| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2023/0800/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/867 |
| Огноо | 2023-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/867
2023 06 16 2023/ШЦТ/867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ХХ овогт С.Х-д холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр XX аймгийн XX суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, XX дүүргийн 00 дугаар хороо, XX XX дүгээр гудамж, XX дүгээр хэсгийн XX тоот хашаанд байх нийтийн байрны XX тоотод оршин суух хаягтай,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
XX овогт С.ХРегистрийн дугаар:ЛЖ00000000,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Хнь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн XX дугаар хороо, XX дүгээр хэсэг, XX тоотод байх нийтийн байранд Ю.Т хамтран амьдрагчтай архи уулаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, модоор цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь “дух, зулай, дагз, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн зулайд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Хмэдүүлэхдээ: “...Хохирогч байнга орж ирээд архи уугаад байдаг байсан. Өөрийнхөө дураараа байх гээд байдаг хүн. Тухайн өдөр халамцуу орж ирээд надтай маргалдхаар нь модоор цохисон. Миний буруу байсан гэв....” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ю.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирээд унтаад амарч байхад нэг эмэгтэй хаалга тогшоод бараашиг уух уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлээд хэвтэж байхад хажуу айлын залуу гэнэт хаалга цөм өшиглөж орж ирээд гэрт байсан модыг аваад намайг толгой, тархигүй зодож эхэлсэн, намайг зодож байхдаа үзүүртэй мод бариад зодсон. Би арай гэж гэрээс зугтаж гараад явж байхад хажуу айлын Б гэх эмэгтэй намайг хамгаалж тэр залууг болиулсан. Ямар ч шалтгаан байхгүй гаднаас орж ирээд зодсон. Б гэх эмэгтэй урд талын айлын залуу гэх хүмүүс харж намайг хамгаалсан. Тухайн залууг сайн мэдэхгүй байна.... бааранд ажилладаг залуу гэж сонсож байсан. Тухайн залуу манай түрээсийн байрны 2 номерт амьдардаг, түрээсийн байрны хүмүүстэй ер нь маргалдаж зодоон цохион хийдэг..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Хохирогч Ю.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "...миний биед тухайн С.Хгэх залуугаас өөр хэн нэгэн халдсан зүйл байхгүй... Би 140.000 төгрөгт эм тариа авч хэрэглэсэн, мөн энэ хүнээс болж одоог хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа учраас барилгын мужааны ажил хийгээд авах байсан 700.000 төгрөгийг нийт 840.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нийтийн байрны 10 тоот өрөөнд байхад нэг ах хүн аллаа, туслаарай гэж чанга орилсон тул өрөөнөөсөө гарч дуу чимээ гарч байсан өрөөнд орсон чинь тухайн өрөөнд амьдардаг 60 орчим насны гэртээ шалны мод хийдэг ахыг нийтийн байрны 1 тоот өрөөнд байдаг С.Хнэртэй залуу архи уучихсан согтуу нөгөө ахыг шалны мод хийдэг прусс модоор толгой, нүүр, бие рүү нь олон удаа цохиж байсан. Харин нөгөө ах Хилчингээс өөрийгөө хамгаалах гээд оролдож байсан. Тэгээд би ороод боль гэж хэлэхэд С.Хнь нөгөө ахыг зодохоо болиод, би цагдаад дуудлага өгсөн. Би нөгөө Хилчинд зодуулсан ахыг харахад ухаан алдах гээд бие нь муудсан, толгойноос нь их хэмжээний цус гарсан, нүүр нь хавдсан, гар нь цус болсон байсан тул эмч дуудаад тэр ахын толгойд 20 орчим оёдол тавьсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3644 дугаартай "...
1.Ю.Тгийн биед дух, зулай, дагз, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Х-ийн яллагдагчаар өгсөн "...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 36 дахь тал/
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 37 дахь тал/
- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 39 дэх тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс долоон зуун гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг долоон жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Хнь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 01 дүгээр хэсэг, 94а тоотод байх нийтийн байранд Ю.Тхамтран амьдрагчтай архи уулаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, модоор цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь “дух, зулай, дагз, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн зулайд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ю.Тгийн өгсөн "...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирээд унтаад амарч байхад нэг эмэгтэй хаалга тогшоод бараашиг уух уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлээд хэвтэж байхад хажуу айлын залуу гэнэт хаалга цөм өшиглөж орж ирээд гэрт байсан модыг аваад намайг толгой, тархигүй зодож эхэлсэн, намайг зодож байхдаа үзүүртэй мод бариад зодсон...” гэх мэдүүлэг, хохирогч Ю.Тгийн дахин өгсөн "...миний биед тухайн С.Хгэх залуугаас өөр хэн нэгэн халдсан зүйл байхгүй... Би 140.000 төгрөгт эм тариа авч хэрэглэсэн, мөн энэ хүнээс болж одоог хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа учраас барилгын мужааны ажил хийгээд авах байсан 700.000 төгрөгийг нийт 840.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг, гэрч У.Булганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...тухайн өрөөнд амьдардаг 60 орчим насны гэртээ шалны мод хийдэг ахыг нийтийн байрны 1 тоот өрөөнд байдаг С.Хнэртэй залуу архи уучихсан согтуу нөгөө ахыг шалны мод хийдэг прусс модоор толгой, нүүр, бие рүү нь олон удаа цохиж байсан...Хилчинд зодуулсан ахыг харахад ухаан алдах гээд бие нь муудсан, толгойноос нь их хэмжээний цус гарсан, нүүр нь хавдсан, гар нь цус болсон байсан тул эмч дуудаад тэр ахын толгойд 20 орчим оёдол тавьсан..." гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3644 дугаартай "...Ю.Тгийн биед дух, зулай, дагз, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна....Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Х-ий гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Мөн С.Хнь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, бусадтай зохисгүй харилцаж, хамтран амьдрагчтай архи уулаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, модоор цохиж хохирогчийг эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.
Иймд С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ю.Тгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь С.Х-ий гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Хнь хохирогч Ю.Тгийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 140.000, ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн 700.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул
Хохирогч Ю.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 140.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлогод 700.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Хтөлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч С.Х-ээс 840.000 төгрөг гаргуулж хохирогч Ю.Тд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Хнь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Х-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Хнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ХХ овогт С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хнь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Х-с 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч ХХ овогт Ю.Т /ОЮ00000000/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Хнь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ