| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/674 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/674
2023 05 09 2023/ШЦТ/674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
хохирогч, шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Я.Батханд /ҮД: 3448/
хохирогч, шүүгдэгч, К.Х, түүний өмгөөлөгч Х.Чинбат /ҮД: 3430/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн XX овогт К.Х, XX овогт Г.М нарт холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр XX аймгийн XX суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХX ХХК- д жолооч, ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт XX дүүргийн XX дугаар хороо XX-X-XX тоотод оршин суух хагтай, урьд ял шийтгэлгүй,
XX овогт К.Х /РД: БЮ00000000/,
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр XX аймгийн XX сумын нутагт төрсөн, 00 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, XX дүүргийн XX дүгээр хороо XXX байрны XX тоотод оршин суух хагтай, урьд ял шийтгэлгүй,
XX овогт Г.М /РД:ФБ00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Г.М тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, зүүн дээд зовхи, цээжинд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.М нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн К.Хтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүний цээж, их бие орчимд нь цохиж, хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь “Зүүн талын 2-р хавирганы хугарал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ээж Гэрэлчимэг, дүү Сарангоо нарын хамт Багануур дүүргээс Улаанбаатар хотруу орж ирж явсан. 5511 УБО улсын дугаартай Приус 30 маркийн машин миний урд талаар орж ирээд миний урд зам хөндөлсөж яваад байсан. Машин дотор жирэмсэн дүү, настай ээж хоёр маань орилоод байсан. Би Амгалан захын урд талд очоод чи яаж яваад байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм, би өөрийнхөө зам дээр явж байна гэж хэлээд машинаасаа буух гэхээр би нь буулгахгүй гээд хаалгыг нь түлхэхэд машины арын суудлаас К.Х бууж ирээд миний нүүр лүү цохисон. Би доошоо суусан чинь машин дотроос жолооч залуу, аав нь, дахиад нэг залуу бууж ирсэн. Нэг мэдсэн чинь би газар хэвтэж байсан. Би энэ залуугийн цээжинд цохиогүй. Аав нь цээжээрээ хориод намайг хөдөлгөхгүй байсан ...” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч К.Х мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргээс Баянзүрх дүүрэг рүү ах, аав, хадам ах нарын хамт явж байсан. Энэ залуу ах хоёр зам дээр урд хойноо гараад явж байсан. Амгалан захын тэнд нөгөө машин сигнал дараад ардаас гүйцэт түрүүлж машинаараа манай машины замыг хааж хөндлөн тавиад жолооч гээд нэг эрэгтэй хүн бууж ирээд ахыг доромжлоод машинаасаа буух гэхэд нь буулгахгүй хаалгаар нь 2 удаа савж унагаагаад байсан. Би ахыгаа цохиулаад байсан болохоор тэсээгүй. Би тухайн үед малгайтай цамцтай байсан. Энэ хүн цамцны малгайнаас татаж намайг чирээд өшиглөсөн. Тэр үед манай аав байсан. Хөгшин хүн зодоон хийхгүй ээ. Энэ хүн үнэн, зөв мэдүүлэг өгмөөр байна. Би юу гэж жирэмсэн хүн цохиж байхав дээ. Би Мөнх-Эрдэнийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.М өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ээж Г, дүү С нарын хамт Багануур дүүргээс Улаанбаатар хотруу орж ирж явсан. Налайх дүүргийн хоёр эгнээтэй зам дээр 1 дүгээр эгнээнд би, 2 дугаар эгнээнд 2 машин дараалаад явж байсан. Би уг 2 машины хажуу талаар 1 дүгээр эгнээнээс чигээрээ явах гэхэд 5511 УБО улсын дугаартай Приус-30 маркийн машин миний урд талаар зүүн гар талаас шахаж орж ирээд миний урд зам хөндөлсөж яваад байхаар нь би удалгүй тухайн машиныг гүйцэт түрүүлээд явахад нөгөө машин араас хөөсөн, сигналдаад гэрлээрээ дохих зэрэг үйлдлүүдийг гаргасан. Амгалан захын урд талд очоод тухайн машиныг гараараа даллаж би зогсоосон. Би машинаасаа буугаад нөгөө машины жолооч дээр очоод "чи яаж яваад байгаа юм бэ, олон удаа шахаад, осол хийх гээд байх юм" гэхэд "чи өөрөө яаж яваад байгаа юм бэ, би өөрийнхөө зам дээр явж байна" гэж хэлээд буух гэхээр нь буулгахгүй гээд хаалгыг нь түлхэхэд машины арын суудлаас нэг залуу бууж ирээд гараараа зүүн талын нүд рүү цохихоор нь доошоо тонгойход би газарт уначихсан 4 залуу /жолоочийн аав, цэнхэр хувцастай, намайг цохидог, жолооч гэсэн залуу байсан/ намайг зодож байсан. Тэгээд ээж дүү 2 машинаасаа түгжээг нь тайлах гээд удчихлаа гээд намайг зодуулж дууссаны дараа гарч ирээд салгасан. Намайг эхлээд цохисон залуу буцаж ирээд миний толгойны дагз хэсэг рүү утсаараа 2-3 удаа цохисон, манай дүү С хавсарч унагаасан...миний хамар хугарсан, зүүн талын нүд хөхөрсөн, одоо бол толгой байнга өвдөж байгаа...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 43 дахь тал/
Хохирогч К.Хий: "...2022 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед аав Класхан, ах Тилеккан нарын хамт Налайх дүүргээс Баянзүрх дүүрэг дэх гэрлүүгээ ах Тилекканы 5511 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замын 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох гэхэд араас гэрлээ анивчуулаад сигналдаад нэг машин ирж байхаар нь ах хурдаа нэмээд 1 дүгээр эгнээ рүү ороод явж байхад нөгөө машин дахиад гүйцэт түрүүлээд явахаар нь ах дахиад гүйцэт түрүүлээд явах гэсэн зам тавьж өгөхгүй. Баянзүрх дүүргийн товчоо хүртэл яваад гүйцэт түрүүлээд явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Амгалан захын тэнд нөгөө машин сигнал дараад ардаас гүйцэт түрүүлж машинаараа манай машины замыг хааж хөндлөн тавиад жолооч гээд нэг эрэгтэй хүн бууж ирээд ахыг элдэв үгээр доромжлоод машинаасаа буух гэхэд нь буулгахгүй хаалгаар нь 2 удаа хавсарч, толгойн хэсэгт гараараа 1-2 удаа цохиод газарт унагаахаар нь толгойн хэсэгт цохиод цамцны малгайнаас татаж намайг газарт намайг унагаахаар нь би машины ар талын суудлаас "та болиоч" гээд буухад "чи бас одоо хэн бэ" гэж над руу дайраад миний цамцны малгайгаар миний нүүрийг доошоо дараад цээж хэсэг рүү элэгдэж өшиглөхөөр нь би малгайгаа тайлах гээд гараараа самардаж байхад нөгөө жолоочийн нүүр хэсэг рүү цохигдсон. Нөгөө машины жолоочийн хамарны дээд хэсэг нь шалбарсан /маажигдсаныы улмаас/ харагдсан, миний цээжин хэсэг хүндрээд амьсгалж чадахгүй байсан. Бусад хүмүүс зодоонд оролцоогүй ба өөр гэмтэл бэртэлтэй хүн харагдаагүй. Ах Т-ы нүүр хэсэг, хөхөрч хавдсан байсан. Өөр бэртэл авсан хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 51 дэх тал/
Гэрч К.Т-ы өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед Налайх дүүргээс Баянзүрх дүүрэг дэх гэрлүүгээ 5511 УБӨ улсны дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад замын 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орж байхад араас гэрлээ анивчуулаад сигналдаад нэг машин ирж байхаар нь хурдаа нэмээд 1 дүгээр эгнээ руу ороод явж байхад негее машин миний машиныг гүйцэт түрүүлээд явсан. Би дахиад гүйцэт түрүүлээд явах гэсэн надад зам тавьж өгөхгүй Баянзүрх дүүргийн товчоо хүртэл яваад гүйцэт түрүүлээд явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Амгалан захын тэнд нөгөө машин гүйцэт ардаас түрүүлж машинаараа миний машины замыг хааж тавиад жолооч гээд нэг эрэгтэй хүн бууж ирэхээр нь би машинаасаа буух гэхэд намайг буулгахгүй хаалгыг 2 удаа хавсарч хаагаад толгойн хэсэгт цохиод цамцны малгайнаас татаж намайг газарт унагаасан. Тэгээд машины ар талаас дүү К.Х салгах гэж бууж ирснээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Газраас босож ирээд харсан чинь нөгөө залуу К.Х рүү дайрч байсан. Нөгөө машины жолоочийн хамрын дээд хэсэг нь шалбарсан харагдсан, дүү К.Х цээжин дээрээ дараад амьсгалж чадахгүй байна гэж байсан. Бусад хүмүүс зодоонд оролцоогүй ба гэмтэл бэртэлтэй хүн харагдаагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/
Гэрч К.Т-ы дахин өгсөн"... 2022 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед Налайх дүүргээс Баянзүрх дүүрэг дэх гэрлүүгээ 5511 УБО улсны дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад замын 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орж машины баруун талын 2 хаалганы голд К.Хийг цамцных нь малгайгаар доош дараад өвдөглөөд цохиж байхаар би очиж салгасан. Тэгээд би нөгөө машины жолоочид одоо боль чи бас миний хүүхэдтэй адил хүүхэд гэж хэлэхэд намайг "Битгий хуц, хасаг минь" гэж хэлээд Т-ы нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дахь тал/
Гэрч С.С-ийн өгсөн “...Тухайн үед манай ах Г.М жолоо барьж явсан гэнэт нөгөө машины жолоочийн арын суудлаас нэг залуу бууж ирээд ахыг нүүр лүү нь гараараа цохисон... ахыг анх цохисон залууг хойноос нь татаад "би жирэмсэн хүн байна" гээд татаж холдуулсан. Анх ахыг цохисон залуу намайг хавирч унагаагаад "утас, утсаа авна" гээд орилоод байсан. Би газраас өндийгөөд харахад нөгөө залуу утсаа газраас аваад ахын толгой руу утсаараа хойно дагз хэсэг рүү нь 3-4 удаа цохиж байхаар нь очоод дахиад араас татаад чи хүн аллаа ш дээ гэхэд эргэж хараад намайг түлхээд унагаасан Ээж машинаас бууж ирээд салгасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47 дахь тал/
Гэрч Д.Г-ийн өгсөн “... миний сууж явсан машины хаалга онгойхгүй удаж очиход хүү Г.М газарт унасан, нөгөө хүмүүс нь өшиглөөд байж байхаар нь цэнхэр, хар куртиктэй хүмүүсийг куртикнийх нь захнаас татаж салгасан. ...би нөгөө машины жолооч залууг загинаж, манай охин С цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/
Гэрч Н.К-ы өгсөн “... нэг харахад нөгөө залуу машины баруун талын 2 хаалганы голд К.Хийг цамцных нь захаар доош дараад өвдөглөөд црхиж байхаар нь би очиж салгасан. Би нөгөө машины жолоочид одоо боль чи бас миний хүүхэдтэй адилхан хүүхэд гэж хэлэхэд битгий хуц хасаг минь гэж хэлээд Т-ы нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...К.Х машин дотор орж ирээд ерөөсөө амьсгал авч чадахгүй байна гэж хэлэхээр нь эмнэлэг явах уу гэхэд нөгөө залуу цагдаа ирж байгаа гэж хэлээд цагдаа иртэл хүлээсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 143 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16307 дугаартай:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16312 дугаартай:
Шүүгдэгч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллаганд яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ээж Г, дүү С нарын хамт Багануур дүүргээс Улаанбаатар хот руу явж байсан. Налайх дүүргийн 2 эгнээтэй зам дээр 1 дүгээр эгнээнд би, 2-р эгнээнд 2 машин дарааллаад явж байсан. Би уг 2 машины хажуу талаар 1 дүгээр эгнээгээр чигээрээ явах гэхэд 5511УБӨ улсын дугаартай приус 30 загварын машин миний урд талаар зүүн гар талаас шахаж орж ирээд урд талд зам хөндөлсөж яваад байхаар нь би удалгүй тухайн машиныг гүйцэт түрүүлээд явахад нөгөө машин араас хөөх гэрлээрээ дохих сигнаалдах зэрэг үйлдлүүдийг гаргасан. Би хэсэг удаан явахад мөн адил араас сигнаалдаж, хөөх зэрэг үйлдэл гаргасан. Туулын гүүрний цаахан талд миний замыг хааж зогсоод, хэрж яваад намайг явуулахгүй байхаар нь хэсэг зогсож байгаад нөгөө машиныг явсны дараа хөдөлж явсан. Тэгээд Улиастайн гүүрний гэрэл дохио гараад би зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байхад нөгөө машин дахиад 3-4 удаа шахаж яваад байхаар нь Амгалан захын урд талд очоод тухайн машиныг гараараа даллаж зогсоосон. Би машинаасаа буугаад нөгөө машины жолооч дээр очоод "чи яаж яваад байгаа юм бэ, олон удаа шахаад осол хийх гээд байх юм" гэхэл чи өөрөө яаж яваад байгаа юм бэ, би өөрийнхөө зам дээр явж байна гэж хэлээд буух гэхээр нь буулгахгүй гээд хаалгыг нь түлхэхэд машины арын суудлаас нэг залуу бууж ирээд гараараа миний зүүн талын нүдрүү цохиход би доош тонгойгоод газарт уначихсан. Жолооч, жолоочийн дүү, жолоочийн аав, цэнхэр хувцастай залуу гэх 4 залуу намайг зодож байсан. Тэгээд ээж дүү 2 машинаасаа буух гээд түгжээг нь тайлж чадахгүй удчихлаа гээд намайг зодуулж дууссаны дараа гарч ирээд салгасан. Намайг эхлээд цохидог залуу буцаж ирээд миний толгойны дагз хэсэг рүү утсаараа 2-3 удаа цохисон. Манай дүү С-г 2 удаа хавсарч унагаасан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/
Шүүгдэгч К.Хий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед аав К, аав Т нарын хамт Налайх дүүргээс Баянзүрх дүүрэгт дэх гэр лүүгээ ах Тилеккан 5511 УБӘ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замын 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох гэхэд араас гэрлээ анивчуулаад сигнаалдаад нэг машин ирж байхаар нь ах хурдаа нэмээд 1 дүгээр эгнээрүү ороод байхад нөгөө машин дахиад гүйцэд түрүүлээд явахаар нь ах дахиад гүйцэт түрүүлээд явах гэсэн зам тавьж өгөхгүй Баянзүрх дүүргийн товчоо хүртэл яваад гүйцэт түрүүлээд явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Амгалан захын тэнд нөгөө машин сигнал дараад ардаас гүйцэт түрүүлж машинаараа манай машины замыг хааж хөндлөн тавиад жолооч гээд нэг эрэгтэй хүн бууж ирээд нь ахыг элдэв үгээр доромжлоод машинаасаа буух гэхэд нь буулгахгүй хаалгаар нь 2 удаа хавсарч толгойн хэсэгт гараараа 1-2 удаа цохиод газарт унагаахаар нь толгойн хэсэгт цохиод цамцны малгайнаас татаж намайг газарт унагаахаар нь би машины ар талын суудлаас та болиоч гээд буухад "чи бас одоо хэн бэ" гэж над руу дайраад миний цамцны малгайгаар миний нүүрийг доошоо дараад цээж хэсэг рүү элдэгдэж өшиглөхөөр нь би малгайгаа тайлах гээд гараараа самардаж байхад нөгөө жолоочийн нүүр хэсэгрүү цохигдсон байсан. Нөгөө машины жолоочтой хамт явж байсан эмэгтэй намайг өшиглөж, алгадсан би хариу ямар нэг үйлдэл үзээгүй. Нөгөө машины жолоочийн хамарны дээд хэсэг нь шалбарсан /маажигдасны улмаас/ харагдсан, миний цээжин хэсэг хүндрээд амьсгалж чадахгүй байсан. Бусад хүмүүс зодоонд оролцоогүй ба еер гэмтэл бэртэлтэй хүн харагдаагүй. Ах Т-ны нүүр хэсэг, хөхөрч хавдсан байса. Өөр бэртэл авсан хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/
2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.М-ийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 06-08 дахь тал/
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х.Т-ны мэдүүлэг, /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16310 дугаартай шинжээчийн дүгнэлт:
К.Т-ы биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16309 дугаартай шинжээчийн “С.С биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М-ийн гаргаж өгсөн хохиролын баримт, /хавтаст хэргийн 72 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч К.Хий гаргаж өгсөн хохиролын баримт, /хавтаст хэргийн 92 дахь тал/
Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролын тооцоо, /хавтаст хэргийн 94 дэх тал/
2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрч Д.Г-ийн өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 139-140 дэх тал/
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаартай яллах дүгнэлт, /хавтаст хэргийн 147-151 дэх тал/
“Лазер мед” эмнэлэгийн Компьютерт томографийн шинжилгээ, хавтаст хэргийн 30 дахь тал/
Шүүгдэгч нарын Баянзүрх дүүргийн Прокурорын газар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт, /хавтаст хэргийн 98-99 дэх тал/
Прокурорын санал, /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт:
1. Шүүгдэгч Г.М
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 64 дэх тал/
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл, хавтаст хэргийн 65 дахь тал/
- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 66 дахь тал/
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хавтаст хэргийн 67 дахь тал
- Нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн лавлагаа, /хавтаст хэргийн 68 дахь тал/
- Эрүүл мэндийн даатгалын төлөл, /хавтаст хэргийн 71 дэх тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 73 дахь тал/
2. Шүүгдэгч К.Х
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 84 дэх тал/
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл, хавтаст хэргийн 65 дахь тал/
- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 86 дахь тал/
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хавтаст хэргийн 87 дахь тал
- Нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн лавлагаа, /хавтаст хэргийн 88-89 дэх тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 93 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван зуун гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас таван зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.Х, Г.М нар нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо зохистой оролцоогүй шалтгаанаар хоорондоо маргалдаж харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.М-ийн хохирогчоор өгсөн “... би тухайн машиныг гүйцэт түрүүлээд явахад нөгөө машин араас хөөсөн, сигналдаад гэрлээрээ дохих зэрэг үйлдлүүдийг гаргасан. Амгалан захын урд талд очоод тухайн машиныг гараараа даллаж би зогсоосон. Би машинаасаа буугаад нөгөө машины жолооч дээр очоод "чи яаж яваад байгаа юм бэ, олон удаа шахаад, осол хийх гээд байх юм" гэхэд "чи өөрөө яаж яваад байгаа юм бэ, би өөрийнхөө зам дээр явж байна" гэж хэлээд буух гэхээр нь буулгахгүй гээд хаалгыг нь түлхэхэд машины арын суудлаас нэг залуу бууж ирээд гараараа зүүн талын нүд рүү цохихоор нь доошоо тонгойход би газарт уначихсан 4 залуу /жолоочийн аав, цэнхэр хувцастай, намайг цохидог, жолооч гэсэн залуу байсан/ намайг зодож байсан. ... Намайг эхлээд цохисон залуу буцаж ирээд миний толгойны дагз хэсэг рүү утсаараа 2-3 удаа цохисон, ... миний хамар хугарсан, зүүн талын нүд хөхөрсөн, одоо бол толгой байнга өвдөж байгаа...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 43 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад К.Хий хохирогчоор өгсөн "... Баянзүрх дүүргийн Амгалан захын тэнд нөгөө машин сигнал дараад ардаас гүйцэт түрүүлж машинаараа манай машины замыг хааж хөндлөн тавиад жолооч гээд нэг эрэгтэй хүн бууж ирээд ахыг элдэв үгээр доромжлоод машинаасаа буух гэхэд нь буулгахгүй хаалгаар нь 2 удаа хавсарч, толгойн хэсэгт гараараа 1-2 удаа цохиод газарт унагаахаар нь би машины ар талын суудлаас "та болиоч" гээд буухад "чи бас одоо хэн бэ" гэж над руу дайраад миний цамцны малгайгаар миний нүүрийг доошоо дараад цээж хэсэг рүү элэгдэж өшиглөхөөр нь би малгайгаа тайлах гээд гараараа самардаж байхад нөгөө жолоочийн нүүр хэсэг рүү цохигдсон, .... миний цээжин хэсэг хүндрээд амьсгалж чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 51 дэх тал/
Гэрч К.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... машины ар талаас дүү К.Х салгах гэж бууж ирснээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Газраас босож ирээд харсан чинь нөгөө залуу К.Х рүү дайрч байсан. Нөгөө машины жолоочийн хамрын дээд хэсэг нь шалбарсан харагдсан, дүү К.Х цээжин дээрээ дараад амьсгалж чадахгүй байна гэж байсан. Бусад хүмүүс зодоонд оролцоогүй ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/
Гэрч Н.К-ы өгсөн “... нэг харахад нөгөө залуу машины баруун талын 2 хаалганы голд К.Хийг цамцных нь захаар доош дараад өвдөглөөд цохиж байхаар нь би очиж салгасан. Би нөгөө машины жолоочид одоо боль чи бас миний хүүхэдтэй адилхан хүүхэд гэж хэлэхэд битгий хуц хасаг минь гэж хэлээд Телекжаны нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...К.Х машин дотор орж ирээд ерөөсөө амьсгал авч чадахгүй байна гэж хэлэхээр нь эмнэлэг явах уу гэхэд нөгөө залуу цагдаа ирж байгаа гэж хэлээд цагдаа иртэл хүлээсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 143 дугаар хуудас/
Гэрч С.С-ийн өгсөн “... гэнэт нөгөө машины жолоочийн арын суудлаас нэг залуу бууж ирээд ахыг нүүр лүү нь гараараа цохисон... ахыг анх цохисон залууг хойноос нь татаад "би жирэмсэн хүн байна" гээд татаж холдуулсан. ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47 дахь тал/
Гэрч Д.Г-ийн өгсөн “... миний сууж явсан машины хаалга онгойхгүй удаж очиход хүү Г.М газарт унасан, нөгөө хүмүүс нь өшиглөөд байж байхаар нь цэнхэр, хар куртиктэй хүмүүсийг куртикнийх нь захнаас татаж салгасан. ...би нөгөө машины жолооч залууг загнаж, манай охин С цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16307 дугаартай “... Г.М-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хамар, зүүн дээд зовхи, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16312 дугаартай “... К.Хий биед зүүн талын 2-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Г.М , К.Х нарын шүүгдэгч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Х “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу яллах дүгнэлтэд зүйлчилсэн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй бөгөөд харин шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаж оролцсон болно.
Хэдийгээр шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч нар нь Г.М нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд К.Хий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй, ийм гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж маргасан боловч хэрэгт цугларсан К.Хий хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “... Г.М нь машинаасаа бууж ирээд жолоо барьж явсан ахыг машинаас нь буух гэхэд буулгахгүй хаалгаар нь түлхэж цохиход би машинаас буугаад очиж маргалдахад миний цамцны малгайгаар намайг доош нь дараад цээж хэсэг рүү өшиглөсөн ...” талаар зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүд, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон үйл явдлын талаар цагдаагийн байгууллагад өгсөн гэмт хэрэг, зөрчлийн талаар өгсөн мэдээллээр шалгалтын ажиллагаа явуулж, мөн өдөр эрх бүхий албан тушаалтнаас 4 хүний эрүүл мэндэд хохирол учирсан талаар тодруулж шүүх эмнэлэгт үзүүлэх шинжээч томилж, эдгээр хүмүүс мөн өдөр шүүх эмнэлгийн шинжээч эмчид үзүүлж, дүгнэлт гаргахад К.Хий эрүүл мэндэд зүүн талын 2-р хавирганы хугарал гэмтэл учирсан, энэ гэмтэл нь шинэ учирсан гэмтэл болох талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд хэргийн газарт байсан нийт 7 хүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6 хүнээс мэдүүлэг авсан бөгөөд эдгээр хүмүүс нь өөр өөрийн харсан, мэдэх зүйлээ тайлбарлаж мэдүүлснээс гэрч К.Телекжан “... жолооч залуу Г.М К.Х рүү дайрч байсан, маргалдах зодолдох үйл явдал болсны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хүлээж байхад дүү К.Х цээжин дээрээ дараад амьсгалж чадахгүй байна гэж хэлж байсан” талаар, гэрч Н.К “... нэг харахад нөгөө залуу машины баруун талын 2 хаалганы голд К.Хийг цамцных нь захаар доош дараад өвдөглөөд цохиж байхаар нь би очиж салгасан. ...К.Х машин дотор орж ирээд ерөөсөө амьсгал авч чадахгүй байна гэж хэлэхээр нь эмнэлэг явах уу гэхэд нөгөө залуу цагдаа ирж байгаа гэж хэлээд цагдаа иртэл хүлээсэн...” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, үнэлэх боломжтой бөгөөд эдгээр нотлох баримтуудаар Г.М нь К.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг хангалттай нотолсон, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч К.Х нь таарамжгүй харилцаа үүссэний улмаас Г.Мөнх-Эрдэнийг гараараа цохиж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ маргаагүй бөгөөд энэ үйл баримт нь ч хэрэгт цугларсан, шүүхээр хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч К.Х, Г.М нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Мөн К.Х Г.М нь олон нийтийн газарт, ялимгүй зүйлээр шалтаглан харилцан биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд К.Х, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд хэрэгт баримтаар 540.000 төгрөг нэхэмжилснийг, хохирогч К.Хий эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 120.000 төгрөг нэхэмжилснийг хэн аль нь төлөөгүй байх тул Г.М , К.Х нарын баримтаар нэхэмжилсэн хохирлыг харилцан төлүүлж, Г.М , К.Х нарыг цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч К.Х гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ухамсарлаж гэмшээгүй, түүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд, гэм бурууд хандсан хандлага зэргээс шалтгаалж шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч XX овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч XX овогт К.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох,
Шүүгдэгч К.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М эс 120.000 төгрөг гаргуулж хохирогч К.Хд, шүүгдэгч К.Хээс 540.000 төгрөг гаргуулж хохирогч Г.М д тус тус төлүүлсүгэй.
5. Хохирогч Г.М , К.Х нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ