Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0070

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0070

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А

Нэхэмжлэгч: С.А

Нэхэмжлэгч: Ц.Б

Нэхэмжлэгч: Р.Б

Нэхэмжлэгч: Л.Г

Нэхэмжлэгч: Л.Г

Нэхэмжлэгч: Б.Д

Нэхэмжлэгч: Ц.Ж

Нэхэмжлэгч: Ч.М

Нэхэмжлэгч: Ж.Б

Нэхэмжлэгч: Б.О

Нэхэмжлэгч:Д.Э

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхийлөгч

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, Ц.Б, Р.Б, нэхэмжлэгч Л.Г, Ж.Б, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ч.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , Л.Г /цахимаар/, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Д, Л.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Э, хариуцагч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Б /цахимаар/ хариуцагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А нар нь дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж Ч.М, Ж.Б, Б.ОД.Э нар нь Шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдуулан нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

нэхэмжлэгч Д.Аийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч С.Аыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ц.Бг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Р.Быг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Л.Гийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Б.Дг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Л.Гг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ц.Жг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Б.Ог Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр

нэхэмжлэгч Ч.Мийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ж.Быг Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгчД.Эийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах,

2. Нэхэмжлэгч Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г,

Л.Г, Б.Д, Ц.Ж Ч.М, Ж.Б, Б.О,Д.Э нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж Ч.М, Ж.Б, Б.О,Д.Э нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.А нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, мөн өдрийн 42 дугаар тогтоолоор нийт шүүгчдийг шинэ байгуулагдсан шүүхэд шүүгчээр томилуулах тогтоолыг тус тус Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байсан.

2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхүүдийг тойргийн системд хувиргаж, шинээр шүүхүүдийг байгуулсан бөгөөд энэ нь иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхүүдийг 1-20 хүртэл дугаарлаж, Тухайлбал: Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийг Архангай аймаг дахь иргэний хэргийн 1 дүгээр шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх гэх мэтээр нэрлэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 42 дугаар тогтоолоор дээрх нэр бүхий 12 шүүгчийг шинээр байгуулагдсан ийнхүү нэрлэх шүүхүүдэд шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалтыг хүчингүй болгосон болно.

Үндсэн хуулийн Цэцийн дээрх тогтоолын үр дагавар нь нэр бүхий 12 шүүгчийг томилуулахаар өргөн мэдүүлсэн байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон, нөгөө талаас тогтоолд заасан Дүүргийн 1, 2, 3, 4, 5 дугаар шүүх, Дорнод аймгийн сум дундын шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх гэх зэрэг нэршил бүтэц бүхий шүүхүүд одоо огт байхгүй тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн уг тогтоол Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон байна.

Үндсэн хуулийн цэц нь 12 иргэнийг шүүгч нарыг огцруулаагүй, томилоогүй орхигдуулсан гэж дүгнэсэн дүгнэлтийнхээ агуулгыг Шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн, халсан шийдвэр гаргаагүй тул тохилоогүй орхисон хууль зүйн факт үүссэн гэж Ерөнхийлөгчийн эс үйлдэхүйн үүсгэсэн үр дагаврыг үзэж, уг хууль зүйн үйл баримт, түүнээс үүссэн үр дагаврыг Ерөнхийлөгч эдгээрийг шууд томилсон шийдвэрээ гаргаснаар зөвтгөх боломжтой гэж үзсэн болохоо тайлбарласан.

Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас энэхүү маргааныг хянан шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар харьяалал тогтоосонтой холбогдуулан бид Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, 2015 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэхийг хүсэж өргөдөл гаргасан боловч, хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно гэж заасан байна.

Иймд нэр бүхий 12 шүүгчийг буцаан шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн 2013 оны 42 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, Улсын Их Хурлаас 2015 онд Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан тул Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн тогтоол болон 2015 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн 12 шүүгчийг одоогийн байгуулсан шүүхэд шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид шинээр өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй нь дээрх хуульд нийцээгүй хууль бус тул өргөн мэдүүлсэн шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасны дагуу Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өмнө тойргийн системээр зохион байгуулалт хийж байгуулсан байсан шүүхүүдийг буцаан нутаг дэвсгэрийн харьяаллаар нь дүүргийн, сумын, сум дундын шүүх болгож хувааж, дахин зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ эдгээр шүүхүүдэд ажиллаж байсан шүүгч нарыг дахин томилохоор өргөн мэдүүлсэн тогтоолоо гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч, нэхэмжлэгч Д.А нарыг уг тогтоолоороо өргөн мэдүүлээгүй орхин, эс үйлдэхүй гаргаснаас гадна, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д.А нарыг өргөн мэдүүлэхийг хүссэн хүсэлтээ гаргасан байхад шийдвэрлээгүй, хүсэлтэд албан бичгээр хариу өгөөгүй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа болно.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэхэмжлэгч нарыг 2013 онд зохих шүүхэд нь шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн гэж маргаж байгаа боловч дээр дурдсанаар 2015 онд шүүхийг шинэчлэн байгуулснаар шүүхүүд тухайн үеийн нэршлээрээ байхгүй болсон, мөн түүнчлэн 2013 онд өргөн барьсан Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх хууль зүйн үр дагавартай гэж үзсэн учраас биднийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхийг хүссэн боловч шийдвэрлэхгүй байгаа ба одоо зохион байгуулагдсан шүүхүүдэд нэхэмжлэгч нарын өмнө ажиллаж байсан ажлын байр нь хадгалагдаж байгаа тул тухайн ажлын байр хадгалагдаж байгаа шүүхүүдэд буцаан томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн баталсан шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоороо анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналаа гаргаж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа С.А, Д.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж, Ч.М, Ж.Б, Б.О,Д.Э нарын нэр бүхий 12 шүүгчийг ямар нэг хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр томилоогүй орхигдуулсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсөн гэж үзэж 2013 оноос Ерөнхийлөгчид өөрт нь болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн яам, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Их Хурлын дарга, зарим хуульч гишүүд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх /тухайн үеийн нэрээр/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх зэрэг байгууллага, албан тушаалтнуудад хандан гомдол, өргөдөл, нэхэмжлэлийг тасралтгүй гаргасан боловч шийдвэрлэгдээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар магадлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 199 дүгээр зарлигаар нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр дахин томилоогүй орхигдуулсан нь тэдгээрийг шүүгчийн албан тушаалаас огцруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байна" гэж дүгнэн Үндсэн хуулийн маргаан үүсгэхээс татгалзсан.

Үндсэн хуулийн цэц шүүгч нарыг огцруулаагүй гэдгийг шүүгчээр томилоогүй орхигдуулсан гэдгийг тус тус тогтоож өгсөн бөгөөд ийм ч учраас шүүгч нарыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан үүсгэх, хэлэлцэх, хууль зүйн үндэслэлгүй болсон ба харин нэр бүхий 12 шүүгчийг буцаан томилохгүй байгаатай холбогдуулан зөрчсөн эрхээ шүүхэд хандан сэргээлгэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан болно.

Үндсэн хуулийн цэц нь 12 иргэнийг шүүгч нарыг огцруулаагүй, томилоогүй, орхигдуулсан гэж дүгнэсэн дүгнэлтийнхээ агуулгыг Шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн, халсан шийдвэр гараагүй тул томилоогүй орхисон хууль зүйн факт үүссэн гэж Ерөнхийлөгчийн эс үйлдэхүйн үүсгэсэн үр дагаврыг үзэж, уг хууль зүйн үйл баримт, түүнээс үүссэн үр дагаврыг Ерөнхийлөгч эдгээрийг шууд томилсон шийдвэрээ гаргаснаар зөвтгөх боломжтой гэж гэж үзсэн болохоо тайлбарласан болно.

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр магадлалаар Д.А нарын 12 шүүгчийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэргийн харьяаллыг тогтоосон.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим уг хэргийг шийдвэрлэх нь Үндсэн хуулийн зөрчил болж болзошгүй гэж дүгнэж хэргийг Үндсэн хуулийн цэцэд буцаасан юм.

Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд бидний гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх шатанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг Улсын Дээд шүүх тогтоохоор хуульчлан баталсан тул Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 17 дугаар тогтоолоор энэхүү маргааныг хянан шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар харьяалал тогтоогоод байна.

Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгч нарыг томилоогүй орхигдуулан, буцаан томилохоос татгалзаж байгаа эс үйлдэхүй-г Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэгч нарын төрийн албан тушаалыг хуульд заасан журмын дагуу эрхлэх, албан тушаалыг эрхлэхдээ хуульд заасан баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно гэж заасан.

Энэхүү Үндсэн хуулийн үзэл санааг 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд дэлгэрүүлэн тусгахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглох, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох ба шүүгч нь хугацаагүй томилогдож, захиргааны болон гуравдагч этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй байхаар тогтоосон байдаг.

Мөн түүнчлэн 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг ажлаас чөлөөлөх, огцруулах үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор шүүгчийг албан тушаалаас нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шүүхийн мэргэжлийн болон ёс зүй хорооны дүгнэлт гарсан, эсхүл өөрийн хүсэлтийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Ерөнхийлөгч уг асуудлыг шийдвэрлэхээр хуульчилжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 40/32, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 40/146 тоот тогтоолуудаар зөвшөөрөгдсөн Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаарх үндсэн зарчим-уудын 18 дахь хэсэгт Зөвхөн үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй болсон эсхүл тухайн албан тушаалд тохирохгүй зан үйл гаргасан тохиолдолд шүүгчийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх буюу хална, 19 дэх хэсэгт Шийтгэх, албан тушаалаас түдгэлзүүлэх, халах бүх шийтгэлийн ажиллагааг шүүхийн ёс зүйн тогтоосон дүрмийн дагуу явуулна гэж,

Мөн 1995 онд батлагдсан Азийн бүс нутгийн шүүхийн хараат бус байдлын зарчимууд-ын 22 дахь хэсэгт Зөвхөн эрүүгийн хариуцлагад татсан, чадамжгүй болсон нь нотлогдсон, эсхүл шүүгчийн эрх зүйн байдалд нийцэхгүй зан үйл гаргасан тохиолдолд шүүгчийг албан ажлаас нь хална, 29 дэх хэсэгт Татан буугдаж байгаа эсхүл бүтэц нь өөрчлөгдөж байгаа шүүхийн шүүгч нарыг тухайн өөрчлөгдөж буй шүүхэд, эсхүл өөр шүүхийн бүтцэд адил бүрэн эрхийн хугацаатай, албан тушаалд томилно гэж тус тус заасан байна.

Олон Улсын эрх зүйн баримт бичиг болон дотоодын хууль тогтоомжид ийнхүү хуулийн дагуу албан тушаалд томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлж буй шүүгчдийн эрх зүйн байдлыг хөндөх магадлалтай аливаа шийдвэрийг гаргах тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ерөнхийлөгч гагцхүү Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо гэсэн мэргэшсэн, хараат бусаар ажиллах байгууллагууд, эсхүл хуульд заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар эрх бүхий бусад байгууллагын гаргасан санал, дүгнэлт, шийдвэрийг үндэслэх ёстой.

Ингэж Үндсэн хууль болон бусад хуулиар шүүгчийг хууль бусаар огцруулахыг хориглосон заалт оруулсан нь нэг талаасаа шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах зорилготой, нөгөө талаасаа шударга ёсны хэмжүүр болдог шүүгчийг улс төрөөс ангид, аливаа улс төрийн албан тушаалтнаас хараат бус, нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаа явуулах" зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээрх шийдвэрүүдийг гаргах үед томилогдоогүй үлдсэн нэр бүхий 12 шүүгчид холбогдох ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргасан гэж үзэх үйл баримт байгаагүй, эсхүл эрх бүхий байгууллагаас шүүгчийн ёс зүйн болоод мэргэжлийн алдаа гаргасан талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаагүй тул шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл байгаагүй юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэхэмжлэгч нарыг шүүгчийн албан тушаалд томилоогүй орхигдуулахдаа энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй, ямар үндэслэлээр тэдгээр шүүгчийг томилоогүй үндэслэл нь одоог хүртэл тодорхой биш байгаагаас гадна шүүгчийг томилохоос татгалзсан зарлиг болон өөр бусад байдлаар шийдвэр гараагүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь 12 шүүгчийг буцаан томилохоос татгалзсан үндэслэлээ тэдгээрийн эрх ашгийг хамгаалж ажилласан Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоонд тайлбарлахгүй гэсэн бөгөөд ийнхүү тайлбарлахаас татгалзсан нь нэр бүхий 12 шүүгчийг томилохоос татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа болно.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дээрх эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нар хууль ёсоор эрхэлж байсан ажил, албан тушаалдаа цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж, улмаар ажилгүй иргэн болсноос гадна шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй, мэргэжил мэдлэггүй, ёс зүйгүй, зөрчил гаргагч гэж нийтэд ойлгогдож, зарим байгууллага ажилд авахаас татгалзаж, нэр хүндээрээ хохирч 8 жилийн хугацааг өнгөрүүллээ.

Иймд Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж, Ч.М, Ж.Б, Б.О,Д.Э нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулаагүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй нь нэр бүхий 12 иргэний төрийн албан тушаалыг хуульд заасан журмын дагуу эрхлэх, уг албан тушаалыг эрхлэхдээ хуульд заасан баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан /өөрчлөн байгуулсан шүүхийн/ шүүгчийн албан тушаалд шилжүүлэн буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан шинэчлэн баталсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 41 дүгээр тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилж тойргийн журмаар байгуулсан. Бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулж 409 шүүгчийг шинээр өөрчлөн байгуулсан шүүхэд нь шилжүүлэн, буцаан томилуулах саналаа ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг. Энэ өргөн мэдүүлсэн 41 дүгээр тогтоолд нэхэмжлэгч буюу 12 шүүгчийн нэр тодорхой шүүхүүдэд буцаан томилуулахаар шүүхийн ерөнхий зөвлөлөөс саналаа хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирүүлсэн тогтоолын дагуу Монгол Улсын ерөнхийлөгч 198 дугаар зарлигаар Монгол улсын нийт шүүгчдийн тойргийн бус журмаар ажиллаж байсан албан тушаалаас нь чөлөөлж, 199 дүгээр тогтоолоор шилжүүлэн томилсон. Ингэж томилохдоо нэр нэхэмжлэгч буюу нэр бүхий 12 шүүгчийг ямар нэгэн хууль зүйн үндэслэл шалтгаангүйгээр буцаан томилоогүй орхисон. Буцаан томилоогүй орхисноос болж нэр бүхий 12 шүүгч шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон буюу үндсэндээ ажилгүй болсон. Ерөнхийлөгч нэр бүхий 12 шүүгчийг томилоогүй орхисонтой холбогдуулан тэр цагаас хойш Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа хүний эрхийг хамгаалах бүх шатны шүүхүүдэд тасралтгүй өргөдөл, гомдол, хүсэлтээ гаргаж байсан. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хамтарч болон нэг нэгээрээ бүгд хүсэлт гаргаж байсан. Монголын Шүүгчдийн холбоонд хүртэл эдгээр шүүгчдийг томилохгүй байгаа шалтгаан нөхцөлөө тайлбарлана уу гэдэг хүсэлтээ гаргахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулан Монгол улсын ерөнхийлөгч томилохгүй байгаа шалтгаанаа тайлбарлахгүй, тайлбарлах үүрэггүй гэж хариулсан. Үүнээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарынхаа эрхийг хамгаалсангүй гэдэг байдлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөл та бүгдийн нэрсийг өргөн мэдүүлсэн байна, үүнээс өөр арга хэмжээ авах боломжгүй гэдэг байдлаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болж байсан. Үүний дараа нэр бүхий 12 нэхэмжлэгч Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид холбогдуулж нэр бүхий шүүгчдийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, огцруулсан байдлаар тухайн үед маргасан. Үндсэн хуулийн цэцээс энэ маргааныг ердийн шүүхийн журмаар шийдүүлэх боломжтой, ийм учраас Цэцэд маргаан үүсэхгүй гэж шийдвэр гарсан. ... Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө мөн энэ асуудлаар ерөнхийлөгч солигдож У.Хүрэлсүх болсон тул бидний нэрийг өргөн мэдүүлж өгнө үү гэдэг байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан. Гэтэл бидэнд өргөн мэдүүлсэн гэдэг байдлаар тайлбар өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн хувьд 12 нэхэмжлэгч өмнө ажиллаж байсан тухай тухайн шүүхдээ эргэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Шүүхэд нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад нэр бүхий 2 нэхэмжлэгчийн буцаан томилуулахаар хандсан Баянзүрх дүүргийн шүүхээс бусад шүүхэд орон тоо нь байна. Энэ асуудал нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн байгуулсан, өөр шүүхэд томилох нь шүүгч нарын саналыг сонсож өөр шүүхэд томилж болно гэсэн хуулийн заалт байгаа тул орон тоо нь байхгүй шүүхийн шүүгч нарын саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл сонсоод өргөн мэдүүлэх боломжтой. Тийм учир одоогийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шууд өөрчилж болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Ажиллаж байсан шүүхдээ томилуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д.А, С.А, Ц.Б нарын 12 нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Д.А, С.А, Ц.Б нарын 12 иргэнийг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулаагүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, тэдгээрийг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгуулах, нэхэмжлэгч нарыг 2015 онд өөрчлөн байгуулсан шүүхэд нь шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид шинээр өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад доорх хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нар нь 2015 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар байгуулагдсан шүүхэд томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бусад тооцож, ийнхүү өргөн мэдүүлэхийг тус зөвлөлд даалгахтай холбоотой асуудлаар шүүхэд ханджээ.

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Шүүх байгуулах тухай хууль /1993/-ийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан эдгээр шүүхийн шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан шүүхэд томилуулах ажиллагаа 2013 онд явагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, тогтоомжид нийцүүлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналаа 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор, шинээр байгуулагдсан шүүхэд томилуулах саналаа мөн өдрийн 42 дугаар тогтоолоор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажиллагааг хийсэн боловч нэр бүхий 12 шүүгч томилогдоогүй үлдсэн юм.

Нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэр бүхий шүүгчдээс гаргасан шүүгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах, шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг биелүүлэхгүй илт хууль бус болохыг тогтоолгох, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 309 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчсөн гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт гарсантай холбогдуулан дээрх шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчдийн өмгөөлөгч нараас Улсын дээд шүүхэд хандан гаргасан ба тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээр дурдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэр бүхий нэхэмжлэгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн, үүнтэй холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдөөгүй, түүнчлэн эдгээр шүүгчийг томилох эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч байгаа зэрэг асуудлыг дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоожээ. Нэхэмжлэгч нарын маргаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйтэй холбоотой үйл баримт бүхий маргааныг ийнхүү шүүхээс эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа нь тус зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагаанд хамааралгүй болохыг тогтоосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу уг нэхэмжлэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж бид үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орсон нь уг хуулийн зөрчил бүхий зүйл, хэсэг, заалт хүчин төгөлдөр байх үеийн үйлчлэлийг үгүйсгэх, улмаар уг хугацаанд гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд уг тогтоолыг хүчингүйд тооцох талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан ёсны шийдвэр гараагүй, уг тогтоол өнөө хэр хүчинтэй хэвээр байгаа, мөн маргаан бүхий асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаанууд шат дараатай явагдсан боловч хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гараагүй байсан тул нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүй өнөөдрийг хүрсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулгад заасны дагуу Монгол Улсын дээд шүүхээс хэргийн болон шүүхийн харьяаллыг тогтоож, уг маргаантай асуудал шүүхийн журмаар шийдвэрлэгдэхээр болжээ. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж ажиллах болно. гэжээ.

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын ярьж байгаа зүйлс үнэн бодитой зүйлс байна. 2013 онд Шүүх байгуулах тухай хуультай холбогдуулан нийтдээ Монгол улсад ажиллаж байгаа нийт шүүгчдийг шүүх байгууллагад нийцүүлэн чөлөөлөх, томилуулах ажиллагаа хийгдсэн. Энэ ажиллагаа тодорхой нөхцөл шалтгааны улмаас 2015 онд дахин нэг удаа явагдсан. Энэ явцад 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлж шүүгчдийг чөлөөлөх, томилох ажиллагааны явцад 12 шүүгч эргэн томилогдоогүй үлдсэн асуудал үүссэн. Үүнээс хойш эдгээр 12 иргэн өмнө байсан албан тушаалдаа эргэн томилогдъё гэдэг байдлаар хүсэлт, өргөдлөө гаргаж байсан нь үнэн. Иргэн болон Захиргааны шүүх, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж байсан бодитой үйл явдлууд болж байсан. Тухайн үед энэ маргааныг харьяалан авч шийдвэрлэх эрх бүхий субъект байхгүй байна гэдэг шалтгаанаар энэ маргаан эцэслэгдээгүй өнөөдрийг хүрсэн байна. 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан шийдвэрүүдтэй холбоотойгоор Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх дээр энэ маргаан шийдэгдэж байсан. Шүүгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах, шүүгчийн хараат бус халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхгүй байгаа ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 228 дугаар шийдвэртэй хэрэг, уг шийдвэрт давж заалдах гомдол гаргасан мөн оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 309 дүгээр магадлал, Дээд шатны шүүхийн 10 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар үүнээс хойш Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой арга хэмжээ авахгүй байна, Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхгүй байна, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудлаар олон удаагийн албан бичиг, өргөдөл, хүсэлт, гомдол гаргаж байсан. 2013 оны Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох зүйлийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр дүгнэлт гарч Шүүх байгуулах тухай хуульд холбогдох өөрчлөлтүүд орсон. Үүнтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Улсын дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлыг дахин хянуулахаар хүсэлт гаргасан. Үүнийг тус шүүх 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээр дурдсан зүйлсээс хараад үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нэр бүхий иргэдийг 2013 онд шинээр байгуулагдаж байсан шүүхүүдэд буюу тухайн үеийн тойргийн шүүхүүдэд өргөн мэдүүлэхээр асуудлыг 42 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор тухайн үед Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүгч нарыг хэрхэн яаж томилуулах асуудал, зохицуулалтгүй байсан ч гэсэн тухайн үеийн хууль тогтоомжтой нийцүүлж Шүүхийн ерөнхий зөвлөл өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ асуудал Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийн асуудалд хамааралгүй байгаа зэрэг асуудал нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байдаг. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу тухайн үед эцэслэн шийдэгдсэн байна. 2015 онд Үндсэн хуулийн цэцийн 1 дүгээр дүгнэлт гараад Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг яагаад шинээр дахин өргөн мэдүүлээгүй вэ гэдэг асуудал яригддаг. Тухайн үед явуулж байсан баримт бичгүүдийг бид эргэж судалж үзсэн. Тухайн үеийн асуудлыг харахаар нэгэнт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргаад Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох зүйл заалт өөрчлөгдсөн. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 42 дугаар тогтоолыг хэн ч ямар ч эрх бүхий субъект тодорхой процесс ажиллагаа эхлүүлээд, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаад хүчингүй болгосон нөхцөл байдал байхгүйгээр өнөөдрийг хүрсэн. Энэ 42 дугаар тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж, Ч.М, Ж.Б, Б.О,Д.Э нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, тэдгээрийг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1 .Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт нь 2013 оны Шүүх байгуулах хуультай холбоотойгоор болсон байна. Энэ нь өмнөх Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрх үндсэн хуульд заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд тангараг өргөснөөр эхэлсэн. Нэхэмжлэлээс үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нэр бүхий 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд томилуулахыг даалгах тухай шаардлага тавьжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойших өнөөг хүртэл дээрх нэр бүхий иргэдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн шүүгчээр томилуулахаар санал болгосон зүйл байхгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэх заалтын дагуу эс үйлдэхүй хийгээгүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

3. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан журмаас үзвэл шүүгчээр томилох иргэнийг хамтатган, нэг шийдвэрээр томилох боломжгүй байна.

Нэхэмжлэлд дурдагдаж буй үйл баримтаас үзвэл нэр бүхий иргэд хамтран нэг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг нэгтгэн шийдвэрлэх нь цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг зөрчүүлэхэд хүргэж болзошгүй байна.

4. Монгол Улсын шүүгчийг томилох асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд уг харилцаа нь үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах буюу шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хамаарах үндсэн хуулиар зохицуулалттай тул шууд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудал мөн эсэхэд туйлаас болгоомжтой хандахыг анхаарч үзнэ үү. гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ асуудлыг Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу хамгийн зөв шийдлийг гаргах ёстой гэдэг байр суурь дээр байна. Асуудалд маргалдах, мэтгэлцэх гэдэг утгаар биш, нэг нэгнийхээ тавьж байгаа үндэслэлүүдийг няцаах гэдэг утгаар биш хамгийн зөв шийдлийг гаргах гэдэг утгаар энэ асуудалд хандаасай гэж хүсэж байна. Нэгдүгээрт У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн. Үүнээс хойш Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, мөн нэхэмжлэгч гаргаж байгаа иргэдээс одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр дээр ямар нэг өргөдөл, албан бичиг, хүсэлт яг энэ асуудлаар ирээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа эс үйлдэхүй гэдэг ойлголтыг одоогийн ерөнхийлөгчид хамаатуулж хэрэглэгдэж болох эсэх нь эргэлзээтэй асуудал байгаа юм.

Хоёрдугаарт, 2013 оны үйл баримтын асуудал өнөөдөр яригдаж байгаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2017 онд дууссан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж хэлсэн бол энэ үйл баримт нь Үндсэн хууль, бусад хуульд хэрхэн нийцэж байсан, нийцээгүй байсан дээр дүгнэлт хийхэд амар байх байсан.

Гуравдугаарт, нэхэмжлэгч нар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 8 дугаар магадлалыг нэлээд их хэмжээнд дурддаг. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 17 дугаар тогтоолыг дурдаж байгаа. Гэхдээ бодох асуудлууд байна. Учир нь 2015 оны 8 дугаар тогтоол гарахад би өөрөө бүрэлдэхүүнд нь оролцож шийдвэрлэж байсан хүмүүсийн нэг юм. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад бичээд байгаачлан ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой эс үйлдэхүй байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэцээс хараахан тогтоогоогүй байгаа гэж харж байгаа ... Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Ерөнхийлөгчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.А нар нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж Ч.М, Ж.Б, Б.О, Д.Э нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

нэхэмжлэгч Д.Аийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч С.Аыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ц.Бг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Р.Быг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Л.Гийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Б.Дг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Л.Гг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ц.Жг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Б.Ог Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр

нэхэмжлэгч Ч.Мийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ж.Быг Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгчД.Эийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах,

2. Нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А нарын 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч нарын тайлбар, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлбараас үзэхэд 2013 оны Шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 41 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг, 2013 оны 42 дугаар тогтоолоор дээрх ерөнхий шүүгч, шүүгчдийг шинээр байгуулагдсан шүүхэд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус өргөн мэдүүлж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэнийг томилоогүй орхигдуулсан байна.

Дээрх буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно. гэж заасан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ:, 17.1.5-д эрүүгийн хариуцлагад татагдсан;,  17.1.6-д сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, 17.1.7-д шүүгчээс огцруулах тухай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан; зэрэг байдлаар хуульчилжээ.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна., 18.4-д Дараах үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн шүүгчийг огцруулна:, 18.4.1-д шүүгчийн албан тушаалтай хавсарч үл болох үйл ажиллагаа эрхэлсэн;, 18.4.2-т сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн;, 18.4.3-д гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; 18.4.4-д хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон;, 18.4.5-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана:, 20.4.1-д Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглох;, 20.4.4-д хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хугацаагүй томилогдож, хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны болон гурав дахь этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй байх гэж тус тус хуульчилсан байна.

Шүүхийн тухай 2021 оны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна., 42 дугаар зүйлийн 42.3-д Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана:, 42.3.1-д Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох;, 42.3.3 -д хугацаагүй томилогдож, захиргааны болон гуравдагч этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй, аливаа дайчилгаа болон цэргийн жинхэнэ албанд татахгүй байх; гэж заасан байна.

Мөн Шүүхийн тухай 2021 оны хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:, 56.1.4-д шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;, 56.1.5-д огцруулах. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, зөвхөн Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд л шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон дуусгавар болгохоор, бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, хязгаарлахыг хориглосон агуулгаар тодорхой хуульчилсан ба ийнхүү хуульчилсны зорилго нь шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдалтай шууд холбоотой юм.

Хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчээр ажиллаж байсан 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад тэднийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нөхцөл байдал бий болсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана., 4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. гэж тус тус заасан байна.

Шүүхийн захиргааны тухай 2012 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах;, 5.1.4-д шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Ерөнхий зөвлөл шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 9.1.1-д Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах; гэж тус тус заасан байна.

Шүүхийн тухай 2021 оны хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн., 70 дугаар зүйлийн 70.2-д Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 70.2.1-д шүүхийн бие даасан байдлыг хангах;, 70.2.3-д шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;, 73 дугаар зүйлийн 73.1-д Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 73.1.1-д энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах;,  73.1.2-т шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг байх ба Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ чиг үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгч 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин /шинээр/ өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ...Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоолоор нэхэмжлэгч 12 иргэнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн, уг 42 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа тул нэхэмжлэгч 12 иргэнийг томилуулахаар Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлээгүй болно. гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоол гарах үндэслэл болсон Шүүх байгуулах тухай 2013 оны хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна.

Иймд нэхэмжлэгч Д.А нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд ...Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон, Үндсэн хуулийн Цэцийн дээрх тогтоолын үр дагавар нь нэр бүхий 12 шүүгчийг томилуулахаар өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон, нөгөө талаас тогтоолд заасан нэршил, бүтэц бүхий шүүхүүд одоо огт байхгүй тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.А нарын 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн зүйл байхгүй, нэхэмжлэгч иргэдийг шүүгчээр томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн тохиолдолд судлан үзэж, шийдвэрлэх боломжтой гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Б, Л.Г нарыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэх гэсэн байх ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай №01/116 албан бичгийн 1 дүгээр хавсралтаас үзэхэд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн сул орон тоо байхгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Б, Л.Г нарыг дүүргийн анхан шатны аль нэг шүүхэд томилуулахаар өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Д.А нарын 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно. гэж заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийг томилох бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон байх ба Монгол Улсын Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрх олгосон эрх зүйн үндсэн эх сурвалж нь Монгол Улсын Үндсэн хууль байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилохтой холбоотой харилцааг Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Д.А нарын 2 дах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааг Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байх бөгөөд шүүгчдийг томилохтой холбоотой бүрэн эрхийг Монгол улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон байх тул маргаан бүхий энэ тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүний институтыг захиргааны байгууллага гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг харьяалан хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүх юм.

Маргаан бүхий энэ тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгчийг захиргааны байгууллага гэж үзэхгүй талаар дээр дүгнэсэн тул нэхэмжлэгч Д.А нарын 2 дахь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ, 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана; 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж тус тус заасан байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.4, Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1, 42.3.3, 70 дугаар зүйлийн 70.2.3, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Шүүхийн захиргааны тухай 2012 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж Ч.М, Ж.Б, Б.О,Д.Э нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  

нэхэмжлэгч Д.Аийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч С.Аыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Р.Быг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Б.Дг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Л.Гг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ц.Жг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Б.Ог Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр

нэхэмжлэгч Ч.Мийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгч Ж.Быг Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

нэхэмжлэгчД.Эийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр

нэхэмжлэгч Ц.Бг дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр

нэхэмжлэгч Л.Гийг дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А нарын Д.А, С.А, Ц.Б, Р.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Ц.Ж Ч.М, Ж.Б, Б.О,Д.Э нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох, Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.А нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  М.БАТЗОРИГ