Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 101/2017/02454/И |
Дугаар | 210/МА2018/00473 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2018/00473
Ё.Сгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04025 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ё.Сгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: МУСд холбогдох
Цалин 11 484 644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ё.С нь 2012 оны 6 дугаар сард Дундговь аймаг дах Цөм сүргийн үржлийн төвийн захирлаар томилогдсон бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус төвийн захирлын ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн гэх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий тушаалыг гардуулан өгч ажлыг хүлээлцсэн боловч өнөөдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны үлдэгдэл цалин болох 11 400 000 төгрөгийг олгоогүй. Аудитын тайлангийн 6 дахь хэсэгт тайлант онд авлагагүй, 17.039.5 мянган төгрөгийн өртэй ажилласан байна. Өглөгийн 67,4 хувь буюу 11 484.6 мянган төгрөг нь цалингийн өр байна. Өр төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байна. мөн 12 дахь хэсэгт " ...2016 оны эцэст 17,039.5 мянган төгрөгийн өртэй байгаагаас 67,4 хувь буюу 11 484.6 мянган төгрөг нь цалингийн өр байгааг шийдвэрлэж барагдуулахыг анхааруулж байна... хэмээн дүгнэж цалингийн өр авлагыг баталгаажуулсан байдаг. Мөн 02 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад Дундговь цөм сүргийн үржлийн төв 2016 оны 12 сарын 30-ны байдлаар олгоогүй цалингийн өр 2015 оны 5,212,403 төгрөгийн, 2016 оны 6,272,241 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав... хэмээн нэхэмжлэгчид олгох цалингийн үлдэгдлийг он оноор нь гаргаж талууд тооцоо нийлсэн байна. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 84 464 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 11 484 644 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч МУСийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төв нь Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-66 тоот тушаал гарахаас өмнө аж ахуйн тооцоон дээр, байгууллага тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тамга тэмдэгтэй өөрийн нэрийн өмнөөс бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд байсан. Цөм сүргийн үржлийн аж ахуйн одоогийн нэршлээр Малын удмын сангийн аймаг дахь салбарын захирлуудын цалингийн төсөв батлагдаж байгаагүй, аж ахуйн тооцоон дээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар явж ирсэн. Иймд Ё.Сгийн гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч МУСийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төв /хуучнаар/ нь тус аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт орших оффисын байраа түрээсэлж орлого олдог. Түрээсийн гэрээний дагуу түрээслэгчдээс түрээсийн төлбөр сард 60 000 төгрөг, дулаан, гэрэл, цахилгааны төлбөрийг гүйцэтгэлээр төлөхөөр гэрээ байгуулсан. Тус цөм сүргийн үржлийн төвийн захирал /хуучнаар/ Ё.С нь оффиссын байрны нэг өрөөнд 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 12 cap хүртэл хугацаанд түрээсийн гэрээ байгуулалгүй өөрийн гэр бүлийн хамтаар амьдарч, түрээсийн төлбөр, амьдарч буй өрөөний ашиглалтын зардал болох дулаан цахилгааны зардлыг байгууллагад төлөөгүй болно. Иймд Ё.Сгийн төлөөгүй байрны түрээс, дулаан, цахилгааны зардал болох 3 556 680 төгрөгийг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 242 116 төгрөгийг ажлын хэсэгт тоолж хүлээлгэж өгөөгүй болно. Мөн түрээслэгч н.Бат-Эрдэнээс 2017 оны 02 дугаар сарын түрээсийн орлого, гэрэл цахилгаан, халаалтын төлбөрт 136 500 төгрөгийг хурааж авсан боловч байгууллагын данс бүртгэлд тусгалгүй, хувьдаа завшсан байх тул нийт 378,616 төгрөгийг, давхардуулан цалин тооцож авсан зөрүү 425 696.8 төгрөг, байгууллагаас төлөх НДШ-д төлсөн 51 083.51 төгрөг нийт 476 779.44 төгрөгийг, ажил хүлээлцэх үед дутагдсан 20 нэр төрлийн 25 ширхэг 676 675 төгрөгийн бараа материалыг нөхөн төлүүлэх, малчин Г.С-ын сууриас 4 толгой мал, малчин С.Ц-ийн сууриас 17 толгой мал тус тус дутсан. Нийт 21 толгой 1 467 000 төгрөгийн үнэ бүхий мал дутагдсаныг Ё.С төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул дээрх 21 толгой 1 467 000 төгрөгийг төлүүлэх, мөн даснаас дутагдсан 21 толгой малын төлбөрт 1 467 000 төгрөг, данснаас хассан 1 толгой морины төлбөрт 900 000 төгрөг нийт 2,367,000 төгрөгийг, 1 600 000 төгрөгийн дансны үнэтэй 36 толгой малын төлүүлж, Мөн Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төвийн аж ахуйн хашаанд чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж-ын сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг нотолсон, дэмжсэн баримт хэрэгт байхгүй. Ё.Стэй гэрээ байгуулсан эсэх баримт байхгүйгээр хавсралтаар байр ашиглалтын зардлыг тооцоог жишиг байдлаар гаргаж түрээсийн төлбөрийг гаргуулах боломжгүй. Хэрэгт авагдсан байр ашиглалтын зардлын тооцоог хариуцагчийн төлөөлөгч өөрөө гаргасан. Байгууллагын эд хөрөнгийг хариуцсан эрх бүхий албан тушаалтан хувьдаа эд хөрөнгө завшсан бол эрүүгийн гэмт хэрэг болно. Үүнийг шалгаж тогтоосны дараа хохирлыг шаардан гаргуулах боломжтой. Ё.С Дундговь салбараас цалин бодитоор авсан зүйл байхгүй, одоо авахаар нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, байгууллагын хуулбар үнэн дарагдсан санхүүгийн баримтууд байгаа боловч эдгээрийг үнэлэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУС-д холбогдуулан гаргасан 2015, 2016 оны цалинд 11,484,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Сд холбогдуулан гаргасан 2016 оны 12 сард илүү олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 476,779.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МУС-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУСийн нэхэмжлэгч Ё.Сд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ё.Сд хариуцагч МУС 2015 оны 02-12 сарын хугацаанд ажилласан хөдөлмөрийн хөлс 5 212 403 төгрөг, 2016 оны 1-12 сард ажилласан хөдөлмөрийн хөлс 6 272 241 төгрөг, нийт 11 484 644 төгрөгийн цалинг олгоогүй болох нь хэрэгт цугларсан дараах бичгийн баримтуудаар тогтоогдоно. Үүнд: Дундговь аймгийн Аудитын газрын 2017.03.14-ний өдрийн аудитын тайлан, Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төвийн 2016.12.30-ны өдрийн өглөгийн тайлан, тооцоо нийлсэн акт, Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төвийн бэлэн мөнгөний тайлан, цалин олгох хүснэгт, мөн анхан шатны шүүх "...2015 оны 2-12 сарын хугацаанд 5 212 403 төгрөг, 2016 оны 1-12 сард 6 272 241 төгрөг, нийт 11 484 644 төгрөгийг цалингаа аваагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Дундговь аймгийн Аудитын газрын тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдож байна хэмээн дүгнэж, 2015, 2016 оны үлдэгдэл цалин болох 11 484 644 төгрөгийн цалингаа аваагүй болохыг тогтоосон.
Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэгч 11 484 644 төгрөгийн үлдэгдэл цалингаа аваагүй хохирч байгаа болохыг тогтоосон боловч цалин хөлсөө гаргуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хандсан болох нь Баянзүрх дүүргийн Эвлэрүулэн зуучлагчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 196 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байх ба 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зуйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь цалин хөлсний талаар нэхэмжлэгчтэй 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж үлдэгдэл цалингийн талууд баталгаажуулсан, энэхүү тооцоо нийлсэн акт болон Дундговь аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн тайланд Дундговь аймгийн аудитын газарт аудит хийж байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл цалин хөлсөө шаардалгүй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдер хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б-06 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдэж ажил хүлээлцэх комисс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн аудитын тайлан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б-01 дугаар тушаалын зүүн доод буланд гараар бичиж, цөм сүргийн үржлийн төвийн тамгыг дарсан уг тушаалаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015, 2016 онуудын үлдэгдэл цалингаа шаардах эрх нь түүнийг ажлаас чөлөөлсөн өдрөөс эхлэн тоологдох ёстой бүр нарийвчлан авч үзвэл 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу Дундговь аймаг дах, Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн тайланг Дундговь аймгийн аудитын газар баталгаажуулсан Аудитын тайлан гарсан өдрөөс тооцох ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч Ё.С нь хариуцагч МУСд холбогдуулан 2015 оны цалингийн үлдэгдэл 5 212 403 төгрөг, 2016 оны цалингийн үлдэгдэл 6 272 241 төгрөг, нийт 11 484 644 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тул өөрөө өөрийгөө санхүүжүүлж үйл ажиллагаа явуулж байсан гээд Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төвийн аж ахуйн хашааг чөлөөлүүлэх, нийт 9 055 750.44 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Ё.С нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл МУСийн Дундговь аймаг дахь салбарын захирлаар, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл уг төвийн Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төвийн захирлаар, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уг төвийн Дундговь аймгийн цөм сүргийн салбар нэгжийн менежерээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 5, 7-8, 163-164, 168-172/
Цалин хөлсний тооцооны үлдэгдэлтэй буюу 2015 онд 5 212 403 төгрөг, 2016 онд 6 272 241 төгрөг дутуу олгогдсон талаар нэхэмжлэгч мэдэж байсан болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд тухайн үед нэхэмжлэгч нь өөрөө хариуцагч байгууллагыг төлөөлж байсан тул цалин, хөлс дутуу олгогдсонтой холбоотойгоор шаардах эрхтэй болохоо мэдэж байсан гэж үзнэ. /хх-ийн 91/
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь цалин хөлстэй холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байсан хэдий ч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Нэхэмжлэгчийн цалин хөлс дутуу олгогдсон талаарх үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар байх тул энэ өдрөөс эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсанаар хуульд заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн байна. Ё.С нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох эрхтэй боловч хэргийг шийдвэрлэхгүй орхих эрхийг хуулиар олгоогүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй болохыг дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасантай нийцэхгүй байх тул найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтын “шийдвэрлээгүй болохыг дурдсугай” гэснийг “хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Сгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД