үйл ажиллагаа явуулж байсны тухайд, Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр удаа дараа оролдож байсан хэдий ч тухайн газрын байршил, ойр тойрны оршин суугчдын шаардлага, холбогдох төрийн байгууллагын хүнд суртал зэрэг газар эзэмшигчээс үл шалтгаалах объектив нөхцөл шалтгааны улмаас тухайн газраа ашиглах боломж бололцоо хараахан бий болоогүй байсан. Тодруулбал, өөрийн эзэмшлийн газарт барилга байгууламж, зам талбай, хашаа, хайс барих тохиолдолд тухайн газар дээрээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүн дээр үндэслэн барилгын ажлын болон авто замын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль ёсоор авсны үндсэн дээр холбогдох үйл ажиллагааг явуулах нөхцөл бүрддэг.
5.2.1 Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна” хэмээн заасан тул дээрх үйл ажиллагааг холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр хийж гүйцэтгэх эрх зүйн боломж бүрдэх тул өөрийн санаачлагаар өөрийн эзэмшлийн газар дээр шууд барилга, авто замын болон холбогдох бусад үйл ажиллагааг эрхлэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй байна. Газрын хууль ёсны эзэмшигчийн зүгээс хуульд заасан дээрх зөвшөөрлийг авахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа өөрийн хүсэлт, холбогдох материалыг өгч байсан. Холбогдох төрийн байгууллагуудаас тодорхойгүй шалтгааны улмаас хүсэлтүүдийг хангаж шийдвэрлээгүй нөхцөл байдал байгаа юм.
5.3. Мараан бүхий Нийслэлийн Засаг даргын А/420 дугаар захирамжид Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн хэдий ч миний зүгээс Эрчим хүчний тухай хууль зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж, эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл, доголдол учруулаагүй, мөн цаашид ч ийм үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэхээр байна.
5.3.1. Эзэмшиж байсан газар нь эрчим хүчний хамгаалалтын зурвастай давхацсан, хамгаалалтын зурвас дотор ямар нэг үйл ажиллагаа явуулсан гэсэн зөрчил илэрсний улмаас тус заалтыг дурдсан гэж тайлбарладаг. Уг нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад шүүх чухал ач холбогдолтой гэж үзэн, газрын үзлэг хийж, шалган тогтоосон. Үзлэгээр нэхэмжлэгчийн газар дээгүүр эрчим хүчний дамжуулах шугам явж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй.
5.3.2 Хуульд заасан нөхцөл бий болоогүй байхад миний газар эзэмших эрхийг хууль зөрчин цуцалсан, мөн газар эзэмшигчийн зүгээс Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу холбогдох үйл ажиллагааг явуулсаар байсан атал хариуцагчийн зүгээс тухайн газрыг огт ашиглаагүй мэтээр бодит байдал нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийж, А/420 захирамжаар газар эзэмших эрхийг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-35.1.7-д заасан үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашигах, захиран зарцуулах эрхийг минь үндэслэлгүйгээр ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Иймд холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарыг зөрчсөн, бодит нөхцөл байдалд нийцээгүй сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болох 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн дурдаж буй гол үндэслэл болох 2 жилийн хугацаа өнгөрсөн гэдэг тайлбарт нэхэмжлэгч талаас 2 үндсэн үндэслэлийг гаргасан. Аль алинд нь тодорхой хариулт өгч, няцаасангүй гэж үзэж байна.
6.1. Нэгдүгээр үндэслэл нь Улсын Дээд шүүхийн хугацаа тоолохтой холбогдуулан гаргасан тайлбарт газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, тус өдрөөс хугацааг тоолох агуулга байдаг. Гэрээ байгуулсан өдрөөс хойш газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цуцалсан өдрийг хүртэлх хугацааг тоолоход 2 жилийн хугацаа болоогүй, 49 хоног дутуу байсан.
6.2. Хоёрдугаарт нь газраа зориулалтын дагуу ашиглахтай холбоотойгоор тус хугацаанд болсон үйл баримт, нөхцөл байдал нь нийтэд илэрхий баримт гэж үзэж байгаа боловч үүнийг баталгаажуулахын тулд шүүхэд хүсэлт гаргаж, Улсын онцгой комиссоос тодорхой нотлох баримтуудыг авсан. Хэдэн өдрийн хугацаанд ямар хөл хорионы дэглэмтэйгээр тус хоёр жилийн хугацаа өнгөрсөн талаар баримтыг авсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд заасан Газрын тухай хуулийн тайлбараар хүндэтгэн үзэх шалтгаан бүрдсэн гэж үзэж байна. Иймд эдгээр хоногуудыг тооцож үзэх ёстой гэсэн хоёр үндсэн агуулгаар маргаж байна.
6.3. Захирамж гарсан өдрөөс хойш хугацааг тоолж эхэлнэ гэдэг хууль зүйн үндэслэл, агуулга ямар ч хууль болон тайлбарт байдаггүй. Хүндэтгэн үзэх шалтгаан бий болсонтой холбоотойгоор хариуцагч тайлбар гаргаагүй. Тухайн өдрүүдэд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, зөвхөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба биш, шүүхийн байгууллага хүртэл олон хоног хаалттай байсан бөгөөд иргэд ямар ч ажил хөөцөлдөх, санал, хүсэлт гаргах боломжгүй, төрийн байгууллага түүнийг нь хүлээн авах боломжгүй нөхцөл байдалд байсан тул 2 жил өнгөрсөн гэж үзэх боломжгүй. Газар эзэмших эрхийг цуцалсан процессыг үзвэл газрын гүн рүү олгосон талбайд барилгажилт хийхийн тулд нэг барилгын компани бургас хядсан асуудал гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор цахим орчинд иргэдийн бухимдал үүссэн тул хотын Засаг дарга тухайн газарт очиж, ажиллаад газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цуцлах үүрэг өгсөн. Иймд хамгийн ойр байж болох үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчээр цуцалсан дүр зураг харагдаж байна. Иргэн Б.С-ийн хувьд ямар нэгэн байдлаар байгальд сөрөг нөлөө үзүүлсэн, ойн сан бүхий газрын ой модыг буулгасан үйлдэл гаргаж байгаагүй” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг “А” ХХК-д амины сууцын зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон ба 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар “А” ХХК-иас иргэн Б.С рүү газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.
7.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 дугаар захирамжаар Б.С-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
7.2. Б.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст өртөж, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.
7.3. Тус компанид анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2.4, 33 дугаар зүйлийн 33.4, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, дахь заалтыг тус тус зөрчин 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарахр газарт газар эзэмших эрх олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг тоолохдоо 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс хойш маргаан бүхий захирамж гарсан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тоолно гэж тайлбарлаж байна. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу А/174 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон. Газар эзэмших эрх нь хэрхэн баталгааждаг талаар тайлбарлавал Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг олгож, тухайн захирамжийг үндэслэн гэрээ, гэрчилгээ гардаг. Нэхэмжлэгч Б.С-д хэзээ газар эзэмших эрх олгогдсон бэ гэхээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу А/174 дүгээр захирамж гарч, баталгаажсанаар газар эзэмших эрх үүссэн. Иймд хуанлийн буюу цаг хугацааны хувьд газраа 2 жил дараалан ашиглаагүй байна. Дээд шүүхийн тайлбарын дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг тайлбарлахдаа нэг талаас нь буюу байгалийн хүчин зүйлийн талаар дурдсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь тухайн газрыг бодитоор ашигласан байхыг шаарддаг. Газрыг нэхэмжлэгчид амины орон сууцны зориулалтаар олгосон боловч өнөөдрийн байдлаар амины орон сууц баригдсан зүйл газар дээр байхгүй. Мөн иргэнд газар эзэмшүүлэх асуудал нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх бөгөөд газар нь төрийн өмч. Иймд газрыг хамгаалах нь төрийн үүрэг байдаг тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан.
8.1. Тухайн газар нь цахилгаан, дулааны шугам сүлжээний давхцалтай газар. Энэ талаар баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан. Цахилгаан, дулааны шугам сүлжээ явж байгаа газарт нэхэмжлэгчийн газар нь бүхэлдээ орсон. Нэхэмжлэгч тал өөрсдөө тайлбартаа тухайн ойр орчмын газрыг бүхэлд нь нийтийн эдэлбэр газар болгож шийдвэрлэсэн талаар дурдсан. Үүний үндсэн зорилго нь ойн сан бүхий газрыг иргэд, олон нийтэд хүртээмжтэй байлгах юм. Төрийн захиргааны байгууллага нь Ковид-19 цар тахлын үед шаардлагатай, холбогдох бичиг баримтуудыг цахимаар, эсвэл шуудангаар байнга хүлээж авч байсан. Төрийн захиргааны байгууллага нь урьдчилж цахимаар бүх санал, хүсэлтийг хүлээн авч, тухай бүрд нь буцаан цахимаар хариу хүргүүлж байсан. Ковид-19 цар тахлын үед төрийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ зогсоогүй гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авахад хүсэлтээ цахимаар илгээж, буцаан цахимаар хариуг нь авах бүрэн боломжтой байсан” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Нэгэнт тухайн газар нь бүхэлдээ ойн бүсэд хамаарах ногоон байгууламж бүхий газар тул барилгажих боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Б.С нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч Б.С нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
2.1. Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд хуульд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэх хуанлийн бүтэн хоёр жилийн хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байхад буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байхад дээрх шийдвэрийг гаргасан нь хууль бус.
2.2. Тухайн газарт хуульд заасны дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр удаа дараа оролдож байсан боловч газар эзэмшигчээс үл шалтгаалах объектив нөхцөл, шалтгааны улмаас тухайн газраа ашиглах боломж, бололцоо хараахан бий болоогүй. Газрын хууль ёсны эзэмшигчийн зүгээс тухайн газарт зориулалтын дагуу амины орон сууцны барилга барих хүсэлтээ Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа, дараа гаргаж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд орно.
2.3 Маргаан бүхий захиргааны актад Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд холбогдох байгууллага нь цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвастай ойртож огтлолцоогүй талаар албан бичиг ирүүлсэн нь дээрх үндэслэл бүхэлдээ үгүйсгэгдэж байна” гэж тус тус тодорхойлон маргажээ.
3. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон иргэн Б.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үнсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “... газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн ... газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т ”Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд ... мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд газар эзэмших эрх нь газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд нэгэнт хуульд заасан журмаар үүссэн газар эзэмших эрх мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.
5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “А” ХХК нь амины орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай 1000 м.кв газар эзэмших эрхийг Б.С*******д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар иргэн Б.С-д 17******* нэгж талбар бүхий 1000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 01122-2019/00712 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдрөө газар эзэмших эрхийн 000037116 дугаар гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй байна.
6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий 2021 оны А/420 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг гол үндэслэлээ болгожээ.
7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь
а). Газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй
б). Ийнхүү газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх хуулийн урьдчилсан нөхцөлтэй байх бөгөөд дээрх 2 нөхцөл зэрэг хангадсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзэхэд гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн газраа 2 жил дараалан ашиглаагүй хугацаа тоологдох ба энэ тохиолдлын хувьд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр талууд 01122-2019/00712 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байх тул 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс буюу 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоологдож, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусна. Иймд хариуцагчийн “... 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн А/174 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон. Энэ хугацаанаас эхлэн хуанлийн 2 жилийн хугацааг тоолно. Газар эзэмших эрх олгосноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн ...” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.
9. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж хуульчилан заажээ.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх хуулийн заалтыг нэг үндэслэлээ болгосон байх бөгөөд энэхүү үндэслэл нь холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байна.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлалтай нэхэмжлэгчийн 17******* нэгж талбар бүхий 1000 м.кв газар нь цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвастай ойртож огтлолцоогүй, инженерийн шугам сүлжээ бүхий газарт ороогүй болох нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 1/79 дүгээр албан бичиг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 31/27 дугаар албан бичиг, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08/4228 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зураглал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь энэхүү үйл баримтыг үгүйсгэж чадахгүй байна.
11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг урьдчилсан нөхцөл нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй байх явдал юм.
12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... “гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгох” [1] -оор байна.
13. Нэхэмжлэгч нь Хот байгуулалт, хөгжлийн газарт өөрийн эзэмшлийн 1000 м.кв газартаа амины орон сууцны 2 давхар барилга барих хүсэлтээ 2020 оны 09 дүгээр сарын 18, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус гаргаж байсан, Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн амины орон сууцны зориулалтаар барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтийг хэлэлцээд 59 хувийн саналаар дэмжээгүй болох нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын барилга, байгууламж, барих хүсэлтийг хүлээн авах хяналтын хуудас, Мэргэжлийн зөвлөлийн 03 дугаар хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгчийг өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 64,102, 147,188, 234, 1, 31, 70, 103, 159, 178, 181, 226, 238, 2021 оны 1, 27, 78, 91, 104, 115, 154 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1437 дугаар албан бичгүүдээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийг өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай” байсан гэж үзэх үндэслэл болохоор байна. Иймд хариуцагчийн “ ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, цахилгаан дамжуулах хамгаалалтын зурваст өртсөн ....” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
14. Дээрхээс дүгнэн үзэхэд хариуцагч нь Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах” гэж заасныг тус тус зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
15. Гэсэн хэдий ч Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хоро /-ны нутаг дэвсгэрт байрлалтай нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 17******* нэгж талбар бүхий 1000 м.кв газар нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д тусгагдсан авто замын нөлөөлөл, трасст өртсөн, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, “Д” ХХК-ийн хооронд “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо /ЗТХЯ/202005085 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан, дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтайгаар авто зам баригдаж байгаа, уг замын барилгын ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, уг замын барилгын ажлын явц 41 хувьтай байгаа, мөн нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршил нь ойн сан бүхий газарт буюу Улаанбаатар хотын ойн сангийн 205 дугаар хэсэглэлд хамаарч байгаа болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 2/1908 дугаар албан бичиг, газрын байршлын кадастрын зураг, Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/61 дүгээр албан бичиг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/1497, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/1604 дүгээр албан бичиг, сансрын зурган мэдээлэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, хавсралт зураглал, ЗТХЯ/202005085 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ, тухайн гэрээг дүгнэсэн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
16. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглаж болно” гэж нэгэнт бусдын эзэмшил, ашиглалт үүссэн харилцааг хэрхэхийг хуулиар тусгайлан зохицуулжээ.
17. Иймд энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эзэмшил газрыг дээрх хуулийн заалт болон Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т заасны дагуу тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, эсхүл тухайн байршилд буюу өөр байршилд газар эзэмшүүлэх боломжтой эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршил нь ойн сан бүхий газарт хамарч буй эсэх, энэ нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул энэхүү нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулж, шинээр захиргааны акт гаргах бүрэн боломжтой байна гэж үзлээ.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.2-т “Энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх”, 32 дугаар зүйлийн 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан товлохоос өмнө нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй байх бөгөөд ийнхүү нотлох баримт гаргаж өгөөгүй, хэргийн материалтай бүрэн танилцаагүй нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс энэ хугацаа эхлэн тоологдохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/420 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] УДШ.Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2010. Тогтоол Дугаар 15. Хуудас 2. Мөр 31