| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0066/З |
| Дугаар | 221/МА2025/0477 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0477
Э.Б-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Д.А
Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Хариуцагч Д.А-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2025/0066/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Э.Б-ээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А-д холбогдуулан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д.А-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“... 3.1. шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.2-т “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж, Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 3 дугаар зүйлийн 3.4-т Нам, эвсэл, нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ, 4.3-т “Дээрх хууль болон журмын заасан зохицуулалт нь сонгуульд оролцож буй нэр дэвшигчийг сонгуулийн зардлын гагцхүү нэг л данс нээлгэж, тухайн дансаа эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэхийг үүрэг болгосон заалт аж”” гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь хуульд үл нийцэж байна.
Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйл. Эрх бүхий албан тушаалтан: 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх..., 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар зөрчилд шийтгэл оногдуулах бүрэн эрх нь улсын байцаагчид хуулиар олгогдсон байна.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.6-д хэргийн үйл баримтаас үзэхэд гомдол гаргагч Э.Б- нь Э намын албан ёсны цахим хуудсууд болон олон нийтийн радио, телевизийн төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй самбаруудыг ашиглан өөрийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэг хандив авч, зардал гаргаагүй.
Түүнийг нэр дэвшүүлсэн Э нам нь сонгуулийн зардлын нэг данс нээлгэж, Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн төдийгүй Үндэсний аудитын газарт Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан хуулийн хугацаандаа буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн байх бол гомдол гаргагч Э.Б нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй нь түүний нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангаар тогтоогдож байна гэж үзжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна” 51.3-т “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт эр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ” гэж хуульчилсан байхад хариуцагч эрх бүхий албан тушаалтны “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосноор холбогдогч хулийн этгээдийн үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийн Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчил нь үгүйсгэгдэхгүй бөгөөд шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн ..., хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан зарчмуудад нийцсэн байна гэж үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Э намаас нэр дэвшигч Э.Б-т Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаар шийтгэлийн хуудсаар “Э намаас нэр дэвшигч Э.Б-ийг сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр” торгох шийтгэл ногдуулжээ.
2.2. Гомдол гаргагч Э.Б-ээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “... миний элсэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нам болох Э нам нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн, ... Э намын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон, ... сонгуулийн зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй, иймд намайг дансаа бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргасан байна.
2.3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.1.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
2.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нэр дэвшигч нь сонгуульд хэрэглэгдэх зардлыг хуульд заасны дагуу данс нээлгэж, түүнд төвлөрүүлэн зарцуулахаар байх бөгөөд ийнхүү сонгуулийн зардлын нэг данс нээж, бүртгүүлэх нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилсан сэргийлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчмыг хангах зорилготой байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Э намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар “Э намаас нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох үйл ажиллагааны тухай” тогтоолоор Э намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Э намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
2.6. Уг шийдвэрийн дагуу Э нам нь зардлын данс нээлгэж Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн төдийгүй гомдол гаргагч Э.Б нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй нь түүний нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангаар тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагч Э.Б-ийн хувьд намын эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй байх бөгөөд өөрийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэг хандив авч, зардал гаргаагүй, түүнчлэн зардал гаргасан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.7. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ”, 49.2.1-д “хандив”, 49.2.2-т “намын өөрийн хөрөнгө”, 49.2.3-т “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө”, 36 дугаар зүйлийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасан ба Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2024 оны 12 дугаар 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1030, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/1095, мөн Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03/10225 дугаар албан бичгүүдээр “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эс үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” талаар хариу өгч байсан болох нь тогтоогдож байна.
2.8. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч бүр заавал хандивын данс нээлгэн сонгуульд оролцох үүрэг хүлээхгүй бөгөөд Э намаас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулгыг сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар хийж гүйцэтгэн зөвхөн Э намын өөрийн албан ёсны цахим хуудсууд болон олон нийтийн радио, телевизийн төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй самбаруудыг ашиглахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж” шийдвэрлэсэн зэргээс үзэхэд гомдол гаргагч Э.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН