| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2019/03176/и |
| Дугаар | 183/ШШ2019/02589 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2019/02589
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2019/02589
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О нэхэмжлэлтэй
Хариуцагч: У холбогдох
Гэм хор учруулсны төлбөр 2 055 000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О, хариуцагч У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Тоёота ланд 200 маркийн ....улсын дугаартай автомашиныг эзэмшдэг. Миний төрсөн эгчийн нөхөр Э нь миний эзэмшлийн уг автомашинтай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 15 минутын үед ....хотхоны зорчих хэсгээр зорчиж байх үед иргэн У нь миний автомашиныг мөргөж хохирол учруулсан. Улмаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл хийгдэж, зам тээврийн осол гаргасан хэргийн газрын бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, фото зураг, камерын бичлэг, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар У-н буруутай үйлдэл тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дагуу торгууль болон учруулсан нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Зам тээврийн ослын улмаас миний автомашины зүүн урд талын крыло чихэгдэж хонхойсон, зүүн урд хаалга хонхойж нугарсан, зүүн хормой зурагдаж халцарсан тул хөрөнгийн хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлж, 1 965 000 төгрөгийн үнэлгээ гарсан. Мөн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний төлбөрт 90 000 төгрөг төлсөн. Гэм буруутай нь тогтоогдсон У нь одоог болтол надад учирсан хохирлыг барагдуулаагүй байна. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зүүн эргэж явах хэсэгт орсон бөгөөд өөдөөс саад байгаагүй. Энэ үед нөгөө жолооч эсрэг урсгалд буюу миний хөдөлгөөнд орсон урсгалд орж ирж намайг мөргөсөн. Би газар доорх гараашаас гарч ирж явсан бөгөөд бүрэн гарч ирээгүй байсан тул үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэрэг бүртгэгч Э-тэй уулзаж, хурааж авсан бичиг баримтаа авья гэхэд торгуулаа төлж ирээд ав гэхээр нь цагдаагийн байран доторх үйлчилгээний машинд торгуулаа төлөөд бичиг баримтаа авсан. Ингэж торгууль төлснөөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно гэдгийг хэрэг бүртгэгч тайлбарлаж ойлгуулаагүй. Тиймээс хэдийгээр торгууль төлсөн ч миний буруутай үйлдлээс болж уг хэрэг гарсан гэж бодохгүй байгаа. Иймд тус тусын машинд гарсан хохирлоо өөр өөрсдөө төлж хэргийг дуусгах саналтай байна гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О өөрийн эд хөрөнгө болох автомашинд гэм хор учруулсны төлбөр 2 055 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч У өөрийн буруутай үйлдлээс болоогүй аль аль нь буруутай байсан гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч У нь өөрийн эзэмшлийн ******* маркийн ******* дугаарын автомашинтай Хан-Уул дүүргийн нутаг 15-р хороо УБ таун байрны гараашаас гарах үйлдлийг хийхдээ нэхэмжлэгч *******ын эзэмшлийн Т.Ланд маркийн ******* улсын дугаартай автомашиныг мөргөсөн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх17-18/, Замын цагдаагийн албаны осол, үзлэгээр тогтоосон байдал /хх5-6/ , шинжээчийн дүгнэлт/13/, шийтгэлийн хуудас/7/ зэргээр нотлогдож байна.
Хариуцагч У-ийн дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч О-н автомашинд 1 965 000 төгрөгийн хохирол, 90 000 төгрөгийн зардал учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ, /хх15-16/, бэлэн мөнгөний орлогын баримтаар /19/ тогтоогдож байна.
Хариуцагч өөрийн гэм буруутай эсэх талаар маргаж байх боловч өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй 25 дугаар зүйлийн 25.2.2 нэхэмжлэлийн шаардлага тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 бусдын эд хөрөнгөд хууль бусаар болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч У дээрх учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Иймд хариуцагч У-с 2 055 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч У-с 2 055 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 47 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.УРАНГУА
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
Ж.СЭМЖИД