Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

  2020            01            02                                          2020/ДШМ/28    

 

Л.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Р.А-,

шүүгдэгч Л.Г-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ...... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.А-гийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Г-т холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.... Г-, 1963 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, ......, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан ..... оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Л.Г- нь ..... Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл... Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;” гэж тус тус заасныг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй ТА-улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.А-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны залааны зөрөө багатай далд хугарал, тархи доргилт, зүүн хөлийн гуя, тахим, шилбэ, шагай үе, зүүн тавхайн 1-3 дугаар хурууны үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .... Г-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Г- нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-өөс 517.502 төгрөгийг гаргуулж хохирогч Р.А-д олгож, хохирогч Р.А- нь “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардал” зэргээ шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Р.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр осолд орж, хүнд бэртэл авсан бөгөөд 2-3 сар хөдөлгөөний хязгаарлалттай байсан. Мөргөсөн жолооч Л.Г- нь төлбөрийн чадваргүй /мөнгөгүй/ гэсэн шалтгаанаар өөрөө эмчилгээний зардлаа гаргасан. Өөрийн гаргасан эмчилгээний зардал болон листтэй байх хугацааны цалинг Л.Г-өөс гаргуулж авахаар шүүхэд хандсан. Эмчилгээний зардал болон цалинтай холбоотой баримтаа 2019 оны 7 дугаар сарын 26-ны байдлаар мөрдөн байцаагч Нямбаярт гаргаж өгсөн. Тухайн үед листний мөнгө орж ирээгүй учраас цалингийн зөрүүг тооцон гаргах боломжгүй байсан. 2019 оны 9 дүгээр сард мөрдөн байцаагч Нямбаярт баримт нэмж өгөх гэсэн боловч “хэрэг прокурор луу шилжсэн, анхан шатны шүүх дээр нэмж баримт гаргаж өгөх боломжтой, шүүхээс холбогдоно, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Гэтэл шүүгчийн туслах Оюунцэцэг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 15 минутын өмнө мэдэгдсэн учраас баримт авч ирэх боломж бүрдээгүй, өөрт байсан хоёр баримтыг нэмж өгсөн. Шүүхийн шийдвэрээр баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэсэн боловч миний зүүн гар бүрэн тэнийхгүй, зүүн шилбэний хэсэг мэдрэлгүй байгаа бөгөөд дахин хэдий хэмжээний эмчилгээний зардал гарах нь тодорхой бус байна. Мөн Л.Г- нь мөнгөгүй тул хохирлыг Хаан даатгалаар барагдуулах хүсэлтэй байгаа гэсэн. Даатгал хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн олгодог. Шүүгчийн туслахын хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдрийг хүртэл учирсан хохирлоо бүрэн барагдуулж аваагүй тул шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүхээс хохирлын баримтыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримтууд байгаа эсэхийг асуусан. Хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан ямар нэгэн асуудал яригдаагүй. Шүүх ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Л.Г- нь ..... замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл... Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;” гэж тус тус заасныг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй ТА-улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.А-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны залааны зөрөө багатай далд хугарал, тархи доргилт, зүүн хөлийн гуя, тахим, шилбэ, шагай үе, зүүн тавхайн 1-3 дугаар хурууны үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Р.А-гийн “...ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний замаар явж байгаад байгууллага руу ордог гарцаар зүүн тийш гарах гэж явтал миний баруун гар талаас “Тоуоta Аlphard” загварын машин ирж мөргөн газарт унагаасан. ...Ослын улмаас миний зүүн хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн тавхай дор цус хурсан, зүүн гарын тохой хугарсан, толгой хавдсан. ...” /хх 18-19/,

гэрч Ш.Чухалцэцэгийн “...гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш гарах гэж явтал миний баруун гар талаас нэг цагаан, саарал машин хүчтэй гэнэт орж ирээд А-г мөргөж газарт унагаасан. ...” /хх 21-22/,

Л.Г-ийн яллагдагчаар өгсөн “...баруун гар тийш дараад эргэтэл зам хөндлөн гарч явсан эмэгтэйг мөргөсөн. ...” /хх 58-59/ гэх мэдүүлгүүд,

            “...Р.А-гийн биед зүүн богтос ясны залааны зөрөө багатай далд хугарал, тархи доргилт, зүүн хөлийн гуя, тахим, шилбэ, шагай үе, зүүн тавхайн 1-3 дугаар хурууны үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 7852 дугаартай дүгнэлт /хх 27/,

 

“...Жолооч Л.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2 дахь заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 15.1-т заасныг тус тус зөрчсөн. ...” гэх 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 307 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 46-47/,

 

 “..... ...” /хх 15/ гэх камерийн бичлэгт болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 39145 дугаартай дүгнэлт /хх 32-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Г-ийг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцон, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин Р.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Л.Г-ийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Л.Г-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Хохирогч Р.А- “...шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдээгүйгээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрэн гүйцэд гаргаж өгч чадаагүй тул эмчилгээний зардал болон цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, үүнээс шүүгдэгчийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар, тооцоолох боломжгүй /цалингийн зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардал/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр болох шүүх хуралдааны товыг мөн өдөр хохирогч Р.А-д мэдэгдсэн нь /хх 102/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байгаа хэдий ч энэ нь шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй байх боловч цаашид дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулан тэмдэглэв.

           

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Р.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Р.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН