Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 03117

 

 

 

 

 

 

 

    2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/03117

                Улаанбаатар хот

                                                             

                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Э Д А О ХХК-д холбогдох,

 

155,439,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т Ө ХХК-ний захирал Л.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Э Д А О ХХК-ний захирал Д.О-тай харилцан тохиролцсоны дагуу “Арматур худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан юм. Энэхүү гэрээгээр Э Д А О ХХК нь “Т Ө ХХК-д 1000 тонн арматур төмрийг нэг тонныг нь 1,850,000 төгрөгөөр тооцож БНХАУ-ын Бугат хотын төмөрлөгийн үйлдвэрээс нийлүүлэх, арматур төмрийн төлбөрт Т Ө ХХК нь Гэрээний 4 дүгээр зүйл буюу Гэрээний үнэ, төлөх журмын 4.2-т заасны дагуу “Aqua villa хотхоны 327,14 м.кв талбай бүхий single house-г 600,000,000 төгрөгийн барьцаанд 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл түр барьцаалах. Энэхүү хаусыг буцаан авахдаа худалдагч талд 600,000,000 төгрөгийг төлөх, Гэрээний 4.3-т “Мөн Аqua villa хотхоны 205 м.кв twin house-г 840,500,000 төгрөг, Ниссан рогуэ автомашиныг 65,000,000 төгрөгийн бартерт тооцож шилжүүлэх үүргийг хүлээсэн юм. Энэхүү гэрээнд 2019 оны 05 сарын 14-ны өдөр Э Д А О ХХК-ийг төлөөлж захирал Д.Оргилбаяр, “Т Ө ХХК-ийг төлөөлж Л.Баясгалан нар нэмэлт оруулсан бөгөөд энэхүү нэмэлтээр Т Ө ХХК нь Эхний ээлжийн төлбөр болох 600,000,000 төгрөгийн төлбөрөөс 2018 оны LX570 маркийн автомашиныг 350,000,000 төгрөгт тооцож оруулж үлдэгдэл 250,000,000 төгрөгийг 2019 оны 08 сарын 01-ний дотор төлж барагдуулах, Э Д А О ХХК нь 2019 оны 05 сарын 15-ны дотор 70 тонн арматур, 2019 оны 05 сарын 29-ний дотор 324 тонн арматур, 2019 оны 07 сарын 10-ны дотор 740 тонн арматур төмрийг буулгах буюу нийлүүлэх үүргийг хүлээсэн юм.

Энэхүү гэрээний дагуу Т Ө ХХКнь Э Д А О ХХК-д Ниссан рогуэ автомашиныг 65,000,000 төгрөгийн бартерт тооцон шилжүүлж өгсөн юм. Мөн 2019 оны 05 сарын 14-ний өдөр “Т Ө ХХК-ний захирал Л.Б иргэн Д.О-тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 05 сарын 14-ний өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг баталгаажуулах зорилготойгоор Зээлийн гэрээг байгуулж гэрээгээр Д. Онь нэг жилийн хугацаанд 500,000,000 төгрөгийн арматурыг нийлүүлэх төлбөрийг 2020 оны 05 сарын 14-ний дотор Арматур нийлүүлсэн акт баримтыг үндэслэн төлж дуусгахаар тохиролцсон юм.       

Мөн энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2019 оны 05 сарын 14-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын / 17100 / гудамж, 1240 / 25 тоот хаягт байрлах Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 000655413 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан боловч Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2019 оны 08 сарын 27-ны өдөр буцаан өгсөн юм.

Э Д А О ХХКболон түүний захирал Д. Онь гэрээ байгуулснаас хойш 12 тонн 775 кг буюу 23,633,750 төгрөгийн арматур төмрийг нийлүүлээд үлдэгдэл арматур төмрийг нийлүүлэлгүй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан манай компанийн Эрдэнэт хотод барих орон сууцны барилгын ажлын төсөл бүрэн саатаад байна.

Гэрээний үүргээ биелүүлэх талаар захирал Д.О, Ч.Г нараас удаа дараа шаардаж байсан боловч “ удахгүй “ гэдэг үгээр халхавчлан өнөөдрийг хүрсэн бөгөөд цаашид худалдагч талаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй гэж үзэж байх тул Гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2019 оны 05 сарын 15-ны дотор нийлүүлэхээр тохирсон 70 тонн арматур төмрөөс 12 тонн 775 кг арматур төмрийг хасаад 57 тн 225 кг арматур төмрийн алданги Гэрээний 7.4- дэх хэсэгт зааснаар “худалдан авагчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй арматурын үнийн дүнгийн 0,1 хувиар төлнө” гэсний дагуу 1 тн х 1,850,000 х 57 тн 225 кг = 105,866,250 төг, 96 хоног х 105,866 =10,163,136 төгрөг, 2019 оны 05 сарын 29-ний дотор нийлүүлэхээр тохирсон 324 тонн арматур төмрийн алданги Гэрээний 7.4- дэх хэсэгт зааснаар “худалдан авагчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй арматурын үнийн дүнгийн 0,1 хувиар төлнө“ гэсний дагуу 1 тн х 1,850,000 х 324 тн = 599,400,000 төг, 82 хоног х 599,400 = 49,150,800 төгрөг, 2019 оны 07 сарын 10-ны дотор нийлүүлэхээр тохирсон 740 тонн арматур төмрийн алданги Гэрээний 7.4- дэх хэсэгт зааснаар “худалдан авагчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй арматурын үнийн дүнгийн 0,1 хувиар төлнө“ гэсний дагуу 1 тн х 1,850,000 х 740 тн = 1,369,000,000 төг, 40 хоног х 1,369,000 = 54,760,000 төгрөг буюу 114,073,396 төгрөгийн алданги, Ниссан рогуэ автомашины үнэ болох 65,000,000 төгрөгийн төлбөрөөс 12 тонн 775 кг арматур төмрийн үнэ 23,633,750 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр болох 41,366,250 төгрөг буюу нийт 155,439,646 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Э Д А О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 214,073,396 төгрөгийг авахыг шаардаж байгаа юм байна.  Мөн автомашины зөрүү гэж 41,366,260 төгрөгийг шаардаж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид зүгээр Улаанбаатар хотод байгаа арматур төмрийг худалдах гэрээ хийгээгүй, бидний зүгээс энэ арматур төмрийг хоёр улс хоорондын хил дамнах мянга хэдэн зуун километр замыг туулан арматур төмрийг  оруулж ирэхээр БНХАУ-ын Бугад хотоос нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Бид энэ компанид итгэж, итгэл хүлээлгэсэн. Бид яагаад “Тулгын Өндөр “ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бэ гэхээр нэхэмжлэгч Т Ө ХХК нь гэрээний дагуу бид нарт  600,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө барьцаалж баталгаа гаргасан. Энэ баталгаанд бид нар итгэж гэрээнд гарын үсэг зурсан. Энэ компани мөн гэрээний дагуу 800,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Арматур худалдах-худалдан авах гэрээний дагуу хавсралт үйлдсэн. Энэ хавсралтын дагуу ямар үүрэг хүлээлгэх вэ гэхээр бид нар энэ гэрээний дагуу арматур нийлүүлэх үүргээ хүлээсэн. Яагаад энэ хавсралтыг үйлдэх болов гэхээр эд нар бид нарт 350,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2018 оны Лексус 570 машиныг бид нарт өгнө гэж итгэл төрүүлсэн. Бид нарт машиныг өгнө гэж итгэл төрүүлсэн учраас бид нар гэрээ үйлдсэн. Бид нарт итгэл хүлээлгэж гэрээн дээр гарын үсэг зуруулсан мөртлөө гэрээн дээрх үүргээ биелүүлээгүй. Бид нар асар их хөрөнгө мөнгө санхүүжилтээр БНХАУ-аас тэр төмрийг оруулж ирдэг. Иймд бид нарт энэ компанид итгэх итгэл төрөөгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь гарын үсэг зурахаас цааш хэрэгжээгүй. Энэ гэрээ хэрэгжихэд худалдан авагч тал дийлэнх хэсэгт нь буруутай учраас энэ гэрээ хэрэгжээгүй. Иймд их хэмжээний алданги шаардах нь хууль зүйн үндэслэлгүй. Хэн ч худалдан, худалдан авах гэрээ хийж болно. Бид нар дэлгүүрт ороод мөнгө төлж байж бараа материалыг нь авдаг. Түүнтэй ялгаа байхгүй, гэрээ хийчихээд өөрсдөөсөө шалтгаалах зүйлээс болж гэрээ хэрэгжээгүй байхад бид нарыг буруутай мэтээр их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Хоёрт автомашин шилжүүлж өгсөн гэж байгаа ч  энэ худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Ө ХХК нь хариуцагч Э Д А О ХХК-д холбогдуулан худалдах-хуралдан авах гэрээний алданги 114,073,396 төгрөг, төлбөрт шилжүүлсэн автомашины үнээс 41,366,250 төгрөг нийт 155,439,646 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээний дагуу алданги тооцох, худалдах худалдан авах гэрээний дагуу автомашины үнийн зөрүү шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т Ө ХХК, хариуцагч Э Д А О ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Арматур худалдах, худалдан авах гэрээ”, “Зээлийн болон Барьцааны гэрээ” тус тус бичгээр байгуулагдсан байна.

 

Зохигч дээрх гэрээг бичгээр байгуулж, хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12.775 кг арматур төмрийг нэхэмжлэгчид нийлүүлж, нэхэмжлэгч 65,000,000 төгрөгийн үнээр тохиролцсон “Nissan Rogue” маркийн автомашиныг авсан 12.775 кг арматур төмрийн үнэ 23,633,750 төгрөгт болон гэрээгээр тохирсон хуваарийн дагуу нийлүүлэх арматур төмрийн үнэд тооцон хариуцагчид шилжүүлсэн тухайд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь барилгад ашиглах 1000 тонн арматур төмөр худалдаж авах, хариуцагч нь 1000 тонн арматур төмрийг 1,850,000,000 төгрөгөөр худалдахаар хүсэл зоригоо илэрхийлэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Арматур худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд гэрээнд нэмэлтээр “арматур төмөр нийлүүлэх хугацааг 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор 70 тн, 2019 оны 05 дугаар сарын 29-ний дотор 324 тн, 2019 оны 07 дугаар сарын 10-ны дотор 740 тн, төлбөрийг эхний ээлжийн 600,000,000 төгрөгийн төлбөрөөс 2018 оны L570 superior маркийн автомашин 350,000,000 төгрөг, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг 2019 оны 08 сарын 01-ний дотор төлж дуусгахаар тохиролцсон байна.

 

Хариуцагч зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргасан хэдий ч зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч арматур төмөр зээлдүүлээгүй, нэхэмжлэгч зээлээр арматур төмөр аваагүй байна.

 

Дээрх нөхцөлөөр байгуулагдсан гэрээний агуулга, талуудын хүсэл зориг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах” гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу 12 тонн арматур төмөр, үнийг харилцан шилжүүлсэн хэдий ч хариуцагч үлдэгдэл арматур төмрийг тохиролцсон хугацаанд зохих хэмжээгээр нийлүүлээгүй, нэхэмжлэгч үнийг тохиролцсон байдлаар бүрэн төлөөгүй. Нэхэмжлэгч гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, арматур төмөр худалдан авахаар шилжүүлсэн 65,000,000 төгрөгийн үнэ бүхий “Nissan Rogue” маркийн автомашины үнээс 41,366,250 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д “Худалдсан эд хөрөнгийг хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь энэ хуулийн 204.2, 219.2-т заасан хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно” гэж заасан. Худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй, цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон нь талуудын тайлбараар нотлогдож байх тул хэн аль гэрээнээс татгалзах, үүсэх үр дагаврыг арилгуулахаар хуульд зааснаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ. Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигчдын тайлбараар нэхэмжлэгчээс 12 тонн арматур төмрийн үнэ 23,633,750 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаанд нийлүүлэх арматурын үнэд 65,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн “Nissan Rogue” маркийн автомашиныг хариуцагч цааш гуравдагч этгээд “Зэрэглэх-Оч” ХХК-д шилжүүлсэн нь нотлогдож байна.

 

Гэрээний дагуу шилжүүлсэн зүйл гуравдагч этгээдэд шилжсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид 41,366,250 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т заасны дагуу мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан. Гэвч нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Арматур худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзсан байх тул гэрээний үүрэг буюу алданги шаардсан нь үндэслэлгүй байна.

   

Иймд хариуцагч Э Д А О ХХК-иас 41,366,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 114,073,396 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасны дагуу хариуцагч Э Д А О ХХК-иас 41,366,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 114,073,396 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Т Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 935,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э Д А О ХХК-иас 364,781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР