| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2021/1074/Э/220/2022/0141 |
| Дугаар | 2023/ШЦТ/591 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Ганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/591
2023 05 11 2023/ШЦТ/591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунгэрэл,
гэрч Г.М,
шинжээч Э.М,
шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох 2108006700183 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Черри Берри” ХХК-д тогооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн **** тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 564 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 2 а,в-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 6 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
************ овогт Б-ийн Э (РД:**************).
Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 03 цаг 20 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Зээлийн 18 дугаар гудамжны замд, “Тоёота приус” загварын, *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд ... ойрын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, ...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, зам дээр хэвтэж байсан Х.Д -ийг дайрч улмаар амь насыг нь хохироосон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр сууринаас оролцсон.
4. Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 03 цаг 20 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Зээлийн 18 дугаар гудамжны замд, “Тоёота приус” загварын, ***** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд ... ойрын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, ...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, зам дээр хэвтэж байсан Х.Д-ийг дайрч улмаар амь насыг нь хохироосон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
4.1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас “... 2021.04.09-ний өдрийн 07:57:03 цагт Ундрам гэх иргэнээс 8863***** дугаарын утсаар 2, 3 дугаар буудлын дунд Зам дээр хүн хэвтэж байна ...” гэсэн дуудлага (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 хуудас),
4.2. Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт “... Асфалтан замаас шороон зам руу орох гарцын өргөн 4,70 м, “А” цэгээс асфальтан замын гарц хүртэл 14 м байв. ..., уг зам тээврийн осол болсон гэх зам орчны байдал шороон, тэгш, шулуун, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, суурин доторх, явган хүний замгүй, хайсгүй, хашлаггүй, ..., уг автомашины урд буферийн доод ирмэгээс газар хүртэл хэмжихэд 20 см байв ...” (1 дүгээр хавтаст хэргийн 203-209 хуудас),
4.3. Гэрч Д.У-ын: “... Би 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 50 минутын үед ажилдаа явах замдаа хүнд маск өгөх гээд айл руу явж байтал засмал замын баруун талд хар бараан хувцастай хүн баруун гараа дээшлүүлээд өөрөө босох гээд оролдсон маягтай баруун гар хэсэг нь улаан өнгөтэй болчихсон байхаар нь цагдаа дуудъя гээд би өөрийн 8863**** дугаараас “согтуу хүн хэвтэж байна” гэж дуудлага өгчхөөд яваад өгсөн. Тухайн залуугаас ямар нэгэн дуу сонсогдоогүй. ...Тэр залуу 124 дүгээр сургууль явдаг засмал замын баруун талд толгой хэсгээ ертөнцийн зүгээр урагш харсан, дээшээ харсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40 хуудас),
4.4. Гэрч Д.О-ын: “... 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ 2 хүүхдээ хараад орой 21 цаг өнгөрч байхад унтаад өгсөн. Шөнө 04 цаг 30 минутад хашааны гадаа юм дуугараад байхаар нь босож галд нүүрс хийгээд хашааны завсраар харсан чинь нэг хүн газар цаашаа хараад хэвтэж байсан. Тэгээд би согтуу хүн байна даа гээд тоогоогүй гэртээ орсон. Өглөө цагдаа нар гэрт орж ирээд “танай хашааны хойно хүн нас барсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 хуудас),
4.5. Гэрч Д.О-ын дахин өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 05 цагийн орчим хүүхдээ хөхүүлэх гээд сэрсэн. Хүүхдээ хөхүүлж байхад гаднаас буюу зүүн хойд хэсгээс гингэнэсэн чимээ гарсан. Би нэг их тоогоогүй хүүхдээ хөхүүлээд гарч бие засаад гал түлэх гээд хашааны зүүн хойд буланд хураасан байсан нүүрс авах гэж байхдаа юунаас чимээ гараад байгааг харах гээд хашааны завсраар харахад толгой хэсэг нь урд зүг рүү хөл нь хойд зүг рүү чиглэсэн биеэрээ засмал зам руу буюу зүүн хойд хэсэг рүү харсан биеэ хурааж эвхэрсэн байдалтай эрэгтэй хүн байхаар нь согтуу хүн унтаж байгаа юм байна гээд тоолгүй гэртээ орсон.
... Их сул зовуурьтай байгаа юм шиг сонсогдсон. Надад уг чимээ 2-3 удаа сонсогдсон. Тэр залуу тухайн чимээг гаргаж байсан. Талийгаачийн байсан гэх газар луу хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-46 хуудас),
4.6. Гэрч Ч.Б-ны: “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагт босоод ажилдаа явах гээд 07 цаг 40 минутад гэрээсээ гараад хашааны хаалга онгойлгосон чинь манай хашааны урд талаар машин явдаг шороон зам дээр нэг эрэгтэй хүн зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би хашаанаас машинаа гаргаад хашааны хаалга хааж байсан чинь нөгөө залуу нөгөө тал руу эргэж харсан хэвтэж байхаар нь би явган очиж “хөөе, чи босох боломж байна уу” гэсэн чинь нөгөө залуу юм дуугарахгүй чимээгүй байсан. Буцаж очоод машиндаа суугаад хажуугаар нь тойроод яваад өгсөн юм. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72 хуудас),
4.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 729 дугаар: “Талийгаач Х.Д-ийн биед цээжний битүү гэмтэл, баруун 1,2,6-р хавирганы шууд хугарал, баруун эгмийн ясны хугарал, зүүн эгмийн ясны хоёрлосон хугарал, зүүн 1-р хавирганы шууд биш хугарал, зүүн 2-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний дээд хэсгийн арьсан доорх өөхөн эд, булчингийн тархмал цус хуралт, баруун уушгины шарх, цус хуралт, 2 уушгины орой хэсгийн тархмал няцрал, үнхэлцэг хальсны цус хуралт, цээжний хөндийд цус хуралдалт /850 мл/, 2 уушгины авчилт, зүүн чихний дэлбэнгийн ард урагдсан шарх, духны хуйхны цус хуралт, дух, зүүн хацар, хамрын нуруу, эрүүний ооч, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун гарын 1,3,4,5-р хуруу, зүүн ташаа, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн хонго, баруун гуя, зүүн тахимын хонхорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьдадаа үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач Х.Д нь цээжний битүү гэмтэл, баруун 1,2,6-р хавирга, зүүн 1,2-р хавирганы хугарал, баруун, зүүн эгмийн ясны хугарал, баруун уушгины шарх, 2 уушгины няцрал гэмтлийн улмаас цээжний хөндийд цус хуралдалт /850 мл/, 2 уушгины авчилтын улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цусанд 3.6 промиль, шээсэнд 4.6 промиль спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтын үзүүлэлт болно. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 124-128 хуудас),
4.8. Шинжээч Г.Э-ын: “Амь хохирогч нь хэвтээ байх үедээ дээрх гэмтлүүдийг авсан байх боломжтой байна. Амь хохирогчид үүссэн гэмтэл нь тээврийн хэрэгсэлд дайрагдахад үүсэх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч амьд байх үедээ автомашинд нэг удаа дайруулахад үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 183 хуудас),
4.9. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 368883 дугаар: “...Toyota маркийн Prius- XW20 загварын 85-73 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах болон бусад эд ангиуд нь эвдрэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн явах эд ангийн хувьд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартаас хэтэрсэн, баруун хойд тоормосны хүч сул, зогсоолын тоормос ажиллахгүй гэх гэмтлүүдийг хэзээ эвдэрч гэмтсэн болохыг шинжээч тогтоох боломжгүй. Хойд дугаарын гэрэл ажиллахгүй, урд буфер сэвтэй, тос гоожилттой, зүүн урд хормой хэсэг хонхойсон гэх эвдрэл гэмтлүүд нь уг ослоос өмнө үүссэн байх боломжтой эвдрэл гэмтлүүд юм. Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний үзлэгийн байдлаар стандартын шаардлага хангахгүй байгаа тул уг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм. Гэвч 2020 оны техник хяналтын үзлэгт тэнцсэн тул замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байсан байна. Toyota маркийн Prius- XW20 загварын 85-73 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл дохио, тоормосны систем нь хэвийн бус ажиллагаатай, зохих стандартын шаардлагад нийцэхгүй байна.. Toyota маркийн Prius- XW20 загварын 85-73 **** дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны техник хяналтын үзлэгт хамрагдаагүй. 2020 оны техник хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан. 2021 оны техник хяналтын үзлэгийн хугацаа хэтэрсэн байна...” дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 159-162 хуудас),
4.10. Шинжээч Г.Бямбасүрэнгийн: “...Тухайн тээврийн хэрэгслийг оношлогч багажаар гэрлийн тусгалыг үзэхэд байх ёстой стандарт хэмжээнээс бага байсан ба энгийн хүний нүдээр харахад гэрэл асаж байгаа мэт боловч гэрлийн тусгал нь хэмжигч багажаар хүрэх ёстой түвшинд хүрэхгүй байгаа. Энэ тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгал нь стандарт шаардлага хангахгүй байгаа нь замын хөдөлгөөнд оролцож байсан бол осол гарах шалтгаан нөхцөл бүрдэх боломжтой. Тухайн машины ойрын гэрлийн тусгал нь энэ нөхцөлд газар хэвтэж байгаа хүнийг харах орчин хязгаарласан байх боломжтой. Тээврийн хэрэгслийн холын гэрэл нь стандартын шаардлага хангаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169-170 хуудас),
4.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1225 дугаар: “...Хар өнгийн хүрэм, саарал, цамц, төмөр арал, хар хөх өмдөнд ханзрал, түлэгдэлт, гогдолт, цооролт, халцралт, сэмрэлт, урагдалт, хугаралт гарсан байна. Түлэгдэлт дулааны үйлчлэлээр, арланд гарсан хугаралт тэлэлтийн хүчээр, ханзралт татаж чангаах хүчний үйлчлэлээр, гогодолт, цооролт, халцралт, сэмрэлт, урагдалт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй. Хэзээ гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Хар хөх өмдний зүүн гуяны ар талд байх өнгөц шороон мөр нь дугуйгаар дарагдаж гарсан байж болно. Мөр бүтэн тод дүрслэгдээгүй байх тул ямар төрлийн, ямар хэмжээтэй дугуйгаар гарсан болохыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 236-238 хуудас),
4.12. Б.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг: “... би хувиараа такси үйлчилгээнд явдаг тухайн шөнө хүнгүй байсан учраас гэртээ харихаар болоод өөрийн байнга явдаг замаар буюу засмал замаас шороон зам руу ордог, үзэгдэх орчин харанхуй, хонхорхойтой замаар дохио өгөөд эргээд орсон чинь жолооч талын под крыло тулаад хавиар дуу гарсан.Энэ үед жолоочийн эсрэг талын хойд дугуй нэг овгор зүйл дээгүүр гарах шиг болсон.Би тэр даруй зогсоод өөрийнхөө машины под крыло, урд гуперээ шалгаж үзээд буцаад машиндаа суух гэтэл машины хойно эрэгтэй хүн ёо ёо гээд орилсон болохоор тухайн үед миний бие сонин байдалд ороод хүн дайраад алчихлаа, ямар байсан дуу гарч байгаа юм чинь амьд байгаа юм байна хөл дээгүүр нь гарсан юм болов уу гэж бодоод тэр гудамжаараа шууд машинаа унаад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 79-80 хуудас),
4.13. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Мөнхбаярын гэрчээр өгсөн: “... Нас барсан гэх газраас зайтай байх барилгын материалын дэлгүүрийн камерын бичлэгийг шүүхэд хэргийн газар харагдахгүй, автомашины марк, улсын дугаар харагдах боломжгүй, гэрэл тусаж байгаа нь харагдаж байсан. Шөнийн бичлэгийг шүүж байхад 02 цаг өнгөрч байхад цагийг нь санахгүй байна, хэргийн газар луу 1 автомашин засмал замаас шороон зам руу баруун зүгт эргэж орсон. Тухайн автомашиныг ямар маркийн, хаашаа явсныг нь тогтоохоор 2-3 гудамжны цаана байх гудамж дунд, хуучин дэлгүүр ажиллаж байсан нэг айлын гадна камерын бичлэгийг шүүхэд, дээрээ хөндлөн 1 ачааны суурьтай, цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашин тэр айлын хажуугаар гарч гудамж дундуур явсаар дээшээ буюу баруун зүгт өгсөн явж байгаа нь бичигдсэн байсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч С.Анхбаярын хамт автомашины гэрлийн тусгалаар нь явсан чиглэлд нь өгсөөд явахад хашааны хаалга онгорхой, хашаанд нь дээрээ 1 хөндлөн ачааны суурьтай, цагаан цайвар өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин зогсож байхаар нь хашаанд ороод хүүхдээр нь жолооч гэх Бас автомашинаараа таксинд шөнө, өдөргүй явдаг, шөнө яваад ядарсан, нойрмог үедээ тухайн хүнийг хараагүй дайраад гарсан байх гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77-78 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
4.14. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.М-ын 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн: “...Тоёота Приус-20 маркийн 85-73 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох замын хөдөлгөөнд оролцсон маршрут, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бүртгэгдсэн зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч үзэхэд, зам тээврийн осол гарсан шөнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 01 цаг 17 минут 01 секундэд “Амарсанаагийн гудамж”-ны дугаар илрүүлэгч камерт, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 01 цаг 51 минут 43 секундэд “Амарсанаагийн гудамж”-ны дугаар илрүүлэгч камерт бичигдэн үлдсэн байна” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 81-82 хуудас),
4.15. Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 04/625 дугаартай ************* улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн камерын хяналтаар бүртгэгдсэн хөдөлгөөнд оролцсон талаарх мэдээлэл “... 2021.03.02-04.09 хүртэл шөнө, өдрийн цагаар хөдөлгөөнд оролцож байсан ...” (2 дугаар хавтаст хэргийн 84-88 хуудас),,
4.16. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, нэр хаяг тодорхойгүй дэлгүүрийн гадна талын хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл “... Баруун дээд талын буланд 2021-04-09 02:46:09 гэсэн бичиглэлтэй. Харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэр хорооллын гудамжинд гэрлээ асаан явж байгаа цагаан цайвар өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байв.Тухайн тээврийн хэрэгсэл нь дээрээ хөндлөн 1 ширхэг ачааны суурьтай, цагаан цайвар өнгийн Т.Приус-20 маркийн машин гудамж дундуур явсаар дээшээ баруун зүгт өгсөн явж байгаа нь бичигдсэн байв. ...” (2 дугаар хавтаст хэргийн 89 хуудас),
4.17. Б.Э-ын өмчлөлийн ************ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн дээд талын ачааны суурь хэсгийг харуулсан фото зураг (2 дугаар хавтаст хэргийн 90 хуудас),
4.18. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 94 дугаар: “Тоуоtа Рrius-20 маркийн **************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Э,******** нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, ...гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 219-221 хуудас),
4.19. Осол хэрэг болсон газрын ерөнхий байдлыг хяналтын камер байсан айлын хашаа болон хэрэг гарсан газартай холбож харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 218 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
5. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр газраас машины рам хүртэл хэмжихэд шинэ эвдрэл гэмтэл байхгүй, доогуураа ямар нэг зүйл шүргэсэн, арчсан ул мөр илрээгүй, дугуйны ул мөрийг тогтоож чадаагүй, намхан автомашинаар дайрахад биологийн ул мөр арчдас илрэх ёстой, шинжээчийн дүгнэлтээр 1630-д задлан хийхэд 8-10 цагийн өмнө нас барсан гэсэн нь өглөөний 640 цагаас өмнө нас барсан байх боломжтой гэтэл гэрч 740 гарахад хөдөлж байсан гэдэг, ***************540 цагт зам дээр гарахад ямар ч хүн байгаагүй гэдэг нь шөнийн 320 цагийн үед хэрэг гарсан нь үгүйсгэгдэж байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг үнэлж дүгнэлт гаргахыг хориглодог тул мөрдөгчийн магадлагаа нотлох баримт биш. Э-ын машин яг дайрсныг гэрчлэх гэрчгүй, бичлэгээр нэг машин л явж байгаа, хашааны булан тойроод Э гэрт очиж байгаа нь тогтоогдоогүй бичлэгт үзлэг хийгдээгүй, Э гэрчээр мэдүүлэг авахад Мөнхбаяр мөрдөгч нөлөөлсөн нь бичлэгээр тогтоогдсон, шүүгдэгч би тэр шөнө гадуур яваагүй, урьд орой 23 цагийн үед эхнэрээ ажлаас нь авч ирээд буцаж гараагүй тул цагаатгаж өгнө үү гэв.
5.1. Машины доод хэсгээс ул мөр илрээгүй, машины эвдрэл гэмтэл хэзээ үүссэнийг тогтоож чадаагүй нь шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх цорын ганц үндэслэл биш бөгөөд уг автомашинд гэмт хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа үзлэг хийсэн, заавал ул мөр илрэх ёстой гэж үзэх нь хэт өрөөсгөл ойлголт болно, хувцас дээрх дугуйны ул мөрийг шинжилгээгээр тогтоож чадаагүй хэдий ч бусад нотлох баримтуудаар энэ гэмт хэрэг нотлогдсон, гэрч нарын мэдүүлгээр тухайн хүн амьд байсан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр нас барсан цаг хугацааг тогтоосон нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Уг авто машины техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаас нь энэ чиглэлээр мэргэшсэн албан хаагч хуульд заасан журмын дагуу магадлагаа гаргасан. Камерын бичлэгээр уг автомашин Э гэрт очсон эсэхийг илрүүлж чадаагүй боловч шүүгдэгчийн машины өнгө, марк, загвар, дээд талын ачааны хөндлөвч зэргээрээ шүүгдэгчийн автомашинтай таарч байгаа, Э гэрчийн мэдүүлэг авахад мэдүүлэг авах зориулалтын камерын бичлэгтэй өрөөнд **************** хамт байсан нь хууль, журам зөрчсөн үндэслэл биш, шүүгдэгч гэмт хэрэг гарсан шөнийн 01 цаг 17, 51 минутад хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын цагаатгах үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй учраас улсын яллагчийн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.
6. Шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, тоормосны систем хэвийн бус ажиллагаатай байсан, засмал замаас салаад шороон зам руу орохдоо зам дээр хэвтэж байсан хүнийг хараагүй зэрэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон үүргээ биелүүлээгүй уг хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Дээрх нөхцөл байдлууд шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
7. Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн осол болсны дараа жолоочид хамаарах дүрмийн заалтуудыг шүүгдэгч зөрчсөн нь түүнийг яллаж буй гэмт хэргүүдийн шинжид хамааралгүй болно.
8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
9. Хохирол, хор уршгийн талаар:
9.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ээс: “... Би гомдолтой байна. Оршуулгын зардлын баримтаар нэхэмжилж буй 6,556,599 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн (1 дүгээр хавтаст хэргийн 35-36, 179-181 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс).
9.2. Амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 6,556,599 төгрөгийн зардал гарсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 143-152 дугаар хуудас дахь баримтуудаар тогтоогдсон.
9.3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн мөнгөн дүн нь хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдож байгаа тул оршуулгын зардлын 6,556,599 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунгэрэлд олгохоор шийдвэрлэв.
10. Эрүүгийн хариуцлагын талаар:
10.1. Улсын яллагчаас: шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасаж, 03 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн 03 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 48 цаг баривчлагдсан хугацааг эдлэх ялд оруулан тооцох санал гаргасан.
10.2. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар: Цагаатгуулах байр сууринаас оролцсон тул ял дээр хэлэх тайлбар байхгүй гэсэн.
10.3. Шүүгдэгч Б.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн согтуурсан үедээ зам дээр хэвтэж байсан нөхцөл байдал нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй үед үйлдэгдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
10.4. Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 04 сарын 09-ний шөнө үйлдэгдсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 3.2 дахь хэсгүүдэд зааснаар өршөөлд хамрагдаж байгаа болно.
10.5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлийн 6.2, 12 дугаар зүйлийн 12.4, 12.10 дугаар зүйлд зааснаар Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ялаас 02 жилийг өршөөн хасах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
10.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийг цагдан хоригдсон 2 хоногоор тооцон түүний эдлэх ялд оруулан тооцох.
11. Б.Э-ын В ангиллын 876148 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг компакт диск, утасны сэмэрдэс зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.**************** овогт Б-ийн Э-ыг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б.Э-ыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлийн 6.2, 12 дугаар зүйлийн 12.4, 12.10 дугаар зүйлийг тус тус баримтлан Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ялаас 02 жилийг өршөөн хасч, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын баривчлагдсан 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-ын эдлэх 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Э-оос 6,556,599 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг компакт диск, утасны сэмэрдэс зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Б.Э-ын В ангиллын ********** дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ