| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Р.Мөнхбат,
улсын яллагч Ш.Батсүх,
насанд хүрээгүй хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б,
шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Э.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Э-д холбогдох 2317000320042 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 06-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, .......... ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дугаар баг, Сүмбэрийн ........ тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн гэх Б овогт Г-ийн Э /РД/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талын хатуу хучилттай зам дээр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 34-83 УБГ улсын дугаартай Тоёото Ист маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах” гэсэн заалтыг зөрчиж гар утас ашигласны улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч бага насны хүүхэд болох 6 настай эмэгтэй Б.Аг харалгүй мөргөж эрүүл мэндэд зүүн хөлийн шилбэ хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000320042 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Тухайн тээврийн хэрэгсэл минийх. Би В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Тухайн үед би гар утас хэрэглэж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утас хэрэглэж анхаарал сарнисаны улмаас осол гаргасандаа харамсаж байна. Би хохирогчид 800 000 төгрөгний хохирол төлсөн. Миний зүүн нүдний хараа 2 жилийн өмнөөс муудсан. Надтай сууж явсан зорчигч хүүхэд гараад ирлээ гэж хэлж байсан. Би хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангийн 283900 төгрөг нэхэмжилсэн төлбөрийг төлнө гэв.
2. Насанд хүрээгүй хохирогч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би сургуулийн зам дээр машинд мөргүүлсэн. Тэр машиныг ямар хүн жолоодож явсныг санахгүй байна. Миний хөл зүгээр болчихсон гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр манай охин “А машинд дайруулчихлаа” гээд утсаар ярьсан. Тэгээд охин дээрээ яваад очтол миний зээ охин А-ийн хөлийг нь шохойдчихсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдээгүй байхаар нь цагдаагийн хэлтэс дээр очиж дуудлага өгөөд камер шүүлгэсэн. Дараа нь би тэтгэвэрийн зээл хийгээд Улаанбаатар хотод очиж эмнэлгээр явсан. Эмчилгээний зардал 2 сая гаран төгрөг гарсан байх, “Асралт мед” гэх эмнэлэгт эмчлүүлсэн гэв.
4. Шүүгдэгч Г.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баяннексус ХХК-с 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 07-08 цагийн үед би цэцэрлэгийн хүүхэд хүргэж өгөх гээд Сүмбэр сумын 1 дүгээр баг, 1 дүгээр сургуулийн замаар гэр лүүгээ Тоёото Ист маркийн 34-83 УБГ улсын дугаартай машинаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал миний утас дуугарсан. Утас дугарахаар нь утсаа аваад яриад байж байтал миний хажууд цуг явж байсан Ганбат чи хүүхэд мөргөчлөө гэж хэлэхээр нь би тухайн үед машинаасаа бууж хартал машины зүүн талын дугуйны хажууд сууж байсан. Би мөргөсөн хүүхдийг аваад эмнэлэгт хүргэж өгье гэтэл ахаа би гэртээ харимаар байна гэж уйлаад байхаар нь би тэр охиныг гэрт нь хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
5. Насанд хүрээгүй хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А эгч намайг таксинд суулгаад явуулсан. Би таксинд суугаад 1 дүгээр сургуулийн хажууд машин явдаг зам дээр намайг буучих гэж хэлсэн. Тэгээд би машины баруун талын хаалгыг нээгээд буусан. Би таксинаас буугаад зам гарах гээд алхаж байхад урдаас хойшоо чиглэлтэй явж байсан 1 машин хүрч ирээд миний баруун талын хөл дээгүүр дайраад гараад явсан. Жолооч ах бууж ирээд намайг гэр лүү хүргэж өгье гэсэн. Миний хөл хөдөлж болохгүй байхаар нь би гэрээ зааж өгч чадна гээд би гэртээ харьсан. Тэгээд би гэрээсээ эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
А миний ач охин байгаа юм. Б.Агийн биеийн байдал одоогоор хэвийн байна. Хичээлдээ явахгүй байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд баруун талын хөл нь бороолж эдгэж байна гэсэн хариу өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл чөлөөлсөн. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Одоогоор эмчилгээнд зарцуулсан баримт байхгүй. Хохиролын ямар нэгэн баримт байхгүй. Гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Б.А нь аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулатороор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гарсан нийт 283 900 төгрөгийг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна. ГСА, нэр утасны дугаараа гүйлгээний утга дээр бичиж хийнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
8. Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2023 оны 03 дугаар сарын 10-ны өглөө өөрийнхөө охин А /6 настай/-г хичээлд нь явуулахаар өглөөний 7 цаг 45 минутад гаргасан. Манай хүүхэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн 1в ангид суралцдаг бөгөөд хичээл нь 08 цагаас 11 цаг 30 минут хүртэл ордог юм. Өглөө А-г хичээлд нь явуулахад түүний төрсөн эгч 12 настай А хамт гарч түүнийг таксинд суулгаж өгчихөөд орж ирсэн. Манай гэр Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулаг 13-1 тоотод байдаг юм. Би өөрөө удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн болохоор хүүхдээ сургуульд нь хүргэж өгч чадаагүй юм. Тэгээд гэртээ байж байтал өглөө 8 цаг 5 минутад манай хүүхэд А-г үл таних эрэгтэй хүн манай гэрт тэвэрчихсэн орж ирсэн. Тухайн эрэгтэй хүн “би хүүхдийг чинь 1 дүгээр сургуулийн хажууд таксинаас буугаад зам гарах гэж байхад нь машинаараа дайрчихлаа, та хувцасаа өмсөөд байж бай, эмнэлэг явъя” гэж хэлчихээд өөрөө гараад явчихсан. Тухайн үед манай хүүхэд хөл өвдөөд байна, боогоод өгөөч гээд уйлаад байсан. Би хувцасаа өмсөөд тухайн хүнийг хүлээсэн чинь ирэхгүй байхаар нь өөрийнхөө нөхөр Б-д гар утсаар хэлсэн. Манай нөхөр өөрийнхөө аав ээжид хэлсэн байсан бөгөөд хадам ээж Э 8 цаг 15 минутанд өөрийнхөө таньдаг хүний машинтай хүрч ирээд хүүхдийг аваад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд хүүхдээ үзүүлээд байж байтал манай охиныг мөргөсөн машины жолооч эмнэлэг дээр ирж байсан. Хүүхдийг эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талын хөл нь шагайны дээд хэсгээр хугаралттай, дотуураа бяцарсан байна гэж хэлсэн. Охиныг анх гэрт орж ирэхэд түүний зүүн хөл нь шалбарсан, баруун хөлийн хурууны хойд хэсгээр жижиг газар хөхөрсөн харагдсан. Эмнэлэг одоо хүүхдийг аваад Улаанбаатар хотод очиж эмчлүүл гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
9. Гэрч Ж.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2023 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 7 цагийн үед би таксинд явж байсан. Тухайн үед Сүмбэр сумын 1 дүгээр баг, 1 дүгээр сургуулийн баруун талын автобусны зогсоолын эсрэг талд би хүн буулгах гээд зогсож байх үед цэнхэр өнгийн машин урдаасаа хойшоо чиглэлтэй зогсож байсан. Тухайн үед нэг үл таних залуу хүүхэд тэврээд зогсож байсан, хүүхэд нь уйлж байсан. Машины жолооч машин дотроо сууж байсан. 1 дүгээр сургуулийн багш миний машинаас буусан. Бид хоёр хоорондоо хүүхэд машинд дайруулж гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
10. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт ажлаа хийж байх үед 8 цагийн үед миний утас дуугарсан. Утсаа аваад ярихад манай эхнэр охин А машинд дайруулчихлаа гэж залгаад уйлаад байсан. Чи өөрөө хичээлд нь хүргэж өгөөгүй юм уу, яагаад хүргэж өгөөгүй юм бэ гэж асуухад миний бие өвдөөд байсан гэсэн. Манай эхнэр жирэмсэн 10 сартай байсан. Том охин А таксинд суулгуулаад явуулсан гэсэн. Би тухайн өдрийн орой 20 цагийн үед Говьсүмбэр аймагт ирсэн. Манай охины зүүн талын хөл шохойдсон байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар эмнэлгээс асуухад биеийн байдал зүгээр гэж хэлээд эмнэлгээс гаргасан байсан. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин А авч Улаанбаатар хот руу авч явсан. 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Асралт мед эмнэлэгт үзүүлсэн. Асралт мед эмнэлгийн 4 эмч зураг болон картны бичгийг хараад хүүхэд нь зүгээр байна гэсэн. Хөлийнх нь яс хэвэндээ сайхан орсон байна гэж хэлсэн. Оройдоо охиноо аваад Говьсүмбэр аймагт ирсэн. Зүүн талын хөл шохойдсон байгаа, маргааш шохойгоо авхуулна. Өөр биед нь ямар нэгэн гэмтэл шарх үүссэн зүйл байхгүй. Манай охин А эхний 10 хоногт сэтгэл зүйн хувьд маш хүнд, байн байн цочиж уйлсан байдалтай байсан. Машинд суух гэхээр машинаас айж байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
11. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г.Э нь хамт олонтойгоо нийтэч, гэр орныхоо болон хүмүүст их тусч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Г.Э нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй, 3-15 насны 3 хүүхэдтэй. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
12. Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баяннексус ХХК-д бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа 8 цагийн үед байх 1 дүгээр цэцэрлэг орох гээд Тоёото Ист маркийн 34-83 УБГ улсын дугаартай машинтай явж байх үед Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн замын баруун талын засмал замын хурд сааруулагч дээгүүр гараад цаашаа явж байх үед Э-ын утас дуугарсан. Э тухайн үед гар утсаа авч ярьсан. Тухайн үед замын баруун талаас бага насны эмэгтэй хүүхэд замаас гарч ирэх үедээ машины зөв талаас гүйж гарч ирсэн. Тэгээд би хүүхэд зогсоорой гэж хэлэхэд Э машины тоормос гишгэтэл машины зөв талын дугуй хэсэгт бага насны эмэгтэй хүүхэд машины зөв талын дугуйнд мөргүүлсэн. Бид хоёр машинаас буугаад очиход машины зөв талын дугуйны хажууд бага насны эмэгтэй хүүхэд уйлаад сууж байсан. Бид хоёр өргөж аваад машинд суулгаад эмнэлэг явах гэтэл би эмнэлэг харимаар байна гэж уйлахаар нь бид хоёр гэрт нь хүргэж өгсөн. Э намайг ажил дээр хүргэж өгөөд эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14 дүгээр хуудас/,
14. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай дүгнэлтэнд:
- Б.Агийн биед зүүн хөлийн шилбэ ясны далд хугарал, баруун хөлийн тавхай орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.03.10-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Зүүн хөлийн шилбэ хэсгийн далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Баруун хөлийн тавхай орчмын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
15. Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2023 дугаартай дүгнэлтэд:
Хариулт 1. 34-83 УБГ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийн хориглоно:
д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийн гарны оролцоотойгоор ашиглах;
Хариулт 2. Явган зорчигч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.
5.12. Явган зорчигчид дараах зүйлийн хориглоно:
а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх. Заалтуудыг зөрчсөн байна.
Хариулт 3. Явган зорчигч Б.Аг /6 настай/ замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулсан асран хамгаалагч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:
а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх;
Хариулт 4. Уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь:
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан /МУ-ын ЗХД-ийн 27.2.а/
- Явган зорчигч Б.А нь явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан /МУ-ын ЗХД-ийн 5.6, 5.12а/
- Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх. /МУ-ын ЗХД-ийн 5.12д/
- 34-83 УБГ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ гар утсаар ярьж явсан /МУ-ын ЗХД-ийн 3.7д/ зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осол гарсан байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /хх-ийн 52 дугаар хуудас/,
16. Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн өвчний түүх /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
17. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17/23 дугаартай албан бичиг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
18. Шүүгдэгч Г.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
19. Насанд хүрээгүй хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талын хатуу хучилттай зам дээр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 34-83 УБГ улсын дугаартай Тоёото Ист маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах” гэсэн заалтыг зөрчиж гар утас ашигласны улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч бага насны хүүхэд болох 6 настай эмэгтэй Б.Аг харалгүй мөргөж эрүүл мэндэд зүүн хөлийн шилбэ хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Г.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Э өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Э зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэлтэй маргахгүй. Гэхдээ энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг заавал дурдах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь энэ гэмт хэрэг нь бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас үүдэн гарсан...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талын хатуу хучилттай зам дээр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Тоёото Ист маркийн 34-83 УБГ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах” гэх заалтыг зөрчиж гар утас ашигласны улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч, бага насны хүүхэд буюу насанд хүрээгүй хохирогч Б.Аг /6 настай/ харалгүй мөргөж түүний эрүүл мэндэд зүүн хөлийн шилбэ хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Э нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Г.Э нь Тоёото Ист маркийн 34-83 УБГ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Агийн биед зүүн хөлийн шилбэ ясны далд хугарал, баруун хөлийн тавхай орчмын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.А, гэрч Н.Н, Ж.З, Б.Б, О.Г нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлстийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2023 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Г.Э болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Г.Э нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсыг гарын оролцоотойгоор ашиглаж анхаарал сарнисан, түүнчлэн насанд хүрээгүй хохирогч 6 настай Б.Аг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан зэрэг нь уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл болжээ гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Э-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Э нь насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эмчилгээний зардалд 800 000 /найман зуун мянга/ төгрөг төлсөн байна. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь шүүгдэгч Г.Эас 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг нэхэмжилж, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Эас төлсөн 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг уг нэхэмжилж байгаа төлбөрт оруулж тооцно гэх нэхэмжлэлийг гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Эас нэхэмжилсэн боловч насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Харин шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эмчилгээний зардалд 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг төлснийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баас нэхэмжилсэн 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгөөс хасаж тооцон үлдэгдэл 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь цаашид гаргах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Эас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 283 900 /хоёр зуун наян гурван мянга есөн зуу / төгрөгийн зардал гарсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Г.Э-с 283900 /хоёр зуун наян гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Э өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм бурууг хүлээсэн. Мөн шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; ...” гэж заасан. Шүүгдэгч Г.Э нь хохиролоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Э өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”, 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эмчилгээний зардалд 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг төлсөн. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Э төлсөн 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг хасаж 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гаргах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Эгэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд эрх болгосон заалт юм. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хэдийгээр уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн боловч энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Э үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Г.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хохиролд 800 000 /найман зуун мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-с 283 900 /хоёр зуун наян гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын нэхэмжилсэн 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.
8. Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Эас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ