Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 893

 

 

 

 

 

 

 

 

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00456 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Н холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 520 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б, Э.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “Кей си би” ХХК-тай 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 1 991 601 744.45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. “Кей си би” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 60 айлын орон сууцыг барьж 2015 оны 4 сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар 2016 оны 01 сарын 11-ний өдрийн “Кей си би” ХХК-ийн удирдах зөвлөлийн тогтоолоор хөрөнгө оруулалтын гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу зарагдаагүй үлдсэн байрнуудыг “Ш” ХХК болон “Кей си би” ХХК хуваан авч урьдчилан борлуулсан 22 байрны үлдэгдэл төлбөр болох 223 941 000 төгрөгийг “Ш” ХХК-ийн ашигт хувиарлагдан тооцохоор тохиролцсон. Ингээд худалдан борлогдсон байрнуудаас үлдэгдэл төлбөрийг “Ш” ХХК нь нэхэж эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Наадамчдын зам 41 дугаар байр 57 тоотын 2 өрөө байрыг Ч.Н нь орон сууц барилга худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож худалдан авахаар урьдчилгаа 14 000 000 төгрөгийг төлсөн. Тус гэрээг 2014 оны 10 сарын 01-ний өдөр барилга ашиглалтанд орохоос өмнө байгуулсан. Энэхүү гэрээний 3.1-д худалдан авагч тухайн сууцны үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтанд орох хүртэл тохиролцсоны үндсэн дээр хуваарийн дагуу төлнө гэж заасан. Гэтэл худалдан авагч тал болох Ч.Н нь тус орон сууц ашиглалтанд орсноос хойш үлдэгдэл төлбөр болох 58 520 000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Хариуцагчтай төлбөрийн үлдэгдлээ хурдан хугацаанд төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч өнөөдөр, маргааш төлнө гэж худлаа шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Ч.Нээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 58 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Кэй си би” ХХК-ийн захирал С.Чимбаттай 2013 оны 9 сарын 07-ны өдөр 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан ба өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. “Кэй си би” ХХК-ийн захирал М.Чимбатад хуваарийн дагуу байрны төлбөрт 23 405 000 төгрөг төлсөн. “Ш” ХХК нь надтай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ тухай надад албан бичиг байтугай амаар ч мэдэгдээгүй. Харин М.Чимбат надад үлдэгдэл төлбөр тооцоог хийлгүй түр хүлээж байх тухай албан бичиг өгсөн. Би “Кэй си би” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийнэ гэсэн бодолтой байгаа, уг 57 тоотод амьдарч байгаа нь үнэн гэхдээ “Ш” ХХК-тай ямарч хамааралгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Кэй си би” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 сарын 01-ний өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнд худалдагч “Кэй си би” ХХК гэж, худалдан авагч Ч.Н гэсэн гэрээг нэхэмжлэгч “Ш” ХХК нь ирүүлсэн байдаг бөгөөд энэ гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Харин 2013 оны 9 сарын 07-нд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу Ч.Н нь “Кэй си би” ХХК-ийн захирал С.Чимбатад 23 405 000 төгрөгийг төлсөн байдаг. “Кэй си би” ХХК болон “Ш” ХХК нар нь уг 60 айлын орон сууцыг барьж, 2015 оны 4 сарын 06-ны Улсын комисст хүлээлгэж өгсөн. 2016 оны 1 сарын 11-ний өдрийн гэрээг сайн мэдэхгүй байгаа бөгөөд “Кэй си би” ХХК нь шаардах эрхээ “Ш” ХХК-д шилжүүлсэн зүйл огт байхгүй. Иймд Ч.Н нь уг байрны төлбөрийг “Кэй си би” ХХК-д төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хариуцагч Ч.Нээс гэрээний үүрэгт 58 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 450 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “Ш” ХХК нь “Кей си би” ХХК-тай хөрөнгө хувиарлах тухай гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр “Ш” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах байрнаас зарагдаагүй үлдсэн болон өр төлбөртэй айлуудын үлдэгдэл төлбөрийг авахаар харилцан тохирсон байдаг юм. Орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан Ч.Н нь “Кей си би” ХХК-тай энэ байрыг худалдан авах гэрээг байгуулсан тийм учраас гэрээ байгуулласан “Кей си би” ХХК-д үлдэгдэл төлборөө төлж барагдуулна гэж тайлбарладаг. Манай компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гарган үлдэгдэл төлбөрөө Ч.Нээс нэхэмжилсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Кей си би” ХХК болон Ч.Н нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь гарын үсэг зурж баталгаажаагүй байна хэмээн тайлбарласан байна. Хэдийгээр Ч.Н нь тухайн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй боловч тухайн байранд одоог хүртэл амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа мөн тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг болох урьдчилгаа төлбөр 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэхүү үйлдэл нь Ч.Н нь тухайн байрыг худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл тус байранд амьдарч буй үйлдэлээрээ харуулж буй явдал юм. “Кей си би” ХХК нь Ч.Нийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 58 520 000 төгрөгийн шаардах эрхийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан хөрөнгө хувиарлах тухай гэрээгээр “Ш” ХХК-д шилжүүлсэн бөгөөд Ч.Нийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрх бүхий этгээд нь “Ш” ХХК юм. Иймд 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00456 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч Ч.Нт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 520 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ч.Н нь “Кэй си би” ХХК-тай 2014 оны 10 сарын 01-ний өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 дүгээр байр, 57 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 72 520 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээд “Кэй си би” ХХК-ийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Уг орон сууцыг нэхэмжлэгч “Ш” ХХК болон “Кэй си би” ХХК-иуд хамтран барьж ашиглалтад оруулсан талаар талуудын хэн аль нь маргаагүй байна. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь 2016 оны 1 сарын 11-ний өдрийн хөрөнгө хуваарилах хэлцлийн дагуу 57 тоот орон сууцны төлбөрийг шаардах эрхийг гуравдагч этгээд “Кэй си би” ХХК-иас шилжүүлсэн авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэргийн 12, 13 дугаар талд 2016 оны 1 сарын 11-ний өдрийн хөрөнгө хуваарилах тухай “Кэй си би” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол авагдсан байгаа боловч уг тогтоолын 4 дэх заалтад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 дүгээр байр, 57 тоотод байрлах орон сууцны төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхийг нэхэмжлэгч “Ш” ХХК-д шилжүүлсэн талаархи баримтат мэдээлэл агуулагдаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Кэй си би” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар гаргасан байна.

Нөгөө талаар тогтоолын 4 дэх заалтад 22 байрны үлдэгдэл төлбөр гэж заасан бөгөөд уг 22 байранд 57 тоот хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, тогтоолын 1 дүгээр хавсралтын 57-д Ч.Н биш, Бүрэнбаатар гэж бичигдсэн байх тул гэрээний үүргийг Ч.Нээс шаардсан нь үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан болохоо нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                           

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                            

                                                                                                       Г.ДАВААДОРЖ