Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

     2020          1               7                                         2020/ДШМ/37

 

 

М.Н-ад холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав  даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

яллагдагч М.Н-ын өмгөөлөгч С.Батжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3435 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын Н.Уранбайгалийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Н-ад холбогдох эрүүгийн 1903009680420 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тэмээтийнхэн овгийн М.Н, 1.. оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “....” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 6, ............. хамт ..................багт оршин суух бүртгэлтэй боловч ........ дүүргийн .. дугаар хороо,...............гудамжны 5 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../;

М.Н- нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн замд 2019 оны 8 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 59 минутын орчимд А.Санчирболдын эзэмшлийн “Тоёота Аллекс” маркийн 28-95 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Э.Баттөмөр жолоочтой “Тоёота Приус-30” маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ш.А-ийн амь насыг хохироон, зорчигч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурьдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үүнд:

Прокуророос “М.Н- нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн замд 2019 оны 8 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 59 минутын орчимд А.Санчирболдын эзэмшлийн “Тоёота Аллекс” маркийн 28-95 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Э.Баттөмөр жолоочтой “Тоёота Приус-30” маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ш.А-ийн амь насыг хохироон, зорчигч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

Гэтэл М.Н-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргээс гадна мөн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, улмаар энэ тухай яллах дүгнэлтэд тусгалгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох боловч хүндрүүлэх эрхгүй юм.

Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч М.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь насыг хохироосон үйлдлийг шүүгчийн захирамжид зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Учир нь: Шүүх ялах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх гэсэн үндэслэлээр прокурорт хэргийг буцаасан.

Тодруулбал, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох боловч хүндрүүлэх эрхгүй юм” гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 27 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн зарим, зүйл, заалтыг тайлбарласан байдаг. Тодруулбал, “Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон бол тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхой заасан байдаг ба тухайн бүлгийн зарим, зүйл заалтыг тайлбарласан дээд шүүхийн тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч М.Н-ын өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын  29-ний өдрийн 27 дугаар тогтоолоор тайлбарласан “Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон бол тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу яллагдагчийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дангаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Энэ хэргийг анхан шатны шүүх өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “прокуророос М.Н-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлтэд тусгалгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу” гэж дүгнэж, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллагдагч М.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж, эсрэг урсгалд орсны улмаас өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоны улмаас прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй.

Харин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар буюу нийлмэл гэмт хэрэг гэж үзэж хэргийг давхар зүйлчлэх тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, нэг эхлэл төгсгөлтэй нэг удаагийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг нийлмэл гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”” гэсэн заалт нь Эрүүгийн хуульд заасан өөр өөр төрлийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан шинжтэй үйлдлүүдийг өөр өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэхгүй. 

Иймд прокуророос яллагдагч М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүх энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/3435 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.Н-ад холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ