| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2023/0601/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/627 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/627
2023 05 02 2023/ШЦТ/627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан XX овогт П.М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр XX аймгийн XX суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, XX мэргэжилтэй, "XX" ХХК- операторчоор ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт XX дүүргийн XX дүгээр хороо, XX 00-000 тоотод оршин суух, урьд
Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 заасныг журамлан 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104 тоот шийтгэх тогтоолоор 10 жилийн хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.
XX овогт П.М /регистрийн дугаар ЧВ00000000/
Шүүгдэгч П.М нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх XX 0-0 тоотод хохирогч М.Г бусадтай хардаж, улмаар толгойн тус газарт нь сандал, ус буцалгагч зэргээр цохих, үснээс нь зулгааж, хутга, заазуураар биеийн гарын зүүн бугалага, баруун шуу, хонгоны хэсэгт хутгаар хатгаж хохирогчийн эрүүл мэндэд “баруун далны сэртэнгийн далд хугарал, баруун мөрний мултрал, зүүн бугалга, баруун шуу хонгоны хатгагдсан шарх, баруун мөр, бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний зулгаралт” гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Г-ын өгсөн "...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн үед өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн XX дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн хотхон нэртэй гудамжны 0-0 тоотод дотно харилцаатай хүн болох П.М болон А, А нартай хамт байхад манай найз Э миний утас руу залгасан. П.М бид хоёр манай найз Э мөнгө зээлэх тухай урд өдөр нь ярилцаад Э ярилцаж байсан юм. Гэтэл тухайн үед П.М намайг Э-тэй хардаж уурлаж эхэлсэн. П.М надад Э яагаад ер нь чиний асуусан юм болгоныг өгдөг юм, ханахгүй байна уу гэж хэлж уурлахаар нь түүнд би юу гэсэн үг юм бэ Э бол манай найз шүү дээ, найзуудын хооронд ийм юм байна шүү дээ гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж байх үед П.М хажуудаа байсан сандлыг авч миний нуруу, толгой хэсэг рүү нэг удаа цохиж аваад, Дараа нь намайг үсдэж дарж байгаад ширээн дээр байсан шилэн ус буцалгагчийг авч миний толгой, хүзүү, мөр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. П.М шилэн ус буцалгагчаар намайг зодсоор байгаад шилэн ус буцалгагч хагалсан ба тэр ус буцалгагчны газар хагарсан шилэн дээр би биеийн баруун талаараа унаад баруун хөлөө зүсчихсэн. Намайг газар унасны дараа П.М гэрт ширээн дээр байсан заазуурыг авч миний зүүн бугалга хэсэгт нэг удаа, хөргөгчин дээр байсан хутгыг авч миний баруун хонго буюу өгзөг хэсэг дээр нэг удаа тус тус хатгасан. Би заазуурдуулахгүй гэж П.М--тай ноцолдож байгаад баруун гарынхаа шуундаа заазуураар огол татуулчихсан. П.-г би яв зайл гээд хөөхөд П.М гэрээс эд зүйлсээ аваад явчихсан. Тэгээд би гэртээ цус алдаж байсан учраас цусаа тогтоогоод шууд Гэмтэл согог судлалын төв рүү яваад гэмтэл дээр эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед манай зээ хүүхдүүд бүгдийг харсан, уйлаад хөнжилдөө орчхоод байсан П.М бид хоёр бэлгийн харилцаатай..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч У.А өгсөн"... 2022 оны 7 дугаар сарын сүүлээр би эмээтэйгээ Баянзүрх дүүрэгт манай гэрт цуг байж байхад эмээгийн нөхөр З гэх хүн гаднаас архи авч орж ирээд тэрийгээ ганцаараа уугаад байж байхад манай эмээ утсаараа Э гэх эрэгтэй найзтайгаа ярьж байхад З ах манай эмээг тус ахтай хардаад өөрт ойрхон байсан модон сандлаар толгой руу нь цохисон. Тэгээд би орон дотроо уйлаад байж байсан чинь ус буцалгагчид байсан усыг над руу цацчихаад гал тогооны тавилганаас хутга аваад манай эмээгийн бөгсөнд нь хутгалаад дахиад заазуур авч байгаад гарыг нь зүсэхэд эмээ гарч зугтаад цагдаад дуудлага өгөхөд З ах айгаад гараад явчихсан. Урьд өмнө нь архи уухаараа байнга зоддог байсан." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10750 дугаартай:
1 М.Г-ын биед баруун далны сэртэнгийн далд хугарал, баруун мөрний мултрал, зүүн бугалга, баруун шуу, хонгоны хатгагдсан шарх, баруун мөр бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/.
Шинжээч Г.Ханхүүгийн “...Тухайн гэмтэл нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 30 дахь тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч П.М нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн XX дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Цэргийн хотхоны 0-0 тоотод хохирогч М.Г бусадтай хардаж, улмаар толгойн тус газарт нь сандал, ус буцалгагч зэргээр цохих, үснээс нь зулгааж, хутга, заазуураар биеийн гарын зүүн бугалага, баруун шуу, хонгоны хэсэгт хутгаар хатгаж хохирогчийн эрүүл мэндэд “баруун далны сэртэнгийн далд хугарал, баруун мөрний мултрал, зүүн бугалга, баруун шуу хонгоны хатгагдсан шарх, баруун мөр, бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний зулгаралт” гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч М.Г-ын өгсөн "...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн үед өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн XX дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн хотхон нэртэй гудамжны 0-0 тоотод дотно харилцаатай хүн болох П.М намайг Э-тэй хардаж уурлаж эхэлсэн... Бид хоёр маргалдаж байх үед П.М хажуудаа байсан сандлыг авч миний нуруу, толгой хэсэг рүү нэг удаа цохиж аваад, Дараа нь намайг үсдэж дарж байгаад ширээн дээр байсан шилэн ус буцалгагчийг авч миний толгой, хүзүү, мөр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. П.М шилэн ус буцалгагчаар намайг зодсоор байгаад шилэн ус буцалгагч хагалсан ба тэр ус буцалгагчны газар хагарсан шилэн дээр би биеийн баруун талаараа унаад баруун хөлөө зүсчихсэн. Намайг газар унасны дараа П.М гэрт ширээн дээр байсан заазуурыг авч миний зүүн бугалга хэсэгт нэг удаа, хөргөгчин дээр байсан хутгыг авч миний баруун хонго буюу өгзөг хэсэг дээр нэг удаа тус тус хатгасан. Би заазуурдуулахгүй гэж П.М-тай ноцолдож байгаад баруун гарынхаа шуундаа заазуураар огол татуулчихсан..." гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч У.А өгсөн"...манай эмээ утсаараа Э гэх эрэгтэй найзтайгаа ярьж байхад З ах манай эмээг тус ахтай хардаад өөрт ойрхон байсан модон сандлаар толгой руу нь цохисон. Тэгээд би орон дотроо уйлаад байж байсан чинь ус буцалгагчид байсан усыг над руу цацчихаад гал тогооны тавилганаас хутга аваад манай эмээгийн бөгсөнд нь хутгалаад дахиад заазуур авч байгаад гарыг нь зүсэхэд эмээ гарч зугтаад цагдаад дуудлага өгөхөд З ах айгаад гараад явчихсан. Урьд өмнө нь архи уухаараа байнга зоддог байсан." гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10750 дугаартай М.Г-ын биед баруун далны сэртэнгийн далд хугарал, баруун мөрний мултрал, зүүн бугалга, баруун шуу, хонгоны хатгагдсан шарх, баруун мөр бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Шинжээч Г.Ханхүүгийн “...Тухайн гэмтэл нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан" гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.М нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хохирогч М.Г бусадтай хардаж, улмаар толгойн тус газарт нь сандал, ус буцалгагч зэргээр цохих, үснээс нь зулгааж, хутга, заазуураар биеийн гарын зүүн бугалага, баруун шуу, хонгоны хэсэгт хутгаар хатгаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ярьж мэдүүлсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм бурууд маргаагүй болно.
Бусдыг зодох үйлдэл нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болдог.
Шүүгдэгч П.М нь хохирогч М.Г-ын толгойн тус газарт нь сандал, ус буцалгагч зэргээр цохих, үснээс нь зулгааж, хутга, заазуураар биеийн гарын зүүн бугалага, баруун шуу, хонгоны хэсэгт хутгаар хатгаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарч байна.
Шүүгдэгч П.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгчийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Г-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь П.М гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
Хохирогч М.Г нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд баримтаар эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүгдэгч П.М-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч М.Г нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.М-гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч П.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч П.М эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв П.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлж 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгөөр торгох ял эдэлсэнд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч XX овогт П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлж 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгөөр торгох ял эдэлсэнд тооцсугай.
6. Шүүгдэгч П.М авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.Г нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.П.Мгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.М авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ