Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 895

 

 

 

 

 

 

 

 

 

“ВК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00069 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ВК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 1 450 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 550 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ВК” ХХК нь “Т” ХХК-ийн маркетингийн менежер Ш.Доржхандтай 2017оны 10 сарын 11-ний өдөр утсаар холбогдон 6000 ширхэг брошурыг нэг нэгжийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэх “ВК” ХХК нь үнэ хөлсөд 3 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд Ш.Доржхандыг 2017 оны 10 сарын 12-ны өдөр оффис дээрээ дуудан уулзаж өмнө нь хийлгэсэн эх бэлтгэлээ өгч явуулан тэрхүү эх бэлтгэлийн дагуу тухайн үед хийж өгсөн цаасаар, өнгө загварын хувьд яг ижилхэн хийлгэхээр тохиролцож урьдчилгаа болгож 1 450 000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг бүх брошураа хүлээн авсны дараа төлөхөөр төлбөрийн баримтан дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл “Т” ХХК нь тохирсон хугацаандаа бус хугацаа хэтрүүлэн брошураа авч ирж анх тохирсон цааснаас өөр цаасаар хийж, тоо ширхэг дутуу анх тохирсон эх бэлтгэлээс өөрөөр хийж авч ирснийг бид хүлээж аваагүй бөгөөд гарын үсэг зураагүй. Иймд “Т” ХХК-тай холбогдон бид эд хөрөнгийн доголдолтой зүйлийг хүлээж авах боломжгүй байна гэж хэлэхэд өмнөх цаас нь байгаагүй учир та нарт мэдэгдэлгүй өөр цаасаар хийсэн юм гэж хэлээд утсаар ярих боломж олгоогүй. Монгол Улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг үндэслэн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан бөгөөд мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн хуулийн 355.1-д зааснаар шаардаж байна. Иймд “Т” ХХК-иас 1 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд 170 гэсэн зүйл байхгүй. 150 граммын цаас гэж захирал нь өөрөө баталсан. 410 төгрөгөөр брошурыг авах талаар огт яригдаагүй. Захирлынх нь баталсан 150 гр цаасан дээр хэвлэсэн. Ажлын 3 хоногт багтааж хийж өгөх байснаас амралтын өдөр таараад 1 дэх өдөр нь аваачиж өгсөн. Ер нь төлбөрөө төлөхгүй гэсэн санаа л яваад байна. Дутуу 30 ширхэг нь хайрцаглахдаа дутуу хийсэн байх. 6000 ширхэг брошур гэдэг нь эдний 1 жилийн хэрэгцээ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “ВК” ХХК-тай харилцан тохиролцож 6000 ширхэг боршурыг нэг бүрийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож уг ажлыг хугацаанд нь хийж нийлүүлсэн билээ. Гэрээний нийт үнийн дүн 3 000 000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа төлбөрт 1 450 000 төгрөгийг шилжүүлж авсан. Одоо үлдэгдэл төлбөр 1 550 000 төгрөг дутуу байгаа. Манай байгууллага талуудын тохиролцсон ёсоор 6000 ширхэг боршурыг зохих ёсоор хугацаанд нь хийж нийлүүлсэн бөгөөд “ВК” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан хугацаа хэтрүүлж тохирсоноос өөр цаасаар хийсэн, мөн анхны эх бэлтгэлээс өөрөөр дутуу хийж гүйцэтгэсэн зүйл огт байхгүй. Бид анх тохиролцсон 157 граммын матт цаасаар боршурыг хийж гүйцэтгэсэн, мөн 6000 ширхэгийг тоо ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед тоо ширхэг дутуу байсан талаар ямар нэгэн маргаан гараагүй юм. Гэтэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүйн тулд ямар ч үндэслэлгүй шалтаг шалтгаанаар урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардсан байна. Манай компанийн хувьд гэрээгээр тохиролцсон ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөр болох 1 550 000 төгрөгийг шаардах эрхтэй юм. Иймд “ВК” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Т” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ дурдахдаа брошурыг тоо ширхэгээр нь чанарын шаардлага хангахуйц байдлаар хүлээлгэн өгсөн гэж дурдсан байдаг. Гэтэл “Т” ХХК-ийн хийж ирүүлсэн брошур нь чанарын шаардлага хангаагүйгээс гадна тоо ширхэг дутуу брошур байсан тул манай байгууллагын зүгээс хүлээж аваагүй юм. Иймд “Т” ХХК нь хийж гүйцэтгэх ажлын хөлсөө шаардах эрхгүй юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  • : Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 1 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”ВК” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ВК” ХХК-иас 1 550 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “ВК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 150 төгрөгийг, хариуцагч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВК” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай байгууллага нь 2017оны 10 дугаар сарын 11 өдөр “ВК” ХХК-тай хэлцэл хийн 6000 ширхэг брошурыг нэг нэгжийн үнийг 500 төгрөг байхаар тохиролцон үүний хөлсөнд 3 000 000 төгрөг байхаар анх тохиролцсон. Уг ажлыг хийж гүйцэтгэх хугацаа нь амралтын өдөр таарч байсан учир манай байгууллага нь ирэх долоо хоногийн ажлын эхний өдөр хүлээлгэн өгсөн. Мөн тухайн үед хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авахдаа тоо, болон чанарын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй хүлээн авсан бөгөөд одоо ямар нэгэн баримтгүйгээр доголдолтой гэж үзэж байна. Мөн доголдлын талаар манай байгууллагыг 150 граммын цаасан дээр хэвлэсэн байна гэж маргасан байсан энэ нь ямар ч үндэслэл байхгүй бөгөөд угаас 150 граммын цаас гэж байддаггүй. Мөн манай байгууллага нь бүх ажил дээрээ захиалга баталгаажуулдаг бөгөөд, “ВК” ХХК нь мөн адил захиалгаа гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэхүү гарын үсэгтэй баталгаажуулах хуудсан дээр захиалагч талын захиалсаны дагуу 157 граммын цаасан дээр хэвлэх талаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байгаа. Шүүхээс уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ энэ хэргийн талаар хамгийн гол нотлох баримт болж байгаа баталгаажуулах хуудсыг үнэлж үзээгүй нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэгдээгүй нь харагдаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй энэ хэрэгт огт хамааралгүй баримт юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00069 дүгээр шүүхийн шийдвэрийг өөрчилж манай байгууллагын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 1 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 1 550 000 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

            Зохигчид 2017 оны 10 сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Т” ХХК нь 6000 ширхэг танилцуулга хэвлэх, захиалагч “В” ХХК нь ажлын хөлс 3 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтын талаар талуудын хэн аль тайлбарласан байна.

 

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон, тэдгээрийн байгуулсан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй, Иргэний хуулийн  189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд талууд гэрээг байгуулсан нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй, гэрээний зүйлийг анх тохирсон цаасаар хийгээгүй тул ажлын үр дүнг хүлээн аваагүй учраас гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн төлбөр болох 1 450 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарласан бол хариуцагч татгалзахдаа “... ажлын үр дүнг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэх, гэрээний зүйл болох танилцуулгыг 157 граммын матт цаасаар хэвлэхээр тохиролцсон гэж” тайлбарласан байна. 

 

            Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй ба ажлыг хэдий хугацаанд гүйцэтгэх байсан эсэх, гэрээний зүйл болох танилцуулгыг хэдэн граммын цаасаар хэвлэх байсан талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй буюу хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтыг буруу тодорхойлжээ.

 

            Иймд хариуцагчийн тайлбарласнаар талуудыг ажлын үр дүнг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэх, танилцуулгыг 157 граммын цаасаар хэвлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна. Түүнчлэн хэргийн 31 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан баримтад “2017.10.12-нд цаасны нимгэн зузаан, өнгө метт-157 метт, 6000ш хэвлэхийг зөвшөөрөв” гэж тэмдэглэгдсэн байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг чанарын доголдолтой буюу өөр цаасаар хэвэлсэн гэх шаардлагаа баримтаар нотлоогүй атлаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн аваагүй, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

            Талууд танилцуулгыг 6000 ширхэгээр тохиролцсон гэх боловч хэргийн 48, 49 дүгээр талд нийт 5970 ширхэг танилцуулгыг хэвлэж гүйцэтгэсэн талаарх зарлагын баримт авагдсан, 1 танилцуулгын үнэ 500 төгрөг гэдэгт талууд маргаагүй байх тул /5970 ширхэг х 500 төгрөг/ гүйцэтгэсэн ажлын хөлсийг нийт 2 985 000 төгрөг гэж үзэж, үүнээс урьдчилгаанд төлсөн 1 450 000 төгрөгийг хасч тооцоход үлдэх 1 535 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

             Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг доголдолтой гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцлүүд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

 

            Иймд нэхэмжлэгч “ВК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т” ХХК-иас 1 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-иас 1 535 000 төгрөг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            3 дахь заалтын “… хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч “В” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 39 510 төгрөг гаргуулж хариуцагч “Во” ХХК-д олгосугай” гэж тус тус  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                           

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                            

                                                                                                       Г.ДАВААДОРЖ