Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 57

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч О.Одбилэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр,

хохирогч У.Оргилсайхан,

гэрч М.Мөнх-Эрдэнэ, А.Азжаргал,

шүүгдэгч Б.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванбогд овогт Батхүүгийн Шинэбаярт холбогдох эрүүгийн 2016 2501 1001 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Нью Авангард” ХХК-д маркетингийн албаны дарга ажилтай байсан, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 гудамж 117 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 369А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сар хорих ял шийтгэж, Сум дундын 21 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн НН88122876 дугаартай, Таван богд овогт Батхүүгийн Шинэбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 9-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 20-289 тоотод иргэн У.Оргилсайхан, Ч.Болдбаатар нартай хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар У.Оргилсайханы зүүн нүд рүү сэрээгээр хатгаж хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны гадна байсан иргэн Л.Эрдэнэбалын 0248 улсын дугаартай “Пажеро” маркийн автомашины хаалганы цонхийг хагалан нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр манай хамаатан Ганболд хотод ирсэн байна гэж над руу ярьсан. Би ажлаа тараад Ганболдтой уулзаж хороололд нэг газар суусан. Гэтэл манай найз Мөнхболд над руу залгаад Монелд айлд очих гэсэн юм хүргээд өгөөч гэсэн. Би тэр найзыгаа хүргэж өгөх болоод Ганболдтой хамт Монел явсан. Тэр айлд ороход хоёр эмэгтэй, гурван залуу архи ууж байсан. Би тэр айлд нэг шил архи, нэг пивотой орсон. Тэгээд бүгдээрээ архи уугаад байж байтал тухайн айлын зүүн талд хоолны шүүгээ байгаагүй, бүх зүйл нь ил байсан. Хамт байсан Болдбаатар нь нилээд том биетэй залуу байсан ба эвгүй зүйл яриад байхаар нь би айлын эзэгтэйд “хутга, шөвгөө хураагаарай” гэж хэлсэн. Үүний дагуу Ачлал гал тогооны зүйлсээ янзалж байсан. Гэтэл Болдбаатар “чи хутга хураалгадаг хэн бэ, чи хатгачихдаг юм уу, би бас орж гарч байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би ч гэсэн шоронгоос гараад удаагүй байна” гэсэн. Тэгээд Болдбаатар намайг баруун талын орон дээр дарахад хамт байсан хүмүүс салгасан. Манай хамаатны залуу Ганбаа явах уу гэхэд хононо гэсэн. Тэгээд би ажлынхаа залуу Мөнхболдтой хамт явах болсон. Болдбаатар надтай хамт гарч ярилцъя гэсэн. Бид хоёр гадаа ярилцаж ойлголцоод учраа олоод байж байтал хойно гэрийн хаалга онгойсон. Би Мөнхболдыг гарч ирж байна гэж бодоод тоогоогүй. Тэгтэл намайг хойноос хавирч унагасан. Тэгтэл эвлэрсэн байсан Болдбаатар намайг дарж дээрээс цохиж байсан. Би Болдбаатарын доороос гарч чадахгүй байсан. Тэгээд хүмүүс ирж салгаж байсан. Би Болдбаатарыг нэг цохисон. Тэгээд гарах гэхэд цаана нь хүмүүс байсан. Гэрийн баруун талын орон дээр сууж байтал Болдбаатар замын тал боржур барьж орж ирээд над руу далайж шидсэн. Би бултаад гүйгээд гарах гэхэд хаалган дээр Оргилсайхан бид хоёр тааралдаад Оргилсайхан намайг явуулахгүй гээд тэврээд авахаар би зугтах гээд түлхсэн. Тэгтэл миний хөлнөөс тэврээд цахилгаантай гуталнаас зуураад байсан. Тэгтэл Ганбаа цаанаас миний гутлын цахилгааныг тайлаад би нэг гуталтай хашаагаар гүйж гарсан. Мөнхболд бид хоёр хоёр гудам хиртэй хөл нүцгэн гүйсэн. Одоо гайгүй болж байгаа байх гэж бодоод очиж гутал, түрийвчээ авна гээд явах гэхэд Мөнхболд чи байж бай гээд явсан. Гэтэл Мөнхболд эргэж ирээд нөгөө айлаа олсонгүй гэсэн. Тэгээд бид хоёр цусны мөрөөр нөгөө айлаа олж очсон. Тэгэхэд тэд нар тайвширсан байсан. Намайг ороход Болдбаатар нүдэн дээрээ даавуу тавьсан байсан. Тэгээд айлын эмэгтэй Ачлал “цагдаа дуудсан” гэж хэлсэн. Тэгэхэд Болдбаатар, Азаа, Оргилсайхан гурав гарч явсан. Би гудамжаар түрийвчээ хайгаад явж байгаад эргүүлийн цагдаатай тааралдсан. Тэгээд цагдаатай хамт нөгөө айлд очиход Болдбаатар нар ирээгүй байсан. Тэгээд гомдолтой бол маргааш өргөдлөө өгөөрэй гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Болдбаатар нар эргүүлийн цагдаатай орж ирээд намайг заасан. Цагдаа намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч очоод маргааш ирээрэй гээд явуулсан. Тэгээд маргааш нь Болдбаатар нартай уулзаад нэг шил архи хувааж уусан. Бид нар зүгээр гомдолгүй гээд цагдаад хэлчихлээ гэсэн. Тэгээд би урагшаа хил давах ажилтай байсан. Намайг яваад ирэхэд миний гар утас руу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс яриад дуудсан. 2016 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Модны 2-т би эхнэрээ гэрт нь хүргэж өгөөд явж байтал найз Тулгатай тааралдсан. Модны хоёрт манай найз Тулгатай тааралдаад +25 нэртэй бааранд 0.750 мл архи уугаад Цирк рүү явах болсон. Би төөрөөд харих гэхэд ямар ч мөнгөгүй байсан. Тэгээд Авилгатай тэмцэх газрын урд талын байрны гадна зогсож байсан Пажеро маркийн машины цонхийг хагалж дотор нь байсан цүнхийг аваад явж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэр цүнхэнд багажны ком байсан. Машины хохиролд 90.000 төгрөг өгсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

Хохирогч У.Оргилсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Монел гэх газар Ачлал, Чемка нарын гэрт Болдбаатар, Азжаргал бид гурав очсон. Тэднийд очиход тэд урд нь уулздаг байсан юм байна лээ, би анх удаа тэр айлд очиж байсан. Бид нэг шил архи хувааж уусан. Шинэбаяр хоёр найзын хамт гурвуулаа орж ирсэн. Бид танилцаад Шинэбаярын авч ирсэн нэг шил архи, нэг пивыг уусан. Тэгтэл Болдбаатар, Шинэбаяр хоёр таарамжгүй харилцаанаас болж муудалцаад гарч зодолдоход би дундуур нь орж салгасан чинь Шинэбаяр миний нүд рүү сэрээгээр хатгасан гэж ярьдаг. Яг юугаар хатгасан гэдгийг би мэдэхгүй байна. Миний нүднээс нулимс гараад харж чадахгүй болсон. Тэгээд Шинэбаяр, Болдбаатар хоёр гаднаас орж ирэхэд Болдбаатарын нүднээс цус гарсан байдалтай, миний нүдийг сэрээгээр хатгачихлаа гэж орж ирсэн. Тэгээд Болдбаатар блок барьж орж ирсэн. Блокийг нь хаяулаад байж байтал дахин зууралдаад авахад нь намайг салгах гэхэд Шинэбаяр намайг цохисон. Юугаар цохисон гэдгийг нь мэдээгүй, би сэрээгээр цохисон гэж бодохгүй байгаа. Болдбаатар хэлэхдээ өөрийг нь сэрээгээр хатгасан гэж хэлсэн. Нүдэнд нь сэрээний ором байсан. Шинэбаяр юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Үзүүртэй зүйлээр л хатгасан байх. Цохисноос хойш юм харахгүй, гэрэл авч чадахгүй нулимс асгараад байхаар нь нүдээ аниад дараад байсан. Болдбаатар, Азаа бид гурав цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхэд Шинэбаяр зугтаад явсан байсан. Цагдаа Шинэбаярыг олоод бид хамт цагдаагийн хэлтэст очсон. Цагдаа намайг Гэмтлийн эмнэлэгт нүдээ үзүүлээд ир гэсэн. Гэмтлийн эмнэлэгт нүдний тасаг гэж байгаагүй. Би 10 цагт буцаад цагдаагийн газар очиход Шинэбаяр байгаагүй. Тэгтэл орой нь цагдаагаас яриад би очиж уулзсан. Байцаагч шүүх эмнэлгийн тогтоол өгч шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дараа нь хувийн эмнэлэг буюу  Орбита, Болор мэлмий гэх эмнэлгүүдэд үзүүлэхэд та яаралтай хагалгаанд орохгүй бол насан туршдаа хараагүй болох юм байна гэсэн. 7-14 хоногийн хугацаанд хагалгаанд орохгүй бол болохгүй, хагалгааны зардал 4.5 сая төгрөг, 10 хоног хэвтэж эмчлүүлнэ, ор хоног ороогүй гэж хэлсэн. Тэр хугацаанд би дээрх мөнгийг олж чадаагүй. Би энэ тухай Шинэбаярт хэлэх гэхэд олдохгүй байсан. Тэгээд би 1 дүгээр эмнэлэгт хэвтээд даатгалаараа хагалгаа хийлгэнэ гэж байтал манай эмнэлэг ийм хагалгаа хийдэггүй гэж хэлсэн. Тухайн үед миний нүдний хар нь цэл ногоон болж идээлсэн байсан. Тэгээд 1 нь 70.000 төгрөгийн үнэтэй тариа 3 удаа нүдэндээ хийлгэж, дотроосоо нэг эм 2-3 сар уусан. Би нүдэндээ ийм л эмчилгээ хийлгэсэн. Дахин нүдээ үзүүлэхэд таны нүдэнд хараа орохгүй гэж хэлсэн. 10 дугаар хорооллын Инфинити эмнэлэгт үзүүлэхэд мөн тэгж хэлсэн. Нүдээ аньж байгаад харахад гэрэл мэдрэгдэж байвал хагалгаа хийлгэж хараа орох магадлалтай, гэрэл мэдрэхгүй бол хараа орохгүй гэж хэлж байсан. Одоо миний нэг нүд солир болж байгаа. Хараа салгах шаардлага байхгүй гэсэн. Цаашид хийгдэх эмчилгээ байхгүй гэж ойлгосон. Ядрахаар нүд улайдаг. Ажил хийж чадахгүй байгаа. Эмчилгээний зардлаа мөрдөн байцаалтын шатанд баримтаар гаргаж өгсөн. Нэгэнт эмчилгээ байхгүй, нүдэнд ямар эмчилгээ хийлгэнэ гэж юу нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Нүдний алим бүтэн байгаа тул хиймэл нүд хийх шаардлага байхгүй гэж эмч хэлсэн. Цаашид бага багаар нүд чинь ширгэж магадгүй гэж хэлсэн. Хохиролд нийт 2.500.000 төгрөг авсан. Шүүгдэгчийн эцэг, эх надтай уулзахдаа цаашид тусална гэж хэлсэн. Би нэгэнт хараа орохгүй юм чинь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч У.Оргилсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Шинэ Агар” дэлгүүрийн хойшоо гэр хороололд айлд найз Болдбаатар, Азжаргал нарын хамт  очсон. Тэгээд тэнд Ачлал, Чимка гэх Болдбаатарын 2 найзтай бид нар уулзаад нэг шил “Хараа” нэртэй 0.5 литрийн архи хуваагаад ууж байтал гаднаас үл таних 3 хүн орж ирсэн. Тэгээд тэр хүмүүс Ачлал, Чимка нарын найзууд нь юм шиг байна лээ. Тэгээд бид нар танилцаад нийлээд архи, пиво ууцгаасан. Тэгээд шөнө ойролцоогоор 02 цагийн үед Болдбаатар, Шинэбаяр нар хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгах гэтэл миний зүүн нүд рүү барьж байсан сэрээгээрээ хатгасан. Тэгээд тэр үед нүднээс нулимс гоожоод нүд харахгүй болсон. Тэгээд Шинэбаяр гараад зугтаах гэхээр нь би хөлнөөс нь бариад хэвтсэн чинь намайг тавиулаад гараад явсан бөгөөд араас нь Болдбаатар, Азжаргал хоёр гэрээс гараад барьж авсан байсан. Тэгээд би гэрт байхад Болдбаатарын нүднээс цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд Шинэбаяр зугтаагаад доошоо яваад өгчихлөө гэж байсан. Тэгээд би тухайн үед цагдаа дуудах гэтэл утас байгаагүй. Тэгээд доошоо такси барих гээд зам руу гарч таксины хүнээс дуудлага өгсөн. Тэгээд цагдаа дээр ирсэн. Шинэбаяр гэх залуу манай найз Болдбаатартай маргалдахаар нь би салгах гэтэл миний зүүн нүд рүү нэг удаа сэрээгээр хатгаж гэмтээсэн. Миний зүүн нүд хараагүй болсон. Тухайн сэрээ нь хаана байгаа эсэхийг мэдэхгүй байна. Шинэбаяр өөрөө мэдэх байх. Шинэбаярыг би танихгүй. Тухайн айлын Ачлал, Чимка нарын талаар манай найз Болдбаатар мэднэ. …Тэнд байсан хүмүүс бүгд согтууруулах ундаа тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Сэрээ нь цайвар төмөр өнгөтэй зүгээр л хоолны сэрээ байсан. Содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна. Сэрээ барьсан байсныг би бол харсан, Болдбаатар бас харсан. Азжаргал харсан байж магадгүй. Бусад хүмүүс байсан, гэхдээ харсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс согтуу байсан. Ерөнхийдөө тэнд байсан хүмүүс нь согтуу байсан. Шинэбаяртай ирсэн нэг залуу гайгүй эрүүл байсан санагдаж байна. Тэнд Шинэбаяртай ирсэн 2 залуу, би Болдбаатар, Азжаргал, Ачлалт, Чимка гээд нийт наймуулаа байсан. Сүүлд Шинэбаяртай ирсэн нэг залуу нь яваад өгчихсөн байсан. …Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Гэхдээ болсон асуудлаа санаж байна. ...тухайн зодоон болсны дараа Шинэбаярыг явсан хойгуур гадаа хашаанд жорлонгийн урд талд түрийвч байсан бөгөөд би аваад үзтэл Б.Шинэбаярын үнэмлэх байсан, уг түрийвч нь мөнгөгүй байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 17-20 дугаар тал/

 

Шүүгдэгч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 3 дугаар сарын 9-ний орой найз Мөнхболдтой хамт байж байгаад хамаатны Ганболдтой уулзахаар болсон. Тэгээд Ганболд ирээд бид 3 Монел руу Ганболдын 2 эмэгтэй найз руу нь очсон. Тэгээд ойролцоогоор 00 цагийн үед Ганболдын найз эмэгтэйгийнд очтол гэрт нь 3 залуу, 2 эмэгтэй архи уугаад сууж байсан. Бид 3 очихдоо бас том пиво аваад очсон. Тэгээд бид нар танилцаад хамт сууцгаасан. Тэгээд жаахан юм ууцгааж байгаад нөгөө залуугийн ярианы өнгө жаахан сонин авир гаргах гээд байхаар нь гэрийн эзэн эмэгтэй Ач гэх хүнд “гэрийнхээ хутга, шөвөг юм байвал далд хийгээрэй” гэж хэлсэн чинь Болдоо гэх өндөр залуу “чи муу хутга шөвөг нуулгадаг хэн бэ” гээд надтай маргалдаад хэрэлдсэн. Тэгээд эхлээд больцгоосон бөгөөд ойролцоогоор 01 цагийн үед дахин Болдоо гэх өндөр залуутай маргалдсан бөгөөд гараад уулзаад ярилцаад зогсож байтал хажуунаас Болдоотой цуг явж байсан залуу ирээд намайг хавирч унагаасан бөгөөд нэг нь дээрээс дараад нөгөөдөх нь хажуу талаас намайг өшиглөөд байсан. Тэгэнгүүт би доор нь байж байгаад Болдбаатарыг цааш нь түлхсэн чинь цаанаас Ганболд, Мөнхболд нар ирээд салгасан. Тэгээд гэр лүү буцаад ороод зүүн талын сандалд сууж байтал нөгөө хэд чинь бөөнөөрөө орж ирсэн. Араас нь Болдбаатар том блок барьчихсан орж ирээд чамайг ална гээд над руу шидэхээр нь бултаад гэрийн нөгөө талаар нь тойроод гарсан чинь намайг нөгөө Оргилсайхан гэх нөхөр нь миний дээд хэсгээс костьюмнээс барьж авахаар нь тавиулаад явах гэтэл хаалганы үүдэнд босгон дээр миний зүүн хөлнөөс барьчихаад тавихгүй байсан. Тэгээд тавиулах үедээ би Оргилсайханы нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд тухайн үед миний өмд шувтраад задарч урагдаад тэнд үлдсэн. Мөн миний зүүн хөлийн гутал тэнд үлдсэн. Тэр үед намайг Мөнхболд дагуулаад гудамжаар тойроод зугтаасан. Тэгээд булан тойроод зогсоод байж байгаад Мөнхболд буцаад нөгөө гэр лүү яваад миний гутал, куртик, өмд зэргийг авах гээд явсан. Тухайн үед миний утас түрийвч бүх зүйл алга болсон. Тэгээд ойролцоогоор тэр буланд 20 минут хүлээж байгаад буцаад гэр лүү ортол манай найз ирээгүй нөгөө хэд чинь бүгд сууцгаасан байсан. Тэгээд би тэндээс өмдөө өмсөх гэтэл өмд маань задарсан учраас дотуур өмдтэйгээ байсан. Тэгэнгүүт тэр айлын хүүхэн цагдаа руу дуудлага өгсөн санагдаж байна. Тэгээд тэр залуучууд явлаа гээд яваад өгсөн. Би тэр хавиар утас түрийвчээ хаясан юм болов уу гээд гудамжаар хайгаад явж байтал дуудлагын цагдаа нар ирээд бид нар гэр лүү орсон. Тэгээд гэрийн эзэгтэй зодоон хийсэн хүмүүс нь яваад өгсөн гэж хэлж байсан. Тэгээд нөгөө хоёр цагдаа яваад өгсөн бөгөөд тэр гэрт жаахан эмх замбараагүй болсон, энд тэнд цус болсон байхаар нь тэрийг нь арчиж цэвэрлэсэн. Тэгээд би тэндээ хонох гээд ор засаад газраар хэвтэж байтал дахин хаалга нүдээд дуудлагаар ирсэн 2 цагдаа нөгөө 3 залуутай хамт орж ирээд хэлтэс рүү дагуулж явсан. Тэгээд тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа Оргилсайханы биеийг нэгжихэд миний түрийвч гарч ирсэн. Би тухайн Оргилсайхан гэх хүнийг сэрээгээр хатгаагүй, би зугтах гэж байхад Оргилсайхан миний хөлнөөс зуураад тавихгүй байхаар нь баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тухайн үед би баруун гарын ядам хуруунд шигтгээтэй бөгжтэй байсан юм. Намайг Болдбаатар дээрээс дарсан байхад би доор нь байхдаа ганц нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тухайн үед уг гэмтэл учирсан. Би ямар нэг сэрээ барьсан зүйл байхгүй. Би бөгжтэй гараараа цохисон. Тухайн үед Мөнхболд, Ганболд, тэгээд нөгөө 3 залуу, мөн тухайн гэрт байсан 2 эмэгтэй нийт наймуулаа байсан. Мөнхболд бол манай ажлын шугамаар танилцсан. Одоо МАХН-ын нарийн бичгийн дарга хийдэг. ...Ганболд нь миний ээжийн ахынх нь бага хүүхэд байгаа юм. ...Бусад хүмүүсийг нь би огт танихгүй, тухайн хэрэг гарсан өдөр танилцсан. ...Тухайн үед би ойролцоогоор 50 грамм архи уусан. Тэднийд очихоосоо өмнө 3 лаазтай 0.5 литрийн пиво уусан байсан. Мөнхболд ганц пиво уусан. Ганболд бол огт архи согтууруулах хэрэглээгүй байсан. Бусад хүмүүс согтууруулах ундаа уусан байсан. Би тухайн үед “таньж мэдэхгүй хүмүүс ууж идэж байна шүү, хутга шөвөг, тэрүүгээр хөглөрсөн зүйлүүдээ далд хийчихгүй юудаа” гэтэл нөгөө Болдбаатар нь чи хутга шөвөг барихаараа яадаг юм, чи хутга шөвөг харахаараа яадаг юм гээд маргаан эхэлсэн. Би бас зодуулсан учраас гомдолтой. Миний гар утас алга болсон, түрийвчин дотор байсан 270.000 төгрөг байхгүй болсон. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ  нэмж ярих зүйл байхгүй, би урьд өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг тодорхой ярьсан. Би дахин шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Би өөрийн биеэр байлцаж шүүх эмнэлгээс гэмтлийн зэргийг дахин тогтоолгох хүсэлтэй байна. Уг шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ би болсон хэргийн талаар тодорхой санаж байна. Би эмнэлгийн зардлыг харж байгаад барагдуулах болно. Шүүх эмнэлгийн дахин гаргасан дүгнэлтээс шалтгаалж эмчилгээний зардлыг барагдуулах болно.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 63-68 дугаар тал/

 

Гэрч Ч.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Монелд танил Ачлалтын гэрт орой ойролцоогоор 22-23 цагийн үед найз Оргилсайхан, Азжаргал нарын хамт очсон. Тэгээд тэндээ архи уугаад уугаад байж байтал гаднаас Шинээ гэх залуу хоёр эрэгтэй найзын хамт орж ирсэн. Тэгээд тэнд бид нар танилцаад нийлээд сууцгаасан. Тэгээд байж байгаад Шинээ гэх залуу шүүх, цагдаа, шорон гэх зэрэг янз бүрийн л юм яриад байсан, үүнээс болж маргалдаад улмаар би Шинэбаяртай тухайн гэрт барьцалдаж авсан. Тэгтэл хажуунаас Оргилсайхан салгах гэж оролдоход Шинэбаяр сэрээгээр Оргилсайханы нүд рүү нэг удаа хатгачихсан. Тэгээд гарах гээд байсан бөгөөд Оргилсайхан гаргахгүй гээд хөлнөөс нь зуураад битгий явуулаарай гээд зуураад байсан. Тэгээд Шинэбаяр нь Оргилсайханыг тавиулаад гэрээс гарсан бөгөөд би араас нь гараад барьж аваад зууралдаад хоёулаа хамт унасан. Тухайн үед Шинэбаяр сэрээгээр намайг зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон бөгөөд миний нүдний дээд хэсэг шалбарсан байсан. Тэгээд Шинэбаяр гэрлүү буцаад орсон. Тэгээд би араас нь тал блок байхаар нь авч ороод “чи намайг сэрээгээр хатгачихлаа ш дээ” гэхэд “харин тиймээ уучлаарай” гэсэн. Тухайн үед би тал блок барьж ороод гэрт далайж байгаад гэрт нь хаясан. Тэгээд намжсан бөгөөд би Оргилсайхан, Азжаргал нарын хамт харих гээд явж байгаад цагдаа дуудахаар шийдээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед танихгүй таксины жолоочийн утсаар дуудлага өгүүлсэн. Би гэрийн гадаа Шинэбаяртай зууралдаад газар унасан байхад миний зүүн нүдний дээд хөмсөг, зовхи хэсэгт нэг удаа сэрээгээр хатгаж гэмтээсэн. Тухайн үед би Шинэбаяртай маргалдсаны улмаас уг хэрэг болсон. Хэрэг ойролцоогоор миний санаж байгаагаар 02 цаг юм уу 03 цагийн үед болсон. Оргилсайханы зүүн нүд рүү Шинэбаяр гэгч нэг удаа сэрээгээр хатгаж гэмтээсэн. Тухайн үед би Шинэбаяртай гэр дотор маргалдаж байхад Оргилсайхан салгах гэтэл Шинэбаяр нь сэрээгээр нэг удаа хатгасан. Уг сэрээ одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Сэрээг хаанаас авсан эсэхийг нь ч харж чадаагүй, тухайн үед би согтуу байсан. Шинэбаярын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй зүгээр байсан. Тухайн хэрэг болоход эрүүл хүн бараг байхгүй байсан. Шинэбаяртай хамт ирсэн нэг залуу нь түрүүлээд явчихсан байсан тэр залуу харахад эрүүл байх шиг байсан. Би дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад Шинэбаярт ямар нэгэн гомдол санал байхгүй, би тухайн үедээ уулзаад Шинэбаяртай эвлэрсэн байгаа. ...Би Шинэбаяртай маргалдаад барьцалдах үед Оргилсайхан салгах гэтэл зүүн нүд рүү нь нэг удаа сэрээгээр хатгасан, гэрээс гараад би Шинэбаярыг барьж автал намайг бас цохисон намайг яг юугаар цохисон эсэхийг би харж чадаагүй, миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Бусдаар бол дандаа зууралдсан байдалтай байсан. Шинэбаярын биед ямар нэг гэмтэл учраагүй. Шинэбаяр өөрөө намайг цохь гээд байсан би цохичихвол буруудна гээд огт цохиогүй. Манай найз Оргилсайханы зүүн нүд хараагүй болсон, одоо юу ч харахгүй, миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан одоо зүгээр болсон. Шинэбаяр нь шорон яриад томроод байхаар нь миний уур хүрээд “чи яасан их шорон ярьдаг юм бэ” гээд улмаар маргалдсан. Тэгээд уг маргаанаас болж ийм хэрэг үүссэн. Тэнд байсан бүх хүмүүс согтуу байсан, би болон Шинэбаяр согтуу байсан. Хэрэг болох үед Оргилсайхан, Азжаргал, Ачлал, Ачлалын найз Чимка гэх эмэгтэй, Шинэбаяр, түүний найз Ганбаа гэх залуу, мөн өөр нэг залуу бүгд байсан. Тухайн хэрэг Монгол гэрт болсон бөгөөд гараад хашаан дотор надад гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 22-25 дугаар тал/

 

Гэрч А.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ойролцоогоор 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийд байх Ачлал, Чимка гэх хоёр эмэгтэйгийнд очсон. Тэгээд тэнд Болдбаатар, Оргилсайхан бид 3 очсон бөгөөд тэнд Ачлал, Чимка, бас нэг залуу байсан, тэгээд бид нар 1 шил архи уугаад сууж байтал гаднаас 2 залуу орж ирсэн. Тэгээд бид нар танилцаад нилээд сууцгаасан. Би баруун орон дээр унтаж байхад Азаа хөгшөөн сэрээрэй гээд Болдбаатар намайг сэрээгээд “миний нүд рүү сэрээдчихлээ” гээд байсан. Тэгээд би босож ирээд нөгөө залуу чинь хааччихсан юм гэтэл мэдэхгүй гараад гүйгээд явчихсан гэсэн. Тэгээд бид тэндээс гарсан бөгөөд Ачлал, Чимка нар нөгөө нэг залуутай үлдсэн. ...Гэр дотор сүртэй хэрүүл маргаан зодоон болоогүй, Оргилсайханы нүдийг хэн гэмтээсэн эсэхийг би хараагүй, Оргилсайхан өөрөө хэлэхдээ тэнд байсан Шинэбаяр гэх залууг чи миний нүдийг цохисон гээд байсан. Намайг харахад Оргилсайханаас ямар нэг цус гарсан зүйл байгаагүй, харин нүд өвдөөд байна гээд байсан. Тэгээд нүдээ нухаад яваад байсан. ...Тухайн үед Болдбаатарын нүднээс цус гарч байсан, Оргилсайхан нүдээ нухаад байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 26-27 дугаар тал/

 

Гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Улиастай 116 дугаар чиглэл буюу Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороог тус тус хариуцан машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд тухайн шөнө буюу ойролцоогоор 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 20-289 тоот байхаа, зодоон болоод байна гэх дуудлагыг хүлээн авч очиход уг тоотын гадаа сааралдуу өнгийн дотуур өмдтэй 25 орчим насны эрэгтэй хүн явж байхыг шалгахад өөрийгөө Шинэбаяр гэж хэлээд би 289 тоот айлд ирсэн, тэгээд 2 хүнд зодуулаад 200.000 төгрөг, хэтэвч, утсаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би нөгөө Шинэбаяр гэх залууг дагуулаад зодоон болсон гэх айл руу ороход 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд юу болсоныг асуутал уг айлын эмэгтэй манай танил 2 залуу ирж манайд архи ууж байгаад маргалдаад гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би Шинэбаярт дээрэмдүүлсэн бол өргөдөл гарган шалгуулах талаар зөвлөсөн. Тэгээд би дараагийн дуудлага руугаа явсан бөгөөд үүрээр ойролцоогоор 04-05 цагийн орчимд “Шинэ агар” дэлгүүр дээр хүлээж байя, нүд рүү сэрээгээр хатгасан хүн айлд байна, айлыг нь заагаад өгье гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн хүнтэй уулзаад айлыг нь заалгаад очтол шөнө зодоон болоод байна гэх дуудлага өгсөн айлыг заагаад “энд миний нүд рүү сэрээгээр хатгасан хүн байгаа” гэсний дагуу уг айл руу ороход нөгөө Шинэбаяр гэх залуу унтаж байсан бөгөөд Шинэбаяр гэгч нь миний нүд рүү сэрээгээр хатгасан гэсний дагуу хэлтэст авчирч жижүүрийн мөрдөн байцаагч Содгэрэлд хүлээлгэн өгсөн. Тухайн үед Шинэбаяр гэгч нь бас дээрэмдүүлсэн гэж нөгөө 2 залууд өргөдөл өгнө гэж байсан. Намайг дуудлагаар очиход Шинэбаяр гэгчийн хамраас нь цус гарсан бололтой халтартсан байсан, дуудлага өгсөн гэх өндөр залуугийн нүднээс нь шалбарч цус гарч байсан, нөгөө намхан залуу нь нэг нүдээ нухаад нулимс нь гараад байсан цус гарч байгаа зүйл харагдаагүй. Тэдгээр хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 28-29 дүгээр тал/

 

Гэрч Б.Мөнхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед найз Шинэбаяртай уулзаад хоол идчихээд би нэг пиво уугаад, Шинээ 2 ширхэг пиво уусан. Тэгээд байж байтал Ганбаа гэх Шинээгийн найз нь гээд нэг залуу ирсэн. Тэгээд бид нар тэндээс гараад Ганболд Баянзүрх дүүрэг Монел руу явъя гээд явсан. Замаар дэлгүүрээс 1 том пиво аваад тухайн Монел руу очсон. ...Тэгээд бид нар пивоо хувааж уусан бөгөөд Ганболд пиво уугаагүй бусад нь пиво уусан. Тэд нар архи тойруулж байсан бөгөөд бид 3-т хийж өгөхөөр нь Шинээ 2 удаа татсан. Ганболд бид хоёр архи уугаагүй. Тэгээд тэнд нөгөө 2 эмэгтэй нь бид 3-тай юм яриад сууж байтал намхан залуу нь та нар хаанаас ирсэн юм, яах гэж ирсэн юм гээд үг хаяад байсан. Тэгсэн чинь Шинээ тэндээс нөгөө гэрийн эзэн гэх охинд хандаж үзүүртэй иртэй, юмнуудаа далд хий гэж хэлсэн. Тэгээд Шинээ, гэрийн эзэн нь гэх эмэгтэйтэй хамт ил байсан, хоол иддэг сэрээ, галын хайч зэргийг далд хийж байсан. Тэгээд байж байтал тэр намхан залуу нь та нар ер нь сэрээ барихаараа яадаг юм, та нар ер нь яадаг юм гээд босож ирээд Шинээг бариад авсан бөгөөд ноцолдоод дээр доороо орсон. Тэгтэл нөгөө өндөр залуу нь цаад орноос босож ирээд Ганбаа бид хоёр хажуунаас бас салгаж авсан. Тэгээд тэр 3 залуу бид нар явлаа уучлаарай гаръя гэсэн. Тэгээд гарсан бөгөөд би араас нь Шинээтэй цуг гарсан. Тэгээд гэрийнх нь гадаа хашаан дотор нь өндөр залуу нь Шинээг хавирч унагаасан, тэгэхээр нь би очоод өндрийг нь болиулаад Шинээгээс салгасан, тэгтэл хажуунаас намхан нь дахиад Шинээг 00-н тийшээ дарж унагаагаад зодолдоод байсан. Тэгээд гэрээс Ганбаа гүйгээд гарч ирсэн бөгөөд Шинээг салгаад гэр лүү оруулсан, нөгөө 3 залуу гадаа үлдсэн. Тэгтэл нөгөө өндөр залуу том чулуу барьж орж ирээд чулуу далайгаад шидэх гэхээр нь нэг хүүхэн нь Ганбаатай нийлж болиулаад тайвшруулаад орон дээр суулгасан. Араас нөгөө намхан орж ирээд гэрийн үүдэнд Шинээтэй барьцалдаад авсан бөгөөд Ганбаа намхан залууг гэрийн үүдэн дээр дарсан бөгөөд намайг Шинээг аваад гар гэхээр нь би Шинээг аваад гарах гэтэл намхан залуу Шинээгийн өмднөөс зуураад байсан. Тэгээд би Шинээг дагуулж гараад зүүн тийш дээш гудамжаар явсан бөгөөд явж байх замдаа өмдөө тайлж хаяад явж байтал Шинээ “мөнгөө өмднийхөө халаасанд үлдээчихсэн байна, чи аваад ирээч” гэсэн. Тэгээд би буцаж яваад өмдийг нь хайгаад олоогүй бөгөөд би Шинээг авах гээд ирэхэд Шинээ байхгүй байсан. Тэгэхээр нь би тэрүүгээр Шинээг хайж байгаад олдохгүй болохоор нь гэртээ харьсан. Тухайн үед Шинэбаяр, Оргилсайхан нар хоорондоо гараараа цохилцсон зууралдсан. Шинэбаяр гэрийн гадаа бас өндөр залуутай зууралдаж цохилцсон. Өндөр залуу Шинэбаярыг хавирч унагаасан. Шинэбаяр тэр залуутай мөн цохилцсон ... Тухайн гэрт галын хайч байсан. 2 ширхэг хоол иддэг сэрээ байсан. Хутга, заазуур мэтийн зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 30-32 дугаар тал/

 

Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “…Шинэбаяр Чимкаг “таньж мэдэхгүй хүмүүс сууж байна, хутга шөвөг илүү дутуу юм аа нуу” гэсэн. Тэгээд Чимка нь босоод юмаа далд хийгээд байсан. Тэгтэл Болдоо гэх залуу, намхан залуу “хоёр хутга барихаар чи яадаг юм” гээд хэрүүл болсон. Тэгээд тэнд хэсэг маргалдаад улмаар Болдоо гэх өндөр залуу Шинээтэй барилцаж аваад зууралдаад гарсан. Тэгээд гадаа орилж чарлаад байхаар нь гараад ирсэн чинь Болдоо Шинээ нар 00-ын зүүн хойд талд газар унасан байдалтай байсан. Би очиж салгасан.  ...Би Болдоог боль гээд гэр лүү авч ороход зүүн талын нүд, хөмсөг хэсэгт нь шалбарсан байсан. Тэгээд Шинээ Мөнхболд нар гараад явчихсан бөгөөд хэсэг хугацааны дараа Шинээ ганцаараа өрөөсөн гуталтай өмд нь уранхай орж ирсэн.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 33-34 дүгээр тал/

 

Хохирогч Л.Эрдэнэбалын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны 43 дугаар байрны гадна би өөрийн 02-48 УНН улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслээ тавьсан. Өглөө 07 цагийн үед би гэрээсээ гарахад миний машин дээр цагдаа ирээд зураг авч байсан. Тэгээд намайг цагдаа нар өглөө хэлтэс дээр ирээрэй гээд явсан. Маргааш нь Сүхбаатарын цагдаагийн газар нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд тэр хулгай хийсэн хүн нь баригдсан байсан. Мөрдөн байцаагч надад таны бүх алдагдсан эд зүйлс олдсон гэж хэлээд миний алдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн. ...Хохирол мөнгө барагдсан, гэхдээ хулгай хийсэн этгээдэд хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 229-230 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 3565 дугаар:

“1. У.Оргилсайханы биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн шарх, шилэнцэр бүрхүүлийн бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Нэг нүдний хараа алдалт нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 65% нөлөөлнө.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 45 дугаар тал/

 

Шинжээч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн: “У.Оргилсайханд учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах бөгөөд ирмэг, үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүд хараа алдсан сохорсон. Хараа сэргэхгүй, эмчилгээ хийсэн ч хараа орохгүй.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 138 дугаар тал/

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,

/1хх-ийн 10-15 дугаар тал/

 

Хохирогч У.Оргилсайханы “Орбита” нүдний эмнэлэгт үзүүлсэн баримтууд, өвчний түүх,

/1хх-ийн 49-55, 157-162 дугаар тал/

 

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирлын баримт,

/1хх-ийн 209-210 дугаар тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1хх-ийн 223-225 дугаар тал/

 

Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл,

/1хх-ийн 226-228/

 

Эд зүйлийн үнэлгээ,

/1хх-ийн 243, 2хх-ийн 2 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/1хх-ийн 69 дүгээр тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 73 дугаар тал/

 

Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар,

/1хх-ийн 75-79, 81-82, 85-92/

 

Өргөмжлөл, талархал, диплом, үнэмлэхний хуулбар /1хх-ийн 111-125 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 9-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 20-289 тоотод иргэн У.Оргилсайхан, Ч.Болдбаатар нартай хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар У.Оргилсайханы зүүн нүд рүү сэрээгээр хатгаж хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны гадна байсан иргэн Л.Эрдэнэбалын 0248 улсын дугаартай “Пажеро” маркийн автомашины хаалганы цонхийг хагалан нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Гэтэл Болдбаатар “чи хутга хураалгадаг хэн бэ, чи хатгачихдаг юм уу, би бас орж гарч байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би ч гэсэн шоронгоос гараад удаагүй байна” гэсэн. Тэгээд Болдбаатар намайг баруун талын орон дээр дарахад хамт байсан хүмүүс салгасан. …Тэгтэл эвлэрсэн байсан Болдбаатар намайг дарж дээрээс цохиж байсан. Би Болдбаатарын доороос гарч чадахгүй байсан. Тэгээд хүмүүс ирж салгаж байсан. Би Болдбаатарыг нэг цохисон. …Би бултаад гүйгээд гарах гэхэд хаалган дээр Оргилсайхан бид хоёр тааралдаад Оргилсайхан намайг явуулахгүй гээд тэврээд авахаар би зугтах гээд түлхсэн. …2016 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Модны 2-т би эхнэрээ гэрт нь хүргэж өгөөд явж байтал найз Тулгатай тааралдсан. Модны хоёрт манай найз Тулгатай тааралдаад +25 нэртэй бааранд 0.750 мл архи уугаад Цирк рүү явах болсон. Би төөрөөд харих гэхэд ямар ч мөнгөгүй байсан. Тэгээд Авилгатай тэмцэх газрын урд талын байрны гадна зогсож байсан Пажеро маркийн машины цонхийг хагалж дотор нь байсан цүнхийг аваад явж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэр цүнхэнд багажны ком байсан. Машины хохиролд 90.000 төгрөг өгсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн.” гэх,

хохирогч У.Оргилсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Тэгтэл Болдбаатар, Шинэбаяр хоёр таарамжгүй харилцаанаас болж муудалцаад гарч зодолдоход би дундуур нь орж салгасан чинь Шинэбаяр миний нүд рүү сэрээгээр хатгасан гэж ярьдаг. Яг юугаар хатгасан гэдгийг би мэдэхгүй байна. Миний нүднээс нулимс гараад харж чадахгүй болсон. Тэгээд Шинэбаяр, Болдбаатар хоёр гаднаас орж ирэхэд Болдбаатарын нүднээс цус гарсан байдалтай “миний нүдийг сэрээгээр хатгачихлаа” гэж орж ирсэн. Тэгээд Болдбаатар блок барьж орж ирсэн. Блокийг нь хаяулаад байж байтал дахин зууралдаад авахад нь намайг салгах гэхэд Шинэбаяр намайг цохисон. …Шинэбаяр юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Үзүүртэй зүйлээр л хатгасан байх. Цохисноос хойш юм харахгүй, гэрэл авч чадахгүй нулимс асгараад байхаар нь нүдээ аниад дараад байсан. …Дараа нь хувийн эмнэлэг буюу  Орбита, Болор мэлмий гэх эмнэлгүүдэд үзүүлэхэд та яаралтай хагалгаанд орохгүй бол насан туршдаа хараагүй болох юм байна гэсэн. 7-14 хоногийн хугацаанд хагалгаанд орохгүй бол болохгүй, хагалгааны зардал 4,5 сая төгрөг, 10 хоног хэвтэж эмчлүүлнэ, ор хоног ороогүй гэж хэлсэн. Тэр хугацаанд би дээрх мөнгийг олж чадаагүй. Би энэ тухай Шинэбаярт хэлэх гэхэд олдохгүй байсан. Тэгээд би 1 дүгээр эмнэлэгт хэвтээд даатгалаараа хагалгаа хийлгэнэ гэж байтал манай эмнэлэг ийм хагалгаа хийдэггүй гэж хэлсэн. Тухайн үед миний нүдний хар нь цэл ногоон болж идээлсэн байсан. Тэгээд 1 нь 70.000 төгрөгийн үнэтэй тариа 3 удаа нүдэндээ хийлгэж, дотроосоо нэг эм 2-3 сар уусан. Би нүдэндээ ийм л эмчилгээ хийлгэсэн. Дахин нүдээ үзүүлэхэд таны нүдэнд хараа орохгүй гэж хэлсэн. 10 дугаар хорооллын Инфинити эмнэлэгт үзүүлэхэд мөн тэгж хэлсэн. Хохиролд нийт 2.500.000 төгрөг авсан. Шүүгдэгчийн эцэг, эх надтай уулзахдаа цаашид тусална гэж хэлсэн.” гэх,

гэрч М.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Тухайн үед Оргилсайхан хүнд зодуулчихлаа гээд зодсон хүнээ зааж өгье гэж хэлсэн. Оргилсайханы нүднээс нь нулимс гарсан байсан. Сэрээгээр хатгуулсан гэж хэлж байсан. Би сэрээг нь хайгаад олоогүй.” гэх,

гэрч А.Азжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би унтаж байсан. Гэтэл Болдоо намайг дуудаад “нүд ийм болчихлоо” гэж байсан. Тухайн үед хүмүүс зодолдсон юм байхгүй. Унтаад сэрэхэд Болдоогийн нүднээс цус гарсан байсан. Маргаан болж байхад би их согтсон байсан тул унтсан байсан. Тухайн үед болсон явдлыг мэдэхгүй. Намайг сэрэхэд Оргилсайхан нь “Шинэбаяр нүд рүү цохиод, нүд аргаад байн”а гээд нүдээ нухаад байсан.” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч У.Оргилсайханы өгсөн “…Тэгээд шөнө ойролцоогоор 02 цагийн үед Болдбаатар, Шинэбаяр нар хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгах гэтэл миний зүүн нүд рүү барьж байсан сэрээгээрээ хатгасан. Тэгээд тэр үед нүднээс нулимс гоожоод нүд харахгүй болсон. Тэгээд Шинэбаяр гараад зугтаах гэхээр нь би хөлнөөс нь бариад хэвтсэн чинь намайг тавиулаад гараад явсан бөгөөд араас нь Болдбаатар, Азжаргал хоёр гэрээс гараад барьж авсан байсан. Тэгээд би гэрт байхад Болдбаатарын нүднээс цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд Шинэбаяр зугтаагаад доошоо яваад өгчихлөө гэж байсан. Тэгээд би тухайн үед цагдаа дуудах гэтэл утас байгаагүй. Тэгээд доошоо такси барих гээд зам руу гарч таксины хүнээс дуудлага өгсөн. Миний зүүн нүд хараагүй болсон. Тухайн сэрээ нь хаана байгаа эсэхийг мэдэхгүй байна. Шинэбаяр өөрөө мэдэх байх. …Тэнд байсан хүмүүс бүгд согтууруулах ундаа тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан. …Сэрээ нь цайвар төмөр өнгөтэй зүгээр л хоолны сэрээ байсан. Содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна. Сэрээ барьсан байсныг би бол харсан, Болдбаатар бас харсан. Азжаргал харсан байж магадгүй. Бусад хүмүүс байсан, гэхдээ харсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс согтуу байсан.” гэх /1хх-17-20/,

шүүгдэгч Б.Шинэбаярын өгсөн “…Тэгээд тавиулах үедээ би Оргилсайханы нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд тухайн үед миний өмд шувтраад задарч урагдаад тэнд үлдсэн. …Тухайн үед би баруун гарын ядам хуруунд шигтгээтэй бөгжтэй байсан юм. Намайг Болдбаатар дээрээс дарсан байхад би доор нь байхдаа ганц нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тухайн үед уг гэмтэл учирсан.” гэх /1хх-63-68/,

гэрч Ч.Болдбаатарын өгсөн “…Тэгээд тэнд бид нар танилцаад нийлээд сууцгаасан. Тэгээд байж байгаад Шинээ гэх залуу шүүх, цагдаа, шорон гэх зэрэг янз бүрийн л юм яриад байсан, үүнээс болж маргалдаад улмаар би Шинэбаяртай тухайн гэрт барьцалдаж авсан. Тэгтэл хажуунаас Оргилсайхан салгах гэж оролдоход Шинэбаяр сэрээгээр Оргилсайханы нүд рүү нэг удаа хатгачихсан. Тэгээд гарах гээд байсан бөгөөд Оргилсайхан гаргахгүй гээд хөлнөөс нь зуураад битгий явуулаарай гээд зуураад байсан. Тэгээд Шинэбаяр нь Оргилсайханыг тавиулаад гэрээс гарсан бөгөөд би араас нь гараад барьж аваад зууралдаад хоёулаа хамт унасан. Тухайн үед Шинэбаяр сэрээгээр намайг зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон бөгөөд миний нүдний дээд хэсэг шалбарсан байсан. Тэгээд Шинэбаяр гэрлүү буцаад орсон. Тэгээд би араас нь тал блок байхаар нь авч ороод “чи намайг сэрээгээр хатгачихлаа ш дээ” гэхэд “харин тиймээ уучлаарай” гэсэн. Тухайн үед би тал блок барьж ороод гэрт далайж байгаад гэрт нь хаясан. Тэгээд намжсан бөгөөд би Оргилсайхан, Азжаргал нарын хамт харих гээд явж байгаад цагдаа дуудахаар шийдээд цагдаад дуудлага өгсөн. …Тухайн үед би Шинэбаяртай гэр дотор маргалдаж байхад Оргилсайхан салгах гэтэл Шинэбаяр нь сэрээгээр нэг удаа хатгасан. Уг сэрээ одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Сэрээг хаанаас авсан эсэхийг нь ч харж чадаагүй, тухайн үед би согтуу байсан. Шинэбаярын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй зүгээр байсан. Тухайн хэрэг болоход эрүүл хүн бараг байхгүй байсан. Шинэбаяртай хамт ирсэн нэг залуу нь түрүүлээд явчихсан байсан тэр залуу харахад эрүүл байх шиг байсан.” гэх /1хх-22-25/,

гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн “…Тэгээд би дараагийн дуудлага руугаа явсан бөгөөд үүрээр ойролцоогоор 04-05 цагийн орчимд “Шинэ агар” дэлгүүр дээр хүлээж байя, нүд рүү сэрээгээр хатгасан хүн айлд байна, айлыг нь заагаад өгье гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн хүнтэй уулзаад айлыг нь заалгаад очтол шөнө зодоон болоод байна гэх дуудлага өгсөн айлыг заагаад “энд миний нүд рүү сэрээгээр хатгасан хүн байгаа” гэсний дагуу уг айл руу ороход нөгөө Шинэбаяр гэх залуу унтаж байсан бөгөөд Шинэбаяр гэгч нь миний нүд рүү сэрээгээр хатгасан гэсний дагуу хэлтэст авчирч жижүүрийн мөрдөн байцаагч Содгэрэлд хүлээлгэн өгсөн.” гэх /1хх-28-29/,

гэрч Б.Мөнхболдын өгсөн “…Тэгээд Шинээ, гэрийн эзэн нь гэх эмэгтэйтэй хамт ил байсан, хоол иддэг сэрээ, галын хайч зэргийг далд хийж байсан. Тэгээд байж байтал тэр намхан залуу нь “та нар ер нь сэрээ барихаараа яадаг юм, та нар ер нь яадаг юм” гээд босож ирээд Шинээг бариад авсан бөгөөд ноцолдоод дээр доороо орсон. Тэгтэл нөгөө өндөр залуу нь цаад орноос босож ирээд Ганбаа бид хоёр хажуунаас бас салгаж авсан. Тэгээд тэр 3 залуу “бид нар явлаа, уучлаарай гаръя” гэсэн. Тухайн гэрт галын хайч байсан. 2 ширхэг хоол иддэг сэрээ байсан.” гэх /1хх-30-32/,

гэрч Б.Ганболдын өгсөн “…Шинэбаяр Чимкаг “таньж мэдэхгүй хүмүүс сууж байна, хутга шөвөг илүү дутуу юм аа нуу” гэсэн. Тэгээд Чимка нь босоод юмаа далд хийгээд байсан. Тэгтэл Болдоо гэх залуу, намхан залуу “хоёр хутга барихаар чи яадаг юм” гээд хэрүүл болсон. Тэгээд тэнд хэсэг маргалдаад улмаар Болдоо гэх өндөр залуу Шинээтэй барилцаж аваад зууралдаад гарсан. Тэгээд гадаа орилж чарлаад байхаар нь гараад ирсэн чинь Болдоо Шинээ нар 00-ын зүүн хойд талд газар унасан байдалтай байсан. Би очиж салгасан.  ...Би Болдоог боль гээд гэр лүү авч ороход зүүн талын нүд, хөмсөг хэсэгт нь шалбарсан байсан.” гэх /1хх-33-34/,

шинжээч О.Болороогийн өгсөн “У.Оргилсайханд учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах бөгөөд ирмэг үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүд хараа алдсан сохорсон. Хараа сэргэхгүй, эмчилгээ хийсэн ч хараа орохгүй.” гэх /1хх-138/,

хохирогч Л.Эрдэнэбалын өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны 43 дугаар байрны гадна би өөрийн 02-48 УНН улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслээ тавьсан. Өглөө 07 цагийн үед би гэрээсээ гарахад миний машин дээр цагдаа ирээд зураг авч байсан. Тэгээд намайг цагдаа нар өглөө хэлтэс дээр ирээрэй гээд явсан. Маргааш нь Сүхбаатарын цагдаагийн газар нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд тэр хулгай хийсэн хүн нь баригдсан байсан. Мөрдөн байцаагч надад таны бүх алдагдсан эд зүйлс олдсон гэж хэлээд миний алдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн. ...Хохирол мөнгө барагдсан, гэхдээ хулгай хийсэн этгээдэд хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй байна.” гэх /1хх-ийн 229-230/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 3565 дугаар “1. У.Оргилсайханы биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн шарх, шилэнцэр бүрхүүлийн бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэг, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Нэг нүдний хараа алдалт нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 65% нөлөөлнө.” гэх дүгнэлт /1хх-45/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-10-15/,

хохирогч У.Оргилсайханы “Орбита” нүдний эмнэлэгт үзүүлсэн баримтууд, өвчний түүх /1хх-49-55, 157-162/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-223-225/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Шинэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

                                                                                                

Б.Шинэбаярт холбогдох хэргийг хэлэлцээд тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Шинэбаярт Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 369А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сар хорих ял шийтгэж, Сум дундын 21 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

                                                                                                             Шүүх шүүгдэгч Б.Шинэбаярт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар хохирогч У.Оргилсайхан нь өөрт учирсан гэм хорын хохирол буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд тэрээр гэм хорын хохирлын талаарх баримтыг гарган өгөөгүй, шүүгдэгч Б.Шинэбаяр нь хохирогч У.Оргилсайханд 2.500.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогч У.Оргилсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт “өмнө нь дуудлагын жолооч, кузов засвар, машины замаск хийх зэрэг ажил эрхэлдэг байсан. Одоо энэ ажлаа хийхэд харааны хүндрэл гарч байгаа. Хол ойрын зайг мэдрэхэд хүндрэлтэй болсон тул бүдэрч унах асуудал гардаг болсон. Одоо би ганцаараа хөлсний байраар амьдарч байна” гэж мэдүүлж байх тул цаашид хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь хохирогч Л.Эрдэнэбалд 65.000 төгрөгийг болон ногоон эрээн өнгийн том цүнхтэй ком дорцов, дохионы гурвалжин гэрэл багажийг буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл /2хх-1/ баримтаар тогтоогдсон, мөн хохирогч Л.Эрдэнэбал нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Хохирол мөнгө барагдсан, гэхдээ хулгай хийсэн этгээдэд хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй байна” гэсэн байх тул шүүгдэгч Б.Шинэбаярыг хохирогч Л.Эрдэнэбалд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг металл сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Шинэбаяр нь 27 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Таван богд овогт Батхүүгийн Шинэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 05 жил 01 сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Шинэбаярт оногдуулсан 05 жил 01 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинэбаярын урьд цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Шинэбаяр нь хохирогч Л.Эрдэнэбалд төлөх төлбөргүй, хохирогч У.Оргилсайханы эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч У.Оргилсайхан нь өөрт учирсан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металл сэрээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шинэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ОДОНТУУЛ

 

               ШҮҮГЧИД                                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ                                                 

 

Т.ШИНЭБАЯР