| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2021/0699/З |
| Дугаар | 128/ШШ2022/0130 |
| Огноо | 2022-02-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0130
| 2022 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 128/ШШ2022/0130 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овгийн Э.М,
Хариуцагч: НЗД,
Маргааны төрөл: Газар,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, түүний өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. НЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/1дугаар захирамжаар Х дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 599 мкв газрыг иргэн Э.Мд амины сууцны зориулалтаар эзэмшүүлсэн,
1.2. НЗД-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжаар ... газар эзэмшигч иргэн Э.Мд газар эзэмшүүлэхдээ шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам, сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн,
1.3. НГЗБА-ны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 001 тоот албан бичгээр дээрх А/2 тоот захирамжийг Э.Мд хүргүүлсэн,
1.4. НГЗБА-ны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 002 тоот албан бичгээр ...НЗД-ын 2021 оны А/2 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан байх тул таны газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг өгсөн,
1.5. Нэхэмжлэгч Э.Мгээс НЗДд холбогдуулан НЗД-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Э.М нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн засаг даргын А/3 тоот захирамжаар Х дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Газрын төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж, газар эзэмшиж ашиглахтай холбоотой хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй. Гэвч 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Х дүүргийн засаг дарга А/4 тоот захирамж гаргаж Д.Г-ын газартай давхацсан байна гэх үндэслэлээр миний газар эзэмших эрхэнд хууль бусаар халдаж хүчингүй болгосон. Бид нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоол зэргээр миний эзэмшлийн газар Д.Г-ын газартай давхцаагүй бөгөөд аливаа холбогдох хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож зөрчигдсөн хууль ёсны эрх ашгийг минь сэргээж өгсөн. Ингээд шүүхээс сэргээгдсэн газар эзэмших эрхээ баталгаажуулахын тулд Нийслэлийн газрын албанд хүсэлтээ өгсөн. Улмаар НЗД-ын дэргэдэх газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох 22 гишүүнтэй зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн бөгөөд "хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөнд харшлах үндэслэл байхгүй" гэж үзсэний үндсэн дээр 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр НЗД-ын А/1тоот захирамжаар газар эзэмших эрхийг минь сэргээж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгосон.
Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу гэрчилгээгээ хүлээн авахын өмнөх өдөр НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг минь хүчингүй болгох тухай 003 тоот мэдэгдэл ирж 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр НЗД А/2 тоот захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг минь хүчингүй болгож миний шүүхээр сэргээлгэсэн эрхэнд халдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй....." гэж заасны дагуу бид хууль ёсны дагуу газар эзэмшсэн байтал эрхэнд минь удаа дараа халдаж байгаад гомдолтой байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасны дагуу НЗД-ын гаргасан А/2 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй эзэмших эрхийн гэрчилгээ нь илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд 2016 онд холбогдох байгууллагын хурлаар оролцуулаад судалгаа шинжилгээ хийгээд олгох боломжтой гэсний үндсэн дээр газар эзэмших эрх олгосон. 2021 онд газар эзэмших эрхийг олгохдоо ямар баримт баримталсан талаар хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актад хамгаалалтын бүсэд ороогүй байсан. Газар ашиглалт аюулгүй байдал зөрчөөгүй талаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудсанд байгаа. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын давхцалгүй гэсэн. Хот байгуулалт, хөгжлийн газраас холбогдох шугамын давхцалгүй гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020, 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тогтоолд маргаан бүхий газарт хариуцагч нарын ярьж байгаа зүйл байхгүй байсан. Нийтийн эзэмшилд шилжүүлэх зүйл огт байгаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол дээр маргаан бүхий газрыг шилжүүлнэ гэдэг зүйл огт байхгүй байгаа. Хариуцагчийн ярьж байгаа эрчим хүчний шугам сүлжээтэй давхацсан эсэх зүйлүүд огт байхгүй байхад хууль бусаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Үндсэн хуульд заасан шударгаар олж авсан эзэмших эрхтэй холбоотой эрх ашгийн маргаан үүсээд байна. Эзэмших эрхээ хамгаалж гурван шатны шүүхээр явсан. Өнөөдөр дахиад эхэлж байгаа нь хууль ёсны шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага яаж харж байгаа талаарх тод жишээ болж байгаа юм. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр асуудал байхгүй, бүх чөлөө зөвшөөрөл шалгасан гээд үүнд ямар нэгэн зөрчил маргаан байхгүй гээд эзэмших эрх олгосон байхад удалгүй 07 дугаар сарын 05-ны өдөр очиход танайхыг цуцалж байгаа шүү гэж мэдэгдэх хуудас өгч байгаа талаар өнөөдөр хууль ёсны сонсох ажиллагаа хийсэн мэтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Яагаад ч боломжгүй нөхцөл байдал байна. Нийтийн эзэмших газрыг цуцалж байгаа бол хариу тайлбар гаргах нөхцөлийн талаар хугацаа өгөх ёстой. 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор нөхцөл байдлаа тодруулж гаргаж өг гэснийгээ сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа бол сонсох ажиллагаа хуулийн дагуу яваагүй байна. 07 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гаргасан хойноо сонсох ажиллагаа явуулж байгаа асуудал гарч ирж байна. Газар эзэмших эрхэнд халдсан гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явж байгаа. Бид нар алдсан агуулгаар гаргасан гэж тайлбарлаад байна. Захиргааны маргаан бүхий актууд бол Газрын тухай хэдэн заалтуудыг бичиж байгаа шийдвэр юм. А/2 дугаар захирамжийг гаргахдаа хууль зөрчиж захирамжийг гаргасан үндэслэлүүд хэргийн нөхцөл байдлаас харагдаж байгаа учир газар эзэмшиж байгаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1дугаар захирамжаар иргэн Э.Мд газар эзэмших олгосон. Газар эзэмших эрх олгосны дараагаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шалтгаан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэсэн. Энэ хуулийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасан.
НЗД-ын зүгээс Э.Мд газар эзэмших эрх олгохдоо 2021 оны захирамжаар олгосон. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Х дүүрэгт газар эзэмших эрх олгох тухай тусгагдаагүй байгаа. Тийм учраас тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны үндсэн дээр төлөвлөгөөний дагуу газар эзэмших олгогдож байна. Төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон хууль бус захиргааны акт гарсан. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан заалтыг зөрчсөн гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан материалаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас албан бичиг ирсэн. Энэ албан бичиг дээр маргаан бүхий газар нь цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон байгаа. Тийм учир Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу газар эзэмших эрх олгох хориотой, хориглосон газар олгосон тул хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д газар эзэмших эрх анхнаасаа анх олгож байгаагүй газар олгогдохоор бол НЗД-ын зүгээс мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн тайлбартай санал нэг байгаа. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримталсан. Газар зохион байгуулалтын мэдээллийн санд өндөр хүчлийн агаарын шугам явж байгаа нь мэдээллийн сангаар харагдсан байна. Нэхэмжлэгчээс 2016 онд Х дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газрыг хүчингүй болгоод шүүхээр сэргээгээд 2 удаа эрхээ зөрчүүлсэн гэж байна. Гэтэл 2016 онд хүчингүй болгосон үндэслэл өөр байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг барьсан нь тухайн газраа хоёр жил зориулалтыг дагуу ашиглаагүй, төлбөр тооцоо хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгоод түний дагуу шүүхийн шийдвэр гарсан. Анхнаасаа олгох ёсгүй газар олгосон, тухайн жилийн төлөвлөгөө болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төлөвлөлтийг зөрчсөн шийдвэр гэсэн үндэслэлээр захирамжийг гаргасан. Хавтаст хэрэгт Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн тодорхойлолтоор төлөвлөлтийн авто зам явсан байгаа гэж тодорхойлсон байгаа тул хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зөрчсөн. Хэрвээ тус авто замыг барьж чадахгүй бол 4200 га газарт байгаа иргэд оршин суугчид яаж орж гарах вэ? гэдэг асуудал байна. Иймд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчсөн байна гэдгийг харуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр НЗД-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс НЗДд холбогдуулан гаргасан НЗД-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ,
1. Шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг сэргээсэн байхад хүчингүй болгосон,
2. Газар эзэмших эрхэд халдах хууль зүйн үндэслэлгүй байсан,
3. Эрчим хүчний тухай хууль тогтоомж зөрчөөгүй,
4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан гэж тайлбарлан маргажээ.
Нэг. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасан нь газар эзэмших эрх олгохдоо үндэслэл болговол зохих нөхцөлүүдийг тодорхойлсон агуулгатай байхад хариуцагч нь иргэн Э.Мгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуулийн энэхүү эсрэг агуулга бүхий зохицуулалтуудыг хэрэглэсэн маргаан бүхий актыг утга агуулгын алдаатай захиргааны акт гэж үзэхэд хүргэж байна.
Хоёр. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан.
Хариуцагч захиргааны байгууллагаас хуулийн энэхүү заалтыг үндэслэн иргэнд олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд уг газар эзэмших эрх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй болох, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг шалгаж тогтоосон байх шаардлагатай. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь энэхүү нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр газрын талаар баримтлах төрийн бодлого, зарчмыг хэрэгжүүлээгүй болох нь,
2.1. Маргаан бүхий газрыг иргэнд эзэмшүүлэх нь нь хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцэхгүй гэж үзвэл хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэн газар эзэмших эрх олгохоос татгалзах боломжтой байсан атал татгалзаагүй атлаа,
2.2. Иргэн Э.Мгээс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ... миний эзэмшиж буй 600мкв газар нь инженерийн шугам сүлжээнд ойр байрладаг, ...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан НЗД-ын эрх хэмжээнд хамаарч байгаа тул НЗД даргын захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлт болон Х дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4 тоот албан бичгээр ... газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу иргэдийн хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлэх саналтай байна гэснийг тус тус хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А/1дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон атлаа 4 сарын дараа уг шийдвэрээ хууль тогтоомж зөрчсөн гэж хүчингүй болгосон байдлаар тус тус тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан шийдвэрийг гаргах нөхцөл үүсээгүй байсан байна.
Өөрөөр хэлбэл, иргэн Э.Мгээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагаас хүлээн авч хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж тухайн газрыг эзэмших эрх олгож шийдвэрлэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасанчлан газрын тухай хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцэж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа уг газрыг эзэмшүүлэх эрхтэй болсонд нэхэмжлэгчийг буруутгаж, түүнд олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар ... эзэмшихэд шударга ёсыг хангах; зарчимд нийцэхгүй хууль бус шийдвэр болжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын газар эзэмших эрх олгосон А/1дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нийцээгүй, ...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ерөнхий төлөвлөлтөд нийцэхгүй байсан тул захиргааны байгууллага алдаагаа зассан зэрэг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 114 дугаар шийдвэрээр иргэн Э.М нарын иргэдэд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Х дүүргийн Засаг даргын 2018 оны А/4 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ нь НЗД-ын 2021 оны А/1дугаар захирамжаар үүссэн газар эзэмших эрхтэй хамааралгүй байхын зэрэгцээ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан болон НЗД-ын 2021 оны А/1дугаар захирамжаар иргэн Э.Мд нийслэлийн Х дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 599мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зэргээс үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэн Э.Мгийн газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн байхад дахин хүчингүй болгох шийдвэр гаргаж газар эзэмших эрхэд удаа дараа халдсан, иргэний иргэний үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эзэмших эрх зөрчигдсөн, хувийн өмчийг хууль бусаар авах байдал бий болоод байна гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байгааг тэмдэглэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий А/2 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатайн зэрэгцээ бодит нөхцөл байдалд тохироогүй, мөн иргэн Э.Мгийн газар эзэмших эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байхын зэрэгцээ дээр дурьдсан Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу ... хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалттай нийцэхээргүй байна. Тодруулбал,
3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргаж маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
3.2. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0123 тоот албан бичигт ...цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст 68см давхацсан тул тус шугамыг техникийн нөхцөлийн дагуу трасс өөрчлөн зөөж шилжүүлэх боломжтой гэжээ.
3.3. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 456 тоот албан бичигт ...тус газар нь ямар нэг шугам сүлжээтэй давхцалгүй бөгөөд төлөвлөлтийн авто замын трасс, түүний хамгаалалтын зурваст багтсан гэсэн байх ба уг албан бичгийн хавсралтаар Нисэх, яармаг орчмын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зурагтай давхцалтай талаарх баримтыг ирүүлсэн байна.
Дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тухайн газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх нь ерөнхий төлөвлөлтөд нийцэхгүй гэх тайлбарыг хүлээн авахуйц байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь нэхэмжлэгчид нэгэнт олгогдсон газар эзэмших эрхийг үгүйсгэж түүний газар эзэмших эрх зөрчигдсөн хэвээр үлдэхээр байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид нэгэнт олгогдсон газар эзэмших эрхийг хууль тогтоомж болон газар зохион байгуулалтын төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу НЗД-ын 2021 оны А/2 дугаар захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан НЗД-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол НЗД-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ