| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00322/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 401
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-64 тоотод оршин суух О.О-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Найрамдал 5-14 тоотод оршин суух Б.Б-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээгээр хийсэн газраа буцаан авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.О би 2019 оны 10 сарын 05-нд Б.Б-д Жаргалантын 12-10 тоотод 744 м.кв талбай бүхий газраа худалдах, худалдан авах гэрээгээр худалдаад 1.600.000 төгрөгийг 2019 оны 06 сард өгөхөөр тохиролцсон. Гэтэл манай хашааны бичиг баримтыг барьцаанд тавьж одоо мөнгө ч үгүй, газар ч үгүй, гэрчилгээ ч үгүй болсон. Удаа дараа шаардсан боловч шүүхдээд аваарай гэж хэлдэг. Иймд Б.Б-ээс худалдах худалдан авах гэрээгээр зарсан 744 м.кв талбайтай, Жаргалант 12-р гудамж 10 тоот хашааны газрыг гаргуулж, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Газрын гэрчилгээг надаас аваад барьцаанд тавьсан байсан. Газрын гэрчилгээг шилжүүлэхэд 50.000 төгрөг авсан. Өмнө нь 300.000 төгрөг данс руу хийсэн. 400.000 төгрөгөө авъя гээд байгаа. Манайх найраа хийгээд удаагүй 3 сар болоод гуйгаад байхаар нь хашаагаа бүрэн хүлээлгэж өгсөн. Хашааны банзаа бүрэн өгсөн байхад сая мөнгөө өгөхгүй байхаар буцааж авъя гэхэд 2 хавтан дутсан байсан. Яагаад дутсан юм гэхэд ах нь дутаасан гэсэн. Өөрөө мэдэж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.О нь Б.Б-д хашаагаа зарсан боловч одоог хүртэл мөнгийг өгөөгүй байгаа. Иргэний хуулийн 264-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр биелүүлсэн үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээнээс татгалзаж байна. 264.1 дэх хэсэгт зааснаар талуудын гэрээгээр авсан бүх зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 189, 193.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг удаашруулсан, шударга ёсны зарчимд нийцээгүй тул шүүхэд хандсан байгаа. Үүргийг гүйцэтгээгүй. Тухайн үед итгээд 1.500.000 төгрөг авсан гэж гэрээн дээр заасан боловч одоо болтол мөнгөө өгөөгүй тул гэрээнээс татгалзаж байна. Уг гэрээг хүчингүй олгож өгнө үү? гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б О.О-ээс Жаргалантын 12-10 тоот 744 мкв гурван тал хашааг худалдах, худалдан авах гэрээгээр авсан боловч тухайн үед О.О-т 400.000 төгрөг өгсөн. Миний бие Б.Б тухайн үед Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах болоод хашааны бичиг баримтыг барьцаанд тавьсан нь үнэн болно. Уг бичиг баримтыг өгөхгүй гэж хэлээгүй. Үнэн учраа хэлсэн чинь ойлгохгүй байсан. Уг бичиг баримтыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэхэд чөлөөлж өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч О.О нь Б.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээгээр хийсэн газраа буцаан авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь ...Миний бие Б.Б тухайн үед Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах болоод хашааны бичиг баримтыг барьцаанд тавьсан нь үнэн болно. Уг бичиг баримтыг өгөхгүй гэж хэлээгүй. Үнэн учраа хэлсэн чинь ойлгохгүй байсан. Уг бичиг баримтыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэхэд чөлөөлж өгнө... гэжээ.
Нэхэмжлэгч О.О болон хариуцагч Б.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг Жаргалант 12-р гудамж, 10 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 744 мкв талбайтай Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000455381 дугаартай О.О 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон хууль ёсны өмчлөгчийн эрхийн гэрчилгээтэй газрыг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байуулсан бөгөөд энэ талаар талууд маргадаггүй болно.
Хариуцагч Б.Б нь төлбөр төлөх нөхцөлдөө газрын үнийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр бүрэн төлж, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцож, улмаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000455688 дугаартай гэрчилгээгээр хариуцагч Б.Б-д газар өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь гэрээ байгуулагдмагц гэрээний зүйлийн үнийг бүрэн хэмжээгээр төлөхгүй, харин үнэ төлөх хугацаа, хэмжээ, төлбөр төлөх хэлбэр, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг талууд хэлэлцэн бичгээр тохиролцож болдогоороо Худалдах-Худалдан авах гэрээнээс ялгаатай байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл талууд Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх боловч уг гэрээ нь Зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинж чанарыг агуулсан байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж болохоор байна.
Хариуцагч Б.Б нь гэрээний төлбөрт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргадаггүй бөгөөд үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч О.О шаардахад Б.Б нь тухайн газрыг банкны барьцаанд байсан болох нь мэдэгдсэнээр талуудын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч О.О нь гэрээнээс татгалзаж, газар чөлөөлүүлж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авахаар маргасан байна.
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасан байх хариуцагч Б.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээний зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг Жаргалант 12-р гудамж, 10 тоотод байрлах 744 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг банкны барьцаанд тавьсан байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Б.Б нь газрын төлбөрт урьдчилан өгсөн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг өгсөн байх бөгөөд газар өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн аваад гэрээний үлдэгдэл төлбөр болох 1.100.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Улсын бүртгэлийн Г-0518002075 дугаарт бүргэгдэж, хариуцагч Шарнууд овгийн Б.Б-д өмчлүүлсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000455688 дугаартай гэрчилгээ бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг Жаргалант 12-р гудамж, 10 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 744 мкв талбайтай газрыг Б.Б-ийн өмчлөлөөс чөлөөлж, газар өмчлөх эрхийг нэхэмжлэгч О.О-т буцаан олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигчид шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Б-д 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй мөн нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх санал гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 40.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу Улсын бүртгэлийн Г-0518002075 дугаарт бүргэгдэж, хариуцагч Шарнууд овгийн Б.Б-д өмчлүүлсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000455688 дугаартай гэрчилгээ бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р баг Жаргалант 12-р гудамж, 10 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 744 мкв талбайтай газрыг Б.Б-ийн өмчлөлөөс чөлөөлж, газар өмчлөх эрхийг нэхэмжлэгч О.О-т буцаан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 40.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ