Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Э-ийн Э-д холбогдох эрүүгийн 2317000000045 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ч овогт Э-ийн Э /РД:/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1998 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ........... дугаар баг, .......... дугаар байрны ....... тоотод оршин суух, ам бүл 3, эх, дүүгийн нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Э.Э нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадаа Ч.Бтай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр ажлаас гарсан гээд Д, Н эгч нарын хамт гараад Д эгчийн найз Б ахын ажлын гадаа очоод машинд сууж байсан. Тэр үед юу болсныг санахгүй байна. Би нилээд өндөр согтолттой байсан. Би ер нь архи уудаггүй. Манай найзыг өмнө нь Б ажлаас нь хөөж явуулснаас болж маргасан юм билээ. Быг цохисон нь яалт ч үгүй миний буруу. Маргааш нь эрүүлжүүлэх байранд сэртэл миний нүд, ам, хоолой хөхөрсөн байдалтай ухаан орсон. Байцаагч надтай уулзаад болсон асуудлын талаар хэлсэн. Би хохирогчид хохирол учруулсан. Энэ алдаанаасаа их ухаарч гэмшиж байна. Дараа болсон явдлын талаар хүмүүсээс сонсоод их гайхсан. Би өмнө нь ийм зүйл ёстой хийж байгаагүй. Би яагаад ийм зүйл болов, хүн цохиод алсан бол яана, яагаад уураа барьж чадахгүй байна, өөрийгөө ийм зүйлээс татах ёстой юм байна гэж өөртөө дүгнэлт хийсэн. Би маргааш өглөө нь Б ах дээр очоод уучлаарай гээд уулзахад чамаас ямар ч байсан 4-5 сая төгрөг авна, мөнгө салгахдаа салгана гэсэн. Бүр сүүлдээ манай аавтай яриад дарамталсан. Мөн над руу 2-3 хүн явуулж дээрхлүүлэх маягтай хандлага гарсан. Энэ талаар байцаагчдаа хэлэхэд цагдаад гомдол гарга, дараа нь ингэвэл хэлээрэй гэсэн. Надад хохирогчид мөнгө өгсөн зүйл байхгүй. Эмнэлэгт эмчилгээний зардал 45 000 гарсныг нь тушаасан гэв.

2. Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн авто засварт 2023 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22-23 цагийн үед байж байтал манай найз Даваахүү би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, танай ажлын ар талд байна гэж утсаар яриад намайг хүргээд өгөөч гэсэн. Би найз Даваахүүг хүргэж өгөх гээд авто засварын ар талд очиход Даваахүү 2 хүнтэй цуг явж байсан. Э гэх залуу манай дүү Б дээр очоод нүүрэн тус газарт цохихоор нь би очиж тэр хоёрыг салгатал Э миний хоолойноос заамдаад авсан. Намайг Этэй зууралдаж байхад Даваахүү ирээд бид хоёрыг салгатал Э, Даваахүүгийн цаанаас миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгтэл миний нүүр хэсгээс цус гараад эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. 7 хоногийн ажил алдсан болохоор ажлын хөлс, мөнгийг нэхэмжлэнэ, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-13 хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”Энх-Эрдэний уг хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 43 000 төгрөгийг зарцуулсан байна. Иймд тусламж үйлчилгээний зардал болох 43 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/

4. Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Төмөр замын гал унтраах ангийн баруун хойно байрлах авто засварын гадна талд найз Т, М нартай юм яриад зогсож байхад Э гарааш дотроос гарч ирээд бүгдийг чинь ална шүү гэхээр нь би Э-ийг цаашаа яв гэсэн. Э над руу ирээд миний энгэрээс заамдаад цээж хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохихоор нь би эргүүлж заамдахад Э намайг толгойгоороо мөр хэсэгт 1 удаа мөргөсөн. Би Э-ийг заамдаад машины урд талын копудан дээр дээш нь харуулаад дараад байж байтал Б ах гарч ирэхээр нь Э-ийг тавиад холдсон. Э босож ирээд Б ахыг заамдаад тэр хоёр муудалцсан. Тухайн үед Э архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд биеэ авч явах чадвар муу байсан. Э, Б ах хоёр муудалцаж байгаад нэг нэгийгээ заамдсан. Э би таныг ална гэхэд Б чи яасан том болсон бацаан бэ гэсэн. Этэй цуг явж байсан үл таних эмэгтэй хүн ирээд тэр хоёрыг салгатал Б ах наадах чинь намайг цохиод нүүрнээс цус гаргалаа гээд эмнэлэг явсан. Би тэр үед цохисныг нь хараагүй, цохих үйлдэл хийж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/

5. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд найз Номин-Эрдэнийн гэрт очоод хамт ажиллаж байсан Э-ний гэрт нь ирээд бид гурав Сэнгүр нэртэй 0.5 литрийн лаазтай пиво хүний 4 ширхэгийг уусан. Быг дуудахад удалгүй ирээд миний 50-88 ГСА улсын дугаартай хар өнгийн Harrier загварын тээврийн хэрэгслийг унаад Номин-Эрдэнэ, Э, Б бид нар Бын засварын газрын гадаа очоод Б засвараа хаагаад бид нарыг хүргээд өгье гэсэн. Б засварын газартаа орсны дараа Э машинаас буугаад засварын газарт ороод гарч ирэхдээ гадна байсан хүмүүстэй маргалдаж муудалцаад нэг залууг цохиод авсан. Тэгтэл Б дундуур нь ороод салгах гэж байгаад зодоон болсон. Намайг машинаас буугаад салгахад Б, Э хоёр нэг нэгнийгээ заамдсан байсан. Э-ий духны зүүн хэсгээс гэж санаж байна цус гарсан, хацраа дагаад гоожиж байсан. Харин Б цаашаа засварын газартаа орсон. Цагдаа нар ирээд Э-ийг аваад явсан. 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд Бтай ярихад Э миний хөмсөг рүү цохиод язалсан байна, эмнэлэг ороод 3-4 оёдол тавиулаад одоо харьж байна гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-31 хуудас/  

6. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаар дүгнэлтэнд: “Ч.Бын биед баруун хөмсгөнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 15-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 34 хуудас/

7.  Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас /х.х-ийн 3, 4-7, 35 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 51 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадаа Ч.Бтай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Энх-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.ЭЭ-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Б, гэрч У.Б, Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Э.Эд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Э.Нэргүй: Шүүгдэгч Э.Эд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүгдэгч Э.Э-ний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж өөртөө дүгнэлт хийж буй байдал, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирогч Ч.Бт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардал 43 000 төгрөгийг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч Ч.Б нь хувиараа авто засвар, угаалга ажиллуулдаг ба өдөрт 350 000-400 000 төгрөгийн орлого олдог.  Шүүгдэгч Э.Эд зодуулж нүдэн тус газраа 4 оёдол тавиулж 7 хоног ажлаа хийж чадаагүй учир 2 500 000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилж Хаан банкны депозит дансны 2023 оны 01 сараас 2023 оны 06 сар хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргажээ.

Хохирогч Ч.Бын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар түүнийг өдөрт авто засвар, угаалга ажиллуулж хэдэн төгрөгийн орлого олж байсныг тогтоох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл дансны дэлгэрэнгүй хуулгын орлого хэсгийн агуулга дээр авто засвар, угаалгын үйлчилгээ үзүүлж бусдаас төлбөрөө шилжүүлсэн болох нь тодорхойлогдохгүй байна.

Гэхдээ Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Ч.Б нь хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй учир нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.Ээс жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь хохирогч Ч.Бт эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 43 000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Э-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 43 000 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ч.Б нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА