Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0504

 

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0504

Улаанбаатар хот

 

                                       

                                   Г.О***ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.Ц***,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.О***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.О***,

Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 125/ШШ2025/0024 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.О***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э***,

хариуцагч Б.Ц***,

хариуцагчийн өмгөөлөгч Н.О***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***.

Хэргийн индекс: 125/2025/0014/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О***ээс Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах”-аар маргасан.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 125/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.О***ийг Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Г.О***ийг ажлаас чөлөөлөхдөө “өөртөө түлш, унааны хөнгөлөлтөд 1,814,000 төгрөг олгуулах тушаал гаргасан, өөрийн удирдлагад ажилладаг цэцэрлэгийн арга зүйч Б.Б***д 2025 оны 01 дүгээр сард бүрэн ажиллаагүй байхад нь цалинг нь бүтэн гаргаж, ур чадварын нэмэгдлийг 2025 оны 1, 2, 3 дугаар сарын үндсэн цалингаас тооцон олгосон, иргэн А.М***ийн хувийн дансанд 2 удаагийн үйлдлээр 864,000 төгрөгийг шилжүүлж өөрөө авсан зэргээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 35 дугаар дүгнэлтээр тогтоогдож, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

3.2. Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хяналт, шалгалтын танилцуулга, улсын ахлах байцаагчийн актаар Г.О***ээр 1,840,000 төгрөгийг төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөртөө 750,000 төгрөгийн түлшний хөнгөлөлт олгосон баримт, илүү бодсон цалин хөлс 1,544,000 төгрөгийг төлүүлэхээр, 864,000 төгрөг ногооны үнэ хийгээд өөр хүн рүү шилжүүлэн авсан тул орон нутгийн төсвийн орлогод оруулахаар акт тогтоосон.

3.3. Сангийн сайдын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2559 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр Г.О***ийн 1,814,000 төгрөгийн актаас унааны хөнгөлөлтийн 564,000 төгрөгийг хасч, актын бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Мөн Б.Б***д тушаал шийдвэргүйгээр цалинг бүтнээр нь олгосон, ажиллаагүй үед ур чадварын нэмэгдэл тооцсоныг нөхөн төлүүлэхээр тогтоосон улсын байцаагчийн 35-02/85 дугаартай төлбөрийн актыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч нь улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02/86 дугаартай 864,000 төгрөг төлүүлэх актад гомдол гаргаагүй, уг акт хэвээр үлдсэн.

3.4 Ховд аймгийн дотоод аудитын хорооны тогтоолоор Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт хийсэн актыг баталгаажуулж, шалгалтын мөрөөр дээд шатны төсвийн захирагчид хариуцлага тооцож, ажлаас нь эрхлэгчийг чөлөөлсөн байгаа тул давхар хариуцлага тооцохгүйгээр үлдээж, бусад хүнд хариуцлага тооцох санал хүргүүлэхээр баталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан хуулийн шаардлагыг хангаж байна.

3.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.          

4. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            3. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж төсвийн шууд захирагчийн үүргийг нэрлэн зааж, 70 дугаар зүйлийн 70.1-д “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж,

Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж,

Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж,

Жаргалант сумын Засаг даргаас нэхэмжлэгч Г.О***тэй 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.2.2-т “мөнгө буюу бараа материал, техник хэрэгсэл, эд хөрөнгө хариуцаж байгаа ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасны дагуу “ноцтой зөрчил” гэх ойлголтод хамааруулан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцална гэж тус тус заасан.

          4. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,

4.1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35-02/11 дүгээр “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн үндсэн дээр тус аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023, 2024, 2025 оны 1 дүгээр сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийт 36,664,003 төгрөгийн зөрчил илрүүлж, 8,415,003 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар Улсын ахлах байцаагчийн 9 акт тогтоож, 28,249,000 төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгсөн.

Үүнээс тухайлан цэцэрлэгийн эрхлэгч Г.О***т улсын ахлах байцаагчийн  2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02/79 дүгээр актаар “... эрх бүхий төсвийн захирагчаар тушаал шийдвэр гаргуулалгүй түлшний хөнгөлөлт... унааны хөнгөлөлт ... авсан” гэх зөрчилд 1,814,000 төгрөг төлүүлэхээр, 35-02/86 дугаар актаар “… тоот дансруу 2 удаагийн 864,000 төгрөг ногооны үнэ хийгээд өөр хүнрүү шилжүүлэн авсан” зөрчилд 864,000 төгрөгийг төлүүлэхээр тус тус тогтоосон.

4.2. Улмаар хариуцагчаас хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулан, маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.О***ийг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчсөн болох нь тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 35 дугаар дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр мөн өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

4.3. Нэхэмжлэгч Г.О***ээс Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02/79 болон 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02/85 дугаар акт /арга зүйч Б.Б***гаар 1,525,773 төгрөгийг төлүүлэх тухай/-ыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2559 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичгээр “…улсын байцаагчийн 35-02/79 актын төлбөрийн дүнгээс ... 564,000 төгрөгийг хасаж, өөрчлөлт оруулахаар”, “... улсын байцаагчийн 35-02/85 дугаар акт үндэслэлтэй байх тул .. хэвээр үлдээн” тус тус шийдвэрлэсэн бөгөөд улсын ахлах байцаагчийн 35-02/86 дугаар актад гомдол гаргаагүй болох нь тус тус тогтоогдсон.

5. Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч Г.О***ийн “төсвийг үр ашиггүй зарцуулсан” болон “зориулалтын дагуу зарцуулаагүй” зөрчил гаргасан болох нь аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн  актуудаар тогтоогдсон тул хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.2.2 дахь заалтыг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх, “…Г.О***т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй хэмээн маргаан бүхий харилцааг буруу тодорхойлж, “төсвийн зөрчилтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг …дараа оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцно” зэргээр хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 125/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.О***ээс Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                     ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА