| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2019/03441/и |
| Дугаар | 184/ШШ2019/03306 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2019/03306
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 184/ШШ2019/03306 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х /РД: /. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Сүхбаатарын гудамж, М бизнес төвийн байр, давхар
Хариуцагч: “Т” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Содон хороолол, дугаар байр, тоот
Тусгай зөвшөөрлийн төлбөр 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид хороо гэх/ нь “Т” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11800178, 12100332 дугаар “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ”-г гурван жилийн хугацаатай байгуулан Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээг олгосон.
Бидний хооронд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө хорооны Голомт банк дахь 1102626829 тоот дансанд төлөхөөр заасан.
Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй байна.
Хариуцагч “Т” ХХК нь Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэн явуулсны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 жилийн хугацааны төлбөр 1 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь Х-д 2017 оны 10 дугаар сард “харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” хүсч шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн.
Тус “Б” ангилллын тусгай зөвшөөрөл нь дотроо
1. Гадна холбооны кабель шугамын угсралт эрхлэх тусгай зөвшөөрөл /нэг жилийн төлбөр 1 000 000 төгрөг/
2. Цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт эрхлэх тусгай зөвшөөрөл /нэг жилийн төлбөр 800 000 төгрөг/ гэсэн хоёр үндсэн чиглэлтэй байдаг.
Манай компани анх хүсэлт өгөхдөө дээр дурдсан 2 тусгай зөвшөөрлийг хамтад нь өгдөг гэж ойлгон материалаа бүрдүүлж, хүсэлтээ өгсөн боловч сүүлд гэрээ байгуулахдаа зөвхөн “Гадна холбооны кабель шугамын угсралт эрхлэх тусгай зөвшөөрөл/ нэг жилийн төлбөр авч гэрээ байгуулсан.
Хэдийгээр 2018 онд гарсан тусгай зөвшөөрөлд дээр дурдсан 2 чиглэл хоёулаа бичгдсэн боловч нэг дэх зөвшөөрлийн хүрээнд гэрээ байгуулсан 2019 онд гэрчилгээ засагдаж гарсан байдаг. Мөн гадна холбооны кабель шугамын угсралт эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрт гэрээний дагуу 2 жилийн төлбөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй гэж заасан байдаг бөгөөд “Цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд гэрээ байгуулаагүй болно.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн төлбөрт 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.16.2 дахт хэсэгт харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан байна.
Хариуцагч “Т” ХХК нь Х-д хандан харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн сууурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр гадна холбооны кабель шугамын угсралт эрхлэх болон цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг авахаар хүсэлт гаргаж, шаардлагатай материалуудыг бүрдүүлэн өгчээ.
Дээр дурдсан хоёр чиглэлээр харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 11800178, 121000332 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хариуцагч “Т” ХХК-д олгосон, энэхүү гэрчилгээнд тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй гэж дурдсан байна. /хх-ийн 7/
Х нь олгосон тусай зөвшөөрлийг үндэслэн 2017 оны 11 сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “харилцаа холбооны сүлжээ байгуулах, дэд бүтцийн сууурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 8/
Гэрээнд хариуцагч “Т” ХХК зөвхөн “гадна холбооны кабель шугамын угсралт эрхлэх, барилгын дотор холбооны сүлжээ тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт”-ийн чиглэрээр ажил үйлчилгээ эрхлэх талаар тусгасан байна.
Хариуцагч компани тусгай зөвшөөрлийн гэрээнд заагдсан чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлсэн, 2 жилийн төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн эсэх талаар талууд маргаагүй.
Мөн Х нь хариуцагч “Т” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулж “гадна холбооны кабель шугамын угсралт, сурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх” чиглэлээр /цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт эрхлэхийг хассан/ 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1200332 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 24/
Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд Х нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахаар зохицуулжээ.
Дээр дурдсан баримт, хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэлд дурдсан “цамхаг түүн дээрх холбооны тоног, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт эрхлэх” тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцагч байгууллага ажил үйлчилгээ эрхлээгүй, нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороотой тухайн тусгай зөвшөөрлийн хүрээнд гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч “Т” ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөрт 1 600 000 төгрөг гаргуулах тухай Х-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөрт 1 600 000 төгрөг гаргуулах тухай Х-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хурамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ