| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0110/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Г |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Р.Г,
орчуулагч, хэлмэрч Б.Ж,
хохирогч С.М,
шүүгдэгч Х.М,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш У овогт Хон Мед холбогдох 2313001280123 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ш. Уз.овогт Х- М, Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 29 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд 2023 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр болох С.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн нараас гаргасан мэдүүлэг,
1.1. Хохирогч С.М мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
1.2. Шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Наурызбек гэх найзынхаа шинээр байшин барьсан найранд очоод шөнийн 2-3 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед эхнэр маань унтчихсан байсан юм байна. Эхнэрээ босгож хоолоо идсэн. Дараа нь утсаа аваад мобайл банканд орох гэсэн боловч блоклогдсон байсан учраас бид нарын дунд маргаан гарсан. Тухайн үед согтуу байсан учраас дараагийн үйл явдлуудыг санахгүй байна.” гэв.
2. 2313001280123 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн С.Маас 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Хохирогч С.Мын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2023 оны 3 дугаар сарын 17-ны орой ажлаас ирээд гэрт хүүхдүүдтэй хамт унтаж амарч байх үед манай нөхөр болох Х.М гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орж ирж “чи бос надад хоол хийж өг” гэж хэлсэн. Тэгээд би босож хоол хийж өгөөд байж байтал миний гар утсыг аваад ир гэсэн. Тэгээд гар утсыг нь аваад өгсөн боловч “энэ утасны кодыг хэн блок хийсэн бэ?” гэх шалтгаанаар над руу “чи муу янхан, гичий” гэж хэл амаар доромжилж, дайрч ирээд миний толгойн тус газар 5 удаа гарын нударга хэсгээр цохих мөн миний гэдэс тус газарт олон удаа цохиж хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон. Мөн чиний толгойг чинь тасалж аваад аав руу чинь хүргээд өгнө гэж дайрсан. Тухайн үед манай хадам аав болох Т.Хойшыбай байсан ба салгаж авах гэсэн боловч хүч өгөөгүй. Тэгээд хоёр хоног өвдөж хэвтсэн...
...Урьд өмнө нь бас ийм асуудал болж байсан ч цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Би дандаа чимээгүй өнгөрдөг байсан. Тухайн үед гэрт 2 охин хадам аав бид 4 байсан. Манай том охин 5 настай бага охин 6 сартай юм...
...2023 оны 7 дугаар сарын үед манай нөхөр Х.М нь гэрт согтуу ирээд надтай хэрүүл маргаан гаргаж хэл амаар доромжилж, намайг түлхэж газар унгааж байсан юм. Яг цохиж зодоогүй. Мөн 2022 оны 4 дүгээр сарын үед яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна, бас согтуу гэрт ирээд намайг хэл амаар доромжилж, түлхэж унгаөж байсан юм. Тухайн үед бас яг цохиж зодсон асуудал болоогүй юм. 2021, 2022 онуудад намайг түлхэж газар унгаах үед миний биед ямар нэгэн гэмтэл учирч байгаагүй. Тухайн үед болсон асуудлыг үзэж харсан хүн байхгүй болно...” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 2-3, 32-33, 36-37, 40-41, 43 дахь тал),
2.3. Гэрч Т.Х-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 17-ны шөнө манай бэр болох С.М болон хоёр ач хүү нарын хамт хоол цайгаа уугаад унтаж байхад шөнө 01 цагийн үед манай хүү болох М гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирж Мыг босгож хоол идэж байгаад юунаас болсныг мэдэхгүй хэрүүл маргаан гаргаж Мыг үснээс нь барьж авсан ба нэг хөлөөрөө өшиглөж гараараа цохисон. Тухайн үед би Мыг барьж авч салгах гэж шөнийн 4 цаг хүртэл ноцолдож байгаад арай гэж унтуулсан. Мыг үсдэж авсан ба тэр хоёрыг маргалдаж байхад би салгах гэж барьсан боловч М нь Мыг нэг бол хөлөөрөө нэг бол гараараа энэ тэндээс цохисон нь үнэн. Хүүхдүүд нь хүртэл айдаг болсон байна.... ...Би энэхүү хэрэг материалын зөрчлийн шатанд байхад мэдүүлэг өгсөн. Одоо тус мэдүүлэгт өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Мөн Үндсэн хуульд заасан эрхийн дагуу өөрийн төрсөн хүү болох Х.Мы талаар дахиж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 49-50 дахь тал),
2.4. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 234 дугаартай “...1. Иргэн С.Мын биед тархины доргилттой, зулайнд хавдартай, баруун гарын шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэний гадна хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бүслүүр бөөр орчимд хавантай, булчин чангаралттай, баруун завжинд хавантай, доод уруулд хэгзэрсэн, зүүн мөрөнд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн С.Мын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн С.Мын биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
2.5. Мөрдөгчийн хэргийн газарт буюу тус аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Мы эзэмшлийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 23-29 дэх тал),
2.6. Гэрч Х.Сйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хамгийн сүүлд буюу 2023 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө охиныг маань хүргэн хэл амаар доромжилж, биед нь халдаж, зодсон байна. Тэгээд би энэ талаар мэдээд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум руу очсон юм.Тухайн үед гэрт нь очиход хүргэн М, худ Х., охин М нар байсан. Би худ Хойшыбайгаас юу болсон талаар асуухад урьд шөнө хүү маань охин М руу агсам тавьж гар хүрсэн. Би болиулах гэсэн боловч хүч хүрсэнгүй. Хүү маань согтуу ирээд ийм асуудлыг үүсгэсэн гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
2.7. Яллагдагч Х.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... ...Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болсон асуудлын талаар ярих юм бол тус өдөр найз Ш.Серикболын хамт айлын шинэ байрны найранд очсон юм, тэнд байхдаа бид хэд 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пивыг хувааж уусан. ...Тэднийхээс шөнийн 2-3 цагийн орчимд байх гараад гэртээ очоод эхнэрээсээ өөрийнхөө гар утсыг асууснаа санаж байна, тэрнээс хойш болсон үйл явдлыг яг үнэндээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Гэрч Ш.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.М нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Бага насаа аймгийн төвд өнгөрүүлсэн. Түүний хувьд хүнтэй харьцаа сайтай, төлөв даруу залуу юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),
- Иргэн Х.М, С.М нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал),
- Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал),
- Иргэн Х.Мы иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
- Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг баримтууд болно.
2.9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.2. Шүүгдэгч Х.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
3.3. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.М нь 2023 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тус аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуугаар эхнэр С.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеийн толгой, нуруу, бүслүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайнд хавдартай, баруун гарын шуу, зүүн шилбэний гадна хэсэг, зүүн шилбэнд тус тус хөх ягаан туяатай цус хуралт, зүүн бүслүүр бөөр орчимд, баруун завж, баруун завжинд хавантай, булчин чангаралттай, доод уруулд хэгзэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
-Иргэн С.Маас 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
-Хохирогч С.Мын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2023 оны 3 дугаар сарын 17-ны орой ажлаас ирээд гэрт хүүхдүүдтэй хамт унтаж амарч байх үед манай нөхөр болох Х.М гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орж ирж чи бос надад хоол хийж өг гэсэн. Тэгээд би босож хоол хийж өгөөд байж байтал миний гар утсыг аваад ир гэсэн. Тэгээд гар утсыг нь аваад өгсөн боловч энэ утасны кодыг хэн блок хийсэн бэ? гэх шалтгаанаар над руу чи муу янхан, гичий гэж хэл амаар доромжилж, дайрч ирээд миний толгойн тус газар 5 удаа гарын нударга хэсгээр цохих, мөн миний гэдэс тус газарт олон удаа цохиж хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон....” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 2-3, 32-33 дахь тал),
-Гэрч Т.Хйн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 17-ны шөнө манай бэр болох С.М болон хоёр ач хүү нарын хамт хоол цайгаа уугаад унтаж байхад шөнө 01 цагийн үед манай хүү болох М гаднаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирж Мыг босгож хоол идэж байгаад юунаас болсныг мэдэхгүй хэрүүл маргаан гаргаж Мыг үснээс нь барьж авсан ба нэг хөлөөрөө өшиглөж гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хайратын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 234 дугаартай “...1. Иргэн С.Мын биед тархины доргилттой, зулайнд хавдартай, баруун гарын шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэний гадна хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бүслүүр бөөр орчимд хавантай, булчин чангаралттай, баруун завжинд хавантай, доод уруулд хэгзэрсэн, зүүн мөрөнд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн С.Мын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн С.Мын биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
-Хэргийн газарт буюу тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Мы эзэмшлийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 23-29 дэх тал),
-Гэрч Х.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хамгийн сүүлд буюу 2023 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө охиныг маань хүргэн хэл амаар доромжилж, биед нь халдаж, зодсон байна. ...Би худ Хойшыбайгаас юу болсон талаар асуухад урьд шөнө хүү маань охин М руу агсам тавьж гар хүрсэн. Би болиулах гэсэн боловч хүч маань хүрсэнгүй. Хүү маань согтуу ирээд ийм асуудлыг үүсгэсэн гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
-Яллагдагч Х.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болсон асуудлын талаар ярих юм бол тус өдөр найз Ш.Серикболын хамт айлын шинэ байрны найранд очсон юм. Тэнд байхдаа бид хэд 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пивыг хувааж уусан. ...Тэднийхээс шөнийн 2-3 цагийн орчимд байх гараад гэртээ очоод эхнэрээсээ өөрийнхөө гар утсыг асууснаа санаж байна, тэрнээс хойш болсон үйл явдлыг яг үнэндээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд дүгнэхэд шүүгдэгч Х.Мы согтуурсан үед хохирогч С.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч С.Мын биед нь учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор заасан байна.
4.5. Хохирогч С.М, шүүгдэгч Х.М нар нь 2017 онд гэрлэсэн, охин М.А, М.Д нарын хамт амьдардаг болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
4.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Х.Мы нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр С.Мыг бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.7. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдон тогтоогдсон шүүгдэгч Х.Мы дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.
4.8. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх чөлөөнд нь халдаж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.9. Иймд шүүгдэгч Х.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.10. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, түүний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хохирогч С.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэж мэдүүлж, гэмт хэргийн хор уршгийг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Мыг шүүхээс “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тус аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 89, 96 дахь тал),
2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Х.Мы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өнгө үү.” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.
2.5. Шүүх шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Х.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш у овогт Хн Мыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Мд сануулсугай.
4. Шүүгдэгч Х.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2313001280123 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, Шүүгч Ө.Б