Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 36

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч А.Ганзориг, иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар, шинжээч эмч Ц.Бадрал, шүүгдэгч М.Ган-Уул, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0009) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Дархан Гончиг овогт Моломын Ган-Уулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2249 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дархан Гончиг овогт Моломын Ган-Уул, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, 79 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас групп тогтоолгосон тул хөдөлмөр эрхэлдэггүй, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамжны 6б тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ЦГ68022010, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч М.Ган-Уул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Баялаг” дэлгүүрийн орчим иргэн Н.Бадамцэдэнг “...муухай харлаа...” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр түүний зүүн гар руу хутгалж бие махбодод нь “зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн нэвт шарх, зүүн бугалганы хураагуур судасны тасрал” бүхий хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Н.Бадамцэдэнд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, зарлан дуудах хуудас хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгч М.Ган-Уулд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар баталгаажуулсан хохирогчийн эрх хангагдсан гэж үзнэ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч М.Ган-Уул: Миний хувьд мөрдөн байцаалтын үед хэргийн талаар мэдэх бүх зүйлээ мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчтой юунаас болж маргаснаа санахгүй байгаа. Нэг мэдсэн хохирогчийг хутгалсан байсан бөгөөд харин дараа нь түүнд туслах санаатай хойноос нь яваад байсан юм. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

2. Шинжээч эмч Ц.Бадрал: Хохирогч Ц.Бадамцэдэнгийн зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн нэвт шарх, мөн бугалганы хураагуур судасны тасрал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байсан. Эдгээр нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Үүнээс хураагуур судас тасарсан гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан. Эмчилгээ хийж тасарсан судсыг залгасан тохиолдолд амь насанд аюулгүй болох бөгөөд цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 2249 дугаартай хэргээс)

1. Хохирогч Н.Бадамцэдэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 8 дугаар сард Оюунбүрэн гэдэг хүүхэнтэй танилцаж, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед түүний гэрт анх удаа очсон. Айлд анх удаа очиж байгаа болохоор юм авч орох санаатай түүний гэрийн ойролцоо байдаг “Баялаг” гэдэг жижиг мини маркет руу Оюунбүрэнгийн хамтаар орсон. Бид хоёр юм авчихаад лангуун дээр ирэхэд гаднаас үл таних залуу буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Ган-Уул гэдэг залуу нэлээн согтуу орж ирээд, нар руу “хөөе лалар аа, үхснээ хараад байгаа юм” гэхээр нь би “чи одоо юу яриад байгаа юм бэ? би дэлгүүрээс юм авч байна, хүнийг зүгээр ч юм авахуулчихгүй” гэж хэлсэн чинь Ган-Уул “гараад ир пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ган-Уулыг цааш нь түлхээд дэлгүүрээс гаргах гээд хаалгыг нь онгойлгоод түлхсэн чинь Ган-Уул гарахгүй өөдөөс дайраад байсан. Тэр үед дэлгүүрийн худалдагч надад хандаж “миний дүү наад согтуу, балай юмтайгаа битгий юм ярь” гэж хэлээд, Ган-Уулыг дэлгүүрээс хөөгөөд гаргасан. Тэгээд би авсан зүйлийнхээ тооцоог хийчихээд, Оюунбүрэнгийн хамтаар дэлгүүрээс гарахад, Ган-Уул дэлгүүрийн шатан дээр өөдөөс хараад зогсож байснаа “хөөе пизда минь” гэхээр нь би “юу гэнээ” гэтэл хажуунаас Оюунбүрэн “явъя” гэж хэлсэн. Би дахин Ган-Уултай юм ярилгүй хажуугаар нь зөрөөд гарсан. Дэлгүүрийн араар тойроод 30 орчим метр явж байтал араас зүүн гар руу цохичих шиг болохоор нь би эргээд хартал, Ган-Уул баруун гартаа хутга барьчихсан намайг дахин хутгалах гээд дайрсан. Харин би зугтаагаад дэлгүүрийн үүдэнд буцаж очсон. Тэгтэл Ган-Уул хойноос хүрч ирээд, хутгаа барьчихаад намайг хөөхөөр нь би зугтааж байгаад, Ган-Уулыг буцаад явчихаар нь “Баялаг” дэлгүүр рүү орж, худалдагчаас нь ариун цэврийн цаас аваад, зүүн гараа дарж, цусаа тогтоох гэж байтал, Ган-Уул гаднаас орж ирсэн. Ган-Уул куртикныхээ ханцуйнд хутгаа хийгээд нуучихсан байсан. Тэгэхээр нь би “хөөе чи наад хутгаа хая” гэсэн чинь Ган-Уул “гэмтэл явъя, чамайг үзүүлье” гэхэд нь дэлгүүрийн худалдагч Ган-Уулд “чи наад хутгаа хая” гэж хэлсэн чинь Ган-Уул хутгаа дэлгүүрийн лангуун дээр тавьчихсан. Тэгээд биднийг зогсож байтал, гаднаас цагдаа орж ирээд, Ган-Уулыг хутгатай нь аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 19-21 дүгээр хуудас),

...Намайг дэлгүүрээс юм авч байхад Ган-Уул гаднаас орж ирээд “юундаа муухай хараад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд намайг дэлгүүрээс гараад явж байхад араас хүрч ирээд, ямар ч үг хэлэлгүйгээр хутгалчихсан. Би хутгалуулсан гараараа юм хийж чадахгүй байгаа, шархандаа их өвчтэй байгаа. Би одоогийн байдлаар 815.838 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Үүнийхээ 700.000 төгрөгийг хүлээн авлаа. Одоо үлдэгдэл 115.838 төгрөг болон үүнээс хойш гарсан эмчилгээний зардлыг шүүхэд баримтаар гаргаж өгч нэхэмжилнэ... гэх давтан мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),

2. Гэрч Д.Баттөмөр (дуудлагаар очсон цагдаагийн офицер)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баялаг дэлгүүрт бусдад хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу би жолооч цагдаагийн ахлах ахлагч Хонгорын хамт очтол, уг дэлгүүрт хутгалуулсан гэх Бадамцэдэн, түүнийг хутгалсан гэх Ган-Уул нар байсан. Би “юу болсон” талаар асуухад Бадамцэдэн нь “энэ хүн намайг дэлгүүрээс гараад явж байхад шалтгаангүйгээр хутгалчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед Ган-Уул их хэмжээний согтолттой, биеэ хянах чадваргүй байсан. Ган-Уул нь “энэ залуу эхлээд намайг дээрэлхсэн, тэгэхээр нь би гэрээсээ хутга авчраад хутгалчихсан” гэж хэлж байсан. Тэгтэл дэлгүүрийн худалдагч эмэгтэй “энэ хүнийг хутгалсан хутга нь лангуун доор байгаа” гэж хэлэхээр нь би лангуун доороос хутгыг нь аваад тэнд байсан ариун цэврийн цаасаар ороогоод Ган-Уултай цуг авч явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),

3. Гэрч Э.Оюунбүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Бадамцэдэн манай гэрт ирэхээр болсон. Тэр өдөр 21 цагийн үед намайг гэртээ байж байхад Бадамцэдэн манай гэрийн гадна ирж, намайг аваад “айлд анх удаа ирж байгаа юм чинь юм авч орохгүй бол болохгүй” гээд, бид хоёр цугтаа манай гэрийн ойролцоо байдаг “Баялаг” гэдэг хүнсний дэлгүүр рүү хамт орсон. Дэлгүүрээс юм аваад зогсож байтал гаднаас үл таних согтуу хүн буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Ган-Уул гэдэг хүн орж ирээд бид хоёрыг авсан зүйлсээ бичүүлж байхад хажуунаас “чи муу тэгээд яах юм бэ? пизда минь” гээд, Бадамцэдэн рүү хандаж хэлсэн. Тэгэхээр нь Бадамцэдэн “та одоо юу яриад байгаа юм бэ? би яасан юм” гэхэд “чи муу зүгээр байгаарай, ална шүү” гэх мэтээр дайрч давшилсан. Бадамцэдэн уурлаад “аятайхан байгаарай хоёулаа гарч учраа ольё” гэж хэлээд Ган-Уулыг дагуулж гарах гэхээр нь би “хэрэггүй” гэж хэлээд Бадамцэдэнг болиулсан. Тэгээд удалгүй Ган-Уул гараад явсан. Бадамцэдэн бид хоёр дэлгүүрээс авсан зүйлсийнхээ тооцоог хийчихээд дэлгүүрээс гарахад Ган-Уул дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Бадамцэдэн бид хоёр Ган-Уулын хажуугаар зөрөөд өнгөрөхөд Ган-Уул “хөөе пизда минь” гэхэд Бадамцэдэн “яасан гэнээ” гээд тэр хоёр дахин маргалдах гээд байхаар нь би Бадамцэдэнд “боль боль” гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд бид хоёр дэлгүүрийн хойгуур тойроод, би арай урд нь Бадамцэдэн нэг алхамын хойно алхаж явсан. Гэнэт Бадамцэдэн “яая пизда, яаж байна аа, чи мэдрэл муутай юм уу” гэж хэлэхээр нь би эргээд хартал Ган-Уул гартаа хутга барьчихсан зогсож байснаа Бадамцэдэн рүү дахин дайрахаар нь Бадамцэдэн зугтаасан. Би дэлгүүр рүү буцаж ороод “худалдагчид нь нөгөө хүн чинь манай нөхрийг хутгалчихлаа, цагдаа дуудаарай” гэж хэлээд, авсан зүйлсээ үлдээчихээд, ариун цэврийн цаас аваад гарсан. Намайг гартал Бадамцэдэн дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Миний өгсөн ариун цэврийн цаасаар хутгалуулсан шархаа дарж, бид хоёр хамтдаа дэлгүүр рүү буцаж ороод, цагдаа, түргэн тусламж ирэхийг хүлээсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас),

4. Гэрч Ц.Анхтуулын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би ээж Жигдэнгомбын хамтаар өөрийн “Баялаг” дэлгүүр дээрээ байж байхад 21 цагийн үед 30 орчим настай эрэгтэй хүн, эхнэрийн хамт орж ирсэн. Тэд манай дэлгүүрээс өндөг, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн аваад, бичүүлэх гээд зогсож байхад, гаднаас манай дэлгүүрийн ойролцоо амьдардаг сүүлд нэрийг нь мэдэхэд Ган-Уул гэдэг ах орж ирсэн. Тэр Ган-Уул гэдэг хүн архи уучихсан нэлээд их хэмжээний согтолттой, хацар нь шалбарчихсан орж ирсэн. Тэгээд лангуун дээр тооцоо хийж байсан сүүлд нэрийг нь мэдэхэд Бадамцэдэн гэдэг залуу руу “чи яах гээд байгаа юм, би чамайг харнаа” гээд дайрахад Бадамцэдэн “та юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Ган-Уул “чи зүгээр байгаарай” гээд дайраад байсан. Бадамцэдэн гэдэг залуу нь Ган-Уулыг дайраад байхаар “та ер нь яах гээд байгаа юм бэ?, хоёулаа гарчих уу” гээд дагуулж гарах гэтэл, манай ээж Жигдэнгомбо болиулсан. Манай ээж Жигдэнгомбо Ган-Уулыг дэлгүүрээс хөөж гаргасан. Түүнээс хойш нэг их удалгүй Бадамцэдэн эхнэрийнхээ хамт гарч явсан. Харин 2-3 минутын дараа Бадамцэдэнгийн эхнэр буцаж орж ирээд, “яанаа нөгөө хүн чинь манай нөхрийг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд, дэлгүүрээс авсан зүйлсээ үлдээчихээд, ариун цэврийн цаас аваад гарсан. Удалгүй Бадамцэдэн зүүн гар нь цус болчихсон шархаа ариун цэврийн цаасаар дарчихсан орж ирсэн. Тэгснээ Бадамцэдэн “эмнэлэг, цагдаа дуудаарай” гэхээр нь би дэлгүүрийнхээ утас болох 95618822, 89670246 дугаарын утаснаас 102, 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй Ган-Уул гаднаас дэлгүүр рүү орж ирэх гэхэд ээж маань хориод оруулахгүй гэсэн чинь хүчээр ороод ирсэн. Тэгээд Ган-Уул Бадамцэдэнд “уучлаарай  хоёулаа гэмтэл явъя” гээд өөдөөс нь ойртоход Бадамцэдэн “яах гээд байнаа, намайг дахин хутгалах гээд байна уу” гэхэд нь Ган-Уул баруун талынхаа ханцуйнаас хутга гаргаж ирээд лангуун дээр тавьчихаар нь ээж аваад шалан дээр тавьсан... гэх мэдүүлэг (хх-ийн 31-33 дугаар хуудас),

5. Гэрч С.Жигдэнгомбын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед охиныхоо ажиллуулдаг “Баялаг” дэлгүүрт охин Анхтуулын хамт байж байхад манай дэлгүүрийн ойролцоо амьдардаг Ган-Уул гэдэг залуу орж ирсэн. Тэрээр манай дэлгүүрт үйлчлүүлж байсан 30 орчим настай залуу руу “чи муу тэгээд яахын, зүгээр байгаарай” гээд байсан. Тэгтэл тэр залуу “та одоо юу яриад байгаа юм бэ? солиотой юм уу” гэж хэлтэл Ган-Уул “чи зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь Бадамцэдэн “чи ер нь яах гээд байгаа юм бэ? гарчих уу” гээд Ган-Уулыг дэлгүүрээс гаргах гэж түлхсэн. Харин би “эгчийн дүү чи эрүүл байж, согтуу хүнээр яах гээд байгаа юм” гэж хэлээд болиулсан. Тэгээд Бадамцэдэн тайвшраад больсон. Ган-Уул чихнээсээ аппаратаа авч, лангуун дээр тавьчихаад гараад явсан. Түүнээс хойш 1-2 минутын дараа Бадамцэдэн эхнэрийнхээ хамт дэлгүүрээс гараад явахаар нь би хойноос нь гарч хартал Ган-Уул дэлгүүрийн үүдэнд зогсож байснаа Бадамцэдэнгийн хойноос дагаад явсан. Төд удалгүй Бадамцэдэнтэй цуг явсан хүүхэн “нөгөө хүн чинь манай нөхрийг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд, дэлгүүрээс авсан юмаа үлдээчихээд, ариун цэврийн цаас аваад гарсан. Тэгэхээр нь би хойноос нь гараад хартал Бадамцэдэн зүүн гараа дарчихсан зогсож байсан. Намайг дэлгүүртээ орж ирээд удаагүй байхад Бадамцэдэн эхнэртэйгээ хойноос орж ирээд, “ямар балай юм бэ? нөгөө хүн чинь араас хүрч ирээд хутгалчихлаа ш дээ” гэж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 34-36 дугаар хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12442 дугаартай: “Н.Бадамцэдэнгийн биед зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн нэвт шарх, зүүн бугалганы хураагуур судасны тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8. дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт (хх-38 дугаар хуудас),

7. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн өвчний түүх, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх (хх-ийн 84-99 дүгээр хуудас),

8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1102 дугаартай: “М.Ган-Уул нь сэтгэцийн хувьд “энцефалитын дараах хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь 1977 онд баруун чихний идээт үрэвслийн гаралтай менингит өвчнөөр өвчилсний дараах үлдэц байдлаар илэрсэн байх магадлалтай байна. М.Ган-Уул нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв тайлбарлах, мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Ган-Уул нь хэрэг хариуцах чадвартай байна. М.Ган-Уул нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж үгүй байна. М.Ган-Уулд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт (хх-ийн 58 дугаар хуудас)

9. Шүүгдэгч М.Ган-Уулын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө манай эхнэр Амар ажилдаа явсны дараа би “Баялаг” дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй нэг, 0.33 литрийн хэмжээтэй нэг, нийт хоёр лонх архи авсан. Би урьд өдөр нь эхнэртэйгээ ахуйн асуудлаас болоод маргалдчихсан байсан юм. Тиймээс миний сэтгэл санаа тогтворгүй байсан бөгөөд эхнэртэйгээ маргалдсанаа бодоод архи уусан юм. Би ямар ч байсан 0.5 литрийн хэмжээтэй архи ууснаа санаж байна. Харин 0.33 литрийн хэмжээтэй архийг ууснаа санахгүй байгаа. Би эрүүл мэндээсээ болж архи нэг их хэрэглээд байдаггүй, хэрэг гарсан өдөр эхнэртэйгээ маргалдсанаас болж архи уучихсан юм. Би хохирогчтой юунаас болж, хэрхэн маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан миний сонсголын аппаратны ар хугарчихсан байсан. Би гэрээсээ хутга аваад гарснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мөн санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь би хохирогч залуутай дэлгүүрийн гадна зогсож байсан. Тэр үед хохирогч залуугийн гарнаас цус гарсан байхаар нь би гарыг нь боож өгч туслах санаатай өөдөөс нь очиход хохирогч залуу надаас зугтаагаад дэлгүүр рүү орсон. Би хойноос нь дагаж ороод байж байтал удалгүй цагдаа ирээд, намайг аваад явсан. Надад энэ хэргийн талаар өөр санаж байгаа зүйл байхгүй. Би тархины наалданги гэдэг өвчтэй бөгөөд болсон явдлыг амархан мартаж, санадаг. Мөн тэр өдөр архи уусан, нэлээд согтчихсон байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байгаа. Тийм болохоор яг ямар шалтгаанаар хохирогчтой маргалдсанаа санахгүй байна. Би тэр залууг урьд танидаггүй, бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсныг мэдэхгүй. Би их хэмжээний согтолттой байсан учраас “өөрөө газар унаж гэмтсэн үү, эсхүл хэн нэгэнд зодуулсан уу” гэдгээ санахгүй байна. Тийм учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 67-68 дугаар хуудас),

10. Шүүгдэгч М.Ган-Уулын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:  Би хүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харин танхайн сэдэлтээр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний санаж байгаагаар хохирогч Бадамцэдэн намайг дэлгүүрээс хөөж гаргах гээд чирээд байсан бөгөөд би “намайг дээрэлхэж байгаа юм байна” гэж бодоод, гэрээсээ хутга авч гарсан. Ер нь бол би тухайн үед гэртээ ороод толинд хартал миний хацар халцарчихсан, сонсголын аппарат эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь би Бадамцэдэнг намайг зодсон гэж бодоод маш их уурласан бөгөөд түүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Мөн би дэлгүүрт орохоосоо өмнө хэн нэгэнтэй муудалцаж, маргалдсан эсэх, юу болсон талаар санахгүй байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 70-71 дүгээр хуудас),

Мөн шүүгдэгч М.Ган-Уулын хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72 дугаар хуудас), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт (хх-ийн 75 дугаар хуудас), эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтын баримт (хх-ийн 76, 81, 82-83 дугаар хуудас), хохирол төлсөн баримт (хх-ийн 100-124, 151 дүгээр хуудас) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ.  

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг, дадлага, тушлагатай, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч М.Ган-Уул нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.   

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч М.Ган-Уул нь согтуурсан үедээ буюу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Баялаг” дэлгүүрт Н.Бадамцэдэнг “...муухай харлаа...” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдөж, улмаар тус дэлгүүрийн гадна түүний бугалга руу хутгалж, бие махбодод нь “зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн нэвт шарх, зүүн бугалганы хураагуур судасны тасрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн М.Ган-Уулын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск дэх дүрс бичлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ган-Уулын өмгөөлөгч өмгөөлөл явуулахдаа;

1. Баялаг дэлгүүрийн камерын дүрс бичлэгээс миний үйлчлүүлэгч, хохирогчтой хэрэлдэж, маргаж байгаа байдал тодорхой харагдлаа. Мөн хохирогч Бадамцэдэн бие бялдрын хувьд шүүгдэгчээс том бөгөөд түүнийг дэлгүүрээс гаргах гэж буй эз дийлсэн үйлдэл нь зүй бус харагдаж байна. Иймд шүүгдэгч бусдад зодуулсан, сонсголын аппарат нь эвдэрсэн байсныг хохирогчтой холбож ойлгосон. Тэрээр энэ төсөөлөл, ойлголтынхоо улмаас хохирогчийг хутгалсан байх тул танхайн сэдэлтгүй гэж үзэж байна.

2. Мөрдөн байцаалтын үед миний үйлчлүүлэгч М.Ган-Уулын биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, яаж учруулсныг шалгаагүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч гэмтлийн хүнд зэрэг тогтоосон эх сурвалжаа тодорхойлж чадахгүй байх тул түүний дүгнэлтийг үнэлэх боломжгүй, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан буюу хохирогчтой хэрхэн харилцсанаа, ямар зорилгоор хутгалсан талаараа огт санахгүй байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн шүүгдэгч М.Ган-Уул нь олон нийтийн газар буюу дэлгүүрт үйлчлүүлж буй үл таних хүн рүү ямар ч шалтгаангүйгээр дайрсан, хэрүүл маргаан эхлүүлсэн болох нь;

-Гэрч Э.Оюунбүрэн (хохирогчийн найз бүсгүй) -ийн өгсөн: ...Бадамцэдэн бид хоёр Баялаг хүнсний дэлгүүрт худалдаж авсан зүйлээ бичүүлэх гээд зогсож байтал гаднаас үл таних согтуу хүн буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Ган-Уул гэгч орж ирээд Бадамцэдэн рүү хандан “чи муу тэгээд яах юм, пизда минь”, “чи муу зүгээр байгаарай, ална шүү” гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас),

-Гэрч Ц.Анхтуул (Баялаг дэлгүүрийн худалдагч бүсгүй) -ийн өгсөн: ...Ган-Уул гэдэг ах архи уучихсан нэлээд согтуу, хацар нь шалбарчихсан орж ирээд, тооцоо хийж байсан залуу буюу сүүлд нэрийг нь мэдсэн Бадамцэдэн рүү “чи яах гээд байгаа юм, чамайг харна аа” гээд дайраад байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 31-33 дугаар хуудас),

-Гэрч С.Жигдэнгомбо (худалдагч бүсгүйн ээж) -ийн өгсөн: ...Манай дэлгүүрийн ойролцоо амьдардаг Ган-Уул гэдэг залуу орж ирээд дэлгүүрээр үйлчлүүлж байсан гуч орчим настай залуу руу “чи муу зүгээр байгаарай” гээд байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 34-36 дугаар хуудас),

-Хохирогч Н.Бадамцэдэнгийн өгсөн: ...Би найз бүсгүй Оюунбүрэнтэй хамт Баялаг дэлгүүрээс юм авчихаад лангуун дээр очтол гаднаас үл таних буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Ган-Уул гэдэг залуу нэлээд согтуу орж ирээд, над руу “хөөе лалар аа үхснээ хараад байгаа юм”, “юундаа муухай хараад байгаа юм” гээд дайраад байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 19-21 дүгээр хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн, архи хэтрүүлэн хэрэглэж өөрийн хийж буй үйлдлээ хянах, санах боломжгүй болсон үедээ олон нийтийн газар буюу дэлгүүрээр үйлчлүүлж буй үл таних хүнтэй хэрүүл маргаан өдөж, бусад хүмүүсийг үл хүндэтгэж, агсамнаж буйг хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр, шүүгдэгч нь сонсох эрхтэний бэрхшээлтэй бөгөөд сонсголын аппаратаа авсан үед бусдын яриаг сонсох боломжгүй гэх боловч ийнхүү бусдын яриаг сонсохгүйгээр таарамжгүй харилцаа үүсгэх буюу хэн нэгний хэлсэн үг, ярианы агуулгаас үүдсэн хэрүүл маргаан өрнөх шалтгаан нөхцөл бүрдэхгүй. Гэтэл шүүгдэгч яллагдагчаар мэдүүлэхдээ “...хохирогчид зодуулсан, дээрэлхүүлсэн гэж бодоод, уур маш их хүрсэн, цааш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлгээс түүний үйлдэл төсөөллөөс үүдэлтэй урьдчилан төлөвлөгдөөгүй буюу эмх замбараагүй байсан болох нь тодорхой харагдах тул түүнийг ичгүүр сонжуургүй, догшин авирласан буюу танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын үед шүүгдэгч М.Ган-Уулын биед учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоолгосон байх бөгөөд түүнийг сэжигтнээр тооцож, байцаахад: “...Миний биед учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсныг мэдэхгүй. Би их хэмжээний согтолттой байсан учраас өөрөө унаж гэмтсэн үү, эсхүл хэн нэгэнд зодуулсан уу гэдгээ санахгүй байна. Тийм учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй... гэж (хх-ийн 67-68) мэдүүлсэн. Гэрч нар “Ган-Уул гэдэг залуу дэлгүүрт орж ирэхдээ хацар нь шалбарчихсан байдалтай байсан” гэж мэдүүлцгээсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12440 дугаартай шинжээчийн дүгнэлттэй тохирч байна. Мөн хохирогч Н.Бадамцэдэнгийн хувьд шүүгдэгч М.Ган-Уулыг зодоогүй, түүнд гэмтэл учруулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогджээ.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх няцаалтад тулгуурлан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд түүний өмгөөлөл бодит байдлын болон хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх прокуророос М.Ган-Уулыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч М.Ган-Уулыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “шүүгдэгч өөрийн үг хэл, үйлдлээ хянах, санах боломжгүй болтлоо архидан согтуурч, улмаар олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэж, маргаан өдүүлсэн”-тэй холбоотой гэж дүгнэв.

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 74) байх тул шүүгдэгч М.Ган-Уулыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Ган-Уул нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 0127918 дугаартай актаар М.Ган-Уул нь “дамжуулах болон сонордох мэдрэлийн дүлийрэл” гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсаныг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 24 сараар тогтоосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн шүүгдэгч М.Ган-Уулын эрүүл мэндийн болон хувийн бусад байдал, шүүхээс тогтоосон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар буюу хохирогчид учирсан гэмтлийн урхаггүй байдлыг харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч Н.Бадамцэдэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 815.838 (найман зуун арван таван мянга найман зуун гучин найм) төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.Ган-Уул түүнд 830.000 (найман зуун гучин мянга) төгрөг төлж, хохирлоо бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 101, 151 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ган-Уул цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Н.Бадамцэдэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. 88.1.7. дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см ажлын хэсэг, хүрэн өнгийн 10.5 см модон иштэй, нийт 20.5 см урт нэг ширхэг хутгыг устгуулахаар “эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т шилжүүлж, Баялаг дэлгүүрийн камерын бичлэг бүхий компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээлээ.

Шүүгдэгч М.Ган-Уулд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Дархан Гончиг овогт Моломын Ган-Уулыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ган-Уулд 4 (дөрөв) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ган-Уулд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ган-Уул цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Н.Бадамцэдэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. 88.1.7. дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй 20.5 см урт нэг ширхэг хутгыг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т шилжүүлж, дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Ган-Уулд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ган-Уулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ                                   Б.БАТАА

 

                                   ШҮҮГЧИД                                  Т.АЛТАНТУЯА

 

                                                                                       И.ГАНБАТ