Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

иргэдийн төлөөлөгч Г.С,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Б овогт Э-ийн Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар, Б овогт Д-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000035 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Б /РД/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1976 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “И..........” ХХК-д машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын........... дугаар баг, Урсахын ....... тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Э-ийн Цо /РД:/, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалт, аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ...... дүгээр баг, 7..... дугаар байрны 1........... тоотод оршин суудаг, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 29-ний өглөө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны урд талд Э.Цтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, гараараа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь баруун доод 2 дугаар шүдний уналт, доод уруулд язарсан шарх, баруун доод 1, 3 дугаар шүдний сулрал, буйланд, баруун шуунд, зүүн бугалгад, хүзүүнд, зүүн гуянд цус хуралт, баруун мөрөнд, зүүн мөрөнд, зүүнд өвдгөнд, баруун өвдгөнд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Э.Ц нь 2023 оны 03 дугаар сары н 29-ний өглөө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны урд талд Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг  газар унагах, өшиглөх, цээжний зүүн тал, зүүн бөөр тус газар хутгалах зэргээр биед нь халдаж, зүүн талын 7 дугаар хавирганы хугарал, зүүн бөөрний байрлалд хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол, мөн цээжний зүүн талд нэвтэрсэн хутгалагдсан шарх, уушигны авчилт, цээжний зүүн талын хөндийд цус, хий хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн хутгыг нь булааж авах гэсэн А.Эийн үйлдэлд дургүйцэн, түүний нуруун тус газар нь хутгалж, нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2023 оны 04 дүгэээр сарын 23-ны өдөр гэр рүүгээ харих гээд явж байгаад дүүгийндээ очоод пиво уугаад харихаар гараад Ц таарсан. Ц намайг дэгээдэхэд нь би ахын дүү намайг яаж байгаа юм бэ гээд мөрөн дээр нь нэг алгадсан. Ц намайг янз бүрээр хэлсэн бид муудалцаад би нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Ц уурандаа намайг хутгалсан. Тэгээд бид нар эмнэлэг явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний согтолт гайгүй байсан, архи уугаагүй пиво уусан гэв.

2. Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнөх өдөр Бын дагавар хүүхэдтэй нь муудсан байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад 12 өнгөрч байхад гэртээ ороход ээж хоол хийчихье унтаж бай гэсэн. 2 цаг өнгөрч байхад манай ээж  хоолоо ид гээд сэрээсэн. Би телевизор үзээд байж байгаад бачимдаад байна гэж ээжид хэлээд гадагшаа гарсан. Манай хойд талын орцонд шагын архи, пиво зардаг айлаас Б ах, нэг залуутай хамт архи бариад гарч ирээд намайг Б ах писда минь чи яахаараа хүн дээрэлхэж байдаг юм бэ гээд намайг шууд мөрлөсөн. Би Б ахтай зодолдож байтал нөгөө залуу нь ирээд намайг тэвэрч унагаад энэ хоёр миний дэрээс дэвсэлсэн. Би хутгаа хаанаас авснаа сайн санахгүй байна. Энэ хоёроос зугтаж байгаад цэцгийн мандал дээрээс хутга авсан байх. Тэгээд одоо надтай үзэх юм үү гэхэд Б өөрөө хүрээд ирсэн. Тэгээд яасан талаар мэдэхгүй байна. болсон явдлыг хагас дутуу санаж байгаа. Архи савнаасаа бусдыг дийлнэ гэдэг, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, цаашдаа өөрийгөө засна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд Цт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэн хэнийхэн буруу гэж бодож байна. Хүнд юм өргөхөд хэцүү байгаа. 10 хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Эмч сайн үзүүлж харуулж байгаарай гэсэн. Гуурс хийж байгаад шингэн авсан гэсэн, би яг хэдэн граммыг авсныг нь мэдэхгүй байна.

4. Хохирогч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

5. Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 3 дугаар сарын 28-ны шөнө 00:00 цагийн үед манай гэрт хамт ажилладаг Б, Батсүрэн нар 2 ширхэг 2,5 литр савлагаатай Сэнгүр нэртэй шар айрагтай орж ирсэн. Бид 3 хувааж уугаад 5 цагийн үед Быг би гэрт нь хүргэж өгөхөөр 7 дугаар байрнаас гартал 2 танихгүй залуу цэцгийн мандал дээр сууж байсан. Бид 2 хажуугаар нь явж өнгөртөл Ц гэх залуу Бын хөлийг нь дэгээдсэн. Б чи одоо яагаад байгаа юм бэ гээд тэр хоёр барилцаж аваад зодолдсон. Б нь Цыг мөргөхөөр нь би Цтай хамт байсан залуутай тэр хоёрыг салгасан. Тэгтэл Ц нь цаашаагаа гүйгээд цэцгийн мандал дээр байсан гадуур хувцаснаасаа хутга гаргаж ирэхээр нь би хориод юун хутга вэ наадхаараа яах гэж байгаа юм гээд болиулсан. Б нь тэнд байсан шар айргийг уугаад зогсож байтал Ц нь гүйж очоод дахиад зууралдаж эхлээд Ц нь Бын нуруу хэсэгт 2 удаа хутгалчихсан. Б намайг хутгалчихлаа, наадах чинь хутгатай байна гээд хутгалуулсан газраа дараад суухаар нь би очоод Цын гарт нь байсан хутгыг авах гээд газар унагаахад намайг Ц нуруу хэсэгт нэг удаа хутгалахаар нь би толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохиод босож ирээд хөөе чи Б ах бид хоёрыг хутгалчихлаа гэж хэлтэл Ц чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд хүрэн иштэй хутгаа хаясан. Б би дотуур цус алдаад байх шиг байна, эмнэлэг явахгүй бол болохгүй байна гэж хэлээд бид гурав эмнэлэг орсон. Ц, Быг дэгээдсэнээс болж хэрүүл маргаан үүссэн. Ц, Б нар хоорондоо цохилцож, зодолдсон. Би нуруу хэсэгтээ нэг удаа хутгалуулсан шарх авч 3 ширхэг оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/

6. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь уг хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1 345 550 төгрөг, Ц нь 129 000 төгрөг, Эрдэнэтөгс нь 161 000 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/

7. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 5 цагийн үед дүүгийнхээ гэрээс гараад явж байтал байрны гадаа Ц ганцаараа сууж байгаад намайг дуудахаар нь очтол ах ганц пиво хуваагаад ууя гээд 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво барьсан сууж байсан. Бид хоёр уугаад сууж байтал Б танихгүй залуутай хамт 2 ширхэг 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво бариад явж байгаад бид 2 дээр ирээд Б нь Цтай юм яриад байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу ярьж байсныг санахгүй байна. Гэнэт Б Цын ам хэсэг рүү мөргөөд зодолдоод эхлэхээр нь би очоод Цыг, Быг хамт явж байсан залуу нь аваад салгасан. Тэгтэл намайг түлхээд дахиад зодолдоод эхэлсэн Бын хамт явж байсан залуу нь бас Цыг цохиод байх шиг байсан. Ц хаанаас гаргаж ирснийг нь мэдээгүй гартаа бор өнгийн модон иштэй хутга барьчихсан орилоод Бын нуруу хэсэгт 2 удаа, хамт явж байсан залуугийн нуруу хэсэгт нь хутгалахаар нь би очоод дахиад л салгасан. Б болон хамт явж байсан залуу хоёроос цус гараад байхаар нь эмнэлэг ор гээд тэр гурвыг явуулаад гэртээ харьсан. Тухайн үед Ц, Б нар ямар асуудлаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй. Тухайн үед Бын нуруу хэсэгт 2 удаа хутгалуулсан шархтай байсан. Цын уруул хэсэг нь язарсан, нэг шүд унасан, зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Эрдэнэтөгсийн нуруу хэсэгт нэг удаа хутгалуулсан шархтай байсан. Тухайн үед Ц нь Бын тэгээдэж унагаасан асуудал гараагүй, зүгээр л ирээд уулзсан. Эрдэнэтөгс нь салгаад болиулах гээд л байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45-46, 57 хуудас/

8. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э.Цын биед баруун доод 2 дугаар шүдний уналт, доод уруулд язарсан шарх, баруун доод 1, 3 дугаар шүдний сулрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг салган авч үзвэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Э.Цын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтлүүдийг салган авч үзвэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 93 хуудас/

9. Гэрч Б.Батжаргал, Ш.Адъяамаа нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 60-61, 64-66 хуудас/

10. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 92 дугаар дүгнэлтэнд: “Д.Бын биед цээжний зүүн талд нэвтэрсэн хутгалагдсан шарх, уушигны авчилт, цээжний зүүн талын хөндийд цус, хий хуралдалт, зүүн бөөрний байрлалд хутгалагдсан шарх, зүүн талын 7 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн талд нэвтэрсэн хутгалагдсан шарх, уушигны авчилт, цээжний зүүн талын хөндийд цус, хий хуралдалт, зүүн бөөрний байрлалд хутгалагдсан шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлийн улмаас, зүүн талын 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 03 дугаар сарын 29-нд үүсгэгдсэн байх боломжтой. Цээжний зүүн талд нэвтэрсэн хутгалагдсан шарх, уушигны авчилт, цээжний зүүн талын хөндийд цус, хий хуралдалт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бөөрний байрлалд хутгалагдсан шарх гэмтэл, зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтэл  нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.”

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 71-72  хуудас/

11. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаар дүгнэлтэнд: “А.Эийн биед нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 03 дугаар сарын 29-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.”

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 79 хуудас/

12. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаар дүгнэлтэнд: “Э.Цын биед баруун доод 2 дугаар шүдний уналт, доод уруулд язарсан шарх, баруун доод 1, 3 дугаар шүдний сулрал, буйланд, зүүн нүдний зовхинд, баруун шуунд, зүүн бугалганд, хүзүүнд, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгт, баруун мөрөнд, зүүн мөрөнд, зүүн өвдгөнд, баруун өвдгөнд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 03 дугаар сарын 29-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод 2 дугаар шүдний уналт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% тогтонги алдагдуулна.”

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 86-87 дугаар хуудас/

13. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1726 дугаар дүгнэлтэнд: “Хүрэн ягаан өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Д.Б гэх цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна. А.Эийн гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Э.Цын А/II/ гэх харьяалалтай байна. Бүлгийн харьяалалаар тухайн зүйл нь хоорондоо таарч, тохирч байгаа эсэхийг харьцуулах боломжгүй.”

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, хошууч М.Өнөржаргал гэжээ. /х.х-ийн 98-99 хуудас/ 

14. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1727 дугаар дүгнэлтэнд: “Бор өнгийн модон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна. Бүлгийн харьяалалаар тухайн зүйл нь хоорондоо таарч, тохирч байгаа эсэхийг харьцуулах боломжгүй.”

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, хошууч М.Өнөржаргал гэжээ. /х.х-ийн 108 хуудас/ 

15. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1728 дугаар дүгнэлтэнд: “Саарал өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна.”

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, хошууч М.Өнөржаргал гэжээ. /х.х-ийн 116 хуудас/ 

16. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1729 дүгээр дүгнэлтэнд: “Хар өнгийн цэнхэр оруулгатай нимгэн куртик дээр цус илэрсэн. Уг цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна.”

 Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, хошууч М.Өнөржаргал гэжээ. /х.х-ийн 124 хуудас/ 

17. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р х.х-ийн 1, 3,  4-12, 13-16, 17 хуудас/

18. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх баримт, хохирогч Э.Ц, Д.Б, А.Э нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох талаар ирэлхийлсэн хүсэлтүүд /х.х-ийн 218-223, 225-227 хуудас/

19. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 163-178 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөө: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч Т.Түмэнжаргал нь шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт тус тус үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль шинжийг шүүгдэгч Э.Цын ямар үйлдэл хангаж байгааг тодорхой тусгаагүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон боловч тухайн учирсан гэмтлүүдийг нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Э.Ц нь хохирогч Д.Бад учруулсан тул учирсан гэмлүүдийн аль хүнд гэмтлийг нь үндэслэж гэм буруутайд тооцож нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Бад учирсан гэмтлүүдийг тус бүрийг нь харгазан үзэн шүүгдэгч Э.Цыг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй болно.  

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны урд Э.Цтай маргалдаж, түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, гараараа цохих, газар унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун доод 2 дугаар шүдний уналт, доод уруулд язарсан шарх, баруун доод 1, 3 дугаар шүдний сулрал, буйланд, баруун шуунд, зүүн бугалганд, хүзүүнд, зүүн гуянд цус хуралт, баруун мөрөнд, зүүн мөрөнд, зүүн өвдгөнд, баруун өвдгөнд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны урд Д.Бтай маргалдаж,  түүнийг хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд нэвтэрсэн хутгалагдсан шарх, уушигны авчилт, цээжний зүүн талын хөндийд цус, хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Д.Б, Э.Ц нарыг салж хутгыг нь булааж авах гэсэн А.Эийн нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Цын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” тус тус гэм буруутайд гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

Шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж тус тус үзлээ.

Шүүгдэгч Д.Б, Э.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Ц, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Э, Э.Ц, Д.Б, гэрч Б.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 92 дугаар дүгнэлт, шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаар дүгнэлт, шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаар дүгнэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгааг дурдлаа.

Иргэдийн төлөөлөгч Г.С-аас шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б, Э.Ц нарыг гэм буруутай гэж үзэн дүгнэлт бичгээр гаргасан нь үндэслэл бүхий болжээ.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б, Э.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхжаргал, Б.Батчимэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүй гэснийг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Д.Б, Э.Ц нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Д.Б, Э.Ц нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан хэрүүл маргаан үүсгэн бие биедээ халдсан үйлдлээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Д.Б, Э.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал: Шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Цын нийт эдлэх ялыг 6 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Шүүгдэгч Д.Б нь “Илчлэг Шивээ” ХХК-нд машинч ажилтай учир ажил хөдөлмөр эрхлэх боломжийг харж үзэн зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хугацаагаар оногдуулж өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт эдлүүлж өгнө үү гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгч Э.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх үзэх хэд хэдэн нөхцөл байдал байна. Үүнд тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хохирогчийн буруутай үйлдлээс хэрэг үйлдэгдсэн зэрэг болно. Хувийн байдлын хувьд 1994 онд аав нь нас барсан, ээж нь маш их хүнд өвчтэй, ах, эгч байхгүй ээжийгээ асардаг амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ялын оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Э.Цын бусдад учруулсан төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналыг хүлээн авч,

шүүгдэгч Э.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрснийг тус тус  харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан хорих ялын доод хэмжээний гурваны хоёроос багагүй ял оногдуулах, мөн улсын яллагчаас шүүгдэгч Э.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч А.Э, Д.Б нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй ба тэдгээрийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох нийт 1 506 550 төгрөгийг шүүгдэгч Э.Ц нь төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Д.Баас 129 000 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо.

Шүүгдэгч Д.Б, Э.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хүрэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн ягаан өнгийн эрэгтэй хүний фудволк 1 ширхэг, хар цэнхэр өнгийн эрэгтэй хүний куртик 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй хүний фудволк 1 ширхэг зэргийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Дийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Э-ийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасншүүгдэгч Э.Цт оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.Б, Э.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хүрэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн ягаан өнгийн эрэгтэй хүний фудволк 1 ширхэг, хар цэнхэр өнгийн эрэгтэй хүний куртик 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй хүний фудволк 1 ширхэг зэргийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

10. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Баас 129 000 /нэг зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА

                     

                                                                     ШҮҮГЧИД                                Н.АРИУНЖАРГАЛ

                                                             

                                                                                                                      Т.ЭНХМАНДАХ