| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0277/З |
| Дугаар | 221/МА2025/0498 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0498
| 2025 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2025/0498 | Улаанбаатар хот |
Ч.А***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ч.А***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.А***,
Хариуцагч: Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ч.А***д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үндсэн цалингийн 20 хувь болох 338600 төгрөгийг гаргуулж, хохирлын барагдуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0334 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***.
Хэргийн индекс: 128/2025/0277/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.А***аас Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Ч.А***д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үндсэн цалингийн 20 хувь болох 338600 төгрөгийг гаргуулж, хохирлын барагдуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0334 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан Ч.А***аас Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ч.А***д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үндсэн цалингийн 20 хувь болох 338,600 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь хянан шалгаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Миний бие хуулиар хамгаалагдсан эрхийн дагуу амралтын өдөр ажиллаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн үед жирэмсний хордлоготой байсан бөгөөд 2025 оны 01 дүгээр 14-ний өдөр 2 албан хаагч ажиллах үүрэг чиглэл өгөхөд намайг жирэмсэн тул миний өмнөөс нягтлан бодогч ажиллах хүсэлт гаргасан талаар тайлбарлаж байхад шүүх шийдвэрээ гаргахдаа энэхүү нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй. Энэ нь тухайн үеп миний жирэмсэн эсэхийг мэдэж байсныг нотолж байгаа. Мөн шүүх шийдвэрээ уншиж танилцуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсгийг дурдаагүй талаар талууд тайлбарладаг. Энэ нь шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна...
3.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар батлагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/72 дугаар захирамжаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дүрэм, орон тоог баталсан. Харин Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15/04 дугаар тогтоолоор Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг Хурлын ажлын албаны бүтцэд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба багтдаггүй бөгөөд Хурлын ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журамд Хурлын ажлын албаны удирдлага, албан хаагчид хамаарна гэж заасан байдаг. Иймд уг Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Хурлын ажлын албаны даргад шалтгаанаа мэдэгдэж, чөлөө авах үндэслэлгүй.
3.3 Хурлын дарга надад хяналт шалгалтаар ажиллах үүрэг даалгавар өгөөгүй тул чөлөө авах үүрэг үүсээгүй. Учир нь Хурлын ажлын албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар албан хаагчдыг үүрэгжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журамд заасан НДИТХ-ДЖ-12-Маягт-05 Сахилгын шийтгэл оногдуулсах хуудсыг бөглөсөн байдаг. Энэ талаар надад мэдэгдээгүй бөгөөд холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгч, Хурлын даргад танилцуулан сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргуулсан байдаг. Сахилгын шийтгэл оногдуулахдаа урьдчилан мэдэгдэж, тайлбар авах процесс ажиллагаа явуулаагүй, сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг танилцуулаагүй гэх захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг зөрчсөн этгээдэд мэдэгдэх ёстой, оролцох чиг үүргийг хангаагүй байдлыг шүүхээс харгалзан үзэлгүйгээр шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
3.4 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,
3.1 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр, аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна” гэж заасны дагуу Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/72 дугаар захирамжаар Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог баталж, мөн даргын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.А***ыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон.
3.2. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамжаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан, судалгаа гаргах, зөвлөгөө зөвлөмж хүргэх ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахыг нийслэлийн холбогдох төр, захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.
Үүний дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/10 дугаар захирамжаар холбогдох хяналт шалгалтыг зохион байгуулах, судалгаа гаргах ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахыг Налайх дүүргийн 33 байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн байна.
3.3. Улмаар, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах албан хаагчдыг томилох тухай” А/04 дүгээр тушаалаар 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийх албан хаагчдын нэрсийг баталсны дунд нэхэмжлэгч Ч.А***ын нэр багтсан ч нэхэмжлэгч өөрийн хуваарьт өдрүүдэд ажиллаагүй.
3.4. Үүнтэй холбогдуулан хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ч.А***д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон.
4. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй...” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
5. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж тухайлан заасан.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд болохын хувьд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас өгсөн хууль тогтоомжид нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд албан үүргээ биелүүлээгүй энэхүү тохиолдолд хариуцагчаас тухайн зөрчлийн шинж байдалд тохируулан өөрийн эрх хэмжээний хүрээнд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА