Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0486

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Т-н гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч

Гомдол гаргагч: З.Т

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Батсүх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч З.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц

Хэргийн индекс: 128/2025/0426/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч: З.Т-гаас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Батсүхэд холбогдуулан ““Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Б-н 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад заасныг тус тус баримтлан иргэн З.Т-гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б-н 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 тоот Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичигт дурдсан Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд дараах зөрчлүүд илэрсэн байдаг.

            Үүнд: Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх 25/36/103 дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зөрчилд холбогдогч З.Тд зөрчлийн талаар 99235112 дугаарын утсаар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн.

            Улмаар ИОН намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч З.Тд холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2511000728 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд хариуцлага тооцсон.

            3.2. Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт байршуулсан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандивын дансны жагсаалт” гэсэн мэдээлэлд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Төрийн аудитын байгууллагад ирүүлсэн хандивын дансыг жагсаалтаар мэдээллэж байна.” гэсэн мэдээллийн хавсралт жагсаалтад тойрог, тойргийн дугаар, нэр дэвшүүлсэн нам эвсэл, нэр дэвшигчийн овог, нэр дэвшигчийн нэр, банкны нэр, гэрээ, хандивын дансны мэдээлэлд ИОН Намын нэг ч мэдээлэл байхгүй байхад шүүгч шийдвэртээ... нэхэмжлэгч З.Т-н нэр багтжээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

            Иймд нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэл үндэслэлтэй байна.

            3.3. Нэр дэвшигчийн мэдүүлэг, ирүүлсэн баримт нотолгоогоор 2024 оны 06 сарын 13-ны өдөр ИОН нам нь Үндэсний Аудитын Газарт 2/037 албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг бүртгүүлэхээр хүргүүлэхэд: 1. Үндэсний Аудитын Газар “хуулийн хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр уг албан бичиг, хавсралтыг хүлээн аваагүй тул, 2. ИОН нам нь арга буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны 23 цаг 51 минутад Үндэсний Аудитын Газрын цахим шууданд илгээж орхисон байдаг. Нэмж тайлбарлахад 23 цаг 51 минутад илгээсэн бөгөөд цахим шууданд автоматаар хариу ирэх боломжгүй, “хуулийн хугацаа хэтэрсэн" тухай мэдэгдэх боломжгүй юм.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6. дугаар зүйлд заасны дагуу хугацааг тоолсон болно. Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр нь 2024 оны 06 дугаар сарын 28 ний өдөр (01:00 минутаас 24:00 минут) энэ өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө тоолж үзэхэд:

            1 дэх хоног (6/27-ны 24:00 минутаас 06/26-ны 24:00 минут)

            2 дах хоног (06/26-ны 24:00 минутаас 06/25-ны 24:00 минут),

            3 дах хоног (06/25-ны 24:00 минутаас 06/24-ны 24:00 минут)

            4 дэх хоног ( 06/24-ны 24:00 минутаас 06/23-ны 24:00 минут)

            5 дах хоног( 06/23-ны 24:00 минутаас 06/22-ны 24:00 минут)

            6 дах хоног ( 06/22-ны 24:00 минутаас 06/21-ны 24:00 минут)

            7 дах хоног ( 06/21-ны 24:00 минутаас 06/20-ны 24:00 минут)

            8 дах хоног ( 06/20-ны 24:00 минутаас 06/19-ны 24:00 минут)

            9 дэх хоног (06/19-ны 24:00 минутаас 06/18-ны 24:00 минут)

            10 дах хоног (06/18-ны 24:00 минутаас 06/17-ны 24:00 минут)

            11 дэх хоног (06/17-ны 24:00 минутаас 06/16-ны 24:00 минут)

            12 дах хоног (06/16-ны 24:00 минутаас 06/15-ны 24:00 минут)

            13 дах хоног (06/15-ны 24:00 минутаас 06/14-ны 24:00 минут)

            14 дэх хоног (06/14-ны 24:00 минутаас 06/13-ны 24:00 минут)

            15 дах хоног (06/13-ны 24:00 минутаас 06/12-ны 24:00 минут)

            Хуульд заасан 15 дахь хоног нь 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 24:00 минутаар дуусгавар болж байгаа бөгөөд нэр дэвшигч З.Т нь 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 23:57 минутад цахим шуудангаар илгээсэн байдаг. Энэ нь хуулийн хугацаа хэтрүүлсэн илтгэнэ.

            Мөн Үндэсний Аудитын Газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 тоот албан бичигт “... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 6 дугаар сарын 04- ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг мөрдлөг болгосон.

            Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж audit.mn цахим хуудаст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, олон нийтэд мэдээлсэн. ИОН нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй байна” гэсэн, Аудитын ерөнхий газрын [email protected] Цахим хаягт байршуулан олон нийтэд мэдээлсэн мэдээлэлд байхгүй зэргээр нотлогдож байна.

            3.4. Үндэсний Аудитын Газраас ИОН намд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 тоот албан бичгээр хариу хүргүүлэхдээ тодорхой тайлбарласан байна.

            Үүнд: “... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг мөрдлөг болгосон. Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж audit.mn цахим хуудаст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, олон нийтэд мэдээлсэн.    ИОН нам нь 2024 оны дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй байна.” гэснээс харахад буруутгах үндэслэлтэй байна.

            3.5. Үндэсний Аудитын Газарт бичгээр мэдэгдэх, бүртгүүлэх үүрэг нь нөгөө талаасаа тухайн хавсралт бүхий албан бичгийг албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу бүртгэх, дугаар олгох, хүлээн авах нь албан бичгийн шаардлага, журамд нийцсэнээр мэдэгдэж, бүртгүүлэх үүргийг хангах учиртай бөгөөд төрийн байгууллагын ажлын цагтай уялдаж албан бичгийн тухай үндсэн ойлголтод нийцэх ёстой гэж үзэж байна.

            Мөн хугацааны хувьд: ....Үндэсний Аудитын газар нь албан ёсны цахим хаяг болох audit.mn хаягаараа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олон нийтэд мэдээлсэн “НАМ, ЭВСЭЛ БОЛОН НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД” хэсэгт Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бур улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрийг дуустал төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.

            Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө. Үүнд:

            Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсэг/

            Иргэний үнэмлэхийн хуулбар;

            Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/;

            Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар    баталгаажсан итгэмжлэлтэй байх;

            2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрийг дуустал Төрийн Аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэх сүүлийн хугацааг цахимаар мэдээлсэн, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг тодорхой дурдсан, ямар албан тушаалтанд хэрхэн хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн байхад ИОН нам нь зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хүргүүлсэн нь бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн, цахим шуудангаар илгээсэн нь бичгээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүйг тодорхой харуулж байна.

            Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь нэр дэвшигчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэр гаргахдаа “мэдэгдэж” гэдэг нь нэр дэвшигч ямар ч байдлаар мэдэгдэх, мэдэгдсэн гэж үзсэн нь хариуцагч миний үзсэнээр Үндэсний Аудитын Газар ч мөн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлэхдээ хэзээ, хэнд, ямар хэлбэрээр ирүүлж бүртгүүлэхийг мэдэгдсэн байгааг анхаараагүй гэж үзэж байна.

            Иймд 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд ИОН намаас нэр дэвшсэн иргэн З.Т нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Сонгох, Сонгогдох эрхээ эдэлж Монголын улсын төрийн эрх барих дээд байгууллагын сонгуульд оролцохдоо Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиа мөрдөөгүй нь бие даасан Зөрчлийн шинж чанартай байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Батсүх миний 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043282 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

            Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн талаарх Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд илтэд зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байхад үндэслэлгүй дүгнэлт хийж шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 01/1923 дугаар албан бичгээр “... Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд дараах зөрчлүүд илэрсэн байна, ... Иймд монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу хяналт хэрэгжүүлсний хүрээнд илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэхээр харьяаллын дагуу шилжүүлж байна ...” гэж илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэхээр харьяаллын дагуу Татварын ерөнхий газрын даргад хүргүүлжээ.

2.2. Дээрх албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын ахлах байцаагч Я.А-н 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны саналаар[1] 25/36/103 дугаар бүхий зөрчлийн мэдээллийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэх саналыг Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Т-д гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” Удирдах албан тушаалтны тогтоолоор[2] Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

2.3. Улмаар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор [3]2511000728 дугаар зөрчлийн хэргийг нээж, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн маргаан бүхий 0043282 дугаар шийтгэлийн хуудсаар “... “ИОН намын нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10.000 нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг гомдол гаргагч З.Т эс зөвшөөрч “... ИОН намаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгийн хамт хавсралтаар 53 нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын Ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад хүргүүлсэн. Түүнд З.Т миний сонгуулийн зардлын дансны дугаар, мэдээллийг хүргүүлсэн. ... Хуулийн санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минут багтаж байна ...” гэх үндэслэлээр “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Б-н 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

            2.4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана”, 49.2-т Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:”, 49.2.1-д “хандив”, 49.2.2-т “намын өөрийн хөрөнгө”, 49.2.3-т “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө”, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.”, 51 дүгээр зүйлийн 51.1.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

2.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, нам, эсвэл, мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлах зорилгоор гаргах сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, сонгуулийн данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулахыг хориглосон, мөн нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ИОН намын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаартай албан бичгээр[4] “... ИОН намаас ээлжит Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох нэр бүхий 53 нэр дэвшигчийн хандивын дансыг Улсын Их Хурлын сонгуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсгийг үндэслэн бүртгэн авна уу” гэх хүсэлтийг нэр дэвшигчийн дансны мэдээллийн хамт Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичгийн хавсралтын 38-д 10 дугаар тойрогт нэр дэвшигч З.Т-н сонгуулийн зардлын дансны дугаар Хаан банкны 5263474475 гэж бичигдсэн байна.

2.7. Дээрх албан бичгийг “ИОН намаас бичгээр хүргүүлээгүй, харин 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад [email protected] хаягаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн талаарх үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогч нар маргаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дүгээр албан бичгээр “ИОН нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр мэдэгдээгүй” гэх хариуг өгсөн байна.

2.8. Энэ тохиолдолд ИОН намаас сонгуульд оролцох нэр дэвшигчдийн дансны мэдээллийг нэгдсэн журмаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхад гомдол гаргагч З.Тг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргийг биелүүлээгүй гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

2.9. Түүнчлэн анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч З.Т-н 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн Хаан банк ****** дугаар хандивын дансыг ИОН намаас Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр бичгээр үйлдэж, цахимаар хүргүүлснийг Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичгээр ирүүлээгүй гэж хариуцагчаас буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

2.10. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно ...” гэж заасан.

2.11. Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6868 дугаар бүртгэгдэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар нийтлэгдсэн байна.

2.12. Энэ тохиолдолд Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй буюу хүчин төгөлдөр болоогүй байсан тул тус журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй

2.13. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.4-т заасны дагуу бичгээр хүргүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2.14. Мөн Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон байна.

2.15. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “... Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.2-т “... Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минут багтаж байгаа тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

   ШҮҮГЧ                                                                    А.САРАНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас 35 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 36 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 29 дэх тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 46 дахь тал