Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00213 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Н” СӨХны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Тт холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 626 150 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд 880 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А,

Хариуцагч: Ж.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” СӨХ нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус хотхоны оршин суугч Ж.Т нь 2014 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр болох нийт 1 782 150 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ж.Төөс 1 728 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” СӨХны нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бүгдийг нь төлөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь энэ байрыг худалдаж аваад 2 сар өнгөрсөний дараа “Н” СӨХ нь өмнөх эзэмшигчийн өр гэж 600 000 төгрөг нэхсэн. Тухайн үед нь би өмнөх эзэмшигчтэй нь “Н” СӨХны ажилтанг утсаар яриулж өрөө төлөхийг шаардсан. Өмнөх эзэмшигч нь “Н” СӨХтой тохироод барагдуулахаар болсон. Энгээд 2 сар өнгөрсөний дараа “Н” СӨХны ажилтан гэх 2 залуу 1 эмэгтэй удаа дараа гэрт дайрж орж ирээд өрөө төл, төлж чадахгүй бол тог тасална. “Н” СӨХны мөнгөө төлж чадахгүй юм бол энэ байрнаас зайлаач гэж хэл амаар доромжилон тог таслах болсон. Мөн эзэнгүй байх хойгуур тог таслаж /2 удаа/ хөргөгчин дотор байсан бүх зүйл муудаж өмхийрсэн, цахилгаан салгаж маас үүсгэснээс болж “Самсунг смарт IED” 40 инчийн телевизорын борд шатсан, гараашид зогсоолд байсан автомашины салхины хаалт хугалж эвдэж алга болгосон зэрэг эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг манай гэр бүлд учруулсан. 2017 оны “Н” СӨХны захирал ажилчид нь солигдож шинэ хүмүүс ажиллах болсон. Энэ шинэ “Н” СӨХ байгуулагдсан хугацаанаас хойш гарсан  сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлж болно гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Нархан хотхон 51 А байр, 47 тоотод оршин сууж эхэлсэн. 2014 оны 4 дүгээр сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны мөнгөний талаар маргаагүй. Гэтэл 2015 оноос эхлэн манай гэр бүл нүүж ирэхээс өмнө амьдарч байсан н.Билэгжаргалын СӨХ-ийн 600 000 төгрөг нэхэх болсон. Миний бие уг шаардлагыг надад хамаарахгүй тул төлөхгүй гэж хэлж, н.Билэгжаргалаас уг 600 000 төгрөгийг гаргуулж авахыг зөвлөсөн. Ингэж хэлснээс хойш 2015 оны 1 дүгээр сараас эхлэн манай тогийг таслана, мөнгөө өг, өгч чадахгүй бол зайл гэж доромжилсон. Улмаар 2015 онд  хэд хэдэн удаа сууц өмчлөгчдийн холбооноос хүн ирж манай байрны тогийг тасалсан. Таслах тоолонд орон сууцны конторт мэдэгдэж тогоо залгуулж байсан. 2015 оны 4 дүгээр сард манай гэр бүл Баянхонгор аймаг руу яваад иртэл манай гэр тоггүй болсон байсан. Үүнээс болж хөргөгч унтарч хөргөгч дотор байсан мах муудаж идэх аргагүй болж 250 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ талаар сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдсэн. Сууц өмчлөгчдийн холбооны ажилтан нар удаа дараалан тог тасалж, тогний хэлбэлзэл үүсгэсний улмаас миний “Самсунг смарт IED” 40 инчийн зурагт 2015 оны 5 дугаар сард шатсан. Уг зурагтыг 450 000 төгрөгөөр “Тамир” ТВ засварын газраар засуулсан. Мөн 2015 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгаас ирэхэд сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн талбайд байсан миний Ford escape маркийн машины салхины хаалт буюу хөмсөг хугалж эвдэлсэн байсан. Энэ талаар сууц өмчлөгчдийн холбооны манаачид хандаж, та хариуцлагагүй хандсан байгаа тул та төл, эсхүл сууц өмчлөгчдийн холбооны машины хөмсөгний мөнгийг гаргуулж өгөөрэй гэж хэлсэн. Уг машины хөмсөг хугарсанаас болж 190 000 төгрөгний хохирол надад учирсан. Иймд муудсан махны үнэ 250 000 төгрөг, “Нархан” СӨХ-оос “Самсунг смарт IED” 40 инчийн зурагт засварын зардалд 450 000 төгрөг, машин хөмсөг 190 000 төгрөг нийт 880 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Ж.Төөс 1 361 100 төгрөг гаргуулан “Н” СӨХнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 265 050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 880 000 төгрөг нэхэмжилсэн хариуцагч Ж.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 465 төгрөг, хариуцагчаас төлсөн 25 670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36 727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлээгүй, буруу дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь миний бие шүүхэд “Н” СӨХны ажилчид тог тасалсан үйлдлээс болж мах муудсан байсан, тус сууц өмчлөгдчийн холбооны ажилчид манай гэрийн тогийг хэд хэдэн удаа тасалсан нөхцөл байдлыг мэдэх, гэрчлэх эхнэр О.Хоролмаа, Д.Эрдэнэмөнх нарыг шүүхэд гэрчээр оролцуулж гэрчийн мэдүүлэг авахуулсан. Гэтэл шүүхээс гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүх хэргийн үйл баримтын талаар зөв хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлгийг авахдаа шүүх гэрчийн мэдүүлгийг авах журмыг
зөрчсөн. Учир нь гэрчийн мэдүүлгийг сонсоход шүүгч байлцаагүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд эргэлзээгүй талаас
нь үнэлж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй байна. Учир нь миний бие нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зурагт засуулсан засварын баримт, цахилгааны самбарыг гэмтээсэн байдлын зураг, машины хөмсөг хугалсан байдлын фото зураг, хөргөгчний фото зургийн нотлох баримтаар өгсөн. Гэтэл нэхэмжлэлийг хангахаас татгалзаж дүгнэхдээ "хариуцагч           үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд тус шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзсан хэсгийг хүчингүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Н” СӨХ нь хариуцагч Ж.Тт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 626 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч, гэм хорын хохиролд 880 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Махатма ганди”-йн гудамж, “Нархан” хотхон, 51А байрны 47 тоотод  хариуцагч Ж.Т нь оршин сууж байгаа болон тэрээр 2014 оны 4 сараас хойшхи хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй үйл баримтын талаар хэн аль нь тайлбарласан байна.

 

Хариуцагч Ж.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ “... сууц өмчлөгчдийн холбоо нь тог тасалсанаас болж хөргөгчид байсан мах муудаж 250 000 төгрөгийн, зурагт шатсанаас засварын зардалд 450 000 төгрөг, харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгээгүйгээс автомашинд 190 000 төгрөгийн, нийт 880 000 төгрөгийн хохирол учирсан тул төлөхгүй” гэж маргаж, 880 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагчаас нотлох баримтаар цуглуулж өгсөн, хэргийн 33 дугаар талд байгаа тооцооны хуудас нь хэний, ямар эд зүйлийн талаарх баримтат мэдээлэл агуулж байгаа нь тодорхойгүй бөгөөд цахилгаан тасарсны улмаас хөргөгчид байсан хүнсний бүтээгдэхүүн муудсан эсэхийг хэрэгт авагдсан гэрэл зураг болон гэрчийн мэдүүлгүүд эргэлзээгүй нотлохгүй. Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйлдлийн улмаас хариуцагчийн автомашинд эвдрэл үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй, тэдгээрийн хооронд шалтгаант холбоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж.Төөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 361 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй байх тул хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2018 оны 01 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн удиртгал хэсэгт шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг дангаар хянан шийдвэрлэснээр бичигдсэн байх боловч хуралдааны явцад асуулт, хариултыг тэмдэглэсэн байдал, шүүхийн шийдвэр зэргээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, энэ нь техникийн шинжтэй алдаа байгааг дурьдлаа.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                           

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                            

                                                                                                       Г.ДАВААДОРЖ