Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00120

 

“,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00523 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 907 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 519,660,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 519,660,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00523 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 342.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 519,660,496 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 907 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч О.Сэлэнгэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 907 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. “,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-тай 2011, 2012 онд байгуулсан замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гэх 519,660,496 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлд дурдсан замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “,,,,,,,,,” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлд баригдах 168 км авто замын холбогдох хэсэгт буюу Цээл, Төгрөг, Бугат, Алтай сумын нутагт ус зайлуулах хоолойн барилгын ажлыг гүйцэтгэхээр заасан. “,,,,,,,,,” ХХК нь гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж хариуцагчийн зүгээс үздэг. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн Замын хэлтсийн захирлаар ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,, болон түүний дотны найз “,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар хуйвалдаж ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулж, гэрээт ажлын гүйцэтгэлийг тухайн компанийн захирлаар хянуулж, хөндлөнгийн хяналт хийлгэх нэрийдлээр өөрсдийн багшийн компанийг ажиллуулан манай компанийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон. Ийнхүү гэрээт ажлын гүйцэтгэлийг зохих ёсоор хийгдээгүй гэж үзэх үндэслэл бүхий шалтгаан хариуцагчид байдаг. Учир нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-д Замын хэлтсийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд өөрөөр хэлбэл, өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хянаж, дүгнэх үүрэгтэйгээр 2 жил орчим ажилласан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг зөвлөхөөр ажилд авах ажлыг “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн Замын хэлтсийн захирлаар ажиллаж байсан ,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,,,ын дотны найз) зохион байгуулсан. Түүнчлэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой заавал үйлдвэл зохих баримт бичиг болох барилгын ил, далд ажлын акт болон холбогдох бусад акт, дүгнэлт манай компанид үлдээгүй байдаг тул эдгээр баримтыг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2017.12.20-ны өдрийн 181/Ш32017/16714 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтуудыг байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг.

4.2. Ажлын гүйцэтгэлийг газар дээр нь очиж үзэхэд нийт 47 ширхэг, пекетийн дугаар бүхий хоолой байгаагаас зөвхөн 41 ширхэг дугуй хоолойн тоо нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтад тусгагдсан пекетийн дугаартай таардаг. Иймд нэхэмжлэгчийн 80 ширхэг дугуй хоолойн барилгын ажил гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй байх тул Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168 км замын дагуух барьсан хоолойн тоог тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд 2019.02.14-ний өдрийн 181/Ш32019/01942 дугаар захирамжаар Монголын авто замчдын холбоог шинжээчээр томилж, “талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168 км авто замын дагууд нэхэмжлэгчийн барьсан гэх дугуй хоолойн тоог тодорхойлох” асуулт тавьсан. Гэтэл Монголын авто замчдын холбоо төрийн бус байгууллагын дүрмийн 2.1-д Монголын авто замчдын холбооны зорилго үйл ажиллагааны чиглэлийг “....гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодитой үйлчилгээ, туслалцаа үзүүлэхэд оршино” гэж заасан (нэхэмжлэгч “,,,,,,,,,” ХХК нь Монголын авто замчдын холбооны гишүүн байгууллага) байх бөгөөд нэхэмжлэгч “,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хадам аав ,,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,,, нь Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хороо болон удирдах зөвлөлийн гишүүн гэх мэдээллийг бид авсан. Үүний дагуу Монголын авто замчдын холбооны албан ёсны вэб хуудас mra.mn хаягаар орж үзэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хадам аав гэх ,,,,,,,,,,,,,,,, нь Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хороо болон удирдах зөвлөлийн гишүүн мөн байсан тул энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2,  91.1.3, 91.1.4-т заасан үндэслэлд бүрэн хамаарч байна гэж үзэж Монголын авто замчдын холбоог шинжээчээр оролцуулахаас татгалзан гаргах хүсэлтийг 2019.05.20-ны өдөр шүүхэд гаргасан боловч шүүгч хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байсны улмаас шинжээч 2019.06.19-ний өдөр дүгнэлтээ гаргасан байсан.

4.3. Гэхдээ шинжээч дүгнэлтээ гаргахдаа зөвхөн хэрэгт авагдсан материалыг үзэж танилцан дүгнэлтээ гаргасан байсан тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах үүднээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  Өөрөөр хэлбэл Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168 км авто замын дагууд нэхэмжлэгчийн барьсан гэх дугуй хоолойн тоог тодорхойлох шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа алдаатай явагдсан гэх үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 181/ШШ2020/00523 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 907 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч “хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 519,660,496 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

8. Хэргийн тухайд, зохигчийн хооронд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн 168.3 км хатуу хучилттай авто замын ус зайлуулах хиймэл байгууламжуудын хоолойн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр 2011.09.15-ны өдөр 386/11 тоот гэрээ (ажлын хөлс 527,900,000 төгрөг), 2012.05.30-ны өдөр 269 тоот (999,000,000 төгрөг) замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012.08.01-ний өдөр 269 тоот гэрээний нэмэлт 368 тоот (319,500,000 төгрөг) гэрээг тус тус байгуулж хамтран ажилласан, мөн 2012.05.09-ний өдөр 227 тоот худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нэхэмжлэгчээс 40 ширхэг замын дугуй хоолойн хэвийг 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, талууд 2013.02.14-ний өдөр дээрх дөрвөн гэрээг  дүгнэж (захиалагчаас гаргасан материал болон бусад зардал, урьдчилгаа төлбөр, буцаан өгсөн 22 ширхэг хэв зэргийг харилцан тооцоод), хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх үлдэгдэл төлбөр 485,347,996 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр (энэ талаар маргаагүй), нэхэмжлэгч гэрээний дагуу хийсэн ажлаа эрх бүхий этгээдэд (хариуцагчийн зөвлөх компанид) хүлээлгэн өгсөн, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар байдлын талаар хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “,,,,,,,,,” ХХК нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 455,647,996 төгрөг, 269 болон 368 тоот гэрээний барьцаа 64,012,500 төгрөг, нийт 519,660,496 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас шаардсан нь хууль зөрчөөгүй.

10. Хариуцагч “,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс “...нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар доголдолтой, ажил хүлээн авсан удирдах албаны хүмүүс хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй байсан, нэхэмжлэгч бараа материалын зардлыг манайхаас гаргуулчихаад, төлбөр нэхээд байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргадаг ч энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний татгалзал үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.1-д) хангах боломжгүй.  

11. Мөн, “...шүүхээс томилсон шинжээчийг татгалзах үндэслэлтэй байхад шүүх хүсэлтийг хангаагүй, шинжээч зөвхөн хэрэгт авагдсан материалтай танилцаж дүгнэлт гаргасан байсан тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг татгалзсан нь алдаатай, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон, гэтэл давж заалдах шатны шүүхээс уг алдааг анхаараагүй нь буруу...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-4.3-т заасан гомдлын тухайд, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон боловч ажиллах боломжоор хангаагүй тул шүүх хүсэлтийг хангасан гэж үзнэ, шинжээч боломжит хэмжээнд буюу холбогдох баримтын хүрээнд дүгнэлт гаргасныг шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзэхгүйгээс гадна уг шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй тул (шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн) гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. гэхийг 342.1. гэж бичиглэлийн алдаа гаргасан, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 907 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 343 дугаар зүйлийн 342.1, ...” гэснийг “... 343 дугаар зүйлийн 343.1,...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 2,756,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД