Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00106

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00424 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 865 дугаар магадлалтай,

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Г А Ү” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт нийт 10,150,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Наранцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00424 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Г А Ү ХХК-иас 7 977 471 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 172 938 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 865 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00424 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулий 262 дугаар зүйлийн 262.1...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 589 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 111 224 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч М.Наранцэцэг хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл: Г А Ү ХХК-нь Э ХХК-тай 2019.01.01-ний өдрийн ЗГ190422 тоот эм, бараа, худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний 7.6-д төлбөр тооцоог хийхдээ падааны мөнгөн дүн хугацаа, гарын үсгийг үндэслэн санхүүгийн төлбөр тооцоогоо хийх тул гарын үсэг нь тодорхой бичигдсэн байна гэж заасан. Мөн гэрээний 3.2-т уг гэрээний талууд бараа нийлүүлэхдээ барааны нэр төрлийг тодорхой бичээд 2 хувь баримт хувилаад бараа хүлээлцэж байгаа хүнд нэг хувийг нөгөө хувийг өөрөө авна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд Э ХХК-аас эм хүлээлгэн өгсөн нэхэмжлэлд дурьдсан хугацааны баримтууд тус компанид байдаггүй, тухайн ажлыг хариуцаж байсан нягтлан бодогч нь “ажлаа хүлээлгэж өгөлгүй, орхиж явсан” тул нэхэмжлэгч компанитай тооцоо нийлж, төлбөр барагдуулах боломжгүй байдал үүссэн. Энэхүү учир байдлаа Г А Ү ХХК-ний захирал анхны шүүх хуралдаан дээр тайлбарлаж, талууд тооцоо нийлвэл, эвлэрэх боломжтой гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон. Уг шүүх хуралдааны дараа Э ХХК-ийн ажилтан утсан дээрээ бүдэг дарсан санхүүгийн баримтуудыг хариуцагч Наранцэцэг надад үзүүлээд, гарын үсгээ зур гэж шаардсаар байжийж зуруулсан, энэхүү гарын үсгийг зурж байхдаа “шүүх хуралдаан дээр ярилцсаны дагуу уг үнийн дүн дээр эвлэрэх юм байна гэх ойлголтоор зурсан байдаг” гэтэл нэхэмжлэгч тал миний гарын үсэг зурсан баримтан дээр нэмж алданги тооцон шүүхээр нэхэмжлэх болсон, улмаар намайг төөрөгдүүлэн зуруулсан баримтаа шүүхэд нотлох баримт болгож, миний эсрэг ашигласан. Миний бие арга буюу шүүхэд хандаж хүсэлт гаргасны дагуу Э ХХК-ийн баримтыг эх хувиар нь авчруулан танилцахад 1,117,305 төгрөгний хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэггүй баримт байсан. Энэхүү нөхцөл байдлаа шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 12, 26 дахь талд “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт бичигт гарын үсэг зурсан гэх үндэслэлээр “нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1,117,305 төгрөгийг хасахгүйгээр шийдвэрлэсэн, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд “Хариуцагч тооцооны үлдэгдлийн баталгаанд төөрөгдөж гарын үсэг зурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтын цаг хугацааны үйл баримтаас тодорхой харагдаж байгаа, өөрөөр хэлбэл хариуцагч тал “тооцооны үлдэгдлийн баталгаанд төөрөгдөж гарын үсэг зураагүй байсан бол шүүхийн хэлэлцүүлгийн үед хүсэлт гаргаж “нэхэмжлэгч талаас хүлээлгэн өгсөн санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар авчруулах шаардлагагүй байсан”. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөх үнийн дүнгээс хүлээлгэн өгсөн нь нотлогдоогүй 1,117,305 төгрөгийг хасч нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г А Ү ХХК-аас гэрээний үүрэгт нийт 10,150,409 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

7. Талуудын хооронд 2019.01.01-ний өдөр байгуулагдсан эм, эмийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, “Э ХХК нь 18,467,560 төгрөгийн эмийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, Г А Ү ХХК 13,149,246 төгрөгийг төлж, 5,318,314 төгрөгийг төлөөгүй нь авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдсон, хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн учир гэрээний 5.4-д зааснаар алданги шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна. Талууд 2019.01.01-2020.01.17-ны өдрийг дуустал хугацааны тооцоог хамруулж 5,314,314 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан, уг баримтыг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж, татгалзлаа нотлоогүй байв. /хх-ийн 5-9, 12, 36/

 

8. Хоёр талт гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч хариу төлбөр төлөх харилцан үүрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний төрөл, харин Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй талаар давж заалдах шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

 

9. Маргааны үйл баримтыг хоёр шатны шүүх бүрэн эрхийн дагуу дүгнэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх үндэслэлд хамаараагүй, зөвхөн маргааны үйл баримт, тэдгээрийн нотлох баримтын талаар гаргасан гомдлыг хяналтын гомдол гэж үзэх боломжгүй.

 

10. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “...“Э ХХК-аас эм хүлээлгэн өгсөн нэхэмжлэлд дурьдсан хугацааны баримтууд тус компанид байдаггүй, тухайн ажлыг хариуцаж байсан нягтлан бодогч нь ажлаа хүлээлгэж өгөлгүй, орхиж явсан, …шүүх хуралдааны дараа Э ХХК-ийн ажилтан утсан дээрээ бүдэг дарсан санхүүгийн баримтууд дээр гарын үсгээ зур гэж шаардсаар байжийж зуруулсан, энэхүү гарын үсгийг зурж байхдаа “шүүх хуралдаан дээр ярилцсаны дагуу уг үнийн дүн дээр эвлэрэх юм байна гэх ойлголтоор зурсан, …улмаар намайг төөрөгдүүлэн зуруулсан баримтаа шүүхэд нотлох баримт болгосон... шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 15-ны өдрийн 865 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 31,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД