| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00358/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 408
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй
хариуцагч:Т.Х-т холбогдох
газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг 11 дүгээр гудамжны 46 тоот /тухайн үеийн хаяг/, одоогийн Баянхайрхан багийн 9-51 тоотод 2008 онд газар өмчлөн авсан. Тус газрыг 2008 онд тухайн үеийн Засаг дарга Р.Цогтбаатарын 145-р захирамжийн дагуу Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх захирамж 2008 оны 04 сарын 30-ны өдөр гарсан. Уг захирамжийн дагуу 2008 оны 05 сарын 02-ны өдөр 000039876 улсын бүртгэлийн дугаартай, Г-0518000558 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Уг газрыг Х гэх айл нь өөрийн болон манай газрыг хамтад нь хашаалсан ба тухайн айлд газар чөлөөлж өгөхийг удаа дараалан хэлсэн боловч чөлөөлж өгөөгүй. Иймээс миний зөрчигдсөн эрхийг сэргээлгэх буюу өөрийн өмчлөлийн газар дээрээс өмчлөлийн бус этгээдийг нүүлгэн шилжүүлж газар чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2008 онд Б.Н буюу миний ээж тухайн газрыг нэг хүний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. Гэтэл манай газар дээр Т.Х гэдэг айл буусан байсан. Бид 2016 онд бидний өмчлөлийн газар хаана байна вэ? бид нар одоо хайгаад олохгүй байна гэсэн хүсэлтийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргаж, Газрын албанаас мэргэжилтэн дагуулж очин тэр айлын газрыг заалгаж авсан. Тухайн үед айлтай нь уулзах гэсэн боловч хүн байгаагүй. Би өөрийн биеэр ирсэн боловч ажилтай байсан тул яараад буцаад хот явсан. 2018 оны 07 дугаар сарын 8,9-ний үед буцаж ирээд Т.Х-тай уулзсан. Би түүнд энэ газар бол манай ээжийн нэр дээр авсан газар тул чөлөөлж өгнө үү гэж хэлсэн боловч Т.Х хүлээн зөвшөөрөөгүй. Тэр үеэс хойш би амжихгүй байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр миний ах Д, төрсөн эгч Л нар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Кадастрын мэргэжилтэн н.Б, хуулийн зөвлөх, Есөнбулаг сумын Газрын албаны мэргэжилтэн н.Д гэдэг хүмүүстэй хамт очсон бөгөөд ээжийн өмчлөлд байгаа газар хаанаас хаана хүртэл байгаа эсэхийг координатаар нь хэмжүүлээд, тодорхойлуулж авсан. Тухайн хүмүүсийн хэлснээр Т.Х-ын хашааны тал хувиас доод талын хашааны үзүүр хүртэл танай газар байна гэдгийг хэмжилтээр тогтоож өгсөн. Үүний дагуу бид Т.Х-тай дахин уулзаж, бид газраа худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, өөр хүнд шилжүүлэх шаардлагатай байна. Манай газрыг чөлөөлж, хашаагаа татаж авна уу? гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Энэ газар бол манай газар гэж байсан. Тийм учир бид аргагүйн эрхэнд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний зорилго бол энэ айлаас өөрийн өмчлөлийн газраа эргүүлж авах, хашааг нь татуулах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Н нь Т.Х-т холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-51 тоотод байршилтай газрыг хариуцагч Т.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж, 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа үндэслэл тайлбар, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй...” гэж, 106.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна...” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна. Ингэхдээ эхлээд эрх зөрчсөн этгээдээс үйлдлээ зогсоохыг шаардах, хэрэв шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 100.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заажээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 145 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар “...Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж буй ахуйн хэрэгцээний газраа өмчлөхийг хүссэн хавсралтад дурдагдсан 153 иргэдийн газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсүгэй” гээд хавсралтын 90 дүгээрт Б.Н-т гэр бүлийн хэрэгцээнд нэгж талбарын ................ дугаар бүхий газрыг өмчлүүлэхээр ........... дугаартай гэрчилгээ олгожээ /хх-4-6/.
Улмаар хариуцагч Т.Х нь өөрийн өмчлөлийн газар буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-52 тоотод байрлах газарт хашаа хатгахдаа өөрийн газрын зүүн талд /Баянхайрхан баг 9-51 тоот/ байрлах нэхэмжлэгч Б.Н-ын өмчлөлийн газрыг оруулан хамтад нь хашаалсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Газрын мэдээллийн сангийн Ленд менежер” программд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т.Х, Б.Н нарын регистрийн дугаараар шүүлт хийж, зохигчдын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зурагт хийсэн үзлэгээр “...нэхэмжлэгч Б.Н-ын өмчлөлийн газар нь Т.Х-ын өмчлөлийн газрын зүүн талд зэргэлдээ байрлалтай байх бөгөөд хариуцагч Т.Х нь нэхэмжлэгчийн газрыг хамтад нь хашаалсан байна...” гэж тэмдэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн “...тухайн үед би хотод ажилтай байсан. Манай ээж настай хүн учир хашаа хатгаж амжаагүй. Дараа нь хашаа хатгах гээд ирсэн боловч айлууд буугаад манай газар хаана байгаа нь олдохгүй байсан...” гэх тайлбар, мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Сумын газрын даамал Б.Дулмаагийн хэвлэсэн кадастрын зураг, нэхэмжлэгч болон хариуцагч нарын газрын байршлыг сансраас авсан зураг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч Т.Х-т 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагч товыг хүлээн авсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх санал гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Т.Х нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-51 тоотод /хуучнаар Баянхайрхан баг 11 дүгээр гудамж, 46 тоот/ байршилтай нэгж талбарын 060728223 дугаартай гэр бүлийн хэрэгцээний .............. гэрчилгээний дугаартай газрыг өмчлөх эрхгүй байх тул нэхэмжлэгч Б.Н-ын газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 060728223 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-51 тоотод /хуучнаар Есөнбулаг сумын Баянхайрхан баг 11-46 тоот/ байршилтай, өмчлөх эрхийн ........... гэрчилгээтэй газрыг хариуцагч Т.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ