Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Бд холбогдох эрүүгийн 2317000390046 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “.......с” ХХК-нд үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ........ дугаар баг, ....... хотхоны ....... дүгээр байрны .......... тоотод оршин суух хаягтай, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллах эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Ц-ийн Б /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 3-40 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Бтай хүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдан, түүнийг өшиглөх, толгой, бөөр, гэдэс, нуруу хэсэгт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн чихний ар хэсэгт, зүүн мөрөнд, баруун бөөрний байрлалд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 52-53 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 5 хуудас/

3. Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цайны цагаар гэртээ ирэхэд том охин А бантан халааж байгаад тогоогоо түлсэн байсан. Манай нөхөр Б яагаад түлэнхий үнэртээд байгаа юм бэ, тогоо шанагаа угаа гэхээр нь би миний охин хичээлдээ яв, ээж нь угаая гэхэд Б чи яагаад өмнүүр нь ороод байгаа юм бэ, хүүхдэд үг хэлж яагаад болдоггүй юм уу гэж хэлээд намайг цамцаараа ороолгоод миний зүүн талын хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би чиний түмпэн шанагыг өглөө болгон угаагаад гардаг биз дээ гээд гал тогооны өрөөнд ортол нөхөр Б тархи толгой, бөөр гэдэс рүү гараараа нэлээн олон удаа цохисон. Хог хаях гээд тонгойход ар нуруу руу гараараа алгадсан. Би ширээн дээр байсан аяга аваад ам руу нь нэг удаа цохисон. Намайг гэрээс гар зайл гэхээр нь би хөлөөрөө жийсэн. Манай хүү С гараад доод давхрын айлд ороод цагдаа дуудсан байсан. Бид 2017 онд танилцаж суугаад 4 хүүхэдтэй болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-28 хуудас/

            4. Насанд хүрээгүй гэрч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Эгч бид хоёр бантан халааж байгаад тогоогоо түлсэн. Аав ээж хоёр ажлаасаа гэрт орж ирээд аав юун түлэнхий үнэр үнэртээд байгаа юм бэ гэхэд нь эгч А бантан халааж байгаад тогоогоо түлсэн гэсэн. А эгч бид хоёр хичээлдээ явах гэж байтал аав түлэгдсэн тогоогоо угаа гэхэд нь ээж миний хоёр хүүхэд хичээлдээ яв, ээж нь угаая гэтэл аав чи хүүхдээ өмөөрлөө гээд ээжийн хөл хэсэгт 2 удаа өшиглөөд цамцныхаа цахилгаанаар шавхардсан. Тэгээд би доод айлд очоод цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/

5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаар дүгнэлтэнд: “Д.Бын биед баруун нүдний зовхинд, зүүн чихний ар хэсэгт, зүүн мөрөнд, баруун бөөрний байрлалд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 03 дугаар сарын 26-нд, бусад гэмтлүүд нь 2023 оны 04 дүгээр сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.”  

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 19-20 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Ц.Бийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Д.Б нь хохирол нэхэмжлээгүй нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

                                           Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА