Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 33

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Ц.Гансүлд, хохирогч Б.Үүрийнтуяа, гэрч Г.Саранцэцэг, шүүгдэгч Д.Цэрэнбат, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1043) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Шарав овогт Дамбий-Янсангийн Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0881 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарав овогт Дамбий-Янсангийн Цэрэнбат, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25-1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суудаг, регистрийн дугаар МЮ86093079, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Цэрэнбат нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-13 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Үүрийнтуяатай маргалдаж аманд нь гараа хийж татан завжийг нь сэтэлсэн,

-2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 1-9 тоотод Б.Үүрийнтуяагийн хоёр гарыг хүлж, ам руу нь алчуур чихсэн, хоолой руу нь түлхэж, хацар руу нь алгадаж зодсон,

-2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 1-9 тоотод Б.Үүрийнтуяагийн дээрээс 20 литрийн савтай ус асгаж, сандал руу хүчтэй түлхэн үснээс нь зулгааж зодсон,

-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Кореана” зочид буудалд эхнэр Б.Үүрийнтуяатай “хүүхдийг чинь харж чадахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

-2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 1-9 тоотод Б.Үүрийнтуяаг ор сандал хоёрын завсар чихэж, дээрээс нь дэвсэж, бэлэг эрхтэнг нь гараараа чимхэж базсан,

-2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд эхнэр Б.Үүрийнтуяаг хэл амаар доромжилж толгойд нь цохиж эрх чөлөөнд нь халдсан,

-2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 321 тоотод эхнэр Б.Үүрийнтуяатай “хүүхдээ авна” гэх шалтгаанаар маргалдан зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүдээр тарчлаасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Д.Цэрэнбат: Би Б.Үүрийнтуяа руу ус цацаж байсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Яагаад ус цацсан бэ гэхээр манай эхнэр Б.Үүрийнтуяа гэртээ согтуу орж ирэхээр нь зодож гэмтэл учруулж байхаар ус цацъя гэж бодсон. Тухайн цацсан ус нь 20 литрийн савны талаар байсан. Харин Б.Үүрийнтуяагийн дээр нь гарч суугаад мяндсан утсаар гарыг нь боож байгаад ам руу нь алчуур чихсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай гэрт ямар нэгэн мяндсан утас байхгүй. Харин Б.Үүрийнтуяа миний толгой руу цохиж, нүүр маажиж, над руу шүлсээ хаясан болохоор би хоёр гарыг нь холбож барьдаг. Мөн Үүрийнтуяа над руу шүлсээ хаяад байсан учир би түүний амыг нүүр гарын алчуураар дарсан, харин ам руу нь чихсэн зүйл байхгүй. Мөн Үүрийнтуяагийн бэлэг эрхтэнг базахдаа “шээдэг хэсгээс нь” чимхэж байгаагүй. Харин дээд хэсгийнх нь зузаан махнаас нь базаж, мушгисан. 2015 оны 01 дүгээр сард Кореана зочид буудалд очоод Б.Үүрийнтуяаг хамгаалагчтай нь хардаж зодсон. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Үүрийнтуяатай уулзах үед надад бууны сум байгаагүй. Би “Үүрийнтуяаг болон түүний эхийг ална” гэж бууны сум гаргаж ирээгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Цаашид энэ хүүхэнтэй харьцахгүй, холбогдохгүй. Ингээд хоёр тийш болъё гэв. 

2. Хохирогч Б.Үүрийнтуяа: 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Цэрэнбатын найз Энхболдын гэрт очсон. Энхболдын гэрт түүний эхнэр болох Түмэнцэцэг, Цэрэнбат бид дөрөв байсан. Тухайн үед бид хоорондоо юм ярьж, архи ууж суусан. Тэгээд Цэрэнбат, Түмэнцэцэгтэй хамт дэлгүүр орохоор явсан. Энхболд бид хоёр Цэрэнбат, Түмэнцэцэг хоёроор тоглох санаатай “ямар удаан явдаг юм бэ” гээд хардах маягтай зүйл ярьтал, Цэрэнбат уурлаж, над руу дайраад, “чи манай найзын эхнэртэй намайг харддаг хэн бэ” гэж хэлээд намайг зодсон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж Цэрэнбатын нүүр рүү алгадаж цааш түлхсэн. Цэрэнбат миний завж руу хоёр хуруугаа хийж байгаад татсан. Энхболдын гал тогооны өрөөнд үсдэж зодсон. Тухайн үед Цэрэнбат бид хоёрыг Энхболд, Түмэнцэцэг хоёр салгасан.

Мөн 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Цэрэнбат бид хоёр гэрээсээ гараагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид хоёр заримдаа гэр бүлийн асуудлаас болж маргалддаг байсан. Энэ өдөр Цэрэнбат намайг үсдэж байгаад, сандал руу түлхсэн. Мөн над руу 20 литрийн савтай ус цацсан. Тэгээд хэд хоногийн дараа цагаан нойлын утсаар миний гарыг хүлээд, миний ам руу нүүр гарын алчуур тултал чихсэн. Тэгээд миний урдаас хэрүүл хийлээ гэх шалтгаанаар намайг зодсон.

2015 оны 01 дүгээр сард Кореана зочид буудалд ажиллаж байх үед хүүхэд авч ирж өгсөн. Тэгэхээр нь би “хар өглөө хүүхэд авчирлаа” гэж хэлэхэд “Цэрэнбат над руу чи муу буудлын хамгаалагчтайгаа унтаж хэвтээд байгаа юм уу” гээд миний үснээс зулгааж нуруу руу цохисон. Тэгээд хүүхдээ үлдээчихээд, Кореана зочид буудлаас гараад явсан. Цэрэнбат нь гэрээ түгжээд түлхүүрээ аваад явсан болохоор хүүхэд бид хоёр очих газаргүй байсан. Тиймээс цагдаагийнхан бид хоёрыг гэрч, хохирогчийг хамгаалах газарт байрлуулсан.

2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Кореана зочид буудалд болсон асуудлаас болоод Цэрэнбат бид хоёр салахаар болсон. Тэгээд би эцгийнхээ гэрт очсон. Цэрэнбат миний араас ирээд, “хоёулаа эргээд хамт амьдаръя” гэхээр нь би Цэрэнбатыг уучилж хамт явсан. Цэрэнбат “төрсөн дүү нь нөхрийн хамт манай гэрт хамт байна” гэхээр нь би дургүйцсэн. Гэтэл Цэрэнбат огцом уурлаад “чи Кореана зочид буудалд яаж банзалдаж байсныг чинь би яаж мэдэх юм” гээд намайг ор руу түлхэж унагасан. Тэгээд ор буйдан хоёрын хооронд жижиг зай руу дэвсэж оруулсан. Дараа нь намайг босгож ирээд, миний бэлэг эрхтэнг буюу умдагийг базаж, мушгисан. Мөн нуруун дээр өвдөглөсөн, хацар руу алгадсан. Би ээждээ очиж, энэ явдлыг хэлсэн.

2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Цэрэнбаттай хамт амьдарч байсан. Тэр үед мөн л Кореана зочид буудлын хамгаалагчтай хардаж, намайг байнга зодож байсан. Тэгэхээр нь хорооны цагдаад хэлж, 7 (долоо) хоногийн хугацаагаар баривчлах арга хэмжээ авахуулж байсан. Түүнээс хойш би эцэг, эхийнхээ гэрт ирж амьдарсан.

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Цэрэнбат намайг хайгаад манай ээжтэй уулзсан талаар ээж маань надад хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би ажлаасаа чөлөө аваад гэртээ иртэл, Цэрэнбат над руу утсаар ярьсан. Тэрээр намайг “гарч ирэх юм уу, нэг бол би чамайг эхийн чинь хажууд зодох юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ороод ир” гэж хэлсэн. Цэрэнбат манай гэрт орж ирээд намайг шууд өшиглөсөн, авч шидсэн. Тэгээд “эхийн чинь хажууд чамайг алсан ч чадна” гэж хэлсэн. Манай ээж бид хоёрыг салгасан. Тэр үед би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хүртэл Цэрэнбат гал тогооны өрөөнд сууж байхдаа бууны сум гаргаж ирээд, “энэ сумаар чамайг ална, нэг бол өөрийгөө ална” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “буу нь хаана байгаа юм” гэхэд Цэрэнбат “надад буу нь байгаа аваад ирье” гэж хэлээд гарч явсан.

Цэрэнбат нь хамт амьдарч байх үед ээ гэрэл унтраахаар “хүүхдээ хана руу авч шиднэ” гэж намайг айлгадаг байсан. Надтай уулзах үедээ байнга зоддог байсан. Мөн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс над руу залгаад “Цэрэнбат хүүхдээ асрамжид өгнө гэж байна та хүрээд ир” гэхээр нь би гайхаад яваад очсон. Гэтэл Цэрэнбат “хүүхдээ чамтай хамт байлгахгүй, асрамжид өгнө” гэж хэлсэн. Би байнга зодуулж, айдас түгшүүрт амьдарч байсандаа гомдолтой, харин түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

3. Гэрч Г.Саранцэцэг: 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Үүрийнтуяа, Цэрэнбат хоёр манай гэрт ирэхэд Үүрийнтуяагийн завж нь урагдсан байсан. Энэ гэмтлийн талаар Үүрийнтуяа надад хэлэхдээ “бүрэнхийд хэц мөргөөд, гэмтсэн” гэсэн. Би тухайн үед “битгий худал яриад бай, хэц мөргөхөд ингэж гэмтэхгүй ш дээ” гэсэн. Харин дараа нь Үүрийнтуяа манай гэрт ирснийхээ дараа “Цэрэнбат ам руу гараа оруулж байгаад татсан” гэж хэлсэн. Үүрийнтуяа, Цэрэнбат хоёр хамт амьдарч байхдаа байнга хэрүүл, зодоон болж байна гэдгээ надад хэлж байсан. Үүрийнтуяа, Цэрэнбат хоёр хамт амьдрахаа болиод Үүрийнтуяа гэртээ ирээд, ажил хийж байсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Цэрэнбат орж ирээд, Үүрийнтуяаг гараараа цохиж байсан. Тэгээд би Цэрэнбатыг салгаж дийлэхгүй байсан учраас цагдаа дуудсан. Би бууны сум харж байгаагүй. Үүрийнтуяад бууны сум үзүүлсэн юм шиг байсан. Манайх байранд байдаг учраас хаалга байнга цоожтой байдаг. Харин Цэрэнбат хаалга тайлж өгөхөөр манай гэр рүү шууд дайраад ороод ирдэг байсан. Цэрэнбат, Үүрийнтуяа хоёр 2015 оны өвөл салсан санагдана. Манайд амьдарч байхдаа Үүрийнтуяа хүүхдээ өөрөө хардаг байсан. Тэгээд ажилд орохдоо хүүхдээ хувийн цэцэрлэгт өгсөн. Тэрээр хүүхдээ өглөө, оройд өөрөө зөөдөг, авдаг байсан. Манай гэрт амьдарч байхдаа цэцэрлэгт хүүхдээ хонуулж байгаагүй. Цэрэнбат миний хажууд “Үүрийнтуяаг ална” гэж хэлж байсан. Үүрийнтуяаг хэрхэн яаж зодсоныг нь би сайн харж чадаагүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 0881 дугаартай хэргээс)

1. Хохирогч Б.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2013 онд Би Цэрэнбаттай танилцаад 2014 оны 03 дугаар сард бид хоёр хүүхэдтэй болсон. Цэрэнбат бид хоёр хүүхэдтэй болсноос хойш хамт амьдрах болсон. Гэтэл түүнээс хойш байнга хардаж, “үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зоддог болсон. Намайг байнга буюу 7 хоног бүр ямар нэг байдлаар зодох болсон. Тэгж зодохдоо гар хөлийг цагаан мяндсан утсаар холбож уяж байгаад, ам руу алчуур чихэж, нүүр рүү алгадаж, биен дээр хүйтэн ус асгаж, гар хөл мушгиж, хөшиж зодох болсон бөгөөд энэ байдлыг тэсэлгүй 2014 оны 10 сард салж, гэртээ ирсэн. Цэрэнбатаас салсны дараа ч тэр манай гэрт ирээд хүүхэдтэйгээ уулзах нэрийдлээр намайг гаргаж ирж байгаад, үснээс зулгааж, нуруу руу цохиж, нүүр рүү мөргөж, элэгдэж зодох болсон. Бас миний ажиллаж байгаа газрыг мэдчихээд ажлаас гаргах гэж оролдоно, боож ална гэж хэлдэг. Энэ байдал 2014 оны 10 сараас хойш байнга үргэлжилж байгаа, одоо болтол намайг дарамталж зовоон тарчлаасаар байгаа.

2015 оны 01 дүгээр сард би ажил дээрээ байж байтал Цэрэнбат намайг зодоод би аргаа барахдаа Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгүүлж байсан. Тэр үедээ дахиж тэгэхгүй гэж хэлээд гомдолгүй болоод эвлэрч байсан. Одоо элдвээр хардаж өөр хүнтэй болчихсон биз дээ гээд байнга зодох болсон.

Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал Цэрэнбат ирээд, намайг шууд өшиглөж унагаад, өргөж авч шидээд, тэлээгээ тайлж “хоолойг чинь боогоод алчихья” гэтэл манай ээж дундуур орж ирээд салгасан. Тэр үед би цагдаа дуудсан. Цагдаа ирэх үед Цэрэнбат гарч зугтаасан бөгөөд цагдаа нар барьж авч чадаагүй. Гэрт орж ирээд өргөж байгаад намайг шалан дээр шидчихээд халааснаасаа бууны сум гаргаж ирээд “чамайг буудаад алчихна шүү, надад буу нь байгаа” гэж айлгаж дарамталсан.

Мөн хүүхдийг маань “асрамжийн газар өг, асарч хамгаалж чадахгүй гэдгээ хэл” гэж дарамталсан бөгөөд тэгж хэлэхгүй бол боож ална гэж айлгасан. Ингэж дарамтлах явдал нь өдөр болгон болж би сэтгэл санааны хувьд маш хүнд дарамтад байна... гэх мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),

...2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад Цэрэнбат намайг хардаад үгэнд орсонгүй гэх шалтгаанаар надтай маргалдаад улмаар би урдаас нь хэрэлдээд байсан чинь миний аманд алчуур чихээд юундаа баашлаад байгаа юм маяглаад байгаарай гэж хэлээд, би үгэнд нь орохгүй байсан чинь уур нь улам хүрсэн байх намайг газар унагаад дээр сууж байгаад миний хоёр гарыг урд нь хүлээд, би дуугүй болохгүй орилоод байсан чинь ам руу алчуур чихээд, хоолой руу түлхээд, “чи тайвшир” гээд, миний хацар руу нэг удаа алгадсан.

Энэ явдлаас 3 хоногийн дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай хүү бид гурав байж байгаад хоёр талын гэрийнхнээс болж хэрэлдээд, Цэрэнбат намайг “тайвшир” гээд 20 литрийн савны талаар усыг дээрээс асгасан. Харин энэ үед намайг хүлсэн асуудал байхгүй. Тэгэхээр нь би уйлж сууж байгаад ээжтэйгээ утсаар яриад “Цэрэнбат миний гарыг хүлж байгаад зодсон биен дээр ус асгасан” гэж хэлсэн. Ус асгасан өдөр Цэрэнбат надтай хэрэлдэж байхдаа сандал руу хүчтэй түлхсэн, бас үснээс зулгааж, алгадаж зодсон. Би урьд мэдүүлэг өгөхдөө бусад хэрүүл маргаантай хольж солиод байсан. Одоо бол би сайн бодож байгаад үнэн зөвөөр мэдүүлж байна.

Би Цэрэнбатаас түр салчихсан байж байгаад буцаж нийлээд гэртээ ирсэн байсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Цэрэнбат надад хандан “дүү нь нөхөртэйгөө хамт манайд амьдарна” гэхээр нь би дургүйцсэн. Гэтэл Цэрэнбат гэнэт уурлаад миний нуруу руу гараараа нэг удаа цохиод үснээс барьж байгаад түлхсэн чинь би ор буйдан хоёрын дундуур доошоо хараад унасан. Тэгтэл дээрээс 2-3 удаа дэвсэж, завсраар нь оруулсан. Тэгэхээр нь би уйлаад “чи намайг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “чи тэр Кореана буудалд хамгаалагчтайгаа яаж байлаа” гээд намайг алгадаад унагаасан. Тэгээд дээрээс өвдгөөрөө дараад “хамгаалагч залуутай унтсан биз дээ” гээд миний бэлэг эрхтэнг чимхээд байсан. Тэгж байснаа Цэрэнбат тамхи авахаар дэлгүүр рүү гарахад нь би цүнхээ үүрч гараад, ээжийнхээ гэрт ирсэн. Тэгээд ээждээ болсон бүх явдлыг хэлсэн. Тухайн үед ямар нэгэн гэмтэл байхгүй, миний бэлэг эрхтэн бие засахад бага зэрэг өвдөж байсан.

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33-321 тоотод буюу ээжийнхээ гэрт байхад Цэрэнбат над руу залгаад “гараад ир” гэхээр нь “би чадахгүй, надад чамтай уулзах шаардлага байхгүй” гэхэд, тэрээр “би ээжийн чинь хажууд зодож чадна шүү” гэхээр нь би “чи гэрт ороод ир би ээжийн хажууд чамтай уулзана” гэж хэлсэн. Цэрэнбат манай гэрт орж ирээд, гараа атгаж байгаад, миний нүүр рүү нэг удаа цохиод, хөлөөрөө жийж унагаасан. Тэгээд гал тогооны өрөөнд Цэрэнбаттай хэрэлдээд зогсож байхад Цэрэнбат халааснаасаа ногоон ууттай сум гаргаж ирээд “энэ сумаар нэг бол өөрийгөө, нэг бол чамайг алж чадна шүү” гэсэн. Тэгэхээр нь би “чамд буу байгаа юм уу” гэхэд “байгаа би одоо аваад ирье” гээд гарч явсан. Би тэр сумыг урьд нь буюу цуг амьдардаг байхдаа харж байсан. Цэрэнбат надад “ааваас үлдсэн юм” гээд харуулж байсан. Цэрэнбатад гомдолтой байна, хүүхдээр далимдуулаад надтай уулзах гэдэг. Уулзах бүртээ байнга зоддог. Уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна... гэх мэдүүлэг (хх-ийн 211-212 дугаар хуудас),

2. Хохирогч Б.Үүрийнтуяагийн эрүүгийн 2015 2600 00555  дугаартай хэрэгт өгсөн: 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүүгээ нөхөртөө үлдээгээд Кореана зочид буудалд ажлаа хийгээд 2 давхарт цэвэрлэгээний өрөөнд сууж байхад манай нөхөр Цэрэнбат гаднаас хүүхдээ тэврээд ороод ирсэн. Би “яасан” гэтэл “хүүхдийг чинь харж чадахгүй байна” гээд надад хүүгээ өгөхөөр нь би аваад орон дээр тавиад Цэрэнбат бид хоёр маргалдаж байтал манай нөхөр миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би хоёулаа салъя “надад гэрийн түлхүүр өг” гэхэд “би өгөхгүй чаддаг юм бол очоод онгойлгоод ороорой” гээд надаас мөнгө бичиг баримт нэхсэн “би өгөхгүй” гэтэл “өг” гээд үснээс зулгааж цохиод байсан. Тэгээд цонхны тавцан дээр байсан цүнхийг шүүрч аваад гараад явсан. Би орой ажлаа тараад очтол гэр цоожтой байсан. Цэрэнбат руу утасдаад “түлхүүрээ авъя” гэхэд “би хөдөө байна, чаддаг юм бол өөрөө онгойлгоод ор” гэсэн. Би айгаад, гэртээ орж чадахгүй, ажлын газрынхаа хүний гэрт гурав хоног гуйж хоносон... гэх мэдүүлэг (хх-ийн 139 дүгээр хуудас),

3. Гэрч Г.Саранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Цэрэнбат нь Үүрийнтуяаг харддаг, ажил төрөл хийлгэхгүй байна гэж хэлдэг. Хардалтаас болж зоддог гэж охин маань ярьдаг юм. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33-321 тоотод салчихсан тусдаа амьдарч байхдаа Цэрэнбат хүүхдээ авна гэж ирсэн. Хүүхдийг нь өгөхгүй гэж хэлснээс болоод Үүрийнтуяаг ална гээд миний дэргэд зодсон. Зодохдоо гараараа толгой руу нь цохиж, хоолойг нь гараараа боох зэргээр зодсон учраас цагдаад дуудлага өгсөн. Урьд нь хамт амьдарч байхдаа хардаад зоддог байсан талаар ярьж байсан. Цэрэнбат догшин ширүүн ааштай хүн шиг санагдсан, манай гэрт Үүрийнтуяаг энийг чинь алчихъя гэж дайрч зодож байсан. Үүрийнтуяаг байхгүй үед ирчихээд “хаана байна” гээд над руу дайраад, зодчих гээд байдаг. Хамт амьдарч байхдаа ч байнга хэрүүл хийж, тайван байлгадаггүй гэж Үүрийнтуяа хэлж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас),

...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай гэрийнхэн салхинд гарч байхад араас Үүрийнтуяа, Цэрэнбат хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Тэгэхэд Үүрийнтуяагийн 2 завж урагдсан зүсэгдсэн байдалтай байсан. Намайг асуухад тухайн үедээ “яагаа ч үгүй” гээд хэлээгүй. Харин дараа нь Цэрэнбат намайг зодоод “хэрүүл хийдэг амыг чинь урна гээд татсаар байгаад ийм болгосон” гэж хэлж байсан. 2014 оны 9-өөс 10 дугаар сарын үед Үүрийнтуяа над руу залгаад “Цэрэнбат намайг зодож сандал буйдан хоёрын дундуур багтахгүй байхад дээрээс дэвсэж оруулаад, ам руу шивэртэй оймсоо чихэж хийгээд байна” гэж утсаар ярьж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 89-90 дүгээр хуудас),

4. Гэрч Д.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Цэрэнбат, Үүрийнтуяаг зодож байсныг хараагүй. Харин уг өдөр манай гэрийнхэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 1-4  тоотод манай аавын гэрт байхад яг цагийг нь санахгүй байна 14 цагийн үед Цэрэнбат, Үүрийнтуяа хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Бид юм яриад сууж байхад, Үүрийнтуяагийн завж нь хоёр тал руугаа урагдсан, шинэхэн шархтай байсан. Дараа нь Саранцэцэг эгч надад “тэр өдөр Цэрэнбат Үүрийнтуяагийн ам руу гараа хийгээд урчихсан гэсэн” гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Үүрийнтуяа болон Саранцэцэг нараас “Цэрэнбат үе үе Үүрийнтуяаг зоддог” талаар сонсож байсан... гэх мэдүүлэг  (хх-ийн 227-228 дугаар хуудас),

5. Гэрч Д.Амартүвшин (хороо хариуцсан хэсгийн байцаагч)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Б.Үүрийнтуяа нь манай нөхөр намайг зодоод байна гэж 2 удаа дуудлага өгч байсан. Нөхөр Цэрэнбат нь Үүрийнтуяаг хардаад зодоод байдаг гэж хандаж байсан. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Цэрэнбат нь эхнэр Үүрийнтуяаг зодоход нь 102 дугаарт дуудлага өгсөн байсан. Тус дуудлагын дагуу намайг очтол “нөхөр Цэрэнбат нь эхнэрээ элдэв янзаар хэл амаар доромжилсон” гэж гомдол гаргаж байсан. Гомдлын дагуу шалгахад эхнэрээ зодож, эрх чөлөөнд нь халдаж танхайрсан нь өөрсдийнх нь тайлбар болон урьд бичсэн баталгаа зэрэг материалаар нотлогдсон тул шүүхэд шилжүүлж, шүүхээс түүнд 7 хоног баривчлах шийтгэл ногдуулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 87-88 дугаар хуудас),

6. Гэрч Т.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт Цэрэнбат, Үүрийнтуяа нар ирээд хоол хийж идээд гурвуулаа 3 том савтай шар айраг уусан шиг санаж байна. Цэрэнбат эхнэр Б.Үүрийнтуяа хоёр шар айраг авах гээд дэлгүүр гарсан тэгээд орж ирэхдээ хэрэлдээд орж ирсэн. Тухайн үед юу гэж хэрэлдэж байсныг санахгүй байна. Тэд миний хажууд зодолдоогүй, би шар айраг ууж байгаад унтсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 102 дугаар хуудас),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1568 дугаартай: “Үүрийнтуяагийн биед хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 141 дүгээр хуудас),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4138 дугаартай: ”Үүрийнтуяагийн биед эрүү, зүүн хацар, баруун шууны цус хуралт, уруулын дотор ханын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтлүүд болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 19 дүгээр хуудас),

9. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: Үзүүлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бусдад зодуулсан гэх бөгөөд 3 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийхэд дээрх гэмтлүүд нь тогтоогдсон. Уг гэмтлүүд нь бор шаргал өнгийн цус хуралттай, хүрэн улаан өнгийн язарсан шархтай байсан нь зодуулсан гэх өдөр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гурваас дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ... гэх мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас),

10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1163 дугаартай: “Д.Цэрэнбат нь сэтгэцийн өвчингүй байна. Д.Цэрэнбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (хх-иын 226 дугаар хуудас),

11. Шүүгдэгч Д.Цэрэнбатын эрүүгийн 2015 2600 00555  дугаартай хэрэгт сэжигтнээр өгсөн: 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 7 цаг 40 минутын үед эхнэрийн ажил дээр “10 сартай нялх хүүхдээ өгөх” гээд очтол эхнэр маань өөрийнхөө биш, хамгаалагчдын өрөөнөөс гарч ирсэн. Манай эхнэр Үүрийнтуяа нь хамгаалагчдын өрөөнөөс халамцуу гарч ирсэн тул би хардаж уурлаад, хэл амаар доромжлон, “арай ч ингэнэ гэж бодсонгүй” гэж хэлсэн. Гэтэл тэрээр уурлан миний толгой руу гутлаараа хэд хэдэн удаа цохихооор нь би түүнийг үсдэж, буйдан руу түлхэж унагаасан. Бид хоёр хэрэлдсээр 4 давхарт байрлах Үүрийнтуяагийн өрөөнд орж, би түүний өгзөг рүү нэг удаа алгадаад ширээн дээр байсан цүнх, хэтэвч хоёрыг нь шүүрч аваад гарч явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Үүрийнтуяад энэ гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь эхнэр Үүрийнтуяад гар хүрч байсан. 2014 оны 7 дугаар сарын үед эхнэртээ гар хүрч байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 144 дүгээр хуудас),

12. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 392 дугаартай: Цэрэнбат нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Б.Үүрийнтуяа нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон... эрүүгийн 2015 2600 00555 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэх прокурорын тогтоол (хх-ийн 156-157 дугаар хуудас),

13. Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаартай: Д.Цэрэнбат нь эхнэр Б.Үүрийнтуяаг байнга зодож тарчлаасан гэх эрүүгийн 2016 2601 0881 дугаартай хэрэгт Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ба Д.Цэрэнбатын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кореана зочид буудалд Б.Үүрийнтуяаг зодсон гэх үйлдлийг уг хэрэгт нэгтгэн шалгах үндэслэлээр эрүүгийн 2015 2600 00555 дугаартай хэргийг сэргээн шалгуулах шаардлагатай байх тул ...хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 392 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн ажиллагааг сэргээсүгэй... гэх тогтоол (хх-ийн 162 дугаар хуудас),

14. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1269 дугаартай: “...эхнэр Б.Үүрийнтуяаг хэл амаар доромжилж, толгой руу нь цохиж, эрх чөлөөнд нь халдсан зөрчил гаргасан Д.Цэрэнбатад 7 (долоо) хоногийн хугацаатай баривчлах шийтгэл ногдуулсан” гэх шийтгэвэр (хх-ийн 66 дугаар хуудас),

15. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай: 2015 2600 00555 дугаартай хэргийг эрүүгийн 2016 2601 0881 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулах шаардлагатай байх тул ... хэргийг нэгтгэсүгэй ... гэх прокурорын тогтоол (хх-ийн 161 дүгээр хуудас),

Мөн шүүгдэгч Д.Цэрэнбатын хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 53, 93, 180 дугаар хуудас), хорооны тодорхойлолт (хх-ийн 94, 179 дүгээр хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51, 92, 150 дугаар хуудас), ажил байдлын тодорхойлолт (хх-ийн 95, 96 дугаар хуудас), гэрч Б.Батзориг, Н.Нармандах нарын мэдүүлэг (хх-ийн 42, 43 дугаар хуудас) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг, дадлага, туршлагатай, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Д.Цэрэнбат нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Цэрэнбат нь:

1. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-13 тоотод Б.Үүрийнтуяаг “өөрийг нь хардлаа, өөдөөс үг хэллээ” гэх шалтгаанаар зодож, ам руу нь гараа хийж татан завжийг нь сэтэлсэн, хумсаараа шалбалсан;

2. 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 1-9 тоотод Б.Үүрийнтуяагийн хоёр гарыг хүлж, ам руу нь алчуур чихсэн, хоолой руу нь түлхэж, хацар руу нь алгадаж зодсон;

3. 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 1-9 тоотод Б.Үүрийнтуяагийн дээрээс 20 литрийн савтай тал усыг асгаж, сандал руу хүчтэй түлхэн үсдэж зодсон;

4. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Кореана” зочид буудалд Б.Үүрийнтуяаг буудлын хамгаалагчтай хардсаны улмаас зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан;

5. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 1-9 тоотод хардалтын улмаас Б.Үүрийнтуяаг ор, сандал хоёрын завсар чихэж, дээрээс нь дэвсэж, умдаг орчмоос нь базаж, мушгисан;

6. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Б.Үүрийнтуяаг хэл амаар доромжилж толгой руу нь цохиж, эрх чөлөөнд нь халдсан;

7. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 321 тоотод “хүүхдээ авна” гэх шалтгаанаар Б.Үүрийнтуяаг зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулсан буюу нийт 7 удаагийн үйлдлээр байнга зодож, хамтран амьдарч байсан Б.Үүрийнтуяаг тарчлаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Цэрэнбатын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, прокурорын тогтоолууд, шүүхийн шийтгэвэр зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүгдэгч Д.Цэрэнбатын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйлдлийг эрүүгийн 2015 2600 00555  дугаартай хэрэг үүсгэж, шалгасан бөгөөд тус дүүргийн прокурорын газраас Д.Цэрэнбатыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч түүнтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан боловч уг хэргийг дээд шатны прокурорын шийдвэрээр сэргээж, улмаар энэ хэрэгт нэгтгэн шалгасан байна.

Мөн Д.Цэрэнбат нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Б.Үүрийнтуяаг хэл амаар доромжилж толгой руу нь цохиж, эрх чөлөөнд нь халдсан үйлдэлдээ захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар баривчлах шийтгэл хүлээжээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчимтай харшлахгүй байна.

Учир нь шүүгдэгч Д.Цэрэнбатын долоон үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүн болж зүйлчлэгдээгүй бөгөөд харин бүхэлдээ тарчлаах гэмт хэргийн бүрдэл болж, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт зааснаар ял халдаахаар байна. Хяналтын прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эцэслэн шийдвэрлэж буй хэлбэр биш бөгөөд хууль зүйн хувьд дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгосноор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа үргэлжилнэ. Нөгөөтэйгүүр, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан прокурорын шийдвэрийг “эрүүгийн хариуцлага хүлээсэн” хэмээх хууль зүйн агуулгад хамааруулахгүй.

Захиргааны шийтгэл хүлээсэн нөхцөл байдлын тухайд уг үйлдэл нь дангаараа гэмт хэрэгт хамаарахгүй ч хэд хэдэн удаа захиргааны шийтгэл ногдуулснаар тодорхой төрлийн гэмт хэргийн шинжийг буюу тухайлбал, тарчлаах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж болно. Иймээс гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон хэд хэдэн үйлдлийн нэг хэсэг нь захиргааны зөрчилд хамаарч, захиргааны шийтгэл хүлээснийг үйлдсэн гэмт хэрэгтээ шийтгүүлсэн гэж үзэхгүй. 

Шүүх прокуророос Д.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Д.Цэрэнбатыг хамтран амьдрагчаа байнга зодох буюу тарчлаасан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “гэр бүлийн хүчирхийлэл”-тэй холбоотой гэж дүгнэв.

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй (хх-ийн 51, 92, 150) байх тул шүүгдэгч Д.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Цэрэнбат тарчлаах гэмт хэргийг хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн эсрэг, нэг үйлдлийг согтуурсан үедээ, мөн зарим үйлдлээ “ам руу нь алчуур чихэх, хүйтэн ус цацах, умдагийг нь базах, мушгих” зэргээр хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн хэдий ч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч Д.Цэрэнбатын зан төлөв, хандлагатай холбоотой хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хэн нэг нь нөгөөгөө биеийн хүч болон эрх мэдлээр давамгайлж бие махбод, сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, доромжлон гутааж, хүч хэрэглэж буй үргэлжилсэн санаатай үйлдэл юм.Тодруулбал, гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн бус, харин дахин давтагдах буюу хор уршиг, нийгмийн аюул нь улам бүр даамжрах шинжтэй, хүчирхийллийн эргүүлэг үүсгэдэг үйлдэл болохынхоо хувьд бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгардаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэгч нарт “хохирогчийг буруутгах, түүнд өс санах” сөрөг хандлага түгээмэл илэрдэг онцлогтойг харгалзах учиртай.

Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх тул хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс шүүгдэгч Д.Цэрэнбатад биечлэн эдлэх ял оногдуулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.Цэрэнбатад үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийх, өөрийн зан төлөв, хандлагыг өөрчлөх, өөрийгөө засан хүмүүжүүлэх бололцоо олгох үүднээс түүнийг богино хугацаанд нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах нь үр нөлөөтэй гэж үзэв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Б.Үүрийнтуяа нь “намайг байнга зодож, айдас түгшүүрт байлгасан тул гомдолтой, харин түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Цэрэнбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Цэрэнбатын гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнбатын цагдан хоригдсон нийт 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 1 ширхэг бууны сумыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2. дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Цэрэнбатад баривчлах ял оногдуулсан тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шарав овогт Дамбий-Янсангийн Цэрэнбатыг хамтран амьдрагчаа байнга зодох буюу тарчлаасан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнбатад 5 (тав) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнбатад оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнбатын цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 1 ширхэг бууны сумыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Цэрэнбат нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Цэрэнбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цэрэнбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                    Б.БАТАА