Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 08

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Д.Энх-Амар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ц.Билгүүнзаяа, М.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нарт холбогдох 201617000320 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

  Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 2 ээжийн хамт амьдрах, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорнод бүсийн эрчим хүчний Сүхбаатар салбарт гагнуурчин ажилтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг Амгалангийн 16-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Захчин овгийн Манлайбаатарын Анхбаяр /РД:ЛМ94062258/.

 

  Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1993 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 3 аав эмээгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 4 дүгээр баг Төмөртэйн 20-05 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Алтан-Овоо овгийн Цэнгэлбадрахын Билгүүнзаяа /РД:ЖЯ93091810/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

           Яллагдагч М.Анхбаяр нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 сарын орчимд Ц.Билгүүнзаяатай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож иргэн Ц.Цэнгэлгарьдын өмчлөлийн хонгор зүстэй ширээтэй зуузай тамгатай бүдүүн морь болон халиун зүстэй ширээтэй зуузай тамгатай хязаалан насны морьдыг унаж ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс 20 км-т байрлах Цогт гэх газраас иргэн Д.Доржсүрэнгийн өмчлөлийн хонгор зүстэй буруу зөв талын шаантны үзүүр дээр загасан тамгатай, саран тамгатай, хонгор зүстэй буруу зөв талын шаантны үзүүр дээрээ загасан тамгатай нийт 2 тооны адууг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

           Яллагдагч Ц.Билгүүнзаяа нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 сарын орчимд М.Анхбаяртай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож иргэн Ц.Цэнгэлгарьдын өмчлөлийн хонгор зүстэй ширээтэй зуузай тамгатай бүдүүн морь болон халиун зүстэй ширээтэй зуузай тамгатай хязаалан насны морьдыг унаж ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс 20 км-т байрлах Цогт гэх газраас иргэн Д.Доржсүрэнгийн өмчлөлийн хонгор зүстэй буруу зөв талын шаантны үзүүр дээр загасан тамгатай, саран тамгатай, хонгор зүстэй буруу зөв талын шаантны үзүүр дээрээ загасан тамгатай нийт 2 тооны адууг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Анхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Билгүүнээ бид хоёр хөдөө гэртээ байсан. Би Билгүүнээг чи надад ганц адуу олоод өг гэхэд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хөдөө яваад тэр хоёр адууг Цогт гэдэг газрын зүүн дороос морьтой очиж аваад хөтлөөд аймаг руу орж ирээд Болдоо гэдэг залууд өгсөн. Бид хоёр голын эхэнд таарсан. Билгүүнээ хоёр морьтой ирсэн. Би наанаас нь явган очоод Билгүүнээгийн нэг морийг унаад явсан. Бид хоёр авсан 2 адуугаа хохирогч Доржсүрэнд буцаагаад өгсөн, мөн эрэлд явахад гарсан бензин тосны мөнгөнд бид хоёр 550.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй... гэв. 

 

- Шүүгдэгч Ц.Билгүүнзаяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Анхбаярыг хөтөлгөө морьтой ирж аваад хөдөө явсан. Тэгээд тэр хоёр морийг аваад унаж явсан морьдоо гэртээ орхиод аймаг руу ирсэн. Унаж явсан морьд маань манай ахын адуу байсан. би найздаа туслах гэж л ийм хэрэг хийсэн. Хохирогч Д.Доржсүрэнд хохирлоо бүгдийг нь төлсөн. Би их гэмшиж байна... гэв. 

 

- Хохирогч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх 2016 оны өвөл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойш Цог гэх газарт нутагладаг хүү Гэрэлт-Одынд адуугаа аваад ирсэн юм. Гэтэл 2016 оны 2 сарын орчимд манай адуунаас 2 тооны адуу алдагдаад олдохгүй байсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Өөрсдөө эрэл сурал хийгээд олоогүй юм. 2016.10.14-ний өдөр манай хүү Гэрэлт-Од аймгийн төв дээр байдаг бойнд 2 бяруу өгөхөөр очиход манай алдагдсан хоёр адууг машинтай хүмүүс ачаад тэнд очсон гэсэн. Тэгээд хүмүүстэй нь уулзаад хоёр адуугаа авсан байгаа юм. Тэр хүмүүсийг Отгоо, Болдоо гэдэг юм билээ. Тэр хоёроос манай адууг хэнээс авсан талаар асуухад бид нарт хүн авчирч өгсөн гэсэн. Манайх 1.Хонгор зүстэй, хязаалан гүү, буруу зөв талын шаантны үзүүр дээрээ загасан тамгатай, са тамгатай, 2. Хонгор зүстэй, шүдлэн насны байдсан гүү, буруу зөв талын шаантны үзүүр дээрээ загасан тамгатай хоёр байдас байсан. Тухайн адууг авсан хүмүүс зөв талын гэр гуянд галтай саран тамга нэмж дарсан байсан. Баруун-Урт сумын үнэлгээний комиссоос миний хязаалан гүүг 1.000.000, шүдлэн байдсыг 800.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Адууны эрэл сурал хийхэд зарцуулсан 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Өөрийн алдсан хоёр байдсыг олсон тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-24/

 

- Гэрч Д.Гэрэлт-Одын мөрөнд байцаалтанд өгсөн: Манайх Баруун-Урт сумын 9-р баг аймгийн төвөөс хойш 23 км-т Цогт гэдэг газар нутагладаг юм. 2016.02.10-ны орчимд манай 10 гаруй гүүнээс 2 тооны гүү алдагдсан юм. Тухайн үед олдож магадгүй гээд цагдаад мэдэгдэлгүй ойр хавиараа хайгаад олоогүй юм. Тэгтэл 2016.10.14-ний өдөр би өөрийнхөөсөө 2 бяруу бойнд оруулахаар аймгийн төвийн бойн дээр очиход манай алдсан хоёр гүүг машин дээр ачаад бойнд авчирч байгаатай таарсан. Тэгээд ачиж явсан хоёр хүнтэй уулзаад миний алсан хоёр гүү байна гээд утсаараа зургийг нь дараад мөнгө төгрөгийг нь өгөлгүй шууд аваад явсан. Тэр үед манай гүүнд галтай саран тамга нэмж дарсан байсан. Одоо авсан зураг нь надад байна. Энэ хоёр гүү нь манай аав Доржсүрэнгийнх юм гэх мэдүүлэг /хх-27/      

 

- Гэрч С.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: Анхбаяр нь надад 380.000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд өрөө нэхэхэд 2016.02.13-ны өдөр 11 цагийн орчимд найзтайгаа хамт надад загасан тамгатай 2 тооны шүдлэн байдас үзүүлсэн. Тэгэхэд нь тэр хоёр байдсан гүүг нь 400.000 төгрөгт бодож авъя гээд зөрүүд нь 20.000 төгрөг Анхбаярт бэлнээр өгч авсан юм. Тэгтэл 2016.10.14-ний өдөр Отгонбаяр бид хоёрыг дээрх хоёр байдсан гүүг борлуулах гээд машинд ачаад аймгийн бойн дээр очиход Гэрэлт-Од гэдэг хүн тэр хоёр байдсыг таниад аваад явсан. Тэгэхээр нь Анхбаяраас хулгайн адуу өгсөн байна гээд мөнгөө нэхэхэд тэрээр уучлаарай гээд бэлнээр 500.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан. Тэр хоёр байдсанд манай дүү Отгонбаяр өөрийнхөө тамгыг дарсан. Яг тэр тамгыг нь би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-32/

 

- Гэрч С.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Ариунболд ах Анхбаяраас худалдаж авсан хоёр байдсан гүүг намайг харж байгаарай гээд өгөхөд нь би өөрийнхөө галтай саран тамгыг дараад айлын адуунд байлгаж байсан юм. Тэгээд 2016.10.14-ний өдөр Ариунболд ах бид хоёр аймгийн зүүн талд байдаг шинээр баригдсан бойн дээр хоёр гүүг өгөх гээд аваад очтол Гэрэлт-Од гэдэг залуу бид хоёрын ачиж ирсэн хоёр гүүг харж байгаад манай алдсан байдсан гүү байна гээд аваад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-33/

 

- Гэрч Ц.Цэнгэлгарьдын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016.02.12-ны өдөр Сүхбаатар аймгийн төвд эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан ба тэр үед Билгүүнзаяа манай хөдөө гэрт ганцаараа мал хараад байсан. Манайх 20-иод тооны адуутай. Тэр дунд хонгор зүстэй ширээтэй зуузай тамгатай бүдүүн морь, халиун зүстэй ширээтэй зуузай тамгатай хязаалан насны морь байсан. Энэ хоёр морийг 2016.11.10-ны орчимд идшэндээ хэрэглэсэн. Учир нь бүдүүн морь нь хөгшин байсан юм. Халиун зүстэй морийг уяж байгаад хөлгүй болсон болохоор энэ хоёр морийг идшэндээ хэрэглэсэн. Билгүүнзаяа ямар ч надад адуу хулгайлсан талаар хэлээгүй. Энэ талаар би ээж Борхүүхнээс саяхан сонссон гэх мэдүүлэг /хх-34-35/

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл 2016.12.09 /хх-04/

 

- Хэргийн газрын нөхөн үзлэгийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-07/

 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл 2016.11.14 /хх-08-09/

 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл 2016.12.02 /хх-13-14/

 

- Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл 2016.12.02 /хх-17-18/

 

- Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл 2016.11.15 /хх-20-21/

 

- М.Анхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/

 

- Ц.Билгүүнзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн засаг даргын 2016.10.26-ны өдрийн 1/730 тоот тодорхойлолт /хх-64/

 

- М.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн засаг даргын 2016.10.26-ны өдрийн 4/539 тоот тодорхойлолт /хх-67/

 

- Ц.Билгүүнзаяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68/

 

- Баруун-Урт сумын 2016 оны 2 сарын байдлаар Малын үнэлгээ. /хх-87/

 

- Хохирогч Д.Доржсүрэнгийн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд /2016.01.16, 2016.01.17/ 

 

- Хохирогч Д.Доржсүрэнтэй утсаар ярьсан тэмдэглэл /2016.01.23/зэрэг болно.

 

 

Шүүгдэгч М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, иргэн Ц.Цэнгэлгарьдын өмчлөлийн хонгор зүстэй ширээтэй зуузай тамгатай бүдүүн морь, халиун зүстэй ширээтэй зуузай тамгатай хязаалан насны морьдыг унаж ашиглан 2016 оны 02 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын төвөөс 20 км-т байрлах Цогт гэх газраас иргэн Д.Доржсүрэнгийн өмчлөлийн хонгор зүстэй буруу зөв талын шаантны үзүүр дээр загасан тамгатай, саран тамгатай, хонгор зүстэй буруу зөв талын шаантны үзүүр дээрээ загасан тамгатай нийт 2 тооны адууг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Доржсүрэн, гэрч Д.Гэрэлт-Од, С.Ариунболд нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Хохирогчид эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл, Малын үнэлгээ/2016 оны 12 сарын/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Хэргийн байдлыг үндэслэвэл, шүүгдэгч М.Анхбаяр нь бусдад төлөх өрөө өгөх зорилгоор адуу хулгайлах санаачлага гарган, улмаар хөдөө байх Ц.Билгүүнзаяатай адуу хулгайлах талаар тохиролцож, Ц.Билгүүнзаяа нь хөтөлгөө морьтой ирж түүнийг авч, бусдын 2 тооны адууг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэдгээрийг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Энэ нь тэдгээрийн болон гэрч Д.Гэрэлт-Одын “Манайх Баруун-Урт сумын 9-р баг аймгийн төвөөс хойш 23 км-т Цогт гэдэг газар нутагладаг юм. 2016.02.10-ны орчимд манай 10 гаруй гүүнээс 2 тооны гүү алдагдсан юм. Тухайн үед олдож магадгүй гээд цагдаад мэдэгдэлгүй ойр хавиараа хайгаад олоогүй юм. Тэгтэл 2016.10.14-ний өдөр би өөрийнхөөсөө 2 бяруу бойнд оруулахаар аймгийн төвийн бойн дээр очиход манай алдсан хоёр гүүг машин дээр ачаад бойнд авчирч байгаатай таарсан. Тэгээд ачиж явсан хоёр хүнтэй уулзаад миний алсан хоёр гүү байна гээд утсаараа зургийг нь дараад мөнгө төгрөгийг нь өгөлгүй шууд аваад явсан “ гэх, гэрч С.Ариунболдын “Анхбаяр нь надад 380.000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд өрөө нэхэхэд 2016.02.13-ны өдөр 11 цагийн орчимд найзтайгаа хамт надад загасан тамгатай 2 тооны шүдлэн байдас үзүүлсэн. Тэгэхэд нь тэр хоёр байдсан гүүг нь 400.000 төгрөгт бодож авъя гээд зөрүүд нь 20.000 төгрөг Анхбаярт бэлнээр өгч авсан юм. Тэгтэл 2016.10.14-ний өдөр Отгонбаяр бид хоёрыг дээрх хоёр байдсан гүүг борлуулах гээд машинд ачаад аймгийн бойн дээр очиход Гэрэлт-Од гэдэг хүн тэр хоёр байдсыг таниад аваад явсан. Тэгэхээр нь Анхбаяраас хулгайн адуу өгсөн байна гээд мөнгөө нэхэхэд тэрээр уучлаарай гээд бэлнээр 500.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан.” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдоно.

           

Иймд шүүгдэгч М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Анхбаяр гэмт хэрэг үйлдэхийг санаачлан Ц.Билгүүнзаяаг энэ хэрэгт холбогдуулсан байдлыг харгалзан М.Анхбаярын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөг хурааж, харин Ц.Билгүүнзаяа нь гэр бүлийн дундын өмчлөлийн 5 ханатай гэрээс өөр эд хөрөнгөгүйг үндэслэн эд хөрөнгө хурааахгүйгээр тус тус ял оногдуулахаар тогтоов. 

 

М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нар нь хохирогч Д.Доржсүрэнгийн хоёр адууг  хулгайлахдаа иргэн Ц.Цэнгэлгарьдын өмчлөлийн хонгор зүстэй ширээтэй зуузай тамгатай бүдүүн морь, халиун зүстэй ширээтэй зуузай тамгатай хязаалан насны морьдыг гэмт хэрэг үйлдэх газарт очих, адууг барих, аймгийн төвд авчрах, гэмт үйлдлээ түргэсгэх зэрэгт ашигласан нь шүүгдэгч М.Анхбаярын “ Би аймгийн төвөөс хойшоо голын эхэнд явган очиход Билгүүнзаяа хөтөлгөө морьтой ирээд аймгаас хойг 25 км-т Цогт гэх газарт гэрт нь ирсэн. Билгүүнзаяа хонгор, би халиун зүстэй морь унаж явсан. 2 адуу бугуйлдаж аваад би морио унаж явсан морио орхиод түүний морийг ээлжлэн унаад, нөгөө 2 морио хөтлөөд үүр цайх үед ирсэн” гэх, Ц.Билгүүнзаяагийн “ Анхбаяр халиун зүстэй ширээтэй зуузай тамгатай соёолон, би хонгор зүстэй ширээтэй зуузай тамгатай бүдүүн морь унаж явсан”, гэрч Ц.Цэнгэлгарьдын “ манайд хонгор зүстэй ширээтэй зуузай тамгатай бүдүүн морь, халиун зүстэй ширээтэй зуузай тамгатай хязаалан насны морьд байсныг 2016 оны 11 сард идшиндээ хэрэглэсэн ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг морьдыг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсөг гэж үзэж, шүүгдэгч М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нараас үнийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Учир нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дээрх морьд нь бусдын өмчлөлийнх ба эдгээр морьдыг Баруун-Урт сумын үнэлгээний комиссоос тус бүрийг 500.000 төгрөгөөр үнэлсэнийг/хх- 87 тал/ дурдая.

 

           М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

                              

           Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Доржсүрэнд учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу хулгайлагдсан 2 морь хохирогчид буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

Шүүгдэгч М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хэрэг үйлдэгдсэн болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг үндэслэн тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзахаар тогтоолоо.

 

Хэрэгт М.Анхбаярын өмчлөлийн Nissan pulsar маркийн 32-66 СҮА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.11.14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ялтан Ц.Билгүүнзаяагийн дундын өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.12.02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсгийн үнийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлнэ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Захчин овгийн Манлайбаатарын Анхбаяр, Алтан-Овоо овгийн Цэнгэлбадрахын Билгүүнзаяа нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Анхбаярын хувьд ногдох хөрөнгөнөөс 50.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан 02 / хоёр/ жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Ц.Билгүүнзаяагаас эд хөрөнгө хураахгүйгээр 02 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан ялтан М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нараас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2 морьны үнэд тус бүрээс 500.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

           7. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Доржсүрэнд учирсан 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу хулгайлагдсан 2 морь хохирогчид буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялтан М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан М.Анхбаярын өмчлөлийн Nissan pulsar маркийн 32-66 СҮА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.11.14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ялтан Ц.Билгүүнзаяагийн дундын өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.12.02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглсэн унаа хөсгийн үнийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Анхбаяр, Ц.Билгүүнзаяа нарт урд авсан Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН