| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00462/И |
| Дугаар | 523 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 523
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р баг, Ар шавагтай гэх газар оршин суух Булаг овгийн Ч.Шгийн цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Прокурор: Г.Х
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н
Нарийн бичгийн дарга Г.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний аав болох Р.Ч /Ц/ нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1993 онд дээд шүүхийн эрүүгийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. Иймээс хүү болох Ч.Ш надад цагаатгалын нөхөн олговрын 40 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Ч.Ш намайг Р.Чийн өргөмөл хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Р.Ч нь ял эдлээд буцаж ирсэнийхээ дараа Р.Ч гэх нэрээр амьдарч байсан байдаг. Р.Ч, Р.Ч нар нь нэг хүн юм. Иймд Ч.Шг хэлмэгдэгч хэлмэгдэгч Р.Чийн өргөмөл хүү мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн Ч.Ш нь хэлмэгдэгч Р.Чийн нөхөх олговрыг гаргуулах, садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 09 сарын 02-ний өдрийн №174 хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 23 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Ч.Ш, хэлмэгдэгчийн овог нэр Р Ц /Рын Ц, гаравын Ц/, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 40 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийн 10-р хуудас/
Шүүх хуралдаанаар дараах баримтуудыг шинжлэн судлав.
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р баг, Ар шавагтай гэх газар орших суух хаягийн бүртгэл бүхий Булаг овогт Ч.Шгийн Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 8 хуудас/
-Монгол улсын Дээд Шүүхийн 1993 оны 09 сарын 03-ний өдрийн 92 дугаартай “Онцгой комиссын 1938 оны 09 сарын 26 өдрийн 33-р тогтоолоос Л.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШХ-н 6-р зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх магадлалын хуулбар /хэргийн 2-4-р хуудас/
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 сарын 29-ны өдрийн 257 дугаартай Хянавал хэсэгт ... Хэлмэгдэгч Р.Чийн хүүхэд нь Ч.Ш болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул...., Тогтоох хэсэгт 1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчидийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.1-д зааснаар дундговь аймгийн Дэлгэрхангай сумын санхүүгийн тасгаас 1 сая төгрөгийг гаргуулж ....Ч овогтой Шнд олгосугай гэх заалт бүхий шийдвэрийн хуулбар /хэргийн 12-13-р хуудас/
-2019 оны 11 сарын 07 өдөр Дундговь амйгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж буй архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 19-21-р хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 11 сарын 29-ны өдрийн 05/4585 дугаартай “Р.Ч /Ц/ нь Өмнөговь аймгийн Дэлгэрхангай сумын 7-р багийн харьяат, ард, лам, нас 27, ....Р.Чийг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 09 сарын 26 өдрийн 33 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47-р зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад Улсын дээд шүүхийн 1993 оны 09 сарын 03 өдрийн 92 дугаар магадлалаар цагаатгажээ” гэх лавлагааны хуулбар /хэргийн 41-р хуудас/
-Гэрч Б.Дын “...Р.Чийн өргөмөл хүүхэд нь Ш байгаа юм. ... Чтэй нэг нутаг усанд амьдардаг байхад Ч гуай 1937-1938 оны үед өөрийгөө хэлмэгдсэн гэж ярьдаг байсан. Тухайн үед лам байхдаа хэлмэгдсэн гэж ярьж байсан... А Ч гэж манай нутгийнхан цээрлэж дууддаг байсан. Цээрлэсэн нэр нь Анагай байсан байх. ...” гэх мэдүүлэг /хэргийн 26-27-р хуудас/
- Гэрч Г.Бийн “...А Чдийн өргөмөл хүүхэд нь Шн юм. Ч гуай хэлмэгдлийн үед баригдаж 10 жил хорих ял авч байсан гэдэг... Ч гуай 1938 оны үед өөрийгөө хэлмэгдсэн гэж ярьдаг байсан. Тухайн үед лам байхдаа хэлмэгдсэн гэж ярьж байсан санагдна. Хэлмэгдсэн хүмүүсээс цөөхөн эргэж ирсэн хүмүүсийн нэг нь А Ч гуай юм ...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29-р хуудас/
-Гэрч Цгийн “...Чийн өргөмөл хүүхэд нь Ш юм. Бид Ч гуайг Анагай гэж дууддаг байсан. Хэлмэгдлийн үед баригдаж хорих ял авч байсан гэдэг. ... миний мэдэхийн Ч гуайг Анагай гэж дууддаг байсан ..” гэх мэдүүлэг /хэргийн 31-32-р хуудас/
-Гэрч Д.Эийн “...Ш гуайн өргөмөл аав нь Ч гэж хүн байсан....Ч гуайг олон нэртэй гэдэг байсан. Ч, Ц, А гээд олон янзаар нэрлэдэг байсан. Манай Ажаа гэж хөгшиний биеийг нь муу байхад нэг шөнөөр Ч гуайг авчираад ном уншуулж үсийг нь авахуулж байсан. Тэгээд манай хөгшин аав надад энэ талаар хүнд хэлж болохгүй. Хэлвэл Ч гуайг нь шорон аваад явчихна. Шоронд байж байгаад ирсэн юмаа гэж их захиж хэлж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 50-р хуудас/
-Гэрч Э.Мгийн “...Ш нь Ч гэж хүний өргөмөл хүү байгаа юм. Ч нь Ц гэж нэртэй байсан юм гэнэлээ. Нутгийн хүмүүс Ч ч гээл, Ц ч гээл 2 янзаар нэрлээд байдаг байсан. Бас Анагай гээд авгайлж цээрлэж нэрлэдэг байсан. Анагай гуайг лам явж байгаад хэлмэгдэж байсан юм гэнэлээ гэж манай нутгийнхан ярьж байсан. Нутгийнхандаа бас мэр сэр мэргэ үзэж өгдөг байсан... “ гэх мэдүүлэг /хэргийн 51-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэлмэгдэгч Р.Ч, Р.Ч нар нь нэг хүн болох нь, нэхэмжлэгч Ч.Ш нь хэлмэгдэгч Р.Чийн өргөмөл хүү мөн болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ш /ЗД44013011/-г хэлмэгдэгч Р.Ч /Р.Ч/-ийн өргөмөл хүү мөн болохыг тогтоосугай.
2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлий 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар зааснаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн тасгаас нөхөн олговрын 40000000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булаг овогт Ч.Ш /ЗД44013011/-д олгосугай.
3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Г.Б