Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0080

 

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0080

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Б.Б, Т.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

1. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан 30 хоногийн хугацаанд Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд актыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан байдаг, Уг гомдлыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолоор гомдлыг хянан шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолд эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандахыг зааж өгсөн байдаг.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д Энэ хуулийн 47.1-д заасан гомдлыг дараах харьяаллын дагуу шийдвэрлэнэ:, 47.5.1. аймаг, нийслэлийн татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг тухайн аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл;, 47.5.2-т том татвар төлөгч хариуцсан нэгжид харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл-д гэж заасан харьяаллын дагуу урьдчилан, шийдвэрлэх ажиллагааг хийгдсэнийг илтгэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манай компани нь том татвар төлөгч биш учир Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандах боломжгүй бөгөөд Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандсаны дараа шууд шүүхэд хандах үндэслэл бүрдэж Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй, энэхүү хугацааг тоолохдоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан өргөдлийг шийдвэрлэсэн Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолыг албан ёсоор хүлээн авч мэдсэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан хугацаанаас тооцон нэхэмжлэлээ гаргасан болно.

Манай компанийн 2014-2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.Алтантуяа, Ч.Батсүх нараас анх хяналт шалгалт хийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 250000826 тоот дүгнэлтээр 1,171,818,181.80 төгрөгийн зөрчил гаргасан гэж тогтоосныг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс 2 жил 6 сарын дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн маргаан таслах зөвлөлийн 72 тоот тогтоолоор дээрх дүгнэлтийг түдгэлзүүлж дахин шалгалт оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот актыг гаргасан байдаг.

Уг актаар нэхэмжлэгч компани нь 2015 онд Н ХХК-аас ******** *******тоот хий бичилт бүхий падаан авсан 717,535,799,35 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн 71,753,579,90 төгрөгийн нөхөн татвар, 21,526,074.00 төгрөгийн торгууль, 14,350,716.00 төгрөгийн алданги нийт 107,630,369.90 төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй ба татварын улсын байцаагч нарын тайлбарлаж байгаа ...Hыо престиж констракшн ХХК-аас 14777270- 510,000,000,00, ********- 380,000,000.00 нийт 890,000,000.00 төгрөгийн падаан ДХХК-ийн 2014, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусгасан боловч тоот нэмэгдсэн өргийн албан татварын падаан огт байхгүй, Н ХХК-ийн 2014, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалт хэсэгт огт тусгаж тайлагнаагүй байсан учир хий бичилт хийсэн гэж үзсэн гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбарын эсрэг бодит нөхцөл байдал, болсон үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс маргаан таслах зөвлөлийн хурал болон татварын улсын байцаагч нарт дэлгэрэнгүй тайлбарлаж ...Н ХХК-аас дээрх тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд ямар нэгэн хий бичилт хийж, тайландаа тайлагнаагүй, 2014 оны нэмэгдсэн өргийн албан татварын тайланд тусгахдаа оронгийн нарийвчлал алдаж мянгачилж гаргасан тухайгаа тайлбарлаж өгсөн албан бичиг, нэхэмжлэгчийн зүгээс яагаад ингэж тайлагнасан тайлбар баримт зэргийг гаргаж өгсөөр байхад дээрх зөрчлийг гаргаж өгсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хуурамч эсхүл хий бичилт хийсэн гэж Н ХХК-ийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй, мөн тус аж ахуй нэгж нь нэхэмжлэгч компанитай бараа худалдан борлуулаагүй, тайландаа тусгаагүй, манай компанийн падааныг хууль бусаар ашигласан гэж маргаагүй харин ч манай 2 аж ахуй нэгж бараа худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн холбогдох тайландаа тусгасан гэж тайлбарладаг ба зөрүү гарсан талаар шалгаж тодруулахад нээлттэй тухайгаа илэрхийлсэн байхад авч хэлэлцээгүй.

Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс өмнөх 2018 оны актын үндэслэлээ өөр байдлаар баталгаажуулан манай компанийн буруутгах гэсэн ажиллагаа болсон гэж үзэж байгаа ба нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх хий бичилт хийх падаан ашиглах хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, худалдан авсан бараагаа борлуулалтаар тайлагнаж түүндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан ба тухайн тайлангууд баталгаажсан байдлыг харгалзаж үзээгүй, тодруулах боломжтой нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д ...Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй... гэж заасан зөрчлийг гаргаагүй байдлыг шалгаж тогтоож чадаагүй учир дутагдалтай болсон ба үүнээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж их хэмжээний татварын өр төлбөр төлөх хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан Нийслэлийн шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч компанийн 2014-2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.Алтантуяа, Ч.Батсүх нараас анх хяналт шалгалт байдаг.

Уг хяналт шалтгалтаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 250000826 тоот дүгнэлтээр 1,171,818,181.80 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзсэн байдаг. Үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөлөөс 2 жил 6 сарын дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн маргаан таслах зөвлөлийн 72 тоот тогтоол гаргасан.

Уг тогтоолоор дээрх 2018 оны актыг түдгэлзүүлж дахин шалгалт оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот актыг гаргасан байдаг.

Энэхүү актаар нэхэмжлэгч компани нь 2015 онд Н ХХК-аас ******** *******тоот хий бичилт бүхий падаан авсан 717,535,799,35 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн 71,753,579,90 төгрөгийн нөхөн татвар, 21,526,074.00 төгрөгийн торгууль, 14,350,716.00 төгрөгийн алданги нийт 107,630,369.90 төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан НӨАТ-ын 2 падааныг хий бичилт хийж авсан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой баримтаа Татварын маргаан таслах зөвлөл, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарт анх хяналт шалгалт ороод энэхүү асуудал үүслээ гэхэд бүх зүйлээ тайлбарлаж хэлж байсан.

Анх нэхэмжлэгч байгууллагад татварын хяналт шалгалт орохдоо дээр дурдсан ******** *******дүгээр НӨАТ-ын падааныг хий бичилттэй байна, Н ХХК нөхөн бичилт хийгээд 2015 онд татвараа тайлагнасан байна гэж нэхэмжлэгч компанийг буруутгасан байдаг.

Гэвч Татварын маргаан таслах зөвлөлөөр ороод Н ХХК эрүүгийн журмаар шалгагдаад, татвартай холбоотой гэмт хэрэг хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна, тийм учраас энэ актуудыг нөхөн бичилт хийсэн хуурамч падаан гэж үзэх боломжгүй байна гэдэг агуулгаар түдгэлзүүлээд дахин хяналт шалгалт оруулсан.

Гэтэл одоогийн байцаагч нар маргаан бүхий акт гаргахдаа энэ асуудал дээр анхаарал хандуулаагүй гэж бидний зүгээс үзэж байгаа. Н ХХК-ийн татварын тайланд эдгээр НӨАТ-ын шивэлт хийгдээгүй байна гэдэг агуулгаар нэхэмжлэгч компанийг буруутгасан. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон Н ХХК, ДХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны цагаан будаа нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээний дагуу үйл ажиллагаанууд явж байсан.

Холбогдох кассын орлогын баримт болон бусад баримтуудаар цагаан будаа аваад нийлүүлээд, тооцоо бүх асуудал нь дуусчихсан гэдэг бичгээ хийж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнтэй холбоотой хил гаалиар орж ирсэн будаа Н ХХК-аас борлуулалт хийж байсан тайлан, НӨАТ-ын падаан зэрэг бүх зүйлийг тодруулаад баримтыг нь авахад, одоогийн ярьж байгаа 70, 71 дугаартай падаан дээр дурдсан нийт 890.000.000 төгрөгийн асуудлыг Н ХХК өөрсдийн НӨАТ-ын тайланд оруулах ёстой байсан боловч оронгийн нарийвчлал алдаж, тухайн үед тайлагнаж чадаагүй асуудал гарсан.

Үүнийгээ залруулаад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар тайлагнаад энэ асуудлыг шийдвэрлэчихсэн.

Энэ талаараа байцаагч нарт хэлээд энэ асуудлыг шалгаж үзэж, тодруулж өгнө үү, эс бөгөөс бид их хэмжээний торгуульд унаад байна гэж тайлбарлаад, зохих баримтуудаа өгөөд байхад энийг зохих журмаар нь шалгаагүй юм. Нэхэмжлэгч компанийг өрөнд унагах, үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гол асуудал энэ байна гэж бидний зүгээс харж байгаа.

Сүүлд Татварын ерөнхий газраас гаргаж өгсөн Н ХХК-ийн нууцын баримт дээр маш тодорхой байгаа. Үүнээс харахад үнийн дүн, он сар бүгд тохирч байгаа. Дүгнэж хэлэхэд Н ХХК, ДХХК-ийн хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу бүх асуудал явагдаж, тооцооны асуудал дууссан. Харин татварын тайлан дээр ДХХК татвараа тайлагнасан. Гэвч Н ХХК тухайн үед тайлангаа гаргахдаа зарим үнийн дүнтэй НӨАТ-ын падаануудаа оруулчихаад 2 падааныг үлдээсэн хайхрамжгүй хандсан асуудал үүсгэсэн. Үүнтэй холбоотой бүх арга хэмжээг аваад тайлангаа нөхөж тайлагнасан. Энэ бүгдээс үзэхэд нэхэмжлэгч компанийг НӨАТ-ын тайланг хуурамчаар эсвэл хий бичилт хийсэн, ямар нэгэн байдлаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгаж НӨАТ-ын тухай хуулиар торгууль, алданги ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Нэг зөрчилд нэг л хариуцлага тооцно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж татварын улсын байцаагч нарын тогтоосон актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Э, Б.Б бид Нийслэлийн Татварын Газарт бүртгэлтэй, 271613 тоот регистрийн дугаартай Ди Би Жи" ХХК-ийн 2018 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Г.Алтантуяа, Ч.Батсүх нар татварын хяналт шалгалт хийж 1,171,818, 181.80 төгрөгийн зөрчилд 250000826 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдсэнийг эс зөвшөөрч тухайн компани Нийслэлийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар 2020 оны 10 сарын 09-ны өдөр 72 дугаар тогтоол гарсан ба уг 72 дугаар дүгнэлтийг түдгэлзүүлж дээд шатны байгууллагаар шалгуулахаар тогтоол гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 052494 тоот албан бичгээр Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтэст хандсаны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22201103648 тоот томилолтоор санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, арилжааны банкин дахь харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэрэг баримтад тулгуурлан хийж гүйцэтгэсэн.

Татварын хяналт шалгалтаар нийт 717,535,799.35 төгрөгийн зөрчил илэрсэн нь:

Нэг. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Г.Алтантуяа, Ч.Батсүх нар татварын хяналт шалгалт хийж 2015 онд Н ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14777270 тоот падаанаар 510,000,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******тоот падаанаар 380,000,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******** тоот падаанаар 11,818,181.82 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********, тоот падаанаар 270,000,000.00 төгрөгийн хий бичилт бүхий 4 ширхэг НӨАТ-ын падаан бүхий 1,171,818,181.80 төгрөгийн зөрчлийн талаар анхан шатны баримт, НӨАТ-ын падаан гэрээ хэлцлүүд, кассын зарлагын баримт, няравын бараа материалын эргэлтийн тайлан, 2014-2015 оны жилийн эцсийн бараа материалын тооллогын бүртгэл, зэргийг үндэслэн шалгахад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******** тоот падаанаар 11,818,181.82 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ********* тоот падаанаар 270,000,000.00 төгрөгийн нийт 2 ширхэг НӨАТ-ын падаан бүхий 281,818,181.82 төгрөгийн баримт 2015 оны НӨАТ-ын 12 сарын тайланд тусгагдсан, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14777270 тоот НӨАТ-ын падаан бүхий 510,000,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******тоот НӨАТ-ын падаан бүхий 380,000,000.00 төгрөг нийт Н ХХК-иас авсан гэх 890,000,000.00 төгрөгийн падаан тайланд туссан боловч үндсэн баримт болох НӨАТ-ын худалдан авалтын падаан байхгүй олдохгүй байсан тул НӨАТ-ын падааны үнэт цаасны 14 тооцоо бодсон акт болон тайланг шалгахад огт байгаагүй ба бичсэн гэдэг нь нотлогдсонгүй.

Улмаар кассын тайланг шалгахад кассын тайлан байхгүй бөгөөд үлдсэн кассын баримтад Н ХХК ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот кассын орлогын ордер бүхий 92,400,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот кассын орлогын ордер бүхий 132,000,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот кассын орлогын ордер бүхий 72,600,000.00 төгрөгийн нийт 297,000,000.00 төгрөгийн баримт, тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 13,000,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 297,000,000.00 төгрөгийн нийт 310,000,000.00 төгрөгийн 2 ширхэг баримт хавсрагдсан байсан. Жич: уг баримт гарын үсэг, сарын тамга тэмдэггүй байсан.

Хяналт шалгалтын явцад баримтууд нотлогдохгүй, зөрж байсан тул нэмэлт материал шаардахад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2014 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 03 тоот Н ХХК-тай хийсэн Цагаан будаа нийлүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн харилцахын орлогын ордер бүхий 13,000,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот кассын орлогын ордер бүхий 92,400,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот кассын орлогын ордер бүхий 132,000,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот кассын орлогын ордер бүхий 72,600,000.00 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот кассын орлогын ордер бүхий 561,000,000.00 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот кассын орлогын ордер бүхий 418,000,000.00 төгрөгийн нийт 6 ширхэг баримтын 1,289,000,000.00 төгрөгийн,

ДХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 13,000,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 92,400,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 132,000,000.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 72,600,000.00 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 561,000,000.00 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт бүхий 418,000,000.00 төгрөгийн нийт 6 ширхэг баримтын 1,289,000,000.00 төгрөгийн кассын баримтууд ирсэн, НӨАТ-ын падаан огт ирээгүй бөгөөд касс болон бараа материалын няравын тайлан, бараа материалын эргэлтийн тайлан, бараа материалын үлдэгдлийн бүртгэл, 2014-2015 оны жилийн эцсийн бараа материалын тооллогын бүртгэл зэрэг тайлангууд огт гаргаж байгаагүй, байхгүй байсан.

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот Н ХХК-тай хийсэн Цагаан будаа нийлүүлэх гэрээгээр 781 тн цагаан будаа авсан гэх боловч Бараа материалын тайлан байхгүй, НӨАТ тайлан болон бусад кассаас гарсан зарлагын баримтуудад будаа огт борлуулаагүй, будааны зарлагын баримт байхгүй, дан барилгын материал болон барилгын ажлын зарлагын баримтууд байсан.

Иймээс 2015 онд Н ХХК-иас ******** ******* тоот хий бичилт бүхий 1890,000,000.00 төгрөгөөс 2015 онд гаалиар оруулж ирсэн импортын барааны үнэ 172,464,200.65 төгрөгийг хасаж/ нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ (төлсөн НӨАТ-ыг оруулахгүй) гэсэн хэсэгт тусган 717,535,799.35 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зорчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл: 14.3. ...Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй... гэж заасан заалтыг үндэслэсэн.

Нягтлан бодох бүртгэлийн хувьд: Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт. 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 3.1.1-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг ..., 3.1.3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; 5 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн зарчим, 5 дугаар зүйлийн 5.1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална., 5.1.2-д тасралтгүй байх;, 5.1.3-д жинхэнэ хэрэгжилтийн; 5.1.4-д үнэн зөв байх;, 5.1.5-д хэмжигдэхүйц байх;, 6 дугаар зүйл Нягтлан бодох бүртгэлийн суурь., 6.1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө., 10 дугаар зүйл Санхүүгийн тайлангийн жил, санхүүгийн тайлан гаргах хугацаа, 10 дугаар зүйлийн 10.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно., 12 дугаар зүйл. Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого. 12 дугаар зүйлийн 12.1-д Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна., 12.2-д Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ., 12.2.1-д жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, 13 дугаар зүйл Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт., 13 дугаар зүйлийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно., 13.2-т Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална., 13.3-д Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 14.2-т зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно., 13.4-д Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна., 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна., 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна., 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно., 14 дүгээр зүйлд Нягтлан бодох бүртгэл хөтлөх., 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хотолж, санхүүгийн тайлан гаргана., 14.3-д Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ., 14.3.1-д анхан шатны баримт бүрдүүлэх,, 14.3.2-т журналд бичих, 14.3.3-д дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, 14.3.5-д санхүүгийн тайлан гаргах., 14.4-д Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ., 14.4.1-д аж ахуйн бүх ажил, гүйлгээ, 14.4.2-т бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, 14.4.3-д бүх өр төлбөр, 14.4.4-д аж ахуйн ал ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, 14.4.5-д бүх орлого, 14.4.6-д бүх зардал, 14.4.7-д нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс зэрэг заалтуудыг зөрчсөн болох нь анхан шатны баримт, НӨАТ-ын падаан, кассын зарлагын баримтууд зөрүүтэй бичигдсэн, 2014-2015 оны няравын бараа материалын эргэлтийн тайлан, жилийн эцсийн бараа материалын тооллогын бүртгэл огт хөтөлдөггүй зэргээр нотлогдлоо. Иймээс 2015 онд Н" ХХК-иас 1477270, 1477271 тоот падаанаар хий бичилт бүхий 717,535,799.35 төгрөгийн зөрчилд 71,753,579,90 төгрөгийн нөхөн татвар, 21,526,074.00 төгрөгийн торгууль, 14,350,716.00 төгрөгийн алданги нийт 107,630,369.90 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н ХХК-ийн илт тодын тайлан ирсэн байна. Н ХХК-ийн гаалийн мэдүүлэг дээр нийтдээ 203 тонн будаа орж ирсэн байна. Бичигдээгүй гэж байгаа падаантай будаа нь 573 тонн будаа байгаа. Хэд хэдэн үндэслэлээр үүнийг үгүйсгэж байна. Хоёрдугаарт энэ будааг 2015 оны 6 дугаар сараас эхэлж 203 тонн будаа гаалиар оруулж ирсэн атал 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийсэн. Урьдчилаад гэрээ хийсэн гэж бодоход үүнд НӨАТ-ын падаан тавигдах ёсгүй. Өөрсдийн хий бичилт хийснийг үүгээр харуулж байна гэсэн үг. Падааныг урьдчилж бичиж болохгүй, тэгснээр нөгөө компанидаа хий бичилт хийх боломж гаргаж байгаа гэсэн үг. Энэ падаан бичсэн өдрөөс эхэлж улсад төлөх татварыг багасгаж байна гэсэн үг. Падааны дугаарыг үнэт цаасаар олгодог учир маш их хэмжээний мөнгө тавиад явах боломж үүсдэг учир үнэт цаасны тооцоо нийлсэн баримт байх ёстой. Аль аль компанийн үнэт цаасны тооцоо хэрэгт нотлох баримтаар ирээгүй. ДХХК-ийн хувьд үнэт цаасны тайлан, бараа материалын тайлан байхгүй гэдгийг нягтлан, захирал нь ч хүлээн зөвшөөрсөн. Бидэнд гаргаж өгсөн баримт байхгүй. Маргаан таслах зөвлөлийн хурал дээр ч гаргаж өгч чадаагүй. Хамгийн гол нь 1 жилийн өмнө эдгээр хоёр компани хоорондоо бичилт хийгээд, үндсэндээ татвараас нуугдаж байсан асуудал юм. Гаалиар оруулж ирсэн мэдүүлгээс харахад 2015 оны 6 дугаар сараас хойш бөгөөд 203 тонн будаа байсан. Бидний акт тавьснаа харахад 593 тонн будаа байсан. Бид хангалттай баримтынх нь дагуу хасаж өгсөн. Тийм учраас тухайн хэлэлцээрийг дүр эсгэсэн, өөрсдийнх нь хийсэн гэрээ гэж үзэж байна. Хэрэв ямар нэг байдлаар улсаас авах ёстой байсан татварыг бууруулаагүй байсан бол энэ гэрээг хүлээн зөвшөөрч болно. Аль аль компаниас нэмэлтээр үнэт цаасны тайлан, бараа материалын тайлан нэхсэн. Аль аль компани нь авчраагүй. Нөгөө талаас нь харахаар 781 тонн будаа гэж бодоход хамгийн их даацтайгаар тооцож 20 тонн ачдаг машинаар 39 удаагийн ачилт хийж зөөх боломжтой. Тайлан дээр нь шатахууны зардал огт байгаагүй. 2015 оныхыг харахаар цалингийн зардал 6.000.000 төгрөг л гарсан байсан. Нэг 20 тонн ачдаг машины зах зээлийн зардал нь хамгийн багадаа 1.000.000 төгрөг байдаг. Ингээд бодоход хамгийн багадаа цалингийн зардал 39.000.000 төгрөг гарах ёстой байсан. Татварын байгууллагаас авсан ярилцлагын тэмдэглэлд 2015 онд манайх Н ХХК-тай ямар ч холбоо байхгүй, гэрээ хийгээгүй гэж мэдүүлсэн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийт тухайн 2 компанийн байгуулсан гэрээнд 4 падаан байгаа. Цагаан будааны тоо хэмжээ нь гэрээнд туссанаар 781 тонн будаа байгаа. Гаалийн мэдүүлгээс харахад 103 тонноор 1 удаа, 50 тонноор 2 удаа буюу нийт 203 тонн цагаан будаа оруулж ирсэн байдаг. 500 гаран тонн будааны зөрүү гарж ирж байгаа. Энэ будаа нь огт гаалийн мэдүүлэгт тусгагдаагүй байна. Эдгээр 4 падааны хамгийн үнийн дүн өндөр буюу 561.000.000, 418.000.000 төгрөгийн үнийн дүнтэй падаан нь зөрчилтэй гээд байгаа 70, 71 дугаартай падаан юм. Нөгөө 2 падааныг нь хүлээн зөвшөөрөөд зөрчилд тооцоогүй. 70, 71 дугаартай падааны талаар ямар нэгэн баримт байхгүй учир зөрчилд тооцсон. Тухайн 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээ нь 2014 оны 12 дугаар сард хийгдсэн гэрээ байгаа. НӨАТ-ын падааныг худалдан авалт хийх тухай бүртээ бичиж гаргадаг. Гэтэл аль 1 жилийн өмнө падааныхаа дугаарыг гаргаад баримт үйлдэж гэрээ хийсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Будаа нь орж ирээгүй байхад падааны дугаар өгсөн байгааг бид хуурамч гэрээ байна гэж харж байгаа. Урьдчилж гэрээ хийсэн байлаа гэж бодоход падааны дугаар бичигдэх ёсгүй. Мөн гаалиар орж ирсэн будааны хэмжээ нь зөрүүтэй байна. Сүүлд нотлох баримтаар ирсэн гаалийн мэдүүлгээс харахад 2015 оны 6 дугаар сараас хойш 3 удаа 203 тонн цагаан будаа нийтдээ орж ирсэн байна. Гэрээн дээр байгаа будааны тоо хэмжээнээс гаалиар оруулж ирсэн будааны хэмжээ зөрүүтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч ДХХК-нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Маргаан бүхий Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №22201103648 тоот актаар ... ДХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 онд Н ХХК-иас ******** *******тоот хий бичилт бүхий падаануудаар 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган 717,535,799.35 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд 71,753,579.94 төгрөгийн нөхөн татвар, 21,526,073.98 төгрөгийн торгууль, 14,350,715.99 төгрөгийн алданги, нийт 107,630,369.91 төгрөгийн төлбөрийг ДХХК-аар төлүүлэхээр акт тогтоосон байна.

Улмаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22201103648 тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хий бичилттэй падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэхэмжлэгч ДХХК нь Н ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын ******** *******тоот падаануудаар худалдан авалт хийсэн гэж 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан болох нь цахим системээс хэвлэсэн тайлангаар нотлогдож байна.

Гэвч бодит байдал дээр ДХХК нь Н ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь холбогдогчоор мэдүүлэг өгсөн ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нягтлан бодогч Б.Долгорсүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг /Н ХХК-аас барилгын материал авсан гэж мэдүүлсэн/, Н ХХК болон ДХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Цагаан будаа нийлүүлэх гэрээ, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд болон хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүдээс үзэхэд /Н ХХК 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 103 тн, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 50 тонн, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 50 тн цагаан будаа, нийт 203 тонн тус тус импортоор оруулж ирсэн байна.

Харин 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Цагаан будаа нийлүүлэх гэрээнээс үзэхэд 14777270 тоот падаанаар 340 тонн, *******тоот падаанаар 253 тонн, ******** тоот падаанаар 8 тонн, ********* тоот падаанаар 180 тонн, нийт 781 тонн цагаан будаа худалдан авсан гэж гэрээнд тусгасан байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нийт худалдан авсан цагаан будаа, импортоор оруулж ирсэн цагаан будааны хэмжээ 500 гаруй тонн хэмжээгээр зөрүүтэй байна.

Иймд хариуцагч татварын улсын байцаагчид шүүх хуралдаанд Гаалийн мэдүүлэг болон Цагаан будаа нийлүүлэх гэрээг харьцуулж үзэхэд , 500 гаруй тонн -ийн будааны зөрүү гарч байгаа нь бодит худалдан авалт хийгдээгүйг нотолж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Цагаан будаа нийлүүлэх гэрээнээс үзэхэд тус гэрээнд 2015 оны 12 дугаар сарын ******** ********, ********, ********* тоот падаануудын дугаар тусгагдсан байна.

Дээрх гэрээнээс үзэхэд, 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээ нь 2014 оны 12 дугаар сард хийгдсэн гэрээ байгаа, НӨАТ-ын падааныг худалдан авалт хийх тухай бүртээ бичиж гаргадаг, Гэтэл аль 1 жилийн өмнө падааныхаа дугаарыг гаргаад баримт үйлдэж гэрээ хийсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Будаа нь орж ирээгүй байхад падааны дугаар өгсөн байгааг бид хуурамч гэрээ байна гэж харж байгаа. Урьдчилж гэрээ хийсэн байлаа гэж бодоход падааны дугаар бичигдэх ёсгүй гэж хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд ДХХК нь Цагаан будаа худалдаж авсныг нотлох бараа материалын тайлан байхгүй, бараа материалын тооллогын бүртгэл байхгүй, их хэмжээний будаагаа борлуулсан талаарх баримт байхгүй байгаа нь бодитой худалдан авалт хийгдээгүй гэдгийг нотолж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд, худалдан авалт бодитоор хийгдээгүй, маргаан бүхий НӨАТ-ын падаанууд хий бичилттэй болох нь тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчилсан ба 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй гэж тус тус заасан ба энэхүү хуулийн зохицуулалтууд болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ДХХК нь татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Т.Э нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай № 22201103648 тоот, Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч ДХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ДХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ