| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 224001030009 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж дүүгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, аймгийн Сайн малчин шагналаар шагнагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Орлонгийн ар” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 1.6636 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, Мазда титан маркийн хөх өнгийн 71-04 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн Асга гэх газар руу тээвэрлэж, сумын ойн санд 1.106.267 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 1.6636 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, Мазда титан маркийн хөх өнгийн 71-04 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн Асга гэх газар руу тээвэрлэж, сумын ойн санд 1.106.267 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч ******* “...*******ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Сумын ойн санд хамаарна, улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн иргэний зүгээс хохирлоо барагдуулах талаар надтай утсаар холбогдож илэрхийлсэн байгаа. Тухайн иргэний зүгээс ойн санд учруулсан хохирлоо барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. миний зүгээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн14-р хуудас/,
2. Гэрч ******* “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны үед өвөлжөөндөө өвлийн бэлтгэл хангах гэж очоод буцах замдаа адуу малаа харах санаатай өвөлжөөний арын модоор ортол “Орлонгийн ар” гэх газарт 10 гаран тооны босоо нойтон моднуудыг унагаад мод бэлтгэсэн шинэхэн хожуулууд байсан юм. Тухайн мод бэлтгэсэн газрын ойролцоо Долгорсүрэн гэх эмэгтэй хүүхдүүдтэйгээ байдаг бөгөөд түүний хүүхэд гээд нас биед хүрсэн Лут гэдэг залуу байдаг бөгөөд тухайн залууг ойгоос мод бэлтгэснийг мэдсэн юм. Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Асга гэх өвөлжөөнд шинэ нойтон модоор өвөлжөөний хашаанд хэрэглэсэн байхыг би харсан юм. Тэгэхээр тухайн моднуудыг Лут гэдэг залуу хийсэн нь тодорхой болж байгаа юм. Тухайн мод бэлтгэсэн газартай ойролцоо хашаа сэлбэсэн өвөлжөө байхгүй. Тухайн моднуудыг ойролцоогоор 2022 оны 09 дүгээр сарын 20-дийн үеэр бэлтгэсэн байх гэж бодож байна. Надад өөр ямар нэгэн мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-16/,
3. Гэрч ******* “...Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэрт ойгоос босоо нойтон мод бэлтгэсэн талаар сумын байгаль хамгаалагчид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдээлэл ирсэн юм. Тэгээд тухайн мэдээллийг шалгахад Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Орлонгийн ар” гэх газраас 10 гаран тооны шинэс төрлийн босоо моднуудыг огтолж бэлтгэсэн байсан. Тэгсэн тухайн мод бэлтгэсэн газартай ойролцоо байдаг Баян-Айраг багийн нутаг “Асга” гэх газарт өвөлжөөний хашаанд хэрэглэсэн байсныг мэдсэн юм. Тухайн моднуудыг Тосонцэнгэл сумын Идэр багийн иргэн Долгорсүрэн гэх хүний хүүхэд Лут гэдэг залуу ойгоос бэлтгэсэн байсан юм. Ойгоос бэлтгэсэн моднууд нь шинэс төрлийн 6 метрийн урттай нарийвтар моднууд байсан юм. Би тухайн үед Долгорсүрэн гэх хүнтэй уулзахад дээрх моднуудыг манай хүүхэд ******* 2022 оны 09 дүгээр сарын 23,24-ны үед бэлтгэсэн гэж надад ярьсан юм. Тухайн газар сумын ойн санд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Тухайн иргэний зүгээс 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ босоо нойтон модыг огтолж бэлтгэж болохгүй хуулиар хориотой. Иргэн ойгоос мод бэлтгэхдээ ойн цэвэрлэгээ хийх замаар унасан хуурай мод, гишүү, мөчир мод бэлтгэх ёстой...” гэх мэдүүлэг /хх-22/,
4. Гэрч ******* “...Манай хүүхэд ******* 2022 оны 09 дүгээр сарын 23, 24-ны үед Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Орлонгийн ар” гэх газрын ойгоос өвөлжөөний хашаа сэлбэж барих зорилгоор шинэс төрлийн модыг бэлтгэж Баян-Айраг багийн нутаг Асга гэх газарт байх өвөлжөө рүү татаж тээвэрлээд хашаа сэлбэж байсан юм. Манай хүү ******* ойгоос мод бэлтгэхдээ шинэс төрлийн 10 ширхэг гаран тооны босоо модыг унагасан гэж надад хэлсэн. Манай хүүхдийн бэлтгэсэн мод 6 метрийн урттай 18 ширхэг нойтон мод байсныг би сүүлд нь мэдсэн юм. Манай хүү дээрх моднуудыг ойгоос бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн аваагүй бэлтгэсэн байсан. Би 2022 оны 02 дугаар сард Тосонцэнгэл сумаас Тарав гэх байгаль хамгаалагчаас хэрэглээний хуурай мод бэлтгэх эрхийн бичиг авч модоо бэлтгэж байсан юм. Харин манай хүүхэд *******ын зүгээс мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Манай хүү *******ын ойгоос бэлтгэсэн моднууд дандаа нойтон моднууд байсан. Мод бэлтгэх үед манай хүү өөрийн эзэмшлийн ногоон өнгийн моторт хөрөөг ашигласан байсан. Мод бэлтгэх үедээ Идэр багийн иргэн Золбоот гэх хүний эзэмшлийн Мазда Титан маркийн 71-04 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай хүүхэд явж байсан юм. Би тэр үед Золбоотоос автомашиныг нь хүүхдэдээ гуйгаад авч өгч байсан юм. Мод бэлтгэсэн газраас манай ээжийн өвөлжөө хүртэл ойролцоогоор 5-6 км зайтай байдаг юм...Би тэр үед Золбоотоос мод ачих гэсэн юм машинаараа ачаад өгөөч гээд гуйсан чинь би хонины ээлжтэй та харин машин аваад явахгүй юу гэхээр нь би машиныг гэрийнх нь гаднаас аваад гэртээ хүүхдэдээ авчирч өгөөд манай хүүхэд жолоодоод модонд явж байсан юм...” гэх мэдүүлэг /хх 21/,
5. Гэрч “...Тухайн иргэний зүгээс 2022 онд надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Түүний ээж Долгорсүрэн 2022 оны 02 дугаар сард 3 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан юм. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг заавал авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр заасан хугацаанд модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Тэлмэн сумаас мод бэлтгэх эрхийн бичгээ аваад бэлтгэж болно. Иргэд ойгоос мод бэлтгэхдээ босоо нойтон модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн ойгоос мод бэлтгэхдээ зөвхөн ахуйн зориулалтаар ойн цэвэрлэгээ хийх замаар унасан хуурай мод, гишүү, мөчир мод бэлтгэх ёстой. Огтлолоор босоо модыг тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага бэлтгэнэ...” гэх мэдүүлэг /хх-28/,
6. Гэрч “...Миний эзэмшилд Мазда титан маркийн хөх өнгийн 71-04 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сард өөрийн хамаатан Даваацэрэн гэх хүнээс 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр бодож худалдан авч байсан юм. Би автомашиныхаа үнэ өртгийг өгсөн одоо бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Харин автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа юм. Манайх 2022 оны 09 дүгээр сард Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Хөв гэх газарт С.Долгорсүрэн гэх айлтай ойрхон саахалт намаржиж байсан юм. Миний одоо санаж байгаагаар С.Долгорсүрэн 2022 оны 09 дүгээр сарын 22,23-ны үед манайд ганцаараа явган хүрч ирээд надтай уулзаад машинаараа мод ачаад өгөөч манай хүүхэд Лут мод ачна гэнээ гэж машин гуйсан юм. Би тэр үед зав муутай хонины ээлжтэй байдаг та миний автомашиныг аваад явахгүй юу гэж зөвшөөрсөн юм. Тэгээд би машинаа асааж өгөөд С.Долгорсүрэн өөрөө жолоодоод гэр лүүгээ явсан харин би хониндоо явсан. Тэр үед манай хоёрынх угаасаа хоорондоо ойрхон байсан юм. Дээрх нэртэй газар нутгууд байдаг юм. Асга гэх газарт ******* ээжийн өвөлжөө байдаг юм. Асга, Орлонгийн ар гэх газрууд хоорондоо 5-6 орчим км зайд байдаг газар нутгууд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-59/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний нойтон мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Ойгоос бэлтгэсэн моднууд нь нойтон мод байна. Бэлтгэсэн гэх мод нь Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Орлонгийн ар гэх газар нь ойн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. 2.5. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр, куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 369,436 төгрөг байна. Ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход шинэс хэрэглээний нойтон модонд 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 369,436 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 664,984 төгрөг болж. бэлтгэсэн мод 1.6636 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1106.267 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх 32-33/,
2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн “...1988 онд үйлдвэрлэгдсэн 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монголд орж ирсэн Маzda titan маркийн 71-04 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэг, зах зээлийн 1,500,000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн модны хөрөө, зах зээлийн үнэ 36,000 төгрөг, нас гүйцсэн адуу зах зээлийн үнэ 2,000,000 төгрөг ...” дүгнэлт /хх 41-42/
Тоолуурын хүснэгт, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “Орлонгийн ар” гэх газраас бэлтгэсэн газрын тойм зураг /хх 47-49/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/ зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч *******ын: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө гэрээсээ гараад Завхан аймаг Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг "Орлонгийн ар" гэх газар руу өвөлжөөний хашаа засаж сэлбэх зорилгоор мод бэлдэхээр явсан. Би ингэж модонд явахдаа нутгийн айл Золбоот гэх хүний хөх өнгийн машинаар явсан. Золбоот гэх хүний машиныг манай ээж Долгорсүрэн очиж гуйж ирж өгөөд би тэрийг нь унаад явсан. Тэгээд Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг "Орлонгийн ар" гэх газрын ууланд очоод босоо нойтон 10 гаран ширхэг мод хөрөөдөж унгаасан. Тэгээд тэр моднуудаа 6 метрийн хэмжээтэй тайраад нөгөө унаж ирсэн машиндаа ачаад Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Асга гэх газар байдаг өөрийн өвөлжөө рүү явсан. Тэгээд өвөлжөөн дээр очоод нөгөө модоо буулгаж орхиод гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад Золбоот гэх хүний машиныг нь гэрт нь би өөрөө хүргэж өгсөн. Тэгээд гэртээ харьж хоноод маргааш нь очоод нөгөө бэлдэж ирсэн модоороо өвөлжөөгөө засаж сэлбэсэн. Тэгээд байж байтал 2022 оны 11 дүгээр сарын 20-ны орчим намайг оторт явсан хойгуур Тэлмэн сумаас цагдаа ирээд намайг манай ээжтэй уулзаад явсан байсан...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч ******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Орлонгийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.6636 м3 хэрэглээний мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нь 1.6636 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1.106.267 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,318,801 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Би өөрийн эзэмшлийн ногоон өнгөтэй цахилгаан хөрөө нь миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн нэг ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 1.6636 метр куб 18 ширхэг мод, мод тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 1,106,267 төгрөг төлсөн бөгөөд түүнээс гаргуулах хохирол төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн нэг ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 1.6636 метр куб 18 ширхэг мод, мод тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс хоёр тооны адууг битүүмжилсэн прокурорын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсгай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ