Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00117

 

  

“Ю Т К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00131 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 772 дугаар магадлалтай,

 

“Ю Т К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Ат холбогдох

 

Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,440,983 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00131 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 7.624.057 /долоон сая зургуун зуун хорин дөрвөн мянга тавин долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ю Т К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.816.926 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 136.935 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ю Т К” ХХК-д олгон  шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 772 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00131 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7 624 057 /долоон сая зургаан зуун хорин дөрвөн мянга тавин долоо/ гэснийг 5 340 353 гэж, 2 816 926 гэснийг 5 100 630 гэж, 2 дахь заалтын 136 935 гэснийг 100 396 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын гомдолдоо: ...Шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно. ...Магадлалаар хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно. Магадлалд “...харин шүүх тооцооллын алдаа гаргасныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөвтгөн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ...” мөн “...Уг дарааллын дагуу хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг суутган тооцвол зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,128,615 төгрөг төлөхөөр байх боловч тэрээр давж заалдах гомдолдоо өөрийн гүйцэтгээгүй үүргээ 5,340,353 төгрөг гэж тодорхойлон...” гэжээ. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн тооцооллын алдааг зааж өгсөн боловч өөрөө тооцоолол хийхдээ алдаа гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан тооцооллын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн байж, түүний гаргасан тооцооллын алдааг засалгүй явсанд гомдолтой байна. ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т “шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах...” гэж заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-д “5,340,353 төгрөг” гэснийг “4,128,615 төгрөг...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч “Ю Т К” ХХК нь хариуцагч “ т холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,440,983 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Д.А нэхэмжлэлийг татгалзаж, “...Юү Ти Си ХХК-тай гэрээ байгуулсан, “Ю Т К” ХХК шаардах эрхгүй, ...төлбөр төлөөгүй гээд машинаа хураан авсан ...иргэн Б.Одбаяр автомашиныг авсан, гэрээ  дуусгавар болсон...” гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 7,624,057 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 5,340,353 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч хууль хэрэглээний асуудлаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон “Юү Ти Си” ХХК болон Д.А нарын хооронд байгуулагдсан 2016.04.27-ны өдрийн хэлцэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний төрөл, гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч автомашиныг шилжүүлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч Д.А 6,635,119 төгрөг төлөхөөс 4,353,000 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэжээ. Гэрээний дагуу Д.А нь нэхэмжлэгчээс Тоёото Приус маркын автомашиныг 7,500,000 төгрөгөөр худалдан авахдаа 1,500,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй гэж заасан боловч 5,250,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 552,926 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцон, 2016.05.27-ны өдөр үлдэх 750,000 төгрөгийг төлж үүрэг дуусгавар болно гэсэн баримт үйлджээ.

 

9. “Юү Ти Си” ХХК оноосон нэрээ “Ю Т К” ХХК болгон өөрчилсөн байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэх, нэхэмжлэгч нь машиныг хураан авч өөр этгээдэд шилжүүлсэн, гэрээ дуусгавар болсон гэх татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй байна. Автомашины үнийг Б.Одбаяр, түүний эхнэр Л.Энхцэцэг нар төлсөн баримт нь “Юү Ти Си” ХХК болон Д.А нарын хооронд байгуулагдсан гэрээг үгүйсгэх, автомашиныг эдгээр этгээдүүд авсан гэх үйл баримтыг хангалттай нотлох нөхцөл болоогүй байна. Улмаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа төлбөрийн хэмжээг багасгахыг хүссэн байх ба автомашины эзэмшлийг бусдад шилжүүлсэн талаар гомдол гаргаагүй юм.

 

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг гэрээний үүрэгт 4,128,615 төгрөгийг төлнө гэж дүгнэсэн боловч хариуцагч давж заалдах гомдолдоо гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 5,340,353 төгрөг гэж тодорхойлсон тул диспозитив зарчмын хүрээнд уг үүргийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй байна. Хуульд зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэх үүрэгтэй тул хариуцагч 5,340,353 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хэмжээнд дүгнэлт хийх бөгөөд төлбөрийн хэмжээг алдаатай тооцоолсон гэх агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

11. Харин хариуцагч үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.гэж заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад хэрэглэх нь оновчтой байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд нэмж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 772 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00131 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Ааас 5,340,353 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю Т К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,100,630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 04-32 УНЭ дугаарын Тоёото приус маркын автомашины өмчлөх эрхийг Д.Ат шилжүүлэх үүргээ зэрэг биелүүлэхийг “Ю Т К” ХХК-д даалгасугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “136,935” гэснийг “100,396” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 182,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД