Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0471

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Н.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С, Н.Х

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 311 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, хариуцагч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0960/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр:

            Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт/ 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2, 47.3.3, 47.5, 47.7, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1.“Хэргийн үйл баримтын тухай: Татварын улсын байцаагчид ““Н” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актаар 27.741.957.623.11 төгрөгийн зөрчилд 1.608.679.994.77 төгрөгийн нөхөн татвар, 507.836.635.02 төгрөгийн торгууль, 349.450.109.42 төгрөгийн алданги, нийт 2.465.966.739.21 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            2.2. “Н” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 онд 7.800.16 тонн, 2019 онд 1.134.94 тонн, 2020 онд 13.199.35 тонн, 2021 онд 123.34 тонн, нийт 28.257.79 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ руу экспортолж, 2018-2021 онуудын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-Г дараах байдлаар ирүүлсэн байна. Үүнд:

            2.3. 2018 оны 4 дүгээр улирлын тайланг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй “х”-ээр тэмдэглэн ирүүлснийг 02 дугаар сарын 25-ны өдөр татварын алба хүлээн авсан хэдий ч тайланг буруу гаргасан талаар татварын албанаас мэдэгдсэн /гомдол гаргагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлд тэмдэглэгдсэн/-ий дагуу 03 дугаар сарын 07-ны өдөр тайлангийн тоо хэмжээний хэсэгт 1.769.299.196.65 гэж алдаатай тайлагнан татварын албанд ирүүлэн, татварын улсын байцаагч тайлангаа засаж ирүүлэх талаар сэтгэгдэл бичиж 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаасан нь татварын албаны татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр нотлогдох ба татвар төлөгч буцаасан тайланг засаж ирүүлэхдээ экспортолсон жоншны гэрээний борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан, 08 дугаар сарын 16-ны өдөр татварын албанд ирүүлснийг 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан байна.

            Түүнчлэн 2019-2021 оны тайлангуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний борлуулалтын үнэлгээнд ногдуулан тайлагнасан байна.

            2.4. Нэгтгэн дүгнэвэл, 2018 оны 4 дүгээр улирлын “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан”-г татвар төлөгч үйл ажиллагаа явуулаагүй “х”-ээр тэмдэглэн ирүүлснийг засах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын зах зээлийн үнийг үндэслэн ногдуулах талаар татварын улсын байцаагчаас анхааруулж, сэтгэгдэл бичиж буцаасан нь татварын албанаас тайланг засуулах талаар удаа дараа шаардлага тавьж байсан байна.

            2.5. Хууль зүйн үндэслэлийн хувьд: Магадлалын үндэслэх хэсгийн 14 дэх талд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн АМНАТ ногдуулсан хэсэг буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд АМНАТ-ын төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд тухайн хугацаанд хамаарах нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 4 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт одоогийн мөрдөгдөж байгаа өөрчлөлтийг оруулсан, мөн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд ... нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож, улсын төсөвт төлөхөөр заасан тул хугацааны хувьд хуулийн ямар нэгэн хийдэл үүсэхгүй, мөн газрын доорх баялаг болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээс Цэцийн дүгнэлт гарснаар чөлөөлөгдөхгүй.

            2.6. Түүнчлэн улсын байцаагчдаас нөхөн татвар ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг давхардуулалгүйгээр суутган авсан төлбөрийг хасч тооцсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

            Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 311 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С, Н.Х нар нь “Н” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2122501511 тоот томилолтоор 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд  хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актаар

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг  тус тус үндэслэн 1.608.679.994.77 төгрөгийн нөхөн татвар, 507.836.635.02 төгрөгийн торгууль, 349.450.109.42 төгрөгийн алданги, нийт 2.465.966.739.21 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

            3. Нэхэмжлэгч “Н” ХХК-аас Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар “... татварын тайланд тусгасан гэрээний үнийг баримтлахгүй тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ үнийг баримтлах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, өсөн нэмэгдэх татвар авна гэсэн зохицуулалт байхад тооцож авсан, ... Аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй, хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар 2019 оноос хойших АМНАТ-ийг хасч тооцуулах үндэслэлтэй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            3.1. Улсын Их Хурлаас 2011 онд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж өөрчилсөн, Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан, уг өөрчлөлт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн 13 дугаарт нийтлэгдэж, уг хугацаанаас хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

            3.2. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ”, 8.2-д “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана”, 8.2.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж тус тус заажээ.

            3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “үндсэн хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж заасныг хүчингүй болгосон байна.

3.4. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна”, 27.1.3-д “өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.6-д “хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” гэж заасан.

3.5. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.1 гэснийг 47.16” болгож тус тус өөрчлөн найруулсан байна.

3.6. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө: 1.1 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 1.2. Ашигт малтмал экспортолсон этгээд; 1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж заажээ.

3.7. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль батлагдах хүртэл хугацаанд “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч”-ээс бусад этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэх эрх зүйн зохицуулалт байгаагүй гэж үзэхээр байна.

            3.8. Харин нэхэмжлэгч компаниас “... “Ц” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу 2018-2021 онуудад нийт 28.257.79 тонн бүтээгдэхүүн худалдан авч экспортолсон, “Ц” ХХК-аас АМНАТ-г төлсөн байхад давхардуулан төлбөр ногдуулсан” гэж тайлбарлан маргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанид нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа нэхэмжлэгч компанийг “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж үзсэн эсэх, эсхүл “экспортод ашигт малтмал гаргасан” гэж үзсэн болох нь ойлгомжгүй, эргэлзээтэй байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

            3.9. Нэхэмжлэгчээс “... ашигт малтмалыг бусдаас худалдаж авсан” гэж тайлбарлан маргасан энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нар нь төмрийн хүдрийг худалдан авсан эсэх талаарх холбогдох баримтуудыг цуглуулаагүй буюу өөрөөр хэлбэл худалдагч гэх “Ц” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхтэй холбоотой тайлан мэдээ, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт зэрэг холбогдох баримтуудыг цуглуулж, үнэлж, дүгнэлгүйгээр нөхөн ногдуулалтын акт гаргасан нь буруу байх тул маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            3.10. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнээс тооцохоор хуульчлан зохицуулсан байна.

            3.11. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, төлбөр тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

            3.12. Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д “ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна”, 47.19-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө” гэж тус тус заасны дагуу ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн бусад этгээдээс ашигт малтмалыг худалдан авсан нь гэрээ, төлбөрийн баримт, худалдсан этгээдийн суутган төлсөн тайлан мэдээ зэргээр нотлогдох тохиолдолд суутган төлсөн төлбөрийг хасаж тооцохоор байна.

            3.13. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Жишиг үнийг тогтоосон тогтоол дээр 40 хувийн баяжмалын агууламжтай шороо байхгүй, энэ байгалийн баялгийг ямар нэгэн хэмжээгээр авах ёстой тул гэрээгээр авахаар болж байгаа” гэж тайлбарлан маргаж буй асуудлыг тодруулан нөхөн ногдуулалтын актыг үйлдэх нь зүйтэй байна.

             3.14. Иймд хариуцагч улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох баримтуудыг бүрэн бүрдүүлэлгүйгээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байх тул шүүхээс энэхүү үндэслэлд дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар анхан шатны шүүхээс маргаан бүхий Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ